Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01337

 

   2017 оны 05 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01337

                   Улаанбаатар хот

 

 

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел плазад оршин байгаа “Скайтел” ХХК /РД-2576376/-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 4 дүгээр байр, 23 тоотод оршин суух, Хувьзаяа овогт Хувжийгийн Амарзаяа /РД-УЖ67080332/-д холбогдуулан гаргасан,

            Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 144,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Амарзаяа нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээлээр гар утас, төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулж 209,000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy J1 гар утас авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохиролцсон.

Х.Амарзаяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөр 139,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд түүнд төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Х.Амарзаяагаас гар утасны төлбөрийн үлдэгдэл 139,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 144,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скайтел” ХХК-иас Х.Амарзаяад холбогдуулан 144,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Х.Амарзаяагаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 144,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Амарзаяа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Амарзаяад холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 144,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

                                   

 

ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД