Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    “К... э... к...” ХХК-ийн

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц

Нэхэмжлэгч: “К... э... к...” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0978/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “К... э... к...” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “К... э... к...” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан нөхцөлийг хангаагүй гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг “хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж ойлгохоор байна. “К... э... к...” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасанчлан БНХАУ-ын иргэн Ж.. М.. Ё..-ы дангаараа буюу 100 хувийн шууд хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.

 

3.2. Тус компани нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан сонгон шалгаруулалтаар Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Баатарын нуруу нэртэй газар 990.94 гектар талбайд нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ХV-021339 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Уг компани ашигт малмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ХV-021339 дугаартай тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар эзэмшсэн тул хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй болно. 

 

3.3. Манай компани ХV-021339 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших болсон цаг үетэй зэрэгцэн БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй ковид-19 цар тахлын хатуу хөл хорио, хязгаарлалтыг дэлхийн дийлэнх улс, түүний дотор манай улс авч хэрэгжүүлсэн. БНХАУ-ын Засгийн газраас 2020 оны 1 дүгээр сарын 23-нд Ухань хотод гарсан халдварын тархацаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварт өвчний бүсийг хаах, тусгаарлах арга хэмжээг зарласан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны 1 дүгээр сарын 30-нд Хятадаас гадна гурван улс орон нутагт халдвар дамжсаныг баталж, тухайн өдөр “олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онц байдал” гэж анх зарласан бөгөөд мөн оны 03 дугаар сарын 11-ний өдөр уг өвчнийг “дэлхийн тахал” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. 

 

3.4. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоол батлагдсан. Үүнтэй холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай иргэний агаар, төмөр зам болон авто тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байдаг. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч улсын иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосугай” гэжээ.

 

3.5. Уг тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тогтоолоор хүчингүй болгосноор боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хилээр нэвтрэх эрх нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын иргэд шаардлагатай тохиолдолд гуравдагч улсаар дамжин Монгол Улс хилээр нэвтрэх эрхтэй болсон хэдий боловч буцах нөхцөл боломж байхгүйн улмаас бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй хэвээр байгаа болно.

 

3.6. Иймээс “К... э... к...” ХХК нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн тул Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт болон холбогдох нотлох баримтуудыг хүргүүлсэн. Танхимын дэргэдэх асуудал хариуцсан зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/386 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ” олгогдсон. Уг гэрчилгээ нь манай компанийг 2019-2021 оны хооронд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн болохыг нотлох баримтаар тогтоож олгосон эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг юм.

 

3.7. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас “К... э... к...” ХХК үйл ажиллагаа явуулж чадаагүй болохыг гэрчилсэн. Гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 21 дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн боловч Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын зүгээс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаартай шийдвэрээ гаргахдаа уг нотлох баримтыг харгалзан үзээгүй болох нь илт харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх бодит нөхцөлд байдалд нийцсэн шийдвэр гаргаагүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитоор дүгнэж үнэлээгүй гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0106 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгчийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 294 дүгээр шийдвэрээр Ховд аймгийн Дарви сумын нутагт “Баатарын нуруу” нэртэй 990.94 га талбай бүхий ХV-021339 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар авсан ба тус зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтээ 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан, энэхүү үйл баримттай талууд маргаагүй.

 

3.2. Харин нэхэмжлэгч “К... э... к...” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байх бөгөөд тус шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан нөхцөлийг хангаагүй, түүнчлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай болон хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн баримтыг ирүүлээгүй” гэх үндэслэлээр ХV-021339 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан байна.

 

3.3.  Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заажээ.

 

3.4. Нэхэмжлэгчээс дээрх хуульд заасан шаардлагын дагуу хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс болон 2019-2022 онуудын тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримтуудыг бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 04 дугаартай албан бичгээр “...тус компанийн ерөнхий захирал Ж.. М.. Ё.. /J.. M../ нь аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, хавсралтууд, тамга зэргийг авч явсан” зэрэг бодит нөхцөл байдлыг дурдаад, 6 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст хандаж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргасан байна. 

 

3.5. Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч улсын иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоох”-оор шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус давагдашгүй хүчин зүйлийн улмаас хуульд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан зэргийг гүйцэтгэх боломжгүй байсан талаар дээрх хүсэлтдээ илэрхийлсэн байгаа энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасантай нийцээгүй байна.

 

3.6. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-аас Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг, Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.13 дахь заалт, мөн танхимын “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2.1-д заасныг тус тус үндэслэн дээрх нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь “К... э... к...” ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 02/386 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ” олгосон байхад шүүхээс тус байдлын үнэн зөвийг дахин магадлах шаардлагагүй гэж үзнэ.

 

3.7. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам”-ын 1.2.1-д “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл “Force majeure” гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно” гэж, 1.2.1.4-т “бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт гэх мэт”-ийг ойлгоно гэж заасан байна.

 

3.8. Үүнээс үзэхэд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон нь нийтэд илэрхий нөхцөл байдал тул нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал Ж.. М.. Ё.. /J.. M../ нь байгууллагын тамгыг БНХАУ руу зорчихдоо авч явсны улмаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар болон бодит нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзлээ.

 

3.9. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д тусгай зөвшөөрлийн 2-3 дахь жилд 0,5 америк доллар хэмжээнээс багагүй хэмжээний зардлыг гектар тутамд гаргасан ажлыг хийж гүйцэтгэнэ гэж зааснаар тооцож үзэхэд ойролцоогоор /990.9*0,5 америк доллар=495.45*3500 төгрөг/ 1,734,250 төгрөг болж байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар их хэмжээний зардал орох байсан гэх тайлбарыг хүлээн авах, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх үндэслэл нотлогдохгүй байна” гэж шууд дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

3.10. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллагын дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдээр Ж.. М.. Ё.. /J.. M../ бүртгэлтэй болохыг Голомт банкнаас тодорхойлсон албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрлийн эрхийг авснаас хойш тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ж.. М.. Ё.. /J.. M../ Монгол Улсад ирээгүй, хэдийгээр байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Д.Батхуягийг бүртгүүлсэн боловч тухайн байгууллагын үйл ажиллагаа буюу хайгуулын ажлыг удирдан зохион байгуулах эрхийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч хэрэгжүүлдэг тул ерөнхий захирал Ж.. М.. Ё.. /J.. M../ Монгол Улсад ирснээр дээрх үйл ажиллагааг гүйцэтгэх боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хайгуулын ажилд зарцуулсан үйл ажиллагааны зардал нь хуулиар тогтоосон хэмжээгээр хязгаарлагдахгүйгээр мөнгөн хөрөнгө шаардлагатай байхад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хуульд заасан зарим шаардлагыг хангах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

 

3.11. Түүнчлэн “К... э... к...” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс болон 2019-2022 оны тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт зэрэг нэхэмжлэгчийн зүгээс бүрдүүлэх боломжит бүхий л шаардлагуудыг хангаж, харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, хорио цээрийн үед үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангах боломжгүйгээ нотолсон “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ”-г хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

 

3.12. Мөн хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах хүсэлтийг бүртгэж байсан” талаар тайлбарладаг атлаа энэхүү үндэслэлд нэхэмжлэгч компанийг хамааруулаагүй нь ойлгомжгүй байна.

 

3.13. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улс хилээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосноор хайгуулын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон хэдий ч нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлж байсан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд өнөөдрийн байдлаар байгаль орчны төлөвлөгөөгөө батлуулах боломжтой болсон, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуульд заасан шаардлагыг хангах нөхцөл байдлууд бүрдсэн гэж тайлбарлаж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан бүхий үйл баримтаас үзвэл хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцүүлэн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй боловч маргаан бүхий 324 дугаартай шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хуульд заасан шаардлагын зарим хэсгийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К... э... к...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА