Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0930/3 |
Дугаар | 221/МА2023/0162 |
Огноо | 2023-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2023/0162
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас "Б" ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 789 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.М
Хэргийн индекс: 128/2021/0930/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 789 дүгээр шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6, 7 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас "Б" ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
2.1.Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан Шатны Шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүй нэхэмжлэлийн агуулгыг дутуу ойлгож шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоолоор газрын төлбөрийн суурь үнэлгээг шинэчлэн тогтоосон бөгөөд тус тогтоолтой холбогдуулан дүүрэг тус бүр холбогдох газрын төлбөр суурь үнэлгээг шинэчлэн тогтоосон. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус тогтоолтой уялдуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ...25 дугаар тогтоолыг баталсан. ...манай компанийн эзэмшил бүхий газрыг 6 дугаар бүсэд хамруулсан ба Дүүргийн газар зохион байгуулалтын алба ДИТХ-ийн тогтоолыг үндэслэн газрын төлбөрийг ногдуулахдаа хэт өндөр татвар буюу өмнөх татвараас 7.3 дахин өндөр татвар нэхэмжлэх болсон.
2.2.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.3-д заасан эрх хэмжээний дагуу дүүргийн газар зохион байгуулалтын алба газрын даамал нь газрын төлбөрийг ногдуулахдаа хууль буруу, дутуу ашиглаж газрын төлбөр ногдуулсан юм. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-г хэрэглэн газрын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлж байгаа бөгөөд ингэхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэхгүй орхигдуулснаас үндэслэлгүйгээр хэт өндөр татвар ногдуулж байна гэж үзэж байгаа
тухай нэхэмжлэл болон хуралдааны явцад шүүхэд тодорхой тайлбарласан.
2.3.Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгохгүйгээр шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад 7.6-г бус 7.7-г ашиглах утгаар нэхэмжлэл гаргаагүй. Шүүгч үүнийг дутуу ойлгож шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгтээ дурдахдаа 7.6-г хэрэглэсэн учраас 7.7-г хэрэглэх шаардлагагүй мэтээр тодорхойлжээ. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ашиглаж буй газар нь улсын тусгай хэрэгцээний буюу улсын тусгай хамгаалалттай газарт орших тул 7.6-г ашиглан тогтоосон газрын төлбөрийг 3 дахин үржүүлж тооцохыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин Газрын төлбөрийн тухай хуулийн 7.7-д "Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно" гэж Аялал жуулчлалын буюу үйлчилгээний бизнесийг онцлон заасныг огт ашиглахгүй байгаа асуудлыг хөндөж тавьсан нэхэмжлэлийн агуулгыг бүрэн ойлгоогүй байна. Учир нь газрын үнэлгээний аль ч бүсчлэл, тойрогт өөр өөр чиглэлийн 16 төрлийн үйл ажиллагааны зориулалтаар газар олгож байгаа бөгөөд Үүнээс уг хуулийн 7.7-д зөвхөн "Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг ..." онцлон ... тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно гэж заасныг бид нэхэмжлэлийн шаардлагадаа онцлон дурдаж байгаа юм. Үүнийг онцлон дурдаж байгаад дараах үндэслэлийг бид дараах байдлаар нэмж тодорхой тайлбарлаж байна. Үүнд:
1-рт. Манай газрын төлбөрийг ногдуулахдаа Газрын тухай хуулийн 7.6-г ашиглаж тогтоосон төлбөрийг 3 дахин үржүүлэх нь хууль ёсны боловч хуулийн 7.7-д зааснаар зөвхөн "Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тогтоохдоо хамгийн ойр орших хот ... -ын газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно" гэж заасныг үндэслэх ёстой. Өөрөөр хэлбэл, Манай газар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших бөгөөд 11 дүгээр хороо нь "хот"-ын анхан шатны нэгж тул бид хамгийн ойр орших "хот"-ын газрын төлбөр гэдэгт 11 дүгээр хорооны бүсд хамааруулж худалдаа, бүх төрлийн үйлчилгээний газрын төлбөрөөр тогтоож байж, түүнийг 7.6-д зааснаар 3 дахин үржүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.
2-рт, Бид газрын төлбөрийн тухай хуулийн 7.7-д ашиглах ёстой гэж үзэж байгаа нь тухайн нутаг дэвсгэрт ижил төрлийн бизнесийн үйлчилгээ болох аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа газруудад үл ялгаварлах, тэгш байдал бий болгох бодлого баримталсан заалт гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн Хуульд заасанчлан "шударга ёс, тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасны дагуу оруулсан заалт гэж үзэж байна. Учир нь, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хооронд 4-5-хан км зайтай орших аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг 2 ижил байгууллагын газрын төлбөрийн ялгаа эрс зөрүүтэй байна. Тусгай хамгаалалттай газарт байгаагийн хувьд нэг нь хуулийн дагуу 3 дахин өндөр үнэтэй байхыг бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч энэ ялгааг бага гаргахын тулд Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийн хэмжээг адил тооцохыг бид "шударга", "тэгш" байдал гэж үзэж байна." Өөрөөр хэлбэл, манай 1м2 газрын төлбөрийг 960 төгрөгөөр бус, харин 480 төгрөгөөр 11 дүгээр хорооны аялал жуулчлалын газрынхтай (худалдаа, бүх төрлийн үйлчилгээ) адил тогтоож байж дараа нь хуулийн 7.6-д зааснаар манай төлбөрийг 3 дахин үржүүлж тооцох нь шударга ёсонд ч тэр, хуульд тодорхой заасанд ч тэр нийцнэ гэж үзэж байна.
2.4.Мөн Баянзүрх дүүргийн ИТХ нь 2019 оны 25-р тогтоолыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоор /тус тогтоол нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа бөгөөд энэхүү тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг дахин шинээр тогтоогоогүй байна/ 2020 оны 38-р тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны 12 дугаар тогтоолоор хүчингүй болгон /тус 12 дугаар тогтоол нь хууль зүй дотоод хэргийн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон/ мөн өдрийн "Газрын үнэлгээний зэрэглэл (бус)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" 13 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хэмжээг дахин шинэчлэн тогтоосон байдаг /тус тогтоол нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дагаж мөрдөхөөр байгаа/ иймээс 2020 оны 38 дугаар тогтоол болон 2020 оны 13 дугаар тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Гэсний дагуу 2020 оны 38 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 2020 оны 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэл нийт 134 хоног байх бөгөөд тус хугацааны төлбөрийг 2019 оны 25-р тогтоолын дагуу нэхэмжлэх нь хууль бус юм. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 38-р тогтоол хүчин төгөлдөр байх хугацааны газрын төлбөрийг 25-р тогтоолын дагуу тооцно гэж зааварчилгаа өгсөн гэх боловч тэр нь нотлох баримтаар тогтоогдоогүй, Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаар 38-р тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг дахин тогтоогоогүй болох нь тодорхой байх бөгөөд 2020 оны 13-р тогтоолыг хэзээ бүртгүүлэхээр ирүүлсэн болон хэзээ төрийн мэдээлэлд нийтлэгдсэн талаар тодорхой баримтуудыг ирүүлсэн байдаг.
2.5.Гэтэл шүүхээс тухайн хугацаан дахь төлбөрийг ногдуулахдаа Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх тул гэх шалтгаанаар тухайн тогтоолыг Дүүргийн газар зохион байгуулалтын алба газрын төлбөр ногдуулахад шууд авч хэрэглэж болох мэтээр тайлбар хийсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Засгийн газрын 2018 оны Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоол нь зөвхөн газрын төлбөрийн суурь үнэлгээг шинээр тогтоосон бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 291 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсон байдаг.
2.6.Дүүргийн ИТХ-ын 25 дугаар тогтоолыг 38 дугаар тогтоолоор хүчингүй болгохдоо Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг дахин тогтоогүй байхад Шүүгч газрын төлбөрийг ногдуулахдаа Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг шууд авч ашиглаж болох мэтээр шүүхийн шийдвэртээ үндэслэжээ. Гэвч бодит байдал дээр 25 дугаар тогтоолоор тогтоосон газрын бүсчлэлийг хүчингүй болгочихоор манай ашиглаж буй газар аль бүсчлэлд орж, түүнийг нь хэдэн төгрөг гэж үзэх нь тодорхойгүй болох юм. Учир нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын тойргийг тогтоосон болохоос, газрын бүсчлэлийг тогтоогоогүй, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоогоогүй байхад дүүргийн ИТХ-ын хүчингүй болсон 25 дугаар тогтоолд заасныг үндэслэн манай ашиглаж буй газрыг 6-р бүс гэж үзэж төлбөр ногдуулж нэхэмжилснийг хуульд нийцэж байна гэж дүгнэсэн шүүгчийн шийдвэртэй бид санал нийлэхгүй байгаа юм.
2.7.Өөрөөр хэлбэл, 11 дүгээр хорооны аль хэсэг, ямар газар аль бусад хамаарахыг ямар хэм хэмжээний актыг үндэслэн тогтоох нь тодорхойгүй болчихсон байгаа болно. Гэтэл Дүүргийн газар зохион байгуулалтын алба манай ашиглаж буй газрын төлбөрийг ногдуулахдаа хүчингүй болсон 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан 6-р бүсэд хамааруулж 1га газрын төлбөр 960 төгрөг гэж ногдуулсан нь илт хууль бус юм. Дүүрэг тус бүрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг 182 дугаар тогтоолд нийцүүлэн дахин тогтоох хуульд заасан чиг үүрэгтэй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, Түүний Удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т ...хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.2-т хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйл Дүүргийн чиг үүрэг, 25.1 Дүүргийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна, 25.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох хэмээн тус тус зохицуулсан. Тиймээс Баянзүрх дүүргийн ИТХ нь 182 дугаар тогтоолд нийцүүлэн өөрсдийн эрх хэмжээний хүрээнд "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох үүрэгтэй.
2.8.Харин шууд 182 дугаар тогтоолыг хэрэглэхгүй бөгөөд дүүрэг тус бүр ИТХ-д олгогдсон эрхийн дагуу тус тогтоолд нийцүүлэн итгэлцүүрийн хязгаарт багтаан газрын төлбөрийг тогтоох эрхтэй юм. Тус үүргээ Баянзүрх дүүргийг ИТХ нь хэрэгжүүлээгүй бөгөөд Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг 38 дугаар тогтоолоор дахин тогтоогоогүй байна. Тиймээс 2020 оны 38 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байх хугацаа буюу 134 хоногийн төлбөрийг төлөх нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч энэ хугацаанд төлбөр ногдуулах эрхгүй юм. Гэтэл шүүхээс Засгийн газрын 182 дугаар тогтоол хүчин төгөлдөр гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
2.9.Мөн дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 Дугаар зүйлийн 7.6-г хэрэглэн газрын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлсэн ч тус хуулийн 7.7-г хэрэглэхгүй орхигдуулж байгаа нь газрын төлбөрийг хэт өндөр тогтоох гол нөхцөл болж байгаа бөгөөд энэ нь газар ашиглагч иргэн аж ахуйн нэгжийг газрын төлбөрийн дарамтад оруулж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар Газрын төлбөр ногдуулах аргачилсан загварыг баталсан бөгөөд тус загварын 6 дугаар зүйл 6.1 ...газрын төлбөр ногдуулахдаа тухайн газар ашиглалтын зориулалтаас хамааруулан төлбөрийг нь 3 дахин өсгөж тооцно. 7 дугаар зүйл Аялал жуулчлалын зориулалтын газарт газрын төлбөр ногдуулах, 7.1 ...уг газарт хамгийн ойр орших хот, хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адил байна гэж тус тус заасан байна. Тиймээс аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьд уг газарт хамгийн ойр орших хот, хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адил байна гэснийг үндэслэн хамгийн ойр орших хот, тосгон, суурийн газар болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 9 дүгээр бүсийн худалдаа, бүх төрлийн Үйлчилгээний төлбөртэй адилтган тооцсоны үндсэн дээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар буюу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтын 6 дугаар зүйл 6.1-т заасны дагуу 3 дахин нэмэгдүүлэх нь зүйтэй юм.
Дээрхээс харвал, манай “Б” ХХК-ийн ашиглаж буй аялал жуулчлалын зориулалттай 3 га газарт газрын төлбөр ногдуулж буй үйл ажиллагаа нь Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтыг дутуу ашигласан, хүчингүй болсон актад заасан газрын бүсчлэлийг баримталж газрын төлбөр хэт өндөр ногдуулсан зэргээр илт хууль бус байгаа бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан "утга агуулгын илэрхий алдаатай", "түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй" илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Иймд Захиргааны Хэргийн Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0789 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “Б” ХХК-аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Б” ХХК-д газрын төлбөр ногдуулсан үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-г хэрэглэн газрын төлбөрийг зохих ёсоор хуулийн дагуу ногдуулах, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоол болон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын хоорондох 134 хоногийн газрын төлбөрийг тооцохгүйгээр газрын төлбөрийг үнэн зөвөөр хуулийн дагуу шударгаар тогтоохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2.Нэхэмжлэгч “Б” ХХК-д 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 2011/137 дугаар гэрчилгээний[1] дагуу “Баянзүрх дүүргийн 11 хорооны нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зориулалтаар 3.0 га газрыг 5 жилийн хугацаагаар эрх бүхий этгээдээс олгожээ.
3.Нэхэмжлэгч компани нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2012/09 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 3 талт гэрээг байгуулсан[2].
Үүний дараа нэхэмжлэгч “Б” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2018/97 дугаар гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаагаар дахин байгуулжээ.[3]
4.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр "Б" ХХК-д DNP21090300000949775 дугаар нэхэмжлэлээр 129,469,320.00 төгрөгийн татварыг газрын төлбөрт төлүүлэхээр нэхэмжилсэн[4] байна.
5.Нэхэмжлэгчээс “...газрын төлбөр ногдуулахдаа хуулийг буруу, дутуу ашиглаж газрын төлбөр ногдуулсан, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасныг хэрэглэн газрын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлж байгаа бөгөөд ингэхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг хэрэглэхгүй орхигдуулснаас үндэслэлгүй хэт өндөр татвар ногдуулсан..., ...мөн өмнө нь үйлчилж байсан 38 дугаар тогтоол мөрдөгдөж эхэлснээс газрын төлбөрийн хэмжээг дахин шинэчлэн тогтоосон байдаг. 13 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэл нийт 134 хоногийн төлбөрийг тооцохгүй гэж” маргажээ.
6.Харин хариуцагчаас ...Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаар, Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж буй Төр хурахын ам нь газрын үнэлгээний 6 дугаар бүсэд хамаарч байгаа тул газрын төлбөрийг 3 дахин өсгөн тооцсон нь зөв...” гэсэн тайлбарыг өгчээ.
7.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.
8.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах”,
...35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:” 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”,
...45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн ..., 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэжээ.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг ..., ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна”,
...5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно.”, 3 дахь хэсэгт “Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтооно.”
... 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..., ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”,
...7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно.”,
... 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно”,
...7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.”,
... 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийг Засаг даргатай байгуулан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” гэж тус тус заасан.
9.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь тусгай хамгаалалттай газрыг ашиглах хугацаандаа Засгийн газар болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тогтоолоор тогтоосон итгэлцүүр, үнэлгээ, үнэлгээний зэрэглэлийн дагуу гурав дахин өсгөж газрын төлбөрийг тооцож төлөх үүрэгтэй, мөн уг газрын төлбөрийг хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас тогтоож газар ашиглах гэрээнд тусгахаар заасан.
Харин хуулиар тусгай хамгаалалттай газрыг ашиглагч нь аялал жуулчлалын зориулалттай газрыг ашиглаж байгаа тохиолдолд түүний хэддүгээр бүсэд хамаарч байгааг үл харгалзан Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурин газрын төлбөрийн хэмжээтэй адилтган тооцох, газрын төлбөрийн хэмжээг бууруулан тооцох эрх хэмжээг хариуцагч байгууллагад олгоогүй.
10.Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт,[5] Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолуудаар зааснаар үнэлгээний зэрэглэл, бүсийн 6 дугаар бүс, “худалдаа бүх төрлийн үйлчилгээ” буюу “аялал жуулчлалын үйлчилгээний зориулалттай” зэрэглэлд хамаарч буй маргаан бүхий газрын 1 га газрын суурь үнэлгээ 960.0 төгрөг байхаар газрын төлбөрийн хэмжээг тогтоосон хариуцагчийн үйлдлийг хуульд нийцээгүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй байна.
11.Тодруулбал, маргааны тохиолдолд маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн тойрог, бүс, зэрэглэлд хамаарч байгаа тул хариуцагч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан газрын төлбөрийг тогтоосон нь хуулийг зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн газрын төлбөрийг өндөр тогтоосон гэж үзэхээргүй байх бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт газрын төлбөрийг хуулиар тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй бусад газар ашиглагч нараас нэхэмжлэгч компани нь давуу эрхтэйгээр хуулиар тогтоосон хэмжээнээс бууруулан газрын төлбөрийг төлөх эрх эдлэхгүй тул хуулийн дагуу газрын төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг илт хууль бус, илэрхий алдаатай гэж шүүхээс буруутгах үндэслэлгүй.
12.Үүний учир нэхэмжлэгчийн гаргасан “...Газрын төлбөрийн хуулийн 7.7-г хэрэглэхгүй орхигдуулснаас үндэслэлгүйгээр хэт өндөр татвар ногдуулж байна..., манай газрын төлбөрийг ногдуулахдаа Газрын тухай хуулийн 7.6-г ашиглаж тогтоосон төлбөрийг 3 дахин үржүүлэх нь хууль ёсны боловч хуулийн 7.7-д зааснаар зөвхөн "Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тогтоохдоо хамгийн ойр орших хот... -ын газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно" гэж заасныг үндэслэх ёстой гэх гомдол үндэслэлгүй байна.
13.Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолын дагаж мөрдөх хугацаанаас эхлэн, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд хугацаа тасалдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байгаа хэдий ч дээрх үндэслэлээр тухайн хугацааны газрын төлбөрөөс нэхэмжлэгч компани чөлөөлөгдөх, нэхэмжлэгч компанийг хуулиар тогтоосон хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
14.Учир нь тухайн цаг хугацаанд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, уг тогтоолын 3 дугаар хавсралтаар[6] тогтоосон маргаан бүхий газрын суурь үнэлгээ нь хариуцагчаас газрын төлбөрийг тогтоохдоо баримталсан үнэлгээний хэмжээнээс зөрүүгүй байх бөгөөд хариуцагч нь газрын төлбөрийг хуулийн дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон үнэлгээг үндэслэн ногдуулах эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
15.Иймд “шууд 182 дугаар тогтоолыг хэрэглэхгүй..., 38 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байх хугацааны буюу нийт 134 хоногийн газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч энэ хугацаанд төлбөр ногдуулах эрхгүй,...2019 оны 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэх нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ