Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2018/0012/З |
Дугаар | 02 |
Огноо | 2018-12-28 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: В.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАУБХ-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Б-д дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн ** тоот дугаартай ** дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0012/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г, М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие В.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** байрны ар талд 216 м.кв талбайтай гражийн газрыг Д.Б-гийн хамт дуудлага худалдаанд оролцож эзэмших эрхийг авч, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** байрны ард талд 216 м.кв газрыг хамтран эзэмших болсон. Уг газарт өөрийн хөрөнгө оруулалтаар граж барьсан боловч иргэн Д.Б нь Улсын бүртгэлийн хэлтэст хандан уг газарт байрлах гражийг өөрийн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсныг мэдэж уг бүртгэл хууль бус болох талаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт хандахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017.08.01-ний өдрийн 4/5992 албан тоотоор хамтран өмчлөгч гэх бүртгэлийг шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэх боломжтой гэсэн хариуг өгсөн. Газрын хамтран эзэмшигч В.Г байхад түүний граж өмчлөх эрх ашгийг хөндөж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 заалт буюу бусдын эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад ОАУБХ нь иргэн Д.Б-д гражийн өмчлөх эрхийг дангаар олгосон эрхийн улсын бүртгэл хийж, гэрчилгээ олгосон байна. Тухайн граж байрлах газрын эзэмшигч хэн болох, газрын хамтран эзэмшигч байгаа эсэх, дангаар өмчлөх эрхтэй эсэхийг нотолсон баримт ирүүлээгүй байхад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.5 заалт, 13 дугаар зүйлийн 13.5.1 заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 заалтыг анхааралгүй газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй иргэн Д.Б-д өмчлөх эрхийн бүртгэлийг хийж, В.Г-ийн гражийн өмчлөгч болохыг бүртгүүлэх боломжгүй болгож хохироосон. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Б-д дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн **тоот дугаартай ** дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний талаар иргэний хэргийн шүүхэд маргаан байх явцад анх мэдсэн. Ингээд нэхэмжлэл гаргасан. Д.Б, Д.Л нар танил талаа ашиглаж хуурамч нотлох баримт бүрдүүлж гэрчилгээ авсан байсан. Энэ талаар Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан. Улсын бүртгэгч энэ алдаагаа засах гэж дахин гэрчилгээ гаргаж өгсөн. Гэтэл мөн л буруу үйлдэл хийсэн байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаад бүртгэл буруу хийсэн гэдэг нь тогтоогдсон. Ерөнхий газар нь шүүхэд хандсан явж байгаа бол шүүхээр шийдвэрлүүл гэж хариу өгсөн. Ийм үйлдэл болсон. Энэ бүртгэлийг улсын бүртгэгч хийхдээ 2 хүн газар эзэмшиж байхад газар эзэмшигч нараас тайлбар авахгүйгээр нэг хүний өмчлөлд бүртгэсэн. Ингээд хүний өмчлөх эрхэд халдсан. Энэ хууль бус байдлаас болж хувь хүн хохирч байна. Граж барих асуудлын хувьд Д.Б бий болгож босгосон гэдэг бол худлаа ярьж байна. Тэр гражийг барих үед блокны машин ажиллуулаад барьж байсан. Давхарлахын тулд тулгуур багана цутгаж байсан. Хэрхэн босгосон талаарх баримтуудаа өгсөн. Архангай аймгаас хүртэл материал авч ирсэн. Хувь хүнээс авч байсан учраас баримт гаргаж өгч чадаагүй. Нөгөө талаар В.Г гэдэг хүн шашны хүн учраас гадуур хөөцөлдөж явах боломжгүй. Энэ байдлыг Д.Б урвуулан ашиглаж хэд хэдэн бүртгэлийг хууль бусаар баримт бүрдүүлэн гэрчилгээ авсан нь нотлогдоод явж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо ном журмын дагуу байсан бол ийм байдал үүсэхгүй байсан. Газар эзэмших эрхтэй байж байтал өмчлөх эд хөрөнгийг нь байхгүй болгож байна. В.Г гэдэг хүн эд хөрөнгө өмчлөх эрхээрээ хохироод байна. Иймд Улсын бүртгэлийн ** дугаартай ** баг ** байрны ард байрлах 8 машины граж бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч В.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга бол 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн бүртгэлийн ажиллагаатай холбоотой. Иргэн В.Г-т газар эзэмших эрх олгосон баримт хавтаст хэргийн 57, 60 дахь талд авагдсан байна. В.Г-ийн хувьд ** баг ** байрны ард байрлах гражийн газрыг дуудлага худалдаанд хамтран амьдрагчийнхаа хамт орж газар эзэмших гэрээг байгуулж байсан нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ газар дээр баригдсан граж бүртгэгдэхдээ Д.Б-гийн хүсэлтээр мэдүүлэг гаргаж дангаараа бүртгүүлсэн. Энэ гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл Д.Б өөртөө дангаар гэрчилгээ авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Улсын бүртгэлийн хэлтэс өөрөө ямар хууль зөрчсөн байдлаа тайлбарласан. В.Г-ийн ямар эрх зөрчигдсөн бэ? гэхээр өмчлөх эрхэд нь халдсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан. Энэ эрх ашигт нь халдах үндэслэл байгаагүй. В.Г тухайн газрыг эзэмших эрхийг олж авсан. Түүний үл хөдлөх хөрөнгөө ашиглах, эзэмших эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Газар дээр өөрийн эд хөрөнгөөр граж барьсан. Гэтэл өөр этгээд өмчлөх эрхийг олж авсан бүртгэл хийгдсэн байдаг. Өөрөө газар эзэмших эрхтэй. Үүний дагуу Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг өгч хандахад Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахдаа бодит байдлыг тогтоогоогүй. Хяналт шалгалт хийх процесс явагдаагүй. Ийнхүү улсын бүртгэгч Д өөрийн алдаатай бүртгэл хийсэн талаараа тайлбар өгсөн. Энэ үйлдэл нотлогдсон. Улсын бүртгэгч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан тогтоох ажиллагаа хийгээгүй. Бүртгэл хийж эрх олгохдоо буюу захиргааны шийдвэр, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн. Хамтран эзэмшигч байхад зөвшөөрөл аваагүй. Амаараа асуугаад тэгэхэд В.Г зөвшөөрөөд гэж хэлж байна. Энэ талаар мэдүүлэгт нотлох баримт байхгүй. Энэ мэдүүлгийг авахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулинд мэдүүлэг авахдаа холбогдох бүрдүүлбэрийг шалгаж авна гэж тодорхой дурьдаж заасан. Энэ процесс ажиллагааг дутуу хийсэн нь дараа дараагийн бүртгэл алдаатай хийгдсэн. Эзэмшигчийн зөвшөөрөл, тайлбар авах энэ этгээдээс хуульд заасан эрхийнх нь талаар мэдүүлэг аваагүй. Тэгэхээр бүртгэх ажиллагаанд авагдсан мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Гэхдээ энэ гэрчилгээг үндэслээд Д.Б дангаар өмчлөх эрх байхгүй. Газар эзэмших эрх хэнд байна үүнийг үндэслэж бүртгэх ёстой байсан. Уг газар дээр баригдсан гражийн эрхийг бүртгүүлэхээр орж ирж байна. Гол үндэслэл нь үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх гэж байгаа асуудал дээр хэн гражийг барьсан гэдэг талаар маргадаг. Энэ хөрөнгийг нэхэмжлэгчийн зүгээс би өөрөө блокны машин авч ирээд нэг бүрчлэн хийж барьсан гэж маргаж, үүнээс үүдэн дундын өмчлөлийн маргаан бий болсон. Иргэний хэргийн шүүх Д.Б-д өмчлөх эрх олгогдсон байна гэж шийдвэр гаргасан. Дээд шүүхийн тогтоолоос харахад газар эзэмших эрхийг Д.Б-д үлдээж, оногдох хэсгийг В.Г-т олгохоор шийдвэр гаргасан учраас эрхэд нь халдсан зүйл байхгүй гэж байна. Энэ бол газар эзэмших эрхэд нь халдсан шийдвэр байна. Мөн улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой маргаан гарч ирж байгаа учраас анхан шатны шүүх энэ байгууллагатай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Хоёр өөр маргааныг шийдсэн гэж ярих боломжгүй. Эцэстээ холбогдох заалтуудыг зөрчсөн, зөрчөөгүй гэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлж байгаа ч гэсэн өмчлөлийн хөрөнгөө өгөх, өгөхгүй гэсэн маргаан л яваад байдаг. Гэхдээ энэ хүмүүс гэрлэлтээ батлуулаагүй учраас хэсгээр дундаа өмчлөх эрх зүйн асуудал явсан. Д.Б-гийн хэлснээр эхнэр нөхрийн яриаг одоо бид нотлох боломж байхгүй. Аль алиных нь хувьд 18 жил хамтран амьдралтай байсан. Одоо аль алиныхаа орлогыг няцааж нэг нэгнийхээ орлого руу ороогүй мэт тайлбарладаг. В.Г энэ өмч хөрөнгийг өөрөө нотолж чадаагүй, боломжгүй байсан. Гэхдээ 2 граж өгвөл энэ маргааныг дуусгах талаар санал гаргаж байсан. Боломжгүй гэж хариу өгсөн байсан. Одоо ч гэсэн ийм боломж байгаа талаар хэлмээр байна. Хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдож байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Б-д дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илтэд хууль бус болохыг тогтоолгох, гражийн улсын бүртгэлийн ** тоот дугаартай ** дугаартай гэрчилгээг илтэд хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаагүй гэж байна. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, газар эзэмших эрхтэй байна. Энэ эрхээ өөрийн эд хөрөнгөө бүртгүүлэх боломж, эрхийн асуудал яригдсан. Энэ эрхүүдийг нь зөрчсөн талаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үг хэллэгийн хувьд өөрийн үг хэллэгээрээ бичсэнийг би тайлбарлаж хэлсэн. Хүний өмчлөх эрх рүү халдсан. Цаашдаа эрхээ сэргээлгэх асуудлаа шийдвэрлэнэ” гэв.
Хариуцагч ОАУБХээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Улсын бүртгэлийн **дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р баг, ** баг, ** байрны ард байрлах 216 м.кв талбайтай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар Д.Б-гийн өмчлөлд бүртгэлтэй байна. Иргэн Д.Б нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлэхдээ газар эзэмших эрхийн хамтран өмчлөгч В.Г-ийн зөвшөөрөлгүйгээр /зөвхөн өөрийн нэр дээр/ мэдүүлэг, өргөдөл гаргасныг улсын бүртгэгч Б.Д хүлээн авч хянан бүртгэхдээ бүртгэлийн хууль, журмыг зөрчин өмчлөх эрхийн ** тоот гэрчилгээ олгосон нь архивт хадгалагдаж байгаа хувийн хэргийн нотлох баримтаас харагдаж байна. Д.Б нь өргөдөлдөө 2 хүний хамтран өмчлөгч гэж бичээгүй нь Эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3.3-т “Мэдүүлэг гаргагч нь өргөдөл, мэдүүлэгт өмчлөгчдийн тоог тодорхойлон бичсэн байх шаардлагатай” гэсэн заалтыг зөрчсөн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.9-т “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн хуулийн тодорхой зохицуулалт байх тул мэдүүлэг гаргагч нь бүртгэлийн хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж байна.
2. Тус хэлтсийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэгч Б.Д нь Эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3.2-т “тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, өмчлөгч нь иргэн бол өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, иргэний үнэмлэхийг хуулбарлан авч хавсаргана” гэсэн заалтыг зөрчиж газрын хамтран өмчлөгч В.Г-ийн зөвшөөрөлгүйгээр Д.Б-гийн /нэг хүний/ өмчлөлд бүртгэж ** тоот гэрчилгээ олгосон нь хууль, журмыг зөрчиж хийсэн алдаатай бүртгэл болсон байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Д нь 2017.03.07-ны өдөр иргэн В.Г-ийн гаргасан өргөдлийг үндэслэн Д.Б-гээс өмчлөх эрхийн ** тоот гэрчилгээг хураан авч, албан ёсны зөвшөөрөл авахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд В.Г-ийг нэмж бүртгэн /2 хүний өмч/ ** тоот гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.5-д “Эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно”.
3.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2016/03817 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэтэл уг гражийг битүүмжилсэн. Энэ захирамжийн дагуу **дугаартай эд хөрөнгийн бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.4 “Шүүх, арбитр,...байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан, мөн хуулийн 20.5 “Энэ хуулийн 20.1.4 заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн болон өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн өөрчлөлт оруулна” гэж заасныг тус тус зөрчиж алдаатай бүртгэл хөтөлснийг хяналтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 271 дүгээр дүгнэлтээр тогтоож, ОӨУБЕГ-ын даргын тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр В.Г-ийг нэмж бүртгэж олгосон гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгосон. Иргэн Д.Б-гийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлоор дээрх бүртгэлд хяналт шалгалт хийж холбогдох хууль, журмыг зөрчиж хууль бус бүртгэл хөтөлсөн нь тогтоогдсон тул улсын бүртгэгч Б.Д-т 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/429 дүгээр тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 “...бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдал нь хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн Ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 7.4 “Энэ хуулийн 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан байна. Иймд В.Г нь иргэн Д.Б болон Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан хариу тайлбараа дэмжиж байгаа. Манай талаас Улсын бүртгэгч алдаатай бүртгэл хийсэн талаар баримтууд байгаа. Хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэ бүртгэлийг хийсэн бүртгэгч Ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас халагдсан. Манай зүгээс тайлбар, баримтуудаа хангалттай өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Газар хамтран эзэмшигчийн санал хүсэлтийг аваагүй нь буруу юм. Хамтран эзэмшигчийн зөвшөөрөл авах ёстой байсан” гэв.
Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Б миний бие нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн **байрны ард байрлах 216 м.кв газрыг Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 тоот шийдвэрийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж эхэлсэн. Анх газар эзэмших дуудлага худалдаанд оролцож, 2007 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Газрын албатай “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ” байгуулж дуудлага худалдаагаар тогтоосон газрын үнэ болох 5 000 000 төгрөгийг миний бие Орхон аймгийн Эрдэнэт сан дахь Капитал банкны дансанд төлсөн. Мөн газар эзэмшүүлэх гэрээг миний бие өөрөө байгуулсан. Харин В.Г нь өөрийгөө дуудлага худалдаанд оролцсон мэт бичсэн нь болж өнгөрсөн бодит байдалд нийцэхгүй худал зүйлийг бичсэн байна. Энэхүү газарт миний бие өөрөө хөрөнгө оруулж 216 м.кв талбай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бий болгосон. Тодруулбал, 2009 онд Барилгын цэргийн ангийн салбараар ажлын хөлсөнд 10 000 000 төгрөгийг төлж бариулсан. Харин В.Г нь уг үл хөдлөх хөрөнгийг бий болгоход ямар ч хөрөнгө оруулаагүй ба оруулсан гэж байгаа бол энэ талаарх баримтуудаа гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох шаардлагатай гэж үзэж байна. В.Г нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ОАУБХийн Улсын бүртгэгч Б.Д-ыг ятгаж маргаан бүхий гражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулж, гэрчилгээнд өөрийн нэрийг хамтран өмчлөгч мэтээр хууль зөрчиж бичүүлж авсан. Үүнийг миний бие мэдээд Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт уг хууль зөрчсөн асуудлаар гомдол гаргасан ба гомдлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, Эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сумын 4 дүгээр баг, ** байрны ард гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр В.Г-ийг нэмж, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэснийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр хүчингүй болгосон. В.Г нь хүний өмч хөрөнгийг өөрийн болгох шуналаа гүйцээхийн тулд улсын бүртгэгч Б.Д хууль зөрчихөөс өөр аргагүй болгож байсан удаатай. Харин одоо шүүхэд уг гражуудыг өмчлөх эрхийг өөртөө байх ёстой мэтээр бичиж байгаа нь үндэслэлгүй байна. ОАУБХ нь өмчлөх эрхийн бүртгэл хийхдээ ямар нэгэн хууль, дүрэм журам зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэл муутай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Энэ гражийн газрыг анх 2007 оны 07 дугаар сард дуудлага худалдаанд оролцож авсан. Дараа нь В.Г миний нэрийг оруулчих гээд оруулсан. 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гражид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Энэ үед би хэлж байсан. Хамт явж гэрчилгээгээ хөөцөлдье гэхээр чи өөрөө босгож, хөрөнгө оруулсан юм чинь өөрөө ав гэж хэлсэн. Тэгээд хууль, журмын дагуу “Далай ван” аудитын газар үнэлгээ хийлгэж, хүсэлтээ өгөөд авсан. Одоог хүртэл үл хөдлөхийн гэрчилгээний дагуу газрын түрээс, төлбөрийг төлөөд явж байна. Үүнийг мэдээгүй гэж хэлж байгаад гайхаж байна. Маш сайн мэдэж байгаа. Гүтгэж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах асуудлыг шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэлийн шаардлага Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслээд В.Г-ийн эрхийг хөндсөн гэж байгаа. 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх шаардлагыг хариуцагч зөвшөөрөөд байна. Гэхдээ энэ илт хууль бус болгох, хүчингүй болгуулах гээд байгаа асуудлаа тайлбарлахгүй байна. Захиргааны байгууллага иргэний эрхийг зөрчсөн актыг шүүх хянаж байгаа. Өнөөдөр В.Г-ийн гаргаж байгаа тайлбараас харвал үл хөдлөх хөрөнгө өмчлөх, газар эзэмших эрхийг зөрчсөн гэж байна. 2014 оны бүртгэл дээр маргаж байгаа. В.Г-ийн эзэмших, ашиглах газар дээр байгаа объекттой холбоотой асуудлаар захиргааны байгууллагад хандаж байгаагүй. Д-т албан бусаар хандаад Д.Б-д олгосон гэрчилгээг хуурч аваад шинэ гэрчилгээ олгосон. В.Г энэ хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан бол улсын бүртгэлийн газар мэдүүлэг гаргах, өмнө нь энэ асуудлаар хөөцөлдөөд гомдол гаргаад явах боломжтой байсан. Илт хууль бус гэж тогтоох ямар ч боломж байхгүй. Энэ бүртгэл хүчингүй болно. Тэгэхээр В.Гийн ямар ч эрх сэргэхгүй. Илт хууль бусад тооцоод хэний ч өмчлөл болгохгүй эзэнгүй орхих гэж байна. Энэ нь харин нэхэмжлэгчид ч хохиролтой. Шүүх нэхэмжлэл гаргасан асуудлын хүрээнд шийдвэрлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шүүхийн хяналтыг хэрхэн хийх вэ? энэ нөхцөлд ямар ч эрх сэргэхгүй. Газар ашиглах, эзэмших эрх хөндөгдөөд байгаа гэж сая хэлж байна. Тухайн хөрөнгийг В.Г-ийн өмч мөн гэж ярьж байгаа. Энэ талаар мэтгэлцэж нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Захиргааны байгууллага хууль зөрчсөн ажиллагаа хийсэн талаар маш их ярьсан. Нэхэмжлэл анх гаргаад явж байх үеэс яг юу хүссэн бэ? Үнэхээр улсын бүртгэлийг л хүчингүй болгуулах хүсэл байсан уу? Эсвэл өөрийн нэрээ нэмж бүртгүүлэх хүсэл байсан уу? гэдэг асуудал байна. Илт хууль бусад тооцуулах ёстой гэж ярьж байгаа нь зохисгүй. Д.Б өмчлөх ёстой гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ В.Г хамт байх ёстой гэж байна. Энэ ярьж байгаа шаардлагаа гаргаагүй учраас нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл энэ бүртгэл хийх үед хуучин хууль үйлчилж байсан. 2014 оны энэ харилцаан дээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг буцаан хэрэглэх боломжгүй. Энэ тохиолдолд харин хуулийг сонгож хэрэглэх асуудал гарахаар өмнөх хуулийнхаа зохицуулалтаар яригдана. Тэгэхээр энэ хуулийн ямар заалт хэрхэн хамаараад байгаа нь тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 “Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байна. Хуучин хуулийг харахаар 9-р зүйлд заасан үндэслэл аль нь вэ? гэдгийг харж нэхэмжлэл гаргаж ирээгүй. Тухайн захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж, нэрээ нэмж оруулах гэж байгаа бол энэ талаарх нотлох баримт, тайлбараа гаргах хэрэгтэй. Энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломж, үндэслэл байхгүй байна. Улсын бүртгэлийн байгууллага өөр хүнд гэрчилгээ өгсөн. Шинээр бий болж байгаа үл хөдлөх хөрөнгө гэдэг нь шинээр бий болгох гэж Д.Б-гийн барьсан бичиг баримтын бүрдэл л хэрэгт байгаа. Энэ хоёр байнга муудалцсан зүйл байхгүй. Энэ үед бол хамт амьдарч байсан. Дундаасаа 2 хүүхэд гаргасан. Тэгсэн мөртлөө би мэдээгүй гэж байгаа нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй байна. Энэ хүмүүсийн гаргаж байгаа маргааныг шийдвэрлээд шийдвэр гарсан. Уг шийдвэр дээр маргааныг бүхэлд нь шийдсэн. В.Г-ийн хувьд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудлаар маргаж байгаа нь үнэхээр өөрийнх нь хүсэл байсан уу? Ийм хүсэл байсан бол иргэний хэрэг дээр эвлэрэх асуудал ярих байсан. Тэр хэрэгт огт яригдаагүй байж одоо гэнэт тийм санал байсан гэж байгаа нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх боломжгүй байна. Үнэхээр 6 сая төгрөг гаргуулах шийдвэр гарахаас өмнө энэ талаар ярьсан бол эвлэрэх боломж байсан. Улсын Дээд шүүхийн тогтоолоор газрынхаа үнээс авсан. Газар эзэмшигч ч биш болсон. Д.Б мөнгийг нь өгч байгаа. Тэр хүн одоо газар эзэмшигч биш болсноор яг одоо маргаж буй эд хөрөнгийн талаар ярих ёсгүй. Газар эзэмшигч биш болсон учраас нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой. Гэрчилгээний тухайд хэлэхэд улсын бүртгэлийн гэрчилгээ нь захиргааны акт биш гэж үзэж байна. Захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй…” гэж заасан. Иргэн эрх, эрх чөлөө нь хөндөгдсөн бол шүүхэд хандана. Энэ тохиолдолд улсын бүртгэл нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй. Ямар эрх сэргэх вэ? гэхээр мөн ялгаагүй сэргэх эрх байхгүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан нөхцөл бүрэлдээгүй буюу эрх зөрчигдөөгүй. Захиргааны байгууллагын буруутай үйлдлийн талаар маргахгүй. Гэхдээ шүүх захиргааны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох биш эрхийг сэргээх чиг үүрэгтэй юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үзэхээр нэхэмжлэгч Д.Б-д өмчлөх эрх олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болгуулах гэсэн. Энэ нь Д.Б-д олгосон улсын бүртгэлийн асуудлын талаар нэхэмжлэлээ нотлох баримтаа дутуу гаргаж өгсөн. Шүүх нотлох чиг үүргийнхээ хүрээнд баримт цуглуулаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар улсын бүртгэлийн гэрчилгээг мөн л яаж захиргааны акт болж байна вэ? гэж асуусан. Хууль ёсны өмчлөгч мөн тул гэж тайлбарласан. Нэхэмжлэл нь эрхийг сэргээхэд чиглээгүй. Захиргааны актын шинж агуулаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Г нь ОАУБХ-т холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Б-д дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн **тоот дугаартай ** дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба энэхүү захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг /Захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт ... илт хууль бус болох...-ыг тогтоох ...-той холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна/-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.
Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /2009 оны/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/ болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн холбогдох зүйл, заалтуудыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, **байрны ард байрлах гражийн зориулалт бүхий газрыг Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар захирамж /ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/ болон газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээ /ХХ-ийн 25 дугаар хуудас/-гээр Д.Б, В.Г нар нь хамтран эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байгаа бөгөөд газар хамтран эзэмшигч нар нь газар эзэмшүүлсэн шийдвэрийн талаар маргаагүй болно.
Дээрх газар дээр гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Д.Б нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ОАУБХт мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/ гаргаж, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Б /нэг иргэний өмч/-г эрхийн улсын бүртгэлийн **дугаарт бүртгэж, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ** дугаартай гэрчилгээ /ХХ-ийн 30 дугаар хуудас/-г олгосон нь тогтоогдсон.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг /Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ/-т зааснаар дээрх шинээр бий болсон гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Б-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхдээ ОАУБХ нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/, мөн Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус зөрчсөн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэг /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, 3.1.5 дахь хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэг /бүртгэл үнэн зөв байх/-т заасан зарчимд нийцээгүй байна.
ОАУБХийн Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2 дахь хэсэг /Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг /Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ/-т зааснаар Д.Б-гийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримт бичгүүдийг бүрэн эсэхэд хяналт тавих үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.
Тодруулбал, Улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсарган ирүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь В.Г, Д.Б нарын нэр дээр байхад тухайн хамтран эзэмших эрх бүхий газар дээр шинээр бий болсон хөрөнгө зөвхөн Д.Б-гийн хөрөнгө мөн эсэхийг бүрэн нотлоогүй, газрын хамтран эзэмшигч В.Г уг үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй эсэх, уг газар дээр Д.Б-г үл хөдлөх эд хөрөнгө өмчлөхийг зөвшөөрсөн В.Г-ийн зөвшөөрөл бүхий нотлох баримтуудыг улсын бүртгэлийн мэдүүлэг гаргагчаас гаргуулаагүй.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэг /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно/, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах хэсэг /Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг /Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх болон түүн дээр байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх нь тус бүр өөр өөр этгээдэд байгаа тохиолдолд тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн эсэх талаар гэрээ хэлцэл эсхүл тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна/-т зааснаар газар хамтран эзэмшигч В.Г-ийн газар эзэмших эрхээ Д.Б-д шилжүүлсэн эсэхийг тодорхойлсон гэрээ хэлцэл, зөвшөөрлийг аваагүй, тухайн хамтран эзэмших эрх бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийг Д.Б дангаар өмчлөх эрхтэй болохыг нотлоогүйгээр бүртгэлийг хийсэн нь хууль бус болжээ.
Улсын бүртгэл хийхэд зайлшгүй бүрдүүлбэл зохих нотлох баримт бичгүүдийг улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсаргаж аваагүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх хэсэг /Тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг/, 14.1.1 дэх хэсэг /Мэдүүлэг гаргагч нь тухайн хөдлөх хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй/-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б өмчлөх эрхтэй гэдгийг улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй гэж үзнэ.
Тийм учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэг /Энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт зөрчилтэй бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь ...улсын бүртгэлд бүртгэж, .../, 15 дугаар зүйлийн 15.4 /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч бүртгэхээс татгалзаж, .../-т зааснаар Улсын бүртгэгч нь Д.Б, В.Г нарын хамтран эзэмших эрх бүхий газар дээр шинээр бий болсон гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-гийн өмчлөх эрхэд бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад хууль зөрчиж бүртгэл хийсэн нь анхнаасаа энэхүү улсын бүртгэлийг хийх эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар “Бусдын эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг үндэслэлээр “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Б-д дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн **тоот дугаартай ** дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гуравдагч этгээдээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг Д.Б-гийн нэр дээр 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр бүртгэхэд Захиргааны ерөнхий хууль батлагдаж, мөрдөгдөөгүй байсан учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлж чадаагүй гэж тайлбарлаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд “захиргааны акт, ...илт хууль бус болохыг тогтоолгох...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохыг нэхэмжлэлд тусгахаар заасан. Иймд нэхэмжлэгч В.Г нь нэхэмжлэлдээ улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, энэхүү бүртгэлийн улмаас граж байрлах газрын эзэмшигчийн эрх, газар дээрх гражийг өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаараа тодорхой бичсэн байна. Иймд нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тусгасан гэж үзнэ.
Харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг Д.Б-гийн нэр дээр 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бүртгэх үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан учраас тухайн бүртгэл хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн шүүхээс хэрэглэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэг /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/-т зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг Д.Б-гийн нэр дээр 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бүртгэхдээ улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсарган ирүүлэх нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй, газрын хамтран эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй, хамтран эзэмших эрх бүхий газар дээр Д.Б дангаараа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг бүрэн нотлоогүйгээр бүртгэл хийсэн нь хууль бус байх бөгөөд Улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэлтэй байхад хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн шийдвэр гаргасныг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг /Үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана/-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн бол бүртгэлийг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээг олгодог учраас Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-гийн нэр дээр **дугаарт бүртгэсэн улсын бүртгэл, түүнд үндэслэн олгосон өмчлөх эрхийг ** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй.
Нэхэмжлэгч В.Г, гуравдагч этгээд Д.Б нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг, **байрны ард гражийн зориулалт бүхий 216 м.кв газрыг хамтран эзэмших эрхтэй болж улмаар тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болгосон байх тул ОАУБХийн энэхүү илт хууль бус бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн, мөн эзэмших эрх бүхий газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй байна.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай шийдвэрээр “Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг **байрны ард байрлах 216 м.кв талбай бүхий гражуудын өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдөр улсын бүртгэлийн **дугаарт бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан” гэх үндэслэлээр тухайн маргаан бүхий гражууд Д.Б-гийн өмч болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь энэ хэргийн шийдвэрт нөлөөлөхгүй, иргэний хэргийн шүүхээс захиргааны байгууллага улсын бүртгэлийг үнэн зөв хийсэн эсэх талаар дүгнэлт өгөөгүй болно.
Нэхэмжлэгч В.Г нь нэхэмжлэлдээ “Тухайн газарт өөрийн хөрөнгө оруулалтаар граж барьсан...” гэж, гуравдагч этгээд Д.Б тайлбартаа “Энэхүү газарт миний бие өөрөө хөрөнгө оруулж 216 м.кв талбай гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бий болгосон” гэж тус тус хөрөнгийн талаар маргаж байгаа тул захиргааны хэргийн шүүхээс тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд нь хэн болохыг тогтоох боломжгүй болно.
В.Г, Д.Б нар нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинээр бий болох үед хамтын амьдралтай байсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаартай шийдвэрээр тогтоогдож байх тул хамтран амьдарч байх хугацаанд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар хэн аль нь шаардах эрхтэй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээд нь хэн болохыг тогтоолгосны үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх боломжтой юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Г-ийн ОАУБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **байрны ард байрлах гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-гийн нэр дээр **дугаарт бүртгэсэн улсын бүртгэл, түүнд үндэслэн олгосон өмчлөх эрхийг ** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч В.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАУБХ-ээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Г-т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ