Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 01003

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр            Дугаар 182/ШШ2017/01003          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж,  тус шүүхийн  танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойрруугийн 13-24 тоотод байрлах Мини кредит ХХК/РД:6109268/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 22-0250 тоотод оршин суух Чулуунмөнхийн  Чинзориг/ШУ90031630/-т холбогдох

 

Зээл, зээлийн хүү, алданги, өмгөөллийн зардалд 2.774.500 төгрөг гаргуулах, 30000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркын  гар утас гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч Ч.Чинзориг, нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Мини кредит ХХК нь иргэн Ч.Чинзоригт 2016.12.05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж, ifhone 7 загварын гар утсыг  барьцаалан 1.650.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай 6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Манай барьцаалан зээлдүүлэх төв нь гар утсаа барьцаалан зээл авч буй үйлчлүүлэгчиддээ 30.000 төгрөгийн бүхий Нокиа брендийн  гар утсыг зээлийн гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр  ашиглуулах үйлчилгээг үзүүлдэг ба гэрээ байгуулсан өдөр Ч.
Чинзоригт Нокиа брендийн гар утсыг хүлээлгэн өгсөн. Гэтэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хугацаа дуусахад нэг ч төгрөгийн төлбөрийг буцаан төлөөгүй. Мөн зээлийн барьцаанд тавьсан ifhone 7 загварын утасны ID lock-ыг ажиллуулж гар утсыг өөрөөс нь өөр хэн ч ашиглах боломжгүй болгож, барьцаа хөрөнгөөс зээлийн төлбөрийг гаргуулахгүй байх арга саам хэрэглэж, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна. Компанийн зүгээс зээлдэгчтэй хэд хэдэн удаа  холбогдож утасныхаа ID lock-ыг гаргаж өгөхийг хүссэн ч бидний хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй үл тоосоор байна. Иймд Ч.Чинзоригоос зээлийн төлбөрт 1.650.000 төгрөг, зээлийн хүүд 99.000 төгрөг, 2017.01.05-наас хойш 94 хоногийн алдангид 775.500 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан зардалд 250.000 төгрөг, нийт 2.774.500 төгрөгийг, зээлийн хугацаанд ашиглуулахаар шилжүүлсэн 30.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-1202 маркын гар утсыг гаргуулж өгнө үү. Манайх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг барьцаат зээлийн гэрээний 6.1-д “зээлдэгч зээлийг хүүгийн  хамт төлнө төлнө” гэж заасны дагуу үндсэн зээлд 1.650.000 төгрөг, хүүд 99.000 төгрөг, гэрээний 8.1-д “зээлдэгч энэхүү гэрээний 4.1-д заасан хугацаанд авсан зээлээ эгүүлэн төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу алдангид 775.500 төгрөг, гэрээний 8.4-т “гэрээг зөрчсөний улмаас маргаан үүсэж хууль зүйн туслалцаа авсан бол гэм буруутай тал нь өмгөөллийн үйл ажиллагааны  зардлыг бүрэн хариуцна” гэсний дагуу өмгөөллийн хөлсөнд 250.000 төгрөгийг гаргуулахаар тодруулж байгаа юм гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016.12.05-ны өдөр ifhone 7 загварын гар утсыг  барьцаалж 1.650.000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдэж авсан. Мини кредит ХХК-ийн ажилтан надаас таны утас ID lock-той юм байна, та утасныхаа түгжээг гаргаж өгнө үү гэж хэлээд кодыг нь гаргуулаад, цаасан дээр бас бичиж авсан ба, гар утасны үнэлгээний хуудсан дээр ID lock /off/ байхгүй гэсэн тэмдэглэгээ хийсэн байгаа. Гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан ба, хугацаа дуусахад буюу 2017.01.05-ны өдөр би утсаа авч чадахгүй нь, утсыг зараад мөнгөө аваарай гэж компанид хэлсэн. Гэрээний 5.2.2, 5.2.3, 7.4, 7.5-д тус тус зааснаар компани барьцааны зүйлийг зарж борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн учраас тус компаний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би тодорхой орлогогүй учраас утсаа авч чадаагүй ба, гэрээний 7.4-т зааснаар зээлээ төлж чадахгүйд хүрвэл барьцааны зүйлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангана гэсэн заалтын дагуу явахыг хүсч байна гэв.                                         

                          

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Мини кредит ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Чинзоригт холбогдох барьцаат зээлийн гэрээний дагуу  Зээл, зээлийн хүү, алданги, өмгөөлөгчийн зардалд нийт 2.774.500 төгрөг гаргуулах, 30000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркын  гар утас гаргуулах тухай шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч талаас зээл, зээлийн хүү, алдангид нийт 2.774.500 төгрөгийг, гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар шилжүүлсэн 30000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркын  гар утсыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг барьцаат зээлийн гэрээний 6.1-д “зээлдэгч зээлийг хүүгийн  хамт төлнө” гэж заасны дагуу үндсэн зээлд 1.650.000 төгрөг, хүүд 99.000 төгрөг, гэрээний 8.1-д “зээлдэгч энэхүү гэрээний 4.1-д заасан хугацаанд авсан зээлээ эгүүлэн төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу алдангид 775.500 төгрөг, гэрээний 8.4-т “гэрээг зөрчсөний улмаас маргаан үүсэж хууль зүйн туслалцаа авсан бол гэм буруутай тал нь өмгөөллийн үйл ажиллагааны  зардлыг бүрэн хариуцна” гэсний дагуу өмгөөллийн хөлсөнд 250.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн болохыг тодруулсан.

 

            Хариуцагч талаас барьцаат зээлийн гэрээний 5.2.2, 5.2.3, 7.4, 7.5-д тус тус зааснаар компани барьцааны зүйлийг зарж борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон тул зээлийн төлбөрт 2.774.500 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, харин 30.000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркын  гар утсыг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрнө гэж тайлбарласан.

 

            Нэхэмжлэгч Мини кредит ХХК-иас, хариуцагч Ч.Чинзориг 2016.12.05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж, ifhone 7 загварын гар утсыг  барьцаалж 1.650.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдэж авсан болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, зээлийн мөнгө олгосон баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх гэрээ зэргээр тогтоогдлоо.

 

            Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан байх бөгөөд хариуцагч Ч.Чинзориг үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдов.

 

Нэхэмжлэгч Мини кредит ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулах эрх бүхий  хуулийн этгээд байх бөгөөд хариуцагч Ч.Чинзоригийн хөдлөх хөрөнгө болох

Ifhone 7 загварын гар утсыг  барьцаалж, 1.650.000 төгрөгийн зээл олгожээ.

 

            Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд  барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг  худалдан борлуулах замаар  үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол  барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.2-т “ гэрээний 4.1-д заасан хугацаа дуусмагц зээлдэгчийн барьцаалсан хөрөнгөнөөс зээл, зээлийн хүүг гаргуулах эрхтэй”, 5.2.3-т “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар худалдах эрх Барьцаалан зээлдүүлэх төвд үүснэ” гэжээ.

 

            Хариуцагч  Ч.Чинзориг зээл түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй байхад барьцаалагдсан хөрөнгөөр үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, барьцааны зүйлийг худалдан борлуулах зэргээр Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан журмын  дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээ авах боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийн гэм буруутай байдал тогтоогдохгүй байх ба, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангахаар гэрээнд тохиролцсон гэсэн хариуцагчийн тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа барьцаат зээлийн  гэрээний 6.1, 8.1, 8.4-ийг үндэслэж тайлбарлаж байх боловч барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан илүү нарийвчилсан зохицуулалт үйлчилдэг бөгөөд гэрээний хугацаа хэтэрсний алданги, өмгөөллийн үйл ажиллагааны зардал нэхэмжилж буй байдалд хариуцагчийн гэм буруутай байдал тогтоогдсонгүй.

 

            Харин нэхэмжлэгчийн шаардлагаас зээлийн гэрээний хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар хариуцагч Ч.Чинзоригт шилжүүлсэн 30.000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркын  гар утсыг гэрээний хугацаа дууссан байх тул хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй.

 

            Иймд нэхэмжлэгч Мини кредит ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Чинзоригт холбогдох нэхэмжлэлээс зээл, зээлийн хүү, алданги, гэрээнээс учирсан хохиролд 2.774.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 30000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркын  гар утас гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Зохигчид барьцааны зүйл болох ifhone 7 загварын гар утас нь кодоор түгжигдсэн байсан эсэх асуудлаар маргаж байх боловч уг асуудлыг нотлох хуульд заасан шаардлагыг хангахуйц нотлох баримтыг зохигчид шүүхэд ирүүлээгүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй бөгөөд уг гар утас кодоор түгжигдсэн байсан асуудал нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан журмын дагуу нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан эрхээ эдэлсэн үед шийдвэрлэгдэх, уг эрхээ эдлэхэд хариуцагч санаатай саад учруулсан бол эрхээ хамгаалуулах боломжтой байсан байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гар утасны кодоор түгжигдсэн эсэх асуудал хамааралгүй, ач холбогдолгүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 286 дугаар зүйлийн 286.3, 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар хариуцагч Ч.Чинзоригоос 30000 төгрөгийн үнэтэй Нокиа-1202 маркын  гар утас гаргуулж нэхэмжлэгч Мини кредит ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч Ч.Чинзоригоос 2.774.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Мини кредит ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Мини кредит ХХК-иас тэмдэгтийн хураамжинд төлсөн 63.937 төгрөгнөөс төлбөл зохих 59.822 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 4.115 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Ч.Чинзоригоос 4.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Мини кредит ХХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Ц.АЛТАНЦЭЦЭГ