Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

2021        05           14                                       2021/ШЦТ/322

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч З.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт З.Г-ад холбогдох эрүүгийн 2109000000476 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 812 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 11  дүгээр сарын 17-ны өдрийн 607 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих,

Дорноговь аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил хорих,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 999 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / .... овогт З.Г- нь:

 

- 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Nab” группийн барилгын хашаан доторх манаачийн өрөөнд С.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хайчаар хохирогчийн хүзүүний баруун хэсэгт зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-8 /

 

Эд мөрийн баримтаар “цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хайч”-ийг тооцсон мөрдөгчийн тогтоол / хх 11 /

 

Хохирогч С.Мөнхсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах NAB компанийн барилгын харуулын байранд байрлаж ажиллаж байгаа. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөө хажуу талын барилгын хамгаалагч болох З.Г- нэг шил архи авчирсан. Тэрнээс би ганц хоёр хундага уугаад байж байтал З.Г- нэлээн согтчихсон байсан. Тэрээр надаас мөнгө нэхээд ахиад архи авъя гэхээр нь би “Ахиж архи уухгүй. Чи яахав хариад унтаад хоол цайтай хүн. Би харуулын байр дээрээ амьдарч байгаа” гэж хэлсэн. Тэгтэл З.Г- сууж байгаад цаасан хайрцаг дээр байсан хайчийг аваад шууд над руу чичсэн. Би жаахан хойшоо болоод биеэ зайлуулах гэтэл хайчны ир нь миний хоолойны баруун доод хэсэгт зүсчихсэн. Ингээд миний хоолойноос их хэмжээний цуч гарч эхлэхэд З.Г- гараад гүйгээд явсан. Удалгүй нярав хүүхэн барилга дотроос гарч ирээд түргэн дуудсан, цагдаа ч ирсэн гэжээ. / хх 14-15 /

 

Гэрч Л.Энхтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би NAB группт талбайн даамлаар ажилладаг. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөөний 10 цагийн үед ажил дээрээ ирээд 3 давхарт ажлаа хийж байхад манай харуул Мөнхсайхан над руу утсаар залгаад “Чи гадаа харуулын байр руу ороод ирээч” гэхээр нь ортол Мөнхсайханы хоолойноос цус гарсан, мөн шалан дээр нил цус асгарчихсан байсан. Түүнтэй хамт манай хажуу талын барилгын харуул эрэгтэй шал согтуу байдалтай байснаа хашаанаас гараад алхаад явсан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан гэжээ. / хх 24-25 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2643 дугаартай дүгнэлтэд:

1. С.Мөнхсайханы биед хүзүүний баруун хажуу гадаргуун хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүсэх боломжтой.  

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. / хх 28-29 /

Яллагдагч З.Г- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Би “...” хамгаалалтын албанд хамгаалагчийн ажил хийдэг. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутад ээлжээ хүлээлгэж өгөөд хажуу талын хашаанд байрлах барилгын харуул болох С.Мөнхсайхантай 1 шил архи хувааж уусан. 09 цаг өнгөрч байх үед С.Мөнхсайхан бид хоёр маргалдсан. Юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Ямартай ч маргалдаад би тэр манаачийн өрөөнд байсан нэг цэнхэр өнгийн иштэй хайчийг аваад С.Мөнхсайханыг айлгах гэж байгаад хоолойг нь хатгаад зүсчихсэн. Түүний хоолойноос цус гарахаар нь би шоконд ороод манаачийн өрөөнөөс гараад явсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг бариад аваад явсан гэжээ. / хх 34-35 /

 

Шүүгдэгч З.Г-аас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 34-35 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 43 / зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 200.000 төгрөгийн хохирол төлсөн гэв.

 

Шүүгдэгч З.Г- нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Nab” группийн барилгын хашаан доторх манаачийн өрөөнд хохирогч С.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хайчаар хохирогчийн хүзүүний баруун хэсэгт зүсэж хүзүүний баруун хажуу гадаргуун хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд:   ...Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 /, ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-8 /,   ...Эд мөрийн баримтаар “цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хайч”-ийг тооцсон мөрдөгчийн тогтоол / хх 11 /, ...З.Г- цаасан хайрцаг дээр байсан хайчийг аваад шууд над руу чичсэн. Би жаахан хойшоо болоод биеэ зайлуулах гэтэл хайчны ир нь миний хоолойны баруун доод хэсэгт зүсээд миний хоолойноос их хэмжээний цуч гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Мөнхсайханы мэдүүлэг / хх 14-15 /,   ...Харуул С.Мөнхсайхан над руу залгаад ороод ирээч гэхэд ортол С.Мөнхсайханы хоолойноос цус гарсан, мөн шалан дээр нил цус асгарчихсан байсан. Түүнтэй хамт манай хажуу талын барилгын харуул эрэгтэй шал согтуу байдалтай байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Энхтуяагийн мэдүүлэг / хх 24-25 /,   ...С.Мөнхсайханы биед хүзүүний баруун хажуу гадаргуун хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2643 дугаартай дүгнэлт / хх 28-29 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Г-ад ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Г- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 750 / долоон зуун тавь / нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч С.Мөнхсайхан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй / хх 53 / гэсэн тул шүүгдэгч З.Г- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн бариултай хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.Г-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт З.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  З.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 / долоон зуун тавь / нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн бариултай хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, З.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Г- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. З.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ