Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01361

 

017 оны 05 сарын 10 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01361

               Улаанбаатар хот

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, өөрийн байранд оршин байгаа “Капитал банк” ХХК /РД-2556375/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2а байр, 1 тоотод оршин суух, Шаавай овогт Батаагийн Ганбаяр /РД-ЧЗ82042311/-т холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,653,067.91 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь зээлдэгч Б.Ганбаяртай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ-510, БГ-510 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 1 тоот хаягт байрших, 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нь үндсэн зээлд 2,886,518.57 төгрөг, хүүд 1,234,322.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,971.99 төгрөг, нийт 9,858,556.56 төгрөг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 5,113,481.43 төгрөг, зээлийн хүү 449,655.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,931.08 төгрөг, нийт 5,656,057.91 төгрөг байна.

Иймд Б.Ганбаяраас 5,635,067.91 төгрөгийг гаргуулж өгнө үү, зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъянсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Капитал банкны нэхэмжилсэн 5,653,067.91 төгрөгийг хариуцагч Б.Ганбаяр нь хүлээн зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор бүрэн төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Ганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны нэхэмжилсэн 5,635,067.91 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулна.

Хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                  

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Б.Ганбаяраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,653,067.91 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ганбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,653,067.91 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2А байрны 1 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.

Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 105,399 төгрөг, хариуцагч Б.Ганбаяраас 105,399 төгрөгийг тус тус гаргуулан “Капитал банк” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ганбаярт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Ганбаярын, нэхэмжлэлийн шаардлага болох 5,653,067.91 /таван сая зургаан зуун тавин гурван мянга жаран долоон төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2А байрны 1 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 105,399 төгрөг, хариуцагч Б.Ганбаяраас 105,399 төгрөгийг тус тус гаргуулан “Капитал банк” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

           

                                      ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД