Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***-д холбогдох эрүүгийн 2105000000146 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эхнэр хүүхдийн хамт ... аймгийн ... дугаар баг Хушаат хөдөө гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суудаг /РД: /, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод ***-г эхнэр ***-тэй хардсаны улмаас түүний толгой, нүүрэн тус газарт гараар цохиж, биед дагзны хуйхны шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, ооч баруун тохойн зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод хохирогч ***-г цохиж толгой, нүүрэн тус газарт гараар цохиж, биед дагзны хуйхны шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, ооч баруун тохойн зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хохирогч ***-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны ... дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод байх хуурай ах П-д очоод ... хэмжээ бүхий ... шил ... нэртэй архи П-, И-, С- бид дөрөв хувааж уусан. Ууж байсан чинь Н- гаднаас орж ирээд эхнэр болох С-т хандаж гэртээ харъя гэсэн чинь түүний эхнэр чи явж бай би энэ архиа ууж дуусаад араас чинь яваад очно гэж хэлсэн чинь нөхөр нь хүлээгээд зогсож байсан. Тэгээд байж байсан чинь Н- эхнэртэйгээ хардаад сандал барьж аваад сандлаар толгой хэсэг рүү гараараа нүүр хэсэг рүү цохисон. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Энэ гэмтлийг Н- миний биед учруулсан. Энэ хүнээс 100.000 төгрөг авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  манай байрны хажуу талын *** дугаар байрны жижүүрийн өрөөнд манай нөхөр Н-, *** нар архи уусан. Харин Б- намайг оролдоод нөхрөөсөө салчих, надтай суучих гээд намайг хоргоогоод байхаар нь би гарах гэсэн чинь миний хувцаснаас татаад байсан. Миний нөхөр Н- уурлаад Б-ын нүүр хэсэг рүү нь цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 899 дугаартай “...***-ын биед дагзны хуйхны шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, ооч, баруун тохойн зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/,

Эрэн сурвалжлалт зарлах /хх-ийн 51-55 тал/,

Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 61, 64, 68-69, 78 тал/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай захирамж /хх-ийн 81-82 тал/

Шүүгдэгч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд ялагдагчаар мэдүүлсэн: “...2021 оны 1 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны ***тоотод жижүүр И-ын гэрт орсон. ...Ууж байсан чинь С- миний араас орж ирээд бид тав нэг шил архиа хувааж уусан. ...би гэртээ ороод байж байсан чинь эхнэр С- ирэхгүй удаад байхаар нь би 2021 оны 1 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн үед буцаад Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоотод очсон чинь Б- манай эхнэр С-ийн хажууд сууж байсан миний хар хөдлөөд Б- дээр очоод түүний нүүр зүүн шанаа хэсэг рүү нь цохих үед Б- дагз хэсгээрээ пар мөргөөд унасан. ...Манай гэрт болон надад монетон бөгж байгаагүй юмаа. Б- намайг цагдаад өгөхөөр нь эхнэр бид хоёр зөрүүлээд цагдаад өгье гэж бодоод монетон бөгж Б- авсан гэж худлаа хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг Б-ад би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

Мөн шүүгдэгч Д.Н-гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 39-49 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 60 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                              

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Н-гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 9-10, 12-13 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Д.Ц-нь хохирогч Л.Б-ыг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Л.Б-ын биед “дагзны хуйхны шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дух, ооч, баруун тохойн зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хэргийн 17-18 дахь талд авагдсан шинжээч эмчийн 899 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь нотлогдсон байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 899 дүгээр дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч Д.Ц-нь хохирогч Л.Б-ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Д.Н-гийн 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ...тоотод ***-ыг эхнэр ***-тэй хардсаны улмаас түүний толгой, нүүрэн тус газарт гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 899 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Л.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 100.000 төгрөг авмаар байна гэж мэдүүлсэн байх боловч хохирогчоос нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Н-гээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Ц-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг, улсын яллагчийн саналыг тус тус харгалзаж, шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ц-нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу түүний цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 176 цагийг эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 124 цагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Д.Н-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-гийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 176 /нэг зуун далан зургаа/-н цагийн ялыг хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 124 /нэг зуун хорин дөрөв/-н цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н-д мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Ц-нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА