Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0349/З/ |
Дугаар | 376 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 376
“Женерал металс минералс” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 521 дүгээр магадлалтай, “Женерал металс минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.21, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Женерал металс минералс” ХХК-ийн XV-013563 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 521 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг төлөөлж тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Женерал металс минералс” ХХК-ийн хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хугацааг сунгуулах өргөдлөө ирүүлээгүй.
Харин хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны сүүлийн өдөр болох 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг ирүүлсэн боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан өргөдлийн бүрдүүлбэрээс байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг дутуу ирүүлснээс хүлээн авах боломжгүй тул бүрдүүлбэрийг гүйцэд гаргаж өгөх болон гадаадад байснаас хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт авчрахыг Ц.Оюунбаатарт мэдэгдсэн байна.
Үүний дараа хайгуулын 13563Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш 1 хоногийн дараа нэхэмжлэгчийн хөрөнгө оруулагч Ц.Оюунбаатар нь дахин тус компанийн захирал Ц.Оюунбат гадаадад явж байгаагаас компанийн тамга, тэмдэг цоожтой байгаа болон тусгай зөвшөөрөл сунгасны дараа дээр дурдсан дутуу материалуудыг нөхөн өгөх хүсэлтийг 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан. Гэвч нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон, мөн өргөдлийг нөхөн авч болохоор хуулиар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаж чадаагүй гэх шалтгааныг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна.
Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын 13563Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 521 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн шаардлагыг хангахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Шинэжинст, Баян-Өндөр сумын нутаг “Хайрхан” нэртэй газрын 33989.98 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийн 13563Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр бусдаас шилжүүлэн авч эзэмшсэн, уг талбайгаас хэсэгчлэн 24906.58 га-г 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буцааж өгсөн, үлдэх 9083.4 га-д хайгуул хийх эрхийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болохоор байжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Женерал металс минералс” ХХК-ийг төлөөлж, үүсгэн байгуулагч Ц.Оюунбатаас 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан “...компанийн захирал Ч.Цогтбаяр нь Англи улсад амьдрахаар 2013 онд явсан,... 2014 оны 3 дугаар сарын 17-ноос өмнө хүсэлт гаргах байсан, ...тамга, тэмдэг гэрчилгээг ...хүнээр дамжуулж хугацаа хоцорсон тул хугацаандаа хүсэлтээ гаргаж амжсангүй, ...иймд хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авч ...сунгах хүсэлтийг зөвшөөрнө үү” гэсэн 1 хуудас хүсэлт, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын нэр дээр хүсэлт гаргахдаа “тусгай зөвшөөрлийн төлбөр болон үйлчилгээний хугацаа төлсөн, дуусгавар болоогүй байхад хугацаа сунгах өргөдлөө гаргасан, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг бүртгэн, хугацаа сунгахыг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэж 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2 ширхэг төлбөрийн баримт, гадаад паспортын хуулбар зэрэг 5 хуудас баримт хавсаргасан байна.
Хариуцагч нь, анх гаргасан хүсэлтэд “нотлох баримт ирүүлэх”, дараагийн хүсэлтэд “өргөдлийн баримт бүрдүүлж өгөөгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон” гэсэн тэмдэглэлийг “ирсэн бичгийн бүртгэлийн карт”-д тус тус бичиж, өргөдлийг хүлээж аваагүй нь тогтоогджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана; 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар...”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасан байна.
Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын 13563Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гаргасан байх, холбогдох баримтуудыг урьдчилан бүрдүүлж өргөдөлдөө хавсаргаж өгөх шаардлагатай юм.
Харин нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт гаргахдаа “...тамга, гэрчилгээ хоцорсон...” гэх шалтгаан дурдсаныг хариуцагч харгалзан үзэж, хугацаа хэтрүүлсэн хүндэтгэх шалтгааныг нотолсон баримт болон өргөдлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэх шаардлага тавьж, үүнийг биелүүлсэн тохиолдолд хуулийн хугацаанд гаргаагүй “хугацаа сунгуулах өргөдөл”-ийг хянан үзэх боломжтойгоо мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдөлдөө хавсаргасан баримт нь хуулийн дээрх шаардлагыг мөн хангаагүй болох нь тогтоогджээ.
Иймд, хугацаа сунгуулах өргөдлийн бүрдүүлбэр хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсон баримт ирүүлээгүй учир 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн “эс үйлдэхүй” хууль бус болох нь тогтоогдсон, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хуулийн заалттай.
Нэхэмжлэгч нь “өргөдөл бүртгэж аваагүй” талаар маргаагүй мөртлөө хүлээж аваагүй “үндэслэлтэй” нь уг үйл явдлаас хойш 1 жилийн дараа маргаж байхад 2 шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар дүгнэлт өгөөгүй, захиргааны байгууллагын “эс үйлдэхүй” нь юу болох /өргөдөл бүртгээгүй эсвэл сунгах асуудлыг шийдвэрлээгүй гэх/-ыг тогтоогоогүй, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдлийг хүлээн авч бүртгээгүйг хууль бус гэж үзээгүй боловч сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болсон байна.
Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 521 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Женерал металс минералс” ХХК-ийн “ашигт малтмалын хайгуулын XV-013563 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ