Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

2021       05           14                                      2021/ШЦТ/323

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч М.Отгонбаатар,  

хохирогч Э.Энх-Амгалан,

шүүгдэгч Л.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Л.Г-т холбогдох эрүүгийн 2109000000336 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / .овогт Л.Г- нь:

 

- 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 57 нэртэй спорт зааланд сагсан бөмбөг тоглож байх үедээ Э.Э-г “Бөмбөг гаргах гэж байхад самбар доороос түлхлээ” гэж маргаан өдөөн түүний нүүр рүү цохиж, хоолойг боож, биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар зүүн чихний дэлбэн, баруун бугалганы цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 /

 

Хохирогч Э.Энх-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянмөнх, Ууганаа, Ганаа, Ижилболд, Л.Г- болон нэг охины хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “57” нэртэй зааланд тоглож байтал Л.Г- шалтгаангүйгээр үсэрч ирээд намайг мангасдсан. Тэгэхээр нь би “Чи сагс тоглож чадахгүй бол боль” гэхэд уурлаад намайг буланд шахаж багалзуурдаж хоёр удаа миний хамар руу цохиж гэмтээсэн. Дараа нь чих, хацар руу 3-4 удаа цохьсон. Би хариуд нь Л.Г-ийг нэг цохиход гинж нь тасарсан. Тэгээд бид хоёр салсан гэжээ. / хх 7 /

 

Гэрч Э.Гантөмөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 нэртэй спорт зааланд Энх-Амгалан, Ууганбаяр, Л.Г-, Баянмөнх, Энх-Амгалангийн найз нарын хамт сагсан бөмбөг тоглож байхад Энх-Амгалан хашгираад хамраас нь цус гарсан байсан. Юу болсон талаар асуухад Л.Г- Энх-Амгалан нар маргалдаж зодолдсон гэж Ууганбаяр хэлсэн гэжээ. / хх 11 /

 

Гэрч Г.Баянмөнх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Зааланд тоглож байхад Энх-Амгалан, Л.Г-, Ууганбаяр, нэг үл таних 4 залуу заалны баруун талд, харин нөгөө талд Баянмөнх, Гантөмөр, Энхчулуун бид нар тоглож байсан. Тоглож байгаад нөгөө тийшээ хартал Л.Г- Энх-Амгалан нар хоорондоо хэрэлдсэн байдалтай байхаар нь Энх-Амгалан дээр очоод болсон явдлыг асуухад Л.Г- намайг цохьсон гэж хэлсэн гэжээ. / хх 13 /

 

Гэрч Э.Ижилболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Энх-Амгалан болон түүний танилуудын хамт 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зааланд сагсан бөмбөг тоглож байсан. Гэтэл Энх-Амгаланг бөмбөг шидэж байхад Л.Г- түлхэж алдаа гаргахад тэрээр “Аятайхан тоглооч” гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Энх-Амгаланг Л.Г- 4 удаа гараараа цохиж гэмтээсэн бөгөөд Энх-Амгалан мөн адил цохих шиг болсон. Ингээд бид нар тэр хоёрыг салгахад Энх-Амгалангийн хамраас цус гарч, зүүн нүдний доод хэсэгт нь хавдсан байсан гэжээ. / хх 15 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1780 дугаартай дүгнэлтэд:

1. Э.Энх-Амгалангийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, зүүн чихний дэлбэн, баруун бугалганы цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 17 /

 

Яллагдагч Л.Г- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз Баянмөнх, Ууганбаяр, Энхчулуун, Энх-Амгалан, Мандахай нартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 нэртэй зааланд сагс тоглосон. Ууганбаяр бид хоёр, Энх-Амгалан нөгөө найзтайгаа тус тус нэг баг болж нэг талдаа сагс тоглосон. Ингээд тоглож байхад Энх-Амгалан довтолж орж ирэхэд би санаатай алдаа хийсэн. Тэгээд бөмбөг гаргуулах гээд Энх-Амгаланг түлхэхэд намайг түлхлээ гээд уурлаад хоорондоо маргалдсан. Би Энх-Амгалангийн хоолой руу гараараа түлхээд нүүрэн тус газарт нь цохьсон. Хоорондоо 2-3 удаа цохилцоод салцгаасан гэжээ. / хх 27-28 /

 

Шүүгдэгч Л.Г-ээс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 27-28 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 42 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сагс тоглож байхдаа санаатай алдаа гаргахад Энх-Амгалан “Чи сагс тоглож чаддаггүй юм уу” гэхээр нь би түүнийг цохьсон. Би одоо Нисэхэд барилгын ажил хийж байгаа. Өвчин гарсантай холбоотой ажил хийгээгүй тул хохирол төлөх боломжгүй байсан. Эгчтэйгээ амьдардаг бөгөөд эгч оюутан. Би 05 дугаар сарын 08-ны өдрөөс Төв аймагт Монгол Шуудангийн барилга дээр туслахаар ажиллаж эхэлсэн. Өчигдөр шүүх хуралтай гээд ажлаасаа чөлөө аваад ирсэн. Өдрийн цалин 50.000 төгрөг бөгөөд ажлаа хийж хохирол төлбөрийг төлж барагдуулах боломж олгож, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Цалингаа аваад эмчилгээний зардлыг төлнө гэв.

 

Хохирогч Э.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр заал авч тоглож байгаад бөмбөг гаргах гэж байхад Л.Г- миний нүүр рүү ирээд мангасдсан. Тэгээд хоорондоо маргалдаад миний хамрыг цохиж хугалсан. Үүний дараа уйчлалт гуйсан.

 Хэрэг болсноос хойш Л.Г- над руу миний биеийг асууж, уучлалт гуйж нэг ч яриагүй. Одоо шөнө унтахад хамар битүүрээд цус гардаг. Эмч хэлэхдээ ирээдүйд хамрын гамериттай болж магадгүй гэсэн. Эмчилгээний зардал 4.700.000 төгрөг нэхэмжилж байна. Намайг хагалгаа хийлгэсний дараа манай эмээ Бальдирмаа 10 хоног эмнэлэгт сахьсан. Гомдолтой байна гэв. 

 

Шүүгдэгч Л.Г- нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 57 нэртэй спорт зааланд сагсан бөмбөг тоглож байх үедээ Э.Энх-Амгаланг “Бөмбөг гаргах гэж байхад самбар доороос түлхлээ” гэж маргаан өдөөн түүний нүүр рүү цохиж, хоолойг боож, биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар зүүн чихний дэлбэн, баруун бугалганы цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 /,    ...Би Л.Г-ийг “Чи сагс тоглож чадахгүй бол боль” гэхэд уурлаад намайг буланд шахаж багалзуурдаж, хамар руу 2 удаа, чих хацар руу 3-4 удаа цохиж гэмтээсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Энх-Амгалангийн мэдүүлэг / хх 7 /,     ...Сагсан бөмбөг тоглож байхад Э.Энх-Амгалан хашгирахаар нь харахад хамраас нь цус гарсан байсан. Юу болсон талаар асуухад Л.Г- Э.Энх-Амгалан нар маргалдаж зодолдсон гэж Ууганбаяр хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Гантөмөрийн мэдүүлэг / хх 11 /,      ...Сагс тоглож байгаад хартал Л.Г- Э.Энх-Амгалан нар хоорондоо хэрэлдсэн байдалтай байхаар нь асуухад Л.Г- намайг цохьсон гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Баянмөнхийн мэдүүлэг / хх 13 /,   ...Э.Энх-Амгаланг Л.Г- 4 удаа гараараа цохиж гэмтээсэн бөгөөд Э.Энх-Амгалан мөн адил цохих шиг болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Ижилболдын мэдүүлэг / хх 15 /,   ...Э.Энх-Амгалангийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, зүүн чихний дэлбэн, баруун бугалганы цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1780 дугаартай дүгнэлт / хх 17 /,     ...Би Э.Энх-Амгалангийн хоолой руу гараараа түлхээд нүүрэн тус газарт нь цохьсон. Хоорондоо 2-3 удаа цохилцоод салцгаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.Г-ийн мэдүүлэг / хх 27-28 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Г- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэнэн томоогүй зангаасаа болж, тоглох явцдаа харилцан маргалдаж гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Мөн шүүгдэгч нь “Ковид-19 өвчний улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. 05 дугаар сарын 08-ны өдрөөс Төв аймагт Монгол Шуудангийн барилга дээр туслахаар ажиллаж эхэлсэн.  Өдрийн цалин 50.000 төгрөг бөгөөд ажлаа хийж хохирол төлбөрийг төлж барагдуулах боломж олгож, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 650 нэгж буюу 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. 

 

Хохирогч Э.Энх-Амгалан нь эмчилгээний зардалд 4.700.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар / хх 34-37 / хохирогч нь хамрын хагалгаа хийлгэсэн зардал болох 3.890.730 төгрөг, толгой, чих хамар хоолойн эмчийн үзлэг 45.000 төгрөг, тархины үзлэгт орсон  төлбөр 130.000 төгрөг, чих хамар хоолойн үзлэгт 35.000 төгрөг, эм тариа 40.900 төгрөг, “Сод фарм” эмийн сангаас авсан эмийн үнэ болох 12.900 төгрөг, “Мягмарсанжаа” эмийн сангаас авсан эмийн үнэ болох 21.500 төгрөг, “ Маго хороолол” эм авсан 82.050 төгрөг, шатахууны зардал 60.000 төгрөг,  шинжилгээ хийлгэсэн 55.000 төгрөг зэрэгт нийт 4.332.180 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Э.Энх-Амгаланд олгох үндэстэй байна.

Харин түүнийг эмнэлэгт эмэг эх Бальдирмаа 10 хоног сахьсан учир кроновирусын шинжилгээ өгч 55.000 төгрөг төлсөн гэх боловч хэрэгт авагдсан баримт нь Цэцэгмаа гэсэн нэртэй байгаа ба түүнийг 10 хоног сахьсан талаар баримт байхгүй, 2500 төгрөгний маск, СМ Драгон дэлгүүрээс 167,881 төгрөгний, Жаргалант 2 дэлгүүрээс 25000 төгрөгний хүнсний зүйл авсан нь хохирогч нь гэмтсэний улмаас тусгайлан хэрэглэх  хоол ундны зүйл гэж үзэх боломжгүй тул 250.381 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Г- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Г-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Л.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 / зургаан зуун тавь / нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.Г- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Г-ээс 4.332.180 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Энх-Амгаланд олгож, нэхэмжлэлээс 250.381 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Г- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ