Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/378

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Т.Баянмөнх,

Шүүгдэгч Б.Ч-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-н Ч-д холбогдох эрүүгийн 2105005960725 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны ... тоотод оршин суудаг /РД: / урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Б.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Ч-нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод байдаг гэрт нь хэрүүл маргааны улмаас хохирогч Б.Х-г зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун нүдний гадна буланд, зүүн хацарт зулгаралт, баруун сарвуу, хоёр бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч-нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод байдаг гэрт нь хэрүүл маргааны улмаас хохирогч Б.Х-г зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун нүдний гадна буланд, зүүн хацарт зулгаралт, баруун сарвуу, хоёр бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод найз Б.Ч-болон охин Э-хоёрын хамт байсан. Тухайн өдөр манай гэрт манай найз  Б.Ч-17 цагийн үед ирсэн тэгээд бид хоёр тухайн өдөр манайд хоол идээд юм яриад сууж байсан тэгээд сэнгүр 2.5 литртэй пиво хоёр ширхгийг цуг хувааж уусан тэгээд бид хоёр тухайн үед юм ярьж сууж байсан. Тэгтэл Б.Ч-намайг хэл амаар доромжилж эхэлсэн тэгээд бид хоёрын дунд маргаан гарсан. Би Б.Ч-г одоо чи явсан дээр гэж хэлсэн чинь надтай зөрүүлээд хэрэлдээд байсан тэгэхээр нь би зайл гэж хэлсэн. Гэтэл миний үснээс зулгаагаад нүүрэн тус газарт олон удаа зохиж миний хүзүүг боосон. Намайг зодож байгаад гэнэт больсон. Намайг гарч явах үедээ мөн адил гичий, янхан, муу пизда зэргээр хараасан тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Гэрч Н.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.Х- манай бүжгийн фитнесс клубд хичээллэдэг 2021 оны сарын эхэн үеэс эхэлж миний удирдлага дор спорт бүжгийн чиглэлээр хичээллэж байгаа би хувийн багш дасгалжуулагч нь 2021 оны 03 сарын 10-ны өдөр 16 цагт бэлтгэлдээ ирэхэд нь нүүр болон бусад хэсэгт харагдах шарх, сорив байхгүй байсан. ...Хэнд зодуулсан гэдгээ хэлээгүй ямартай ч хүнд ингээд зодуулчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 25 тал/,

 

Гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баянгол дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “У” хүнсний дэлгүүрийг 2020 оны 05 сараас эхлэн ажиллуулж худалдагч хийж байгаа. Б.Х-нь манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч 2021 оны 03 сарын 11-ний өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлээгүй. 2021 оны 03 сарын 08, 09-ний өдрүүдэд манай дэлгүүрээр үйлчлүүлэхэд нүүр болон биед ил харагдах шарх сорив байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2257 дугаартай “...Б.Х-н биед тархид доргилт, хуйханд зөөлөн эдийн бяцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун нүдний гадна буланд зүүн хацарт зулгаралт, баруун сарвуу хоёр бугалганд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дээр гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 71, 70 тал/,

 

Шүүгдэгч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод найз Б.Х-н хамт байсан. Тухайн өдрийн 18 цагийн үед бид хоёр нэг литр эдэн, 2.5 литртэй сэнгүр нэг ширхгийг тус тус хувааж уусан. Тэгээд Б.Х-бид хоёр согтоод нэг нэгэндээ үг хаяад агсраад эхэлсэн. Миний нүүрэн хэсэг рүү нэг удаа гараараа алгадаад намайг гэрээсээ хөөгөөд байсан бөгөөд би үсдэлцсэн хэсэг хугацаанд ноцолдсон тэгээд удалгүй гараад би гэртээ харьсан. Ийм л зүйл болсон өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон....” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-н хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 57-58 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаарх лавлагаа /хх-ийн 59 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/, гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү Ч- нь дуу цөөтэй даруухан зан чанартай ямар нэгэн сөрөг зан аашгүй, хамт олон ч бусадтай их нийтэч, гэрийн болон багийн суурь хүмүүжил сайтай, ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ч-гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 22 дах талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.Ч-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Х-н мэдүүлэг, гэрч Н.Х-н мэдүүлэг, гэрч Ч.Н-н мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2257 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Ч-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Х-н биед тархид доргилт, хуйханд зөөлөн эдийн бяцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун нүдний гадна буланд зүүн хацарт зулгаралт, баруун сарвуу хоёр бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2257 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Б.Ч-нь хохирогч Б.Х-г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Ч-, хохирогч Б.Х-нар уг өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэж, маргалдсаны улмаас энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ч-г 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-77 тоотод хохирогч Б.Х-н биед тархид доргилт, хуйханд зөөлөн эдийн бяцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун нүдний гадна буланд зүүн хацарт зулгаралт, баруун сарвуу хоёр бугалганд цус хурал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Ч-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2257 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтас хэргийн 71 дэх талд “...Хохирлоо авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж, шүүгдэгч Б.Ч-нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол хор уршигт тооцож 500.000 төгрөг нөхөн төлсөн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Ч-гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч-нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Ч-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 71 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 72-73 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Ч-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Ч-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.Ч-нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Ч-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-н овогт Б-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ч-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Ч-нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Х-гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА