Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 08

 

 

           Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

               Нэхэмжлэгч: Увс аймгийн  Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суух , Шарилж овогт Ц.А-ийн нэхэмжлэлтэй

              Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдох,

           Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн А/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А ,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л нэхэмжлэгч Ц.А-ийг төлөөлөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “2009 онд 15 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг солиулж авсан билээ. Надаас өмнө миний эцэг эх өвөлжиж байгаад надад өвлүүлэн өгсөн. Би өвлөж өвөөд 33 жил өвөлжиж байна. Уг өвөлжөө нь газрын гэрчилгээтэй, кадастрын зурагтай ба гэрчилгээний хугацаа дуусаагүй ямар нэг зөрчилггүй билээ. Энэ талаар аймгийн Засаг дарга Д.Б 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр өргөдөл гаргасан боловч нэг сар гаруй хугацаа өнгөрч байхад ямар нэг хариу өгөөгүй байна. Иймээс танай шүүхэд хандаж байна. Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/25 тоот захирамж нь илт хууль бус хүний өмч хөрөнгөд халдсан ямар ч үндэслэлгүй шийдвэр учир хүчингүй болгож өгнө үү. Иргэн Ц.А миний бие нь маш их гомдолтой байна. Би өөрийн өвөлжөөндөө малын хашаа, өөрөө суух орон сууц барьсан. Өвөлжөө орчноо цэвэр байлгахын төлөө байнга санаа тавьж явдаг” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эцэг эхээс өвөлж өгсөн өвөлжөөний газраа алдаж чадахгүй. Би 800-900 гаруй малтай тухайн өвөлжөөний газарт 20 гаруй жил өвөлжиж байгаа. Өмнө нь манай хойд аавд нэгдлээс 25 ямаа тасалж өгч тус өвөлжөөний манаачаар 10 гаруй жил ажиллаж байсан. Аавын 25 ямаа нь 200 гаруй мал болсон ба хувьчлалаар бас малтай болж мал маллаж байсан. Хууль бусаар өвөлжөөний гэрчилгээ авсан зүйл байхгүй. Өвөлжөөний хуучин гэрчилгээгээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын Газрын даамал О-д өгч байсан боловч олдохгүй байсан учир дахин гэрчилгээ гаргуулж авсан. Манай сумын зарим хүмүүс мал хөөж туудаг талаар үндэслэлгүй ярьсан. Манай өвөлжөөний газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байгаа тул Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны А/25 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасны дагуу игэн Ц.А-д Хунт багийн нутаг "Тэмээн дэрс нэртэй өвөлжөөний доорхи 1000 м2 талбай бүхий газрыг тухайн үеийн сумын засаг даргын 2009 оны 33 тоот захирамжаар 15-н жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр тул Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд зөрчил арилгуулах шийдвэр гаргасан. Түүнчлэн Тэмээн дэрс нэртэй өвөлжөө нь хужир, марз бүхий нийтийн эзэмшлийн талбайд байрладаг бөгөөд Сүхбаатарын зам нэгдлийн үеэс Хунт багийн төв байсаар ирсэн. Одоогоор 31-н өрхийн амбаар байрлаж байна. Цаашид багийн төвд хийгдэх бүтээн байгуулалтын ажил /4.500.000 төгрөгийн төсвөөр өвсний саравчтай хашаа барихаар тендер сонгон шалгаруулалт явагдаж байна/  багийн төвийн өргөтгөл хийхэд зөрчилтэй асуудлууд үүсч байна. Иргэн Ц.А нь Хунт багийн өвөрт байрлах нийт 28-н өрх болон отор нүүдэл хийх, малаа хужирлах, услах үед мал хөөдөг, маргаан гаргадаг зэрэг зохисгүй хууль бус үйлдэл удаа дараа гаргасан тухай иргэдээс гомдол мэдээлэл ирсэн. Нийтийн эзэмшлийн талбай болон Багийн төвд газар олгосон, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талбайд өвөлжөөний зориулалтаар газар олгосон. Өвөлжөөний төлбөрөө 2016, 2017, 2018 онуудад төлөөгүй зэрэг зөрчлүүдийг арилгуулах үүднээс дараах хууль, заалтуудад үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан болно.

              Ингэхдээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 52 дугаар зүйлийн 52.10 гэх заалтуудад үндэслэсэн. Уг шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2019 оны 1 дүгээр сарын 28-нд хийхээр албан тоотоор мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан бөгөөд оролцогч этгээдүүдээс ашиг сонирхол нь хөндөгдөж байгаагаа нотолсон баримт бичиг бүрдүүлж өгөөгүй бөгөөд иргэдтэй зөрчил, маргаан үүсгэж, ёс бус бүдүүлэг зан үйлдэл гаргаж байсан. Дээрх зөрчлүүдийг арилгах үүднээс 2019 оны 4 сарын 1-ний А/25 тоот захирамжаар өвөлжөө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно” гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. 2018 оны намар манай багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдахад нэхэмжлэгч Ц.А өвөлжөөнөөсөө мал хөөдөг гэх зүйлийг иргэд хэлж байсан. Засаг даргын зүгээс энэ өвөлжөөг авч хэн нэгэнд эзэмшүүлэх гэсэн зүйл байхгүй. Багийн иргэдээс хэл ам гараад байгаа тул багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээд олонх нь нийтийн эзэмшлийн газар байлгах нь зөв, урьд нь багийн төв гэж эзэмшиж ирсэн газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр шууд өмөлжөөний газарт гэрчилгээ олгосон учир цуцлах санал дэмжигдсэн. Нэхэмжлэгч тайлбартаа хойд аав Төмөрбаатар гэх хүнээс өвөлжөөний газрыг өвлөж авсан гэх тайлбар гаргасан. Хойд аав Төмөрбаатар нь багийн төвийн манаач хийж байсан хүн байгаа. Одоо Зоригтбаатар гэх хүн манаач хийж байгаа. Тухайн өвөлжөөнд өмнө нь гэрчилгээ байсан бол шилжүүлсэн захирамж гаргаад тухайн газрыг олгох ёстой байсан. Гэтэл шинээр өргөдөл бичиж, шинээр Засаг даргын захирамж гаргаж гэрчилгээ олгосон байсан. Иргэд өвөлжөөний газрын доорх 700 метр газраас илүү эргэн тойрны газруудыг бас эзэмшсэн гэж буруу ойлгоод байдаг. 2018 оны 11 дүгээр сард мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж гараад сонсох ажиллагаа явуулаагүй тул хууль бус гэх үндэслэлээр Засаг дарга захирамжийг хүчингүй болгож, дахин багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж сонсох ажиллагаа явуулаад уг захирамжийг гаргасан” гэв.

      Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.А нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л-ээр төлөөлүүлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн А/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2019 оны 05 сарын 17-ны өдөр гаргажээ.

         Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч,тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг даргын шийдвэртэй холбогдох гомдлыг Увс аймгийн Засаг даргад хандаж гаргасан байх боловч гомдлын хариуг өгөөгүй болох нь Увс аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2019 оны 08 сарын  29-ний өдрийн  2/1294 дугаартай “ Цагаанхайрхан сумын Засаг даргын захирамжтай холбогдуулан иргэн Ц.А-н гаргасан өргөдөл нь манай байгууллагын бүртгэлд 2019.04.10-ны өдөр хүлээн авснаар бүртгэгдсэн,аймгийн Засаг даргын зүгээс өргөдөлд дурдсан асуудлаар шийдвэр гаргаагүй болно” гэх агуулга бүхий албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

   Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө оролцох хүсэлт гарган шүүх хуралдаанд оролцсон болно.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-аас шүүх өмнө нь гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул түүний гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

     Нэхэмжлэгчийн зүгээс “олон жил өвөлжиж байгаа өвөлжөөний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж маргаж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлсэн, эрхийг цуцлуулах тухай иргэдийн санал ирсэн, нийтийн эзэмшлийн талбайд эзэмшүүлсэн, газрын төлбөрөө төлөөгүй тул өвөлжөөний газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан “ тухай тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Маргаан бүхий акт болох Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн А/25 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,29.3,Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,6.2.1,31 дүгээр зүйлийн 31.2, 52 дугаар зүйлийн 52.10,61 дүгээр зүйлийн 61.1, Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 5 тоот тогтоолыг баримтлан иргэн Ц.А-д “Тэмээн дэрс” нэртэй газар өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлснийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, багийн иргэдийн цуцлуулах санал зэргийг үндэслэн 2009 оны 05 сарын 08-ны өдрийн А/25 тоот захирамж болон 0197433 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон маргаан бүхий актад дурдагдсан “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй” гэх үндэслэлийн талаар:

        Нэхэмжлэгч Ц.А-д эзэмшүүлсэн “Тэмээн дэрс” нэртэй өвөлжөө нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг, Хунт багт  байх бөгөөд өвөлжөөний ойролцоо айл өрхийн 31 модон амбаар байрладаг ба энэ талаар үзлэгийн тэмдэглэл үйлдэгдэж,холбогдох фото зургууд хэрэгт хавсаргагджээ.

            Ц.А нь уг өвөлжөөний доорх газрыг эзэмших тухай хүсэлтийг Цагаанхайрхан сумын газрын албанд 2008 оны 12 сарын 17-ны өдөр гаргасан байх бөгөөд Ц.А-д 0197433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр сумын Засаг даргын 2009 оны 05 сарын 08-ны өдрийн 33 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 191800582 дугаар бүхий “Тэмээн дэрс” нэртэй өвөлжөөний 1000мкв газрыг  15 жилийн хугацаатай эзэмшүүлж,газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

            Цагаанхайрхан сумын Засаг даргын 2009 оны 05 сарын 08-ны өдрийн 33 дугаартай захирамжаар өвөлжөө хаваржааны газар эзэмшихээр хүсэлт гаргасан Цагаанхайрхан сумын 42 малчинд 53 байрлал дахь өвөлжөө,хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмшигчдийн судалгааг хавсралтаар баталсан байна.

        Уг захирамжийн хавсралтын 22 дугаарт Ц.А-д “Тэмээн дэрс” өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэхээр дурдагджээ.

                Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2008 оын 12 сарын 01-ний өдрийн 02/03 дугаартай тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөгөөр нэр бүхий 15 өвөлжөө,хаваржааны доорх газрыг эзэмшүүлэхээр тусгасан байх бөгөөд үүний дотор “Тэмээн дэрс” нэртэй өвөлжөөний газар ороогүй байна.

            Нэхэмжлэгч Ц.А Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасны дагуу бусад 42 малчны адил өвөлжөөний газар эзэмших эрх үүссэн байхад “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байна.

         Холбогдох төрийн байгууллагаас малчдаас гаргасан хүсэлтийнх нь дагуу эзэмшиж байгаа өвөлжөөний доорх газрыг нь  эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаж ажиллаагүй нь тухайн иргэний буруутай үйл ажиллагаатай холбоогүй болно.

Багийн иргэдийн цуцлуулах саналыг харгалзсан гэх үндэслэлийн талаар:

         Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн иргэд 2019 оны 01 сарын 28-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг хийж хуралдаанаар Ц.А-ийн тайлбарыг сонсох ажиллагаа явуулж, “Тэмээн дэрс” өвөлжөөний газрыг эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар олонхийн саналаар шийдвэрлэсэн талаар хуралдааны тэмдэглэлд дурджээ.

            Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 01/01 дугаартай тогтоолоор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай саналыг сумын Засаг даргад уламжилсан байна.

        Сумын Засаг дарга 2019 оны 04 сарын 01-ний өдрийн А/25 дугаартай захирамждаа иргэдийн Нийтийн Хуралдааны 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 5 тоот тогтоолыг үндэслэсэн байх ба уг тогтоол 01/01 дугаартайгаар хэрэгт авагдсан байх ба захирамжид 5 тоот гэж андуурагдсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан болно.

          2019 оны 01 сарын 28-ны өдрийн Хунт  багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тэмдэглэлээс үзэхэд багийн иргэд “Тэмээн дэрс” өвөлжөөний орчмын бэлчээрт байх малыг Ц.А хөөж туудаг талаар гомдол гаргасан байх бөгөөд малчид хоорондын таарамжгүй харилцаанаас болж газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаарх маргаан үүсчээ.

        Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дараах үндэслэлүүдийг заажээ.Үүнд:

     -эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

    -газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

       -шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;

      -байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т засны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;

-эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

-хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.

-газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан гэжээ.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийг хуульчилсан байна.Үүнд:

-газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;

-газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;

-эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан;

-газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;

-газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн байхаар заасан байна.

Иймд багийн иргэдийн саналыг харгалзан газар эзэмших эрх,эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульд заагаагүй байхад хариуцагчаас түүнийг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь буруу болжээ.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “ Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно “ гэж заасан ба сумын Засаг даргын зүгээс энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчихөөс зайлсхийж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой болно.

Хариуцагч Цагаанхайрхан сумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй,багийн иргэдийн санал ирсэн” гэх нөхцөл байдлыг үндэслэж шийдвэрлэсэн атлаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Тэмээн дэрс” өвөлжөө нь нийтийн эзэмшлийн талбай, багийн төвд байршилтай, өвөлжөөний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зэрэг бусад үндэслэлийн талаар тайлбар гаргасанд шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

“Тэмээн дэрс” нэртэй өвөлжөө байрлах газар нь Хунт багийн хуучин багийн төв байсан одоо багийн төв нь Морьт гэх газар байрладаг талаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар тайлбар гаргасан болохыг дурдав.

Мөн малчид өвөлжөө,хаваржааны доорх газрыг эзэмших болон бэлчээрийн нутгийг нийтээр ашиглахдаа харилцан ойлголцож, нэгэндээ хүндэтгэлтэй хандах нь зүйтэй талаар тэмдэглэв.

Шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгч Ц.А-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн А/25 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн А/25 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ