Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/384

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Г.З-, Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Г.З-, Г овогт Б.Э-  нарт холбогдох эрүүгийн 2105005690463 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн Жинст суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ...-нд туслах ажилтан хийдэг, ам бүл ..., нарын хамт ... аймгийн ... сум ___ дугаар баг ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суудаг, /РД: /, улсаас гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Г.З-

 

2. Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймгийн ...суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ...-д камер хянагчаар ажилладаг, ам бүл ...  хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... бүрд ... гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо ... тоотыг түрээслэн оршин суух /РД: /, улсаас гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт Б.Э- .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.З-, Б.Э-  нар нь бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миа” нэртэй пабын орчим Б.Ц-г араас хүзүүг боож, нүүрэн тус газарт гараар цохиж биед зүүн зовхи, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү хүзүүнд цус хуралт, баруун шуу баруун сарвууны дунд хуруунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.З-, Б.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миа” пабын гадна талын хяналтын камерын нэгдүгээр бичлэг буюу нэгдүгээр DVD 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 37 минутад 00.00 секундэд дүрс билэг эхэлж байх бөгөөд нийт 00.42 сэкундын бичлэг байв. Дүрс бичлэгийг эхлүүлж үзэхэд 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 37 минут 00.00 секундэд дүрс бичлэг эхэлж байх бөгөөд 00.42 секунд бичлэг байв. Дүрс бичлэгийг эхлүүлж үзэхэд 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 37 минут 00.00 секундэд МИА пабнаас Ц.Х хар өнгийн хар өнгийн ноосон цамцтай, дотуураа цагаан өнгийн малгайтай цамцтай бараан цэнхэр өмдтэй, нүдний шилтэй хамгийн түрүүнд гарч ирэв. Араас нь хөр өнгийн масктай, хар өнгийн өмд, хар өнгийн куртиктай хар өнгийн өмдтэй Б.Э-  гарч ирэв. Араас нь хар өнгийн макстай, бараан өнгийн ногоон куртиктай, хар өнгийн өмдтэй, хөр өнгийн цүнх үүрсэн Г.З- гарч ирэв. Урдуур явган хүний зам дээр шар хүрэн өнгийн куртиктэй, цайвар саарал, өнгийн өмдтэй, зүүн гартаа цагаан өнгийн тортой зүйл барьсан, Б.Ц-, баруун талд нь хар өнгийн куртиктай, дотуураа цагаан өнгийн цамцтай, Б.Ц-гийн найз эмэгтэй Г.Т-г нар явж байв. ...Э-, Ц-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, Э- Ц-г чирсээр байшингийн араар оров. Т-г, Х- нар босоод араас нь байшингийн араар оров. Ц- куртикаа тайлсан байдалтай гарч ирэв. Өмнөөс нь З-явж байв. Ц-, Т-гийг аваад цаашаа явж холдуулахад, үл таних эмэгтэй хүн Т-гт нэг юм гарт өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 5-8 тал/,

 

Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тачи төвийн урд алхаад явж байсан чинь замын хойд талд МИА пабын шатан дээр 3 үл таних залуу согтуу зогсож байсан нэг гурван залуугийн нэг болох нэг бүдүүн том биетэй залуу “хөөе пизда минь” гэж манай найз охин бид хоёрыг дуудахаар нь би харсан чинь “тоглосон юм аа пизда минь” гэсэн. Би тэр гуравт хандаж “чи юу гээд хүн хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэсэн чинь гурвуулаа шатнаас бууж ирээд над дээр ирээд чи юу гэнээ гээд хүрээд ирсэн. ...Миний араас Э- гэх залуу нь гараараа татсан, харин хамт байсан З-нь миний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, үснээс зулгаагаад газар унагаасан. ...Надад учруулсан бэртлийг З-гэх залуу нүүр рүү 2 удаа цохиж учруулсан. ...Би гомдолтой байна. 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Гэрч Г.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тачи төвийн урд алхаад явж байсан. Шатан дээр зогсож байх үл таних согтуу, 3 залуу “хөөе 2 пизда минь” гэж дуудахаар нь манай найз залуу тэр 3 луу харсан чинь “тоглосон юмаа пизда минь” гэсэн. Манай залуу тэр гуравт хандан “чи юу гээд хэл амаар доромжлоод байгаа юм” гэсэн чинь 3 уулаа шатнаас бууж ирээд найз залуу Б.Ц-г зодох гэж дайраад байхаар нь манай залуу зугтаасан. ...170 см орчим өндөр туранхай жижиг биетэй 2 үүргэвчтэй цүнх үүрсэн залуу боож, 175 см орчим өндөр аялгатай ярьдаг хар өнгийн куртика, өмссөн залуу гараараа нүүр хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

Гэрч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIA нэртэй пабад 2 дүү Д, дүү Э-, З-нарын хамт орсон. ...Би 2 дүүгээ 2 бацаанаа гэж дуудаад яриаг нь зогсоох гэсэн чинт бид нарын урдуур явсан 3 залуугийн нэг нь юу гэнээ пизда минь гэж хэлсэн тэгэхээр нь би хөөё чи юу гэсэн бэ гэсэн чинь тэр залуу зүгээр байгаарай пизда минь гэхээр нь би тэр залууг чи муу юу гэнээ гээд очсон чинь тэр залуу үгийн зөрүүгүй миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Би газар хойшоо толгойгоороо саваад ухаан алдаад унасан. Би нэг сэрсэн чинь дээшээ хараад унасан байсан. Босож ирээд хөөё чи яаж байна гээд араас нь очоод барьж авах гэсэн чинь тэр залуу надаас бултаад миний нүүр хэсэг рүү цохиод нэг өшиглөөд намайг унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1830 дугаартай “...Б.Ц-гийн биед зүүн зовхи, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун шуу, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх

дүгнэлт /хх-ийн 34-35 тал/

 

Шинжээч эмч Х.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...миний гаргасан 1830 дугаар дүгнэлт үнэн. Үзүүлэгч Б.Ц-д учирсан гэмтлүүдээс Б.Ц-гийн биед учирсан. Зүүн зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн уг гэмтэл зөөлөн эдийн няцралттай хамт хамаарна. Бусад гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар хамаарахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1936 дугаартай “...Б.Э- ын биед баруун шуунд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”

гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,

 

            Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 74 тал/,

 

            Бэлэн мөнгө авсан тэмдэглэл /хх-ийн 98 тал/,

 

Шүүгдэгч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIA нэртэй пабад ах Д, танил Э-, Х- ах нарын хамт орсон. ...Би тэр Ц-гийн нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. ...Ц-гийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Э- ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн:”...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIA нэртэй пабад ах Д, танил найз Г.З-, Х- ах нарын хамт орсон. ...Ц-гийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг би мэдэхгүй байна. Би Ц-г цохиж зодсон зүйл байхгүй. Харин Ц-, Х- ахыг зодоод байхаар нь би араас нь салгах гэж татсан өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг барагдуулсан. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60 тал/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 61, 124 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 125-129 тал/,

Шүүгдэгч Б.Э- ын мөрдөн шалгах ажиллагаанд авсан хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 55, 122 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 56 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.          

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 21-23 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.                                                                           

 

Шүүхийн дүгнэлт:

 

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.З-, Б.Э- , хохирогч Б.Ц- нь үл ялих зүйлээс шалтгаалан маргалдан зодолдсон, улмаар хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд зүүн зовхи, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун шуу, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 

Энэ нь “...Ц-гийн биед зүүн зовхи, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун шуу, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн  1830 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, мөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй өгсөн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.   

 

            Иймд хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч нарын гэмт үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой бөгөөд шүүгдэгч Г.З-, Б.Э-  нар үйлдлээрээ санаатай нэгдэж, нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул прокуророос тэдгээрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарын хэн хэн нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа учир тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З-, Б.Э-  нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй” гэж мэдүүлж оролцсон болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Тэрээр хавтас хэргийн 74 дэх талд 248.318 төгрөгийн баримтыг гарган өгсөн байна.

 

Хавтас хэргийн 98 дэх талд хохирогч Б.Ц- “миний бие өөрийн эрүүл мэндийн хохиролд тооцож 1.000.000 төгрөгийг бэлэн хүлээж авсан тул надад гомдол санал байхгүй” гэжээ.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.З-, Б.Э-  нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт хуулинд заасны дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-д нийцнэ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлж үзэх нөхцөл тогтоогдсон болно.

 

Иймд шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Г.З-, Б.Э-  нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт диск, хэрэгт хавсаргасан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Г.З-, Г овогт Б.Э-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарт тус бүр 600 /зургаа зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарт сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт диск, хэрэгт хавсаргасан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.З-, Б.Э-  нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц-д хохирол хор уршигт тооцож 1.000.000 /нэг сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З-, Б.Э-  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА