Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 573

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Энхтуул,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхтуулын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Б-д холбогдох 1811001300175 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Б.Б- нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч Г.М-гийн халааснаас “ipone-6 s plus” загварын гар утсыг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ээс 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М- /ВЮ91071928/-д олгож, Б.Б-ийг уг хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж 3 сарын хугацаанд Г.М-д хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт нь үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Энхтуул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 275 дугаартай шийтгэх тогтоол гарсан ба уг шийтгэх тогтоолоор Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ. Анхан шатны шүүхийн 275 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ...тогтооно” гэж заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялыг ямар хугацаанд хийхийг өөрөөр хэлбэл шүүхээс цагаар хугацаа тогтоож өгөөгүй орхигдуулсан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй маргах зүйлгүй. Б.Б- гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ц.Батцэнгэлд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх Ц.Батцэнгэлд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлтийг зөв хийсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б- нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч Г.М-гийн халааснаас “ipone-6 s plus” загварын гар утсыг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.М-гийн “...2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Ган” худалдааны төвд үйлчлүүлж байтал өмсөж явсан хар өнгийн шубан куртикний зүүн талын халаасанд байсан “ipone-6 s plus” загварын ягаан өнгөтэй, нэг сарын өмнө шинээр нь Мобикомоос худалдаж авсан гар утас алга болчихсон байсан...” /хх-ийн 16 тал/,

яллагдагч Б.Б-ийн “...“Ган” худалдааны төв ороод таньдаг хүмүүс байна уу гээд хараад явж байсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байсан. Тэгээд эмэгтэй хүний куртикны зүүн талын халаасанд гар утас байхаар нь араас нь очоод нууцаар утсыг нь авсан...” /хх-ийн 31 тал/,

хохирогч Г.М-гийн “ipone-6 s plus” загварын гар утсыг 500,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36 тал/,

“...ноосон улаан өнгийн малгайтай, хар өнгийн шубан богино куртик өмссөн, харааны хар өнгийн рамтай нүдний шил зүүсэн, 25-27 орчим насны эмэгтэй лангуун дээр үйлчлүүлээд зогсож байх ба... Хохирогчийн яг ард талд нь хулгайн сэжигтэн болох саравчтай малгайтай, хар бараан өнгийн богино куртиктай 30 гаруй насны эрэгтэй хүн баруун гараараа хохирогч Г.М-гийн хар өнгийн куртикны зүүн талын халааснаас эд зүйл аваад шууд эргээд төв хаалгаар гаргаад явсан...” гэсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.Б-ийг хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт ямар хугацаагаар хийлгэхийг шүүх тогтоож байх талаар 2015 оны Эрүүгийн хуульд шинэ зохицуулалт орсон байх ба Б.Б-д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт ямар хугацаагаар хийлгэхийг шүүхээр тогтоолгохоор бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд энэ талаар нэмэлт заалт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ