Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.Ө-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

яллагдагч Б.Ө-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, 

хохирогч Б.Ж-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 447 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар прокурорын эсэргүүцлээр Б.Ө-т холбогдох 1711007080083 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Ө, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хх дүүргийн хх дугаар хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Б.Ө- нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ж-д “Хан-Уул дүүргийн нутаг, Нүхтэд 1 га газар авч өгнө” гэж хуурч Хан-Уул дүүргийн нутаг, Нүхтэд байрлах газар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар Б.Ж-гаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкнаас 80,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Ө-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хавтаст хэргийн материалыг хянаж үзэж Б.Ө-т холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

1. Шинжилгээ хийлгэх хугацаа нь Шинжилгээний тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй, шинжээчийн дүгнэлтийг баталгаажуулаагүй, яллагдагчийн эрхийг бүрэн танилцуулаагүй гэх өмгөөлөгчийн хүсэлтийг шалгаж зөвтгөх,

2. Б.Ө- нь 80,000,000 төгрөгийг О.Э- гэдэг хүний дансаар шилжүүлж авсан. Иймд О.Э- нь энэ хэрэгт хамжигч, хатгагчаар оролцсон эсэхийг дахин шалгах,

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ганболд гэгч нь дээрх 80,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг өөртөө авсан. Ганболд нь ямар санаа зорилгоор 35,000,000 төгрөг авсныг нягталж шалгах шаардлагатай байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  гэмт хэрэгт холбогдсон Б.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, Б.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн 447 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна”, 9.3 “Энэ хуулийн 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.

Учир нь мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Бүүвэйбаатар нь Б.Ө-ийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000400692 дугаартай Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Хөшөөт цагаан хөтөл нөхөрлөл 2а гудамжны 14 тоот 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхтэй байх бөгөөд хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний зуучлалын компаниар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Уг шинжилгээ хийлгэх тогтоолыг үйлдэн Б.Ө-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулсан, мөн хөрөнгийн үнэлгээ хийсэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний зуучлалын компанийн үнэлгээчид шинжилгээ хийлгэх тогтоолыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан “Шинжээчийн эрх, үүрэг”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэсэн хариуцлагын талаар танилцуулан үнэлгээчидээр гарын үсэг зуруулсан.

Үнэлгээчид шинжилгээ хийлгэх тогтоолыг хүлээн авч үнэлгээг зах зээлийн мэдээллийг судлан үзэж үнэлгээний тайлан гаргаж, тайланд үнэлгээ хийсэн үнэлгээчид гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан. Иймд шинжээчийн дүгнэлтийг хуулийн шаардлага хангаагүй, шинжээчийн дүгнэлтийг баталгаажуулаагүй, яллагдагчийн эрхийг бүрэн танилцуулаагүй гэх өмгөөлөгчийн хүсэлтийг шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

2. Б.Ө- нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэхдээ “...Тэгээд манай ээжийн дүү болох Энхтуяа эгчийн данс руу хийлгэж авсан. Тэгээд тэр мөнгөнөөс 45,000,000 төгрөгийг газар авах хүндээ Энхтуяа эгчээр дамжуулж өгүүлсэн. 35,000,000 төгрөгийг би өөрийнхөө данс руу хийлгүүлсэн” гэж,

Гэрч О.Э- “...2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр манай дүү Б.Ө- эгч та дансаа өгчих таны дансанд хүнээс мөнгө хийлгүүлээд авмаар байна. Тэгээд тэр өдрөө билүү маргааш нь банкин дээр очиход миний дансанд 80,000,000 төгрөг орсон байсан. Би гайхаад Өрнөндэлгэрээс энэ юун их мөнгө вэ гэж асуухад манай хадмын мөнгө байгаа юм гэж хэлэхээр нь би Өрнөндэлгэрийг загнаж байгаад л явсан. Тэр 80,000,000 төгрөгийг Өрнөндэлгэр надад данс өгөөд би 10,000,000 төгрөгийн нэг гүйлгээ, 70,000,000 төгрөгийн нэг гүйлгээ хийж өгчихөөд явсан. Тэгэхэд би Өрнөндэлгэртэй цуг явж байсан. Ганболд гэж хүнийг танихгүй, газар авч өгөх битгий хэл надад газар ч байхгүй..” гэж тус тус мэдүүлсэн.

Уг мэдүүлгийг шалгаж гэрч О.Э-, Б.Ө- нарын арилжааны банкны дансны мэдээллийг авахад гэрч О.Э-гийн Хаан банкны 5022561920 дугаартай дансанд 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөг хохирогч Б.Ж-гаас шилжин орсон байдаг. Уг 80,000,000 төгрөг нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 5725037124, 5033420216 дугаартай яллагдагч Б.Ө-ийн данс руу 10,000,000, 70,000,000 төгрөгөөр шилжсэн болох нь Хаан банкны лавлагаагаар тогтоогдсон ба яллагдагч Б.Ө- уг 80,000,000 төгрөгөөс газар авахаар бусдад шилжүүлээгүй, өөрийн хэрэгцээнд зарцуулсан байдаг.

Хэрэгт авагдсан баримтыг дүгнэхэд О.Э- өөрийн дансанд орсон 80,000,000 төгрөгөөс ямар ч мөнгө аваагүй, газар авч өгнө гэж О.Э- нь Б.Ж-тай уулзаж байгаагүй байна, мөн газар авч өгнө гэж Б.Ө-тай хамтран хохирогч Б.Ж-г хуурч, залилсан болох нь тогтоогдоогүй.

3. Хохирогч Б.Ж- ...Б.Ө- О.Э- эгчийн нөхөр газрын албанд ажилладаг... гэж мэдүүлсэн ба яллагдагч Б.Ө- ...О.Э- эгчийн нөхөр Ганболд гэж хүн байдаг... гэж мэдүүлдэг.

Гэвч О.Э- нь “...Манай нөхөр Төв аймгийн Аргалант сумын хүн байгаа юм. 10 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролтой ямар нэгэн мэргэжил байхгүй. Улсад ажил хийж үзээгүй ба манайх Улаанбаатар хотод орж ирэхээсээ өмнө хэдэн малтай байсан Улаанбаатар хотод орж ирээд Аргалант суманд байх мал руугаа ирж очин байдаг байсан. Манай нөхөр жаахан архи уугаад байдаг учраас тэр шалтгааны улмаас салсан юм. Би Лхагвадоржоос өөр хүнтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулж хамтран амьдарч байгаагүй. Харин би Хүрэлбаатарын Ган-Отгон гэж хүнтэй 2016 оноос хамтран амьдарч байсан ба манай хамтран амьдрагч 2017 оны 11 дүгээр сард элэгний хорт хавдрын улмаас нас барчихсан юм. Надтай анх суухдаа л элэгний хорт хавдар өвчтэй байсан. Х.Ган-Отгон нь Дархан аймагт коллеж төгссөн гэдэг ба надтай танилцахдаа яармаг худалдааны төвд аж ахуйн даргын ажил эрхэлдэг байсан юм...” гэж Ганболд гэж хүн огт байгаагүй талаар мэдүүлдэг. Б.Ө- нь О.Э- болон Ганболд гэх хүмүүст мөнгө өгч байсан болох тогтоогдоогүй.

Яллагдагч Б.Ө- 80,000,000 төгрөгийг өөртөө зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад Ганболд гэж хүн 35,000,000 төгрөгийг өөртөө авсан ямар санаа зорилгоор авсныг тогтоох гэж хэрэгт авагдсан яг ямар баримтыг үндэслэн шалгуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Б.Ө-т холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 447 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Б.Ө-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогч Б.Ж-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Ө-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан:

шинжээчийн дүгнэлт баталгаажаагүй, яллагдагчийн эрхийг танилцуулаагүй /хх-ийн 39, 24 тал/,

 О.Э-г энэ хэрэгт хамжигч , хатгагчаар оролцсон эсэхийг дахин шалгах /хх-ийн 49, 54, 79, 82 тал/,

Ганболд ямар санаа, зорилгоор 35,000,000 төгрөгийг авсныг нягталж шалгах /хх-ийн 54 тал/ гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон гэх үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгчийн захирамжид прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Б.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 447 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар прокурорын эсэргүүцлийг ханган Б.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ