| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00021/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/22 |
| Огноо | 2021-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У холбогдох 2140000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дугуйт ачигчийн оператор мэргэжилтэй, “Сентурия Монгу” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнжийн 2-205 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Д.У Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Д.У нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн тулга” караоке баарны үүдэнд иргэн Н.О муудалцаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт, зүүн чамархай хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацрын төвгөр хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ болон прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
2140000000022 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний орой 18 цаг өнгөрч байхад найз Х Б хоёр "Билгүүн тулга" караокед байна хүрээд ирээч гээд дуудахаар нь би очсон. ... Караокед Хойлогдоржийн хамт ороход нэг ширхэг 0.75 литрийн "Arkhi” нэртэи архи аваад айхтар уугаагүй байсан. Хойлогдорж бид хоёр дуулангаа архинаас 4 хундагыг л уусан. ...Тэгээд намайг тамхи татаад зогсож байхад над дээр ирж тэвэрч авч байснаа гэнэт чи яахаараа Билгүүн тулгын зөөгчийн найз залуу байдаг юм. Миний дүү байгаа юм, би аав ээжийг нь сайн танина. Аав нь миний хуурай ах байгаа юм гээд намайг цамцаар маань боосон. Боохоор нь болио ах гээд тавиулаад Билгүүн тулга руу орсон араас ороод ирсэн. Араас орж ирээд Билгүүн тулгын зөөгчийг дуудсан. Дуудчхаад чи манай дүүтэй юу гэнээ гээд боогоод авсан. Тэр үед Билгүүн тулгын зөөгч заалны үүдэнд хараад зогсож байсан. Намайг боогоод надад боолт ороод байхаар нь гарнаас нь барьж хавирч унагаад нүүр рүү нь 4 удаа цохисон. Би тэгж цохиж байх үед Хойлогдорж ирж салгасан. Салгахаар нь босоод харсан заалнаас Н.О ийн найз гарч ирж байсан. Тэгэхээр нь би гараад эмнэлэг рүү зугтаасан. Араас хөөгөөд эр хүн шиг уулзъя гээд байхаар нь уулзсан. Уулзаж байгаад ярилцаж байгаад салаад явсан. ...Би хохирогч Н.О ийн толгойн зүүн хэсэгт 4 удаа цохиж уг гэмтлүүдийг учруулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/
Хохирогч Н.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын "Дэлгэр нуур" ресторанд найз Ц.Т Б.Мөнх-Оргил нарын хамт 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед орсон. Дэлгэр нуур рестаронд ороод 2 ширхэг 0.75 литрийн архи авч гурвуулаа хувааж уусан. Ууж дуусаад 20 цаг өнгөрч байхад гараад "Билгүүн тулга" бааранд орсон. Тэнд ороод нэг ширхэг 0.75 литрийн архи аваад сууцгаасан. Суугаад дуулцгаасан. Дуулаад сууж байхад гаднаас хүмүүс орж ирээд сууцгааж байсан. Тэнд байсан хүмүүсээс танихгүй ганц нэг хүн байсан. Би ширээн дээрээ суугаад, дуулаад л сууж байгаад тасарчихсан байсан. Нэг ухаан ороод харсан чинь эмнэлгийн баруун талд У юм яриад зогсож байсан. Тэнд юм яриад зогсож байхдаа У хөөгөөд явж байснаа бүдэгхэн санаж байсан. Тэгээд тэндээс У явуулаад буцаад Билгүүн тулга баар орсон. Бааранд орсон чинь Отгонцэцэг намайг хараад зүүн талын шанаанаас чинь цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд би гараараа хүрсэн цус гараад байхаар нь Отгонцэцэгээр цагдаа дуудуулсан. ...Тэр орой цагдаа дээр ирээд сууж байхдаа У юу болсон талаар ярилцахад би У муудалцсаны улмаас Д.У надад гэмтэл учруулсан байсан. Би Билгүүн тулга баарны хяналтын камерын бичлэгийг үзэхэд үүдэнд нь У муудалцсан байсан. Тэр үед намайг Д.У миний толгойны зүүн хэсэг рүү 4 удаа цохисон байсан. Би Билгүүн тулга караокед дуулж сууж байгаад тасарчихсан байсан. Би тухайн үед болсон зүйлийг санахгүй байна. Дараа нь Отгонцэцэгээс асуусан Отгонцэцэгийг өөрийнхөө найз охин гэхээр нь уурлаад муудалцсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Билгүүн тулга" караоке баарыг ажиллуулдаг. Манай бааранд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад Н.О ах 2 найзтайгаа хамт орж ирсэн Орж ирээд 0.75 литрийн нэг шил архи аваад суугаад дуулцгаасан. Тэрний дараа 21 цаг өнгөрч байхад Д.У нэг найзтайгаа орж ирсэн. Орж ирээд 0.75 литрийн архи аваад суугаад мөн дуулцгаасан. Энэ дуу дуулахдаа нийлээд дуулцгааж байсан. Тэгээд би Н.О ахын ширээнд сууж байх үед Д.У ирээд дуу захиалах гэсэн тэгсэн Н.О ийн найз нь босгохгүй байсан. Тэр үед Д.У намайг миний найз охин байгаа юм босгочих гэж хэлсэн. Тэгээд би босоод дууг нь хийж өгсөн. Тэд нар дуулж байгаад Н.О , Д.У хоёр гадагшаа гарсан. Гадаа юу болсныг би хараагүй. Гарсных нь дараа нойл орж байхад Н.О хаалга тогшоод дуудахаар нь гараад ирсэн чи энэ залуутай сууж байгаа юм уу гэж асуухаар нь би наад хүнийг чинь танихгүй ээ гэж хэлсэн. Тэгсэн Н.О энэ залуу сая чамайг гадаа гараад гичий гэж хэллээ, надад миний дүүг доромжилно гэж байхгүй шүү гээд заамдаж аваад хаалга руу түлхээд байсан. Тэгсэн Д.У битгий давраад байгаарай гээд нойлын хаалганы хажууд хавирч унагаад толгой руу нь 4 удаа цохисон. Цохисны дараа хацраас нь цус гарч байсан. Тэр хоёр муудахаар нь заал руу ороод зааланд сууж байсан хүмүүст салгаад өгөөч, зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгээд хүн дагуулаад гараад ирсэн үүдэнд байхгүй гадагшаа гарчихсан байсан. Би араас нь гараад харсан Н.О ах нэг найзтайгаа хамт зогсож байсан. Тэд нарын баруун талд Д.У цээжээ нүцгэлчихсэн алалцъя гээд зогсож байсан. Би тэрийг нь харчхаад муудах шинжгүй байхаар нь буцаад орсон. Тэрнээс хойш 30-40 минутын дараа Н.О ах орж ирээд цагдаа дуудаад өгчих гэхээр нь цагдаа дуудаж өгсөн. Д.У буцаж орж ирээгүй. Тухайн үед цаг 22 цаг өнгөрөөд 23 цаг болох гэж байсан. Би тэр үед яг нарийн цаг хараагүй. ...Д.У эрүүл орж ирээд их уугаагүй. Бараг эрүүл шахуу байсан. Н.О өмнө нь уучихсан орж ирсэн. Манай зааланд найз нь тасраад унтчихсан. Харахад уг нь гайгүй л байх шиг байсан. Гэхдээ манайд орж ирээд авсан архиа дуустал уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.У нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн тулга” караоке бааран дотор Н.О муудалцаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт, зүүн чамархай хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацрын төвгөр хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Н.О ийн “...Би Билгүүн тулга баарны хяналтын камерын бичлэгийг үзэхэд үүдэнд нь У муудалцсан байсан. Тэр үед намайг Д.У миний толгойны зүүн хэсэг рүү 4 удаа цохисон байсан..." гэх мэдүүлэг,
Гэрч Э.О-ийн “...Тэгсэн Н.О энэ залуу сая чамайг гадаа гараад гичий гэж хэллээ, надад миний дүүг доромжилно гэж байхгүй шүү гээд заамдаж аваад хаалга руу түлхээд байсан. Тэгсэн Д.У битгий давраад байгаарай гээд нойлын хаалганы хажууд хавирч унагаад толгой руу нь 4 удаа цохисон. Цохисны дараа хацраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.О ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Д.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Н.О ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Н.О нь мөрдөн шалгах ажиллагаанд “Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон бие биенээ үл хүндэтгэсэн харилцаа нөлөөлсөн байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд энэхүү нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий сд-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР