Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 10

 

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г.с” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: “Г.н.х” НҮТББ,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

            Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн А/162 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г.с” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Г.С” ТББ-ыг төлөөлж удирдах зөвлөлийн дарга Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Увс аймгийн Бөхмөрөн Сагил сумдын нутгийг дамнан орших Гулзат ОНТХГазар нутгийн ард иргэдийн санаачлагаар “Г.С” ТББ байгуулагдаад өдгөө 13 жил болж байна. Анх ТББ байгуулагдах үед 200 орчим аргал угалзтай, жилд нэгээс илүү аргал угалз агнах боломжгүй, хулгайн ан хүнс тэжээлийн дутагдалаас аргал хонины өсөлт зогссон. Г.С ТББ байгуулагдсанаар аргал хонь хамгаалах био техникийн арга хэмжээ авах, байгаль хамгаалагч ажиллуулах аргалын бүс нутгаас өвөлжөө хаваржааг нүүлгэх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд одоо 2300 орчим тоо толгойтой болж өссөн. 2016 онд орон нутгийн сонгуулиар ялсан МАН-ын дарга Д. Б нь 2016 оноос хойш тухайн ОНТХГН-ын агнуурын менежментэд хувийн сонирхлоор хандаж өөрийн жолоочоор 8 жил ажилласан Барсүрэн гэгчид өгөхийн тулд эхнээсээ Г.С ТББ-ын даргаар тавих гэж дарамталсан боловч “Г.С” ТББ зөвшөөрөөгүй тул 2017 оны 04 сарын 14-ны А/167, 2017 сны 04 сарын 17-ны А/169 тоот захирамжуудаар “Г.С” ТББ-ын ан агнуурын менежментийг цуцалж “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д олгосон үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 11- ны өдрийн 52 тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн 221/МА2018/0002 тоот материал 2018 оны 04 сарын 09-ны өдрийн 158 тоот тогтоолоор тус тус хууль бус болохыг тогтоож хэргийг шийдвэрлэсэн. Үүний дараа засаг дарга Д. Батсайхан нь 2018 оны 05 сарын 09-ны өдрийн А/227, 2018 оны 05 сарын 09-ны өдрийн А/278 тоот захирамжуудаар “Гулзатын санаачлага” ТББ-ын менежментийн эрхийг цуцалж Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо ТББ-д ан агнуурын эрх өгсөн. Үүнийг мөн “Гулзатын санаачлага” ТББ үл хүлээн зөвшөөрч шүүхэд хандсаар Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 24-ны 28 тоот шийдвэрээр дээрх захирамжуудыг хүчингүй болгосон. 2018 онд дараа жил буюу 2019 онд хэдэн аргал агнуулах талаар агнуурын менежментийн хариуцагч болох Гулзатын санаачлага ТББ-аас санал авахад 6 аргал агнуулах санал өгсөн. Д. Батсайхан үүнийг дур мэдэн 10 болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр сүүлийн 3 жилд 29 аргал агнуулж сүргийн бүтцэд ноцтой хохирол учруулж байна. Гулзат ОНХГазрын агнуурын менежментийг Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо ТББ-д өгч 2019 оны 03 сарын 26-нд гэрээ байгуулсан байна. Засаг дарга Д. Батсайханы энэ шийдвэрүүд нь “Гулзатын санаачилга” ТББ-ын эрх ашгийг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Гулзатын санаачилга” ТББ-ын менежмент төлөвлөгөөг 10 жилээр Байгаль орчны яам, Байгаль орчны газар хамтран баталсан. Гэтэл манай байгууллагад мэдэгдэхгүй, манай байгууллагын эрх ашгийг зөрчиж, аймгийн Засаг дарга өөрийн хамаарал бүхий өөрийнхөө жолооч хийж байсан хүнд “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийг 10 жилээр хариуцуулсан шийдвэр гарган Байгаль орчны яамтай гэрээ байгуулан энэ жилийн агнуурыг хийж байгаа үйлдэл нь хууль бус юм. Ийм учраас “Гулзатын санаачилга” ТББ-ын эрх ашгийг зөрчиж байна. “Гулзатын санаачилга” ТББ нь 150 гаруй өрх, 570 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.Аймгийн Засаг дарга 2016 оноос хойш 3 дахь удаагаа хууль зөрчиж шийдвэр гарган бидний эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. 2017, 2018 онд хоёр удаа шүүхийн шийдвэр гарч аймгийн Засаг даргын шийдвэрүүдийг хүчингүй болгосон боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүртэл дахин дахин манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байна.

 Иймд Увс аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/162 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү”гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын нутгийг дамнан оршдог Гулзат орон нутгийн хамгаалалтай газар гэж байдаг. Энэ газар нутгийн агнуурын менежмент төлөвлөгөөг Гулзатын санаачилга ТББ хоёр удаа хийж батлуулж хэрэгжүүлж явсан. Эхний төлөвлөгөөг хэрэгжүүлж дууссан. 2 дахь төлөвлөгөөг Эко үйлчилгээ ан агнуур мэргэжлийн байгууллагын хийлгэж 2016 онд Увс аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан байдаг. Амьтны тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “ан агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг гэж заасан байна. Мөн Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.8.3, 21 дүгээр зүйлийн 21.4.1, 21.5.3, 22 дугаар зүйлийн 22.3 22.6, 13 дугаар зүйлийн 23.1 дэх заалтуудад ан агнуурын менежмент төлөвлөгөө боловсруулах батлуулах хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, ан агнуур менежмент төлөвлөгөөний дагуу ан агнуур бүс нутгийг тогтоон, түүний тодорхой хэсгийг эзэмшүүлэх үйл ажиллагааны зохицуулалтууд тусгагдсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын 93 дугаар тогтоол батлагдан гарсан. Энэ тогтоолын 1-р хавсралтаар агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам батлагдсан. Энэ журмын 1.2-т аймгийн Засаг дарга тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага нь нутаг дэвсгэртээ ерөнхий ан агнуурын менежмент төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн гэж заасан байна. Гэтэл өнөөдөр хүртэл Увс аймгийн Засаг дарга, Байгаль орчны газар ан агнуурын менежментийн ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй байна. Хэрэв аймгийн Засаг дарга ан агнуурын менежментийн төлөвлөгөө батлуулсан бол энэ менежмент төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагад даалгах эрхтэй. Яагаад гэвэл аймгийн Засаг дарга аймгийн хэмжээнд өөрийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгөөр менежментийн төлөвлөгөө батлуулсан учраас хэнээр хэрэгжүүлэх нь Засаг даргын эрх болно. Гэтэл ийм менежмент төлөвлөгөө байхгүй байна. Мөн журмын 1.3-д Хуулийн этгээд сумын ан агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр, сум дамнасан бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн гэж тусгасан. Энэ заалтыг үндэслээд “Гулзатын санаачилга” ТББ ан агнуурын менежментийн төлөвлөгөө хийлгэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж батлуулсан. Увс аймагт агнуурын менежментийн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан ганц байгууллага нь “Гулзатын санаачилга” ТББ юм. “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” ТББ өнөөдрийг хүртэл ийм төлөвлөгөө батлуулаагүй байна. 2016 онд анх “Гулзатын санаачилга” ТББ-ын эрхийг цуцалж байхад анхны шүүх хуралдаан дээр ан агнуурын менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан тохиолдолд менежментийг хариуцуулах боломжтой гэдгийг хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ан агнуурын менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй байна. Ан амьтан, байгаль орчин нөхөн хамгаалах талаар арга хэмжээ авдаггүй. Зөвхөн мөнгө олох хэрэгсэл болгож хардаг. “Гулзатын санаачилга” ТББ-ын боловсруулсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ булааж авч хэрэгжүүлэх гээд байгаа нь “Гулзатын санаачилга” ТББ-ын эрх ашгийг зөрчиж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг дарга Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана гэж заасан байдаг. Гэтэл Амьтны тухай хуулийн дээр дурдсан заалтууд, Засгийн газрын 93 дугаар тогтоолд заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөө батлуулсан газарт эрхийг нь өгөх ёстой байтал аймгийн Засаг дарга өөрийн хамаарал бүхий этгээдэд менежментийг хариуцуулж байгаа нь хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх гэсэн зарчмыг зөрчиж байна. Мөн хуулийн 4.2.5-д шийдвэр зорилгодоо нийцсэн байх гэсэн заалтыг зөрчиж байна. Засаг даргын зорилго байгаль орчныг хамгаалахад чиглэгдэх ёстой.  

Мөн шийдвэр үндэслэл бүхий байх зарчим алдагдсан ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.  Иймд Увс аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/162 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4. Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд шүүлж болно” 22.5. "Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно." гэж тус тус хуульчилжээ.

Дээрх зохицуулалтын дагуу "Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо" ТББ-тай 2018 онд байгуулсан "Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ"-ний хугацаа 2019 онд дууссан тул Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжийн дагуу дээрх гэрээг дахин 10 жилийн хугацаатайгаар байгуулсан. Дээрх маргаан бүхий захирамж, гэрээ нь амьтны тухай хууль болон Засгийн газрын тогтоолд нийцэж гарсан болно.

Иймд “Г.С" ТББ-ын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/162 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад энэхүү маргаан бүхий захиргааны актыг ямар учраас хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж, түүнийг хүчингүй болгуулах үндэслэл тодорхой харагдахгүй байна. “Г.С” ТББ болон “Г.Н.Х” ТББ-ууд нь ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг байгууллагууд байгаа. Өнөөдөр ан агнуурын менежментийн төлөвлөгөөгүй ТББ-аар тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцуулсан нь үндэслэлгүй, ашиг сонирхлын үүднээс хандаж байна гэдэг байдлаар тайлбар гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/134 дугаартай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол байгаа. Энэ ан агнуурын менежмент төлөвлөгөө бол “Г.С” ТББ-ын төлөвлөгөө биш харин “Гулзат” орон нутгийн хамгаалалтай газрын ан амьтныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор хэрэгжиж байгаа менежментийн төлөвлөгөө гэж ойлгож байгаа. Нэгэнт 2016 онд менежментийн төлөвлөгөө батлагдсан бүс нутагт дахин “Г.Н.Х” ТББ менежментийн төлөвлөгөө батлуулах шаардлагагүй. 2016 оноос хойш энэ менежментийн төлөвлөгөө хэрэгжээд явж байгаа. Тухайн бүс нутгийг хамгаалах нөхөн сэргээх ийм нэгдмэл нэг зорилго байгаа гэж үзэж байна. Тиймээс бидний менежмент төлөвлөгөө авч хэрэгжүүлээд байна гэхээс илүүтэй сайшаалтай хандах ёстой байх гэж үзэж байна. “Г.Н.Х” ТББ-д хариуцуулснаар “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газарт байгаль орчинд сөрөг үр дагавар гарсан, үйл ажиллагаа зөрчигдсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Хэнд менежментийг хариуцуулах нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийг асуудал учраас Увс аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/162 тоот захирамжийг Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          Гуравдагч этгээд болох “Г.Н.Х” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г.С" төрийн бус байгууллага нь Увс аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А\162 тоот захирамж, Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менөжментийг хариуцах хамтын ажиллагааны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт менежментийн эрхийг хэдэн ч төрийн бус байгууллага хэрэгжүүлэх боломжтой ба Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа: нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд "Гулзат" орон нутгийн  Гулзат нөхөрлөлүүдийн холбоо" төрийн бус байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн нь “Г.С" төрийн бус байгууллагын ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байна.

Учир нь маргаан бүхий захиргааны акт нь “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Увс аймгийн Засаг дарга Д.Б нь хувийн сонирхлоор Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн эрхийг “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо" төрийн бус байгууллагад хариуцуулснаас сүргийн бүтцэд ноцтой хохирол учруулж, амьтны тоо толгой цөөрч байна гэх мэтээр нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй зүйлд үндэслэн нэхэмжлэл гаргасан байна. “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо", “Г.С" төрийн бус байгууллагууд нь аль аль нь ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежментийн эрхийг манай байгууллагад 10 жилийн хугацаатай хариуцуулсан аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А\162 тоот захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Амьтны тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ховор амьтан агнах, барих; тусгай зөвшөөрөл олгох журмыг үндэслэж гарсан хуульд нийцсэн захирамж гзж үззж байна.

Ийм учраас уг захирамжийг үндэслэж гарсан хамтын ажиллагааны гэрээ мөн холбогдох хууль, дүрмийг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй. “Гулзатын санаачилга" төрийн бус байгууллага нь 2015 онд Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт менежментийн эрхийг хангалтгүй хэрэгжүүлсний улмаас Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд менежментийн эрхийг өөрчилж, манайд хариуцуулсан. Манай төрийн бус байгууллага нь 2017 оноос хойш Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт менежментийн эрхийг хэрэгжүүлэхдээ ан агнуурын менежмент төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлж, хэний ч нүдэнд маш тодорхой харагдах олон тооны ажлыг хийж гүйцэтгэсэн, 2018 онд хийсэн ажлын тайлангаа холбогдох газруудад нь хүргүүлж, ажлаа 80 хувьтай үнэлүүлсэн байдаг.

Энэ хугацаанд Байгаль хамгаалах болон Амьтны тухай хууль тогтоомжийг орон нутагт бүрэн утгаар нь хэрэгжүүлж, био техникийн арга хэмжээ, байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах сургалт явуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн идэвхтэн байгаль хамгаалагч нарыг техник хэрэгслээр хангаж, аймгийн хэмжээний нөхөрлөлүүдийн дунд "Нөхөрлөл хөгжлийн түншлэл" арга хэмжээ, Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх хэлэлцүүлэг зэргийг амжилттай зохион байгуулж, Сагил сумын Хариг багийн төвийн байрыг шинээр барьж хүлээлгэн өгсөн гэх зэргээр нийгэмд тустай олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. 2019 онд Гулзат нөхөрлөлүүдийн холбоо төрийн бус байгууллага нь 10 угалз агнуулах гэрээг гадаадын иргэнтэй байгуулж, холбогдох материалыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн ба 2019 оны 6 дугаар сарын сүүлээр 4 угалз агнах тусгай зөвшөөрөл манайд ирсэн. (Гэрээний хуулбарыг хавсаргав.)Нэг угалз агнасны төлбөр нь 21000 доллар бөгөөд үүнийг монгол ханшаар хөрвүүлвэл нэг угалзыг агнасны байгалийн төлбөрт 50 гаруй сая төгрөг, 4 угалз агнасны төлбөрт 200-аад сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байгаа.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13.2.4, 18.1 дэх хэсгүүдэд зааснаар тухайн төлбөрийн орлогын 50 хүртэл хувийг Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч буй ан амьтдад ан амьтдад давс, хужир, өвс тавьж өгөх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, амьтны тоо толгойг өсгөх зэрэг үйл ажиллагаанд зарцуулдаг бөгөөд энэ жилийн хувьд ч байгаль орчныг нөхөн сэргээх, амьтны тоо толгойг өсгөх талаар манай төрийн бус байгууллагын зүгээс шат дараалалтай ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгасан болно.

Манай төрийн бус байгууллага нь Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт менежментийн эрхийг хэрэгжүүлэх явцад амьтны тоо толгой цөөрөх устах, байгалийн тэнцэл алдагдах зэргээр тухайн бүс нутагт хор уршиг учраагүй, мөн Тулзатын санаачилга'' төрийн бус байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар нэгэн хохирол учраагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн гуравдагч этгээдийн тайлбарыг дэмжиж байна. Хэргийн материалтай танилцсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг судлаад үзэхэд маргаан бүхий захиргааны акт “Гулзатын санаачилга” ТББ-ын ямар эрх ашгийг зөрчиж байгаа нь тодорхойгүй байна. “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын менежментийг хариуцуулснаас болж сүргийн бүтэц өөрчлөгдсөн, амьтны тоо толгой цөөрсөн, “Гулзат” орон нутгийн хамгаалалтай газарт хор хохиролтой үйл ажиллагаа явагдаж байна гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан. Энэ нь ямар нэг байдлаар нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. 2019 онд маргаан бүхий захиргааны актыг үндэслээд Гулзат орон нутгийн хамгаалалтай бүс нутгийн ан агнуурын менежментийг хариуцах хамтын ажиллагааний гэрээ байгуулагдсан. Энэ гэрээнд зааснаар Гулзат нөхөрлөлүүдийн холбоо төрийн бус байгууллага 23 төрлийн ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үүргээ хэвийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа. 2016 онд аймгийн ИТХ-аар батлагдсан менежментийн төлөвлөгөө Гулзат орон нутгийн хамгаалалтай газарт хэрэгжих төлөвлөгөө учраас Гулзатын санаачлага ТББ болон Гулзат нөхөрлөлүүдийн холбоо ТББ аль аль нь хэрэгжүүлэх боломжтой гэж гэж үзэж байна.Иймд менежментийн төлөвлөгөөгүй гэж үзэх үндэслэлгүй.Гулзатын санаачлага ТББ 2015-2016 онд үйл ажиллагаа явуулж байхдаа хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, орон нутгийн орлого алдагдуулсан, тасалдуулсан, төсөвт хүндрэл учруулсан, 4 гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн, менежментийн гэрээ 2015 онд дүгнүүлээгүй гэсэн асуудал яригдаг. Иймэрхий асуудлаас болоод аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд Гулзат нөхөрлөлүүдийн холбоо ТББ-д Гулзат орон нутгийн хамгаалалтай газрын менежментийг хариуцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Увс аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/162 тоот захирамж тодорхой хууль журамд үндэслэн гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

    Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд анх нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” ТББ нь Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн А/162 дугаартай захирамж болон “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн гэрээг тус  тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагч,гуравдагч этгээд нарын өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Г.С” ТББ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “ манай ТББ нь гулзат орон нутгийн хамгаалалттай бүс нутагт 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх менежмент төлөвлөгөөтэй ажиллаж байгаа,мөн удаа дараагийн шүүхийн шийдвэр гарсаар байтал аймгийн Засаг дарга тус бүс нутгийн менежментийг “Г.Н.Х” ТББ-д хариуцуулж манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч дэмжиж оролцов.

        Хариуцагч, түүний өмөөлөгчийн зүгээс “Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4,5-д зааснаар “Г.Н.Х ТББ-тай 2018 онд байгуулсан бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацаа 2019 онд дууссан тул А/162 тоот захирамжаар дээрх гэрээг дахин 10 жилийн хугацаатайгаар байгуулсан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдийн  хувьд гэрээний дагуу агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан сайн ажиллаж байгаа талаар тайлбар гаргасан ба түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ нь менежментийн гэрээг хариуцах үндэслэлтэй талаар байр суурь илэрхийлж оролцов.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 сарын 21-ний өдрийн 36 дугаартай тогтоолоор Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумдын 126772 га /267,72 км 2 / газрыг нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн болон спорт аялал жуулчлал, агнуурын менежмент хөгжүүлэх нөөц нутгаар “Гулзат” нэрээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэжээ.

 “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын ан агнуурын менежментийн төлөвлөгөөг “Г.С” ТББ-ын захиалгаар “Эко үйлчилгээ” агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага боловсруулсан байх бөгөөд уг төлөвлөгөөг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн А/134 дугаартай тогтоолоор баталсан байна.

            Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн А/162 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а,29.2, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1,22 дугаар зүйлийн 22.4,22.5, Засгийн газрын 2013 оны 03 сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ховор амьтан агнах,барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2.4 дэх заалтыг үндэслэн  Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” төрийн бус байгууллагад 10 жилийн хугацаатай хариуцуулж шийдвэрлэсэн байна.

            Увс аймгийн Засаг даргын 2019 оын А/162 дугаартай дээрх захирамжийг үндэслэн “Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ”-г Увс аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газрын дарга, Бөхмөрөн сумын Засаг дарга,Сагил сумын Засаг дарга,”Гулзат нөхөрлөлүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал нар байгуулж,Увс аймгийн Засаг дарга баталжээ.

Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “ Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах,ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно” гэж,22.5-д “ энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар,цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно” гэж тус тус зохицуулсан байна.

Мөн Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмыг баталсан байх бөгөөд Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 2.4-д “Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч гэж тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга,аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор тодорхойлжээ.

Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамжаар “Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийг “Г.С” төрийн бус байгууллагад 10 жилийн хугацаатайгаар хариуцуулж шийдвэрлэсэн байх бөгөөд 2015 оны 03 сарын 23-ны өдөр “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулан баталжээ.

 “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газар нутгийн агнуурын бүс нутгийн менежментийг Увс аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллагад хариуцуулж шийдвэрлэдэг  байх ба уг бүс нутгийг Г.Н.Х НҮТББ-д хариуцуулан шийдвэрлэсэнтэй холбоотой маргааныг шүүхээс өмнө нь шийдвэрлэж байсан байна.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 52 дугаартай шийдвэрээр Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежментийг “Г.Н.Х” ТББ-д 1 жилийн хугацаатай хариуцуулах тухай болон “Г.С” ТББ-д уг бүс нутгийг хариуцуулсан шийдвэрийг хүчингүй болгосон Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн Б/167, А/169 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийдвэрээр Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн агнуурын менежментийг “Г.Н.Х” ТББ-д 1 жилийн хугацаатай хариуцуулах тухай болон “Г.С” ТББ-д уг бүс нутгийг хариуцуулсан шийдвэрийг хүчингүй болгож,хамтын ажиллагааны гэрээг илт хууль бусад тооцох тухай Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/277,А/278 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “Г.С” ТББ нь “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамж болон 2015 оны 03 сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэгч хуулийн этгээд мөн байна.

            Гэтэл хариуцагч “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Г.Н.Х” НҮТББ-д давхардуулж хариуцуулахаар шийдвэрлэсэн  нь нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

           Мөн  хариуцагч Увс аймгийн Засаг даргын зүгээс шийдвэр гаргахдаа захиргааны актын үйлчлэл нөлөөлөх субьект болох “Г.С” ТББ-г шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, нөхцөл байдлыг тогтоох,сонсох зэрэг ажиллагааг явуулаагүй,өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг болон тус хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийдвэрээр агнуурын менежментийг “Г.Н.Х” ТББ-д 1 жилийн хугацаатай хариуцуулах тухай Увс аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн “Г.Н.Х” ТББ-тай 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ 2019 онд дууссан тул гэрээг дахин 10 жилийн хугацаатай байгуулсан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн А/162 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Г.С” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн А/162 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзсан татгалзыг баталсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн 2 дахь хэсэгт гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г.С” төрийн бус байгууллагад олгосугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.