Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1317

 

Уорлд трэвел ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01088 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Уорлд трэвел ХХК,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнх-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Самьяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Уорлд трэйвел ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Уорлд трэвел ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам 286 тоот 316.04 м.кв талбай бүхий амрагчдын сууцыг 750 000 000 төгрөгөөр, 11 дүгээр хороо, Богинын ам 36 тоот 380 м.кв талбай бүхий амрагчдын сууцыг 547 200 000 төгрөгөөр тус тус үнэлгээчин үнэлсэн байна. Улмаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тогтоосон болохыг 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 3/5311 тоот албан бичгээр мэдэгдэж, шуудангаар илгээснийг 2017 оны 2 сарын 10-ны өдөр хүлээн авч танилцлаа. Үнэлгээчний тогтоосон үнэ нь зах зээлийн бодит үнээс хамаагүй бага, бодит байдалд нийцээгүй байна. Үнэлгээчин бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас анхны албадан дуудлага худалдааны үнэ багаар тогтоогдож, төлбөр төлөгчид илтэд хохиролтой  болж байна. Өмнө нь 2015 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон үнэлгээчин болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК яг ижил загвар хэмжээ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам 28а тоот хаягт байрлах амрагчдын сууцыг 881 120 000 төгрөгөөр үнэлж байсан. Иймд  Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам 28б тоот 316.04 м.кв талбай бүхий амрагчдын сууц, 11 дүгээр хороо, Богинын ам 36 тоот 380 м.кв талбай бүхий амрагчдын сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 4 сарын 27-ны өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан. 2017 оны 01 сарын 03-ны өдөр 3/291 дугаар албан бичгээр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн саналаа 2017 оны 01 сарын 05-ны дотор ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд төлбөр төлөгч Уорлд трэвел ХХК нь ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Б.Эрдэнэбилэг нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 42 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь барьцааны хөрөнгө болох Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын амны 28 Б тоот 316.04 м.кв талбайтай хувийн сууцыг 750 000 000 төгрөг, 11 дүгээр хороо Богины амны 36 тоот 380 м.кв талбайтай амрагчдын сууцыг 547 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Уорлд трэвел ХХК-ийн захирал Р.Бадралд баталгаат шуудангаар 2017 оны 02 сарын 08-ны өдөр 3/5311 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

                 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан Уорлд трэвел ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 сарын 03-ны өдрийн 3777 дугаар захирамжийг хүчингүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 сарын 15-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Уорлд трэвел" ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын амд байрлах сууцнуудын 1 м.кв нь 3500 ам.доллараар тооцож "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу бусдад худалдахаар Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын газартай 2016 онд "Зуучлалын үйлчилгээний гэрээ" байгуулсан байдаг. 2016 оны 6 сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамжны 30 тоот, 316.04 м.кв талбайтай амрагчдын сууцыг 2 000 000 000 төгрөгөөр тооцож арилжааны гэрээний дагуу 2 000 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй солилцсон байдаг. "Уорлд трэвел" ХХК-ийн өмчлөлийн сууцнуудын 1 м.кв нь 3500 ам.доллараар тооцвол Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам 286 тоот 316.04 м.кв сууцны үнэ 1.106.140 ам.доллар, Богинын ам 36 тоот 380 м.кв сууцны үнэ 1.330.000 ам.доллар бөгөөд 60 хувийн гүйцэтгэлтэйг харгалзсан үзвэл 798.000 ам.долларын үнэлгээтэй байна. "Уорлд трэвел" ХХК-ийн тус амрагчдын сууцыг худалдаалах үнэ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны томилсон үнэлгээчний үнэлсэн үнэ хоорондоо эрс зөрүүтэй байдаг.

Анхан шатны шүүхээс үнэлгээг шинжээчээр дахин хийлгэх агуулгатай гэж хүсэлтийг дүгнэсэн нь буруу байна. Учир нь 2 амрагчдын орон сууцны үнэлгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны томилсон шинжээч гүйцэтгэсэн байх бөгөөд тус үнэлгээг хүчингүй болгохоор гомдол гаргаж, гомдлын шаардлагаа дэмжих, нотлох зорилгоор шинжээч томилуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх удаа шинжээч томилуулж тусгай мэдлэгийн үндсэн дээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.

Үнэлгээчний үнэлгээ хийсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй адил үл хөдлөх эд хөрөнгийг 2 000 000 000 төгрөгөөр арилжсан байдаг. Энэ нь бусад этгээдүүдийн хооронд хийгдсэн хэлцэл хэдий ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг илэрхийлсэн, зах зээлд худалдан борлуулагдаж буй үнийг харуулж буй хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт байдаг. Шүүхээс үнэлгээчин худалдан борлуулагдаагүй байгаа зарын цахим сайтад байрлуулсан орон сууцаа худалдан борлуулах иргэдийн өөрсдийн тогтоосон үнийн саналыг үндэслэн "Уорлд трэвел" ХХК-ийн 2 амрагчдын сууцыг үнэлсэн үнэлгээг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа бусад этгээдүүдийн хооронд худалдагдсан, нэн ялангуяа ижил төрлийн амрагчдын сууцтай холбогдуулан хийсэн хэлцлийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шинжээч нь үнэлгээ хийхдээ тухай үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнийг бус, хийсвэр, ямар материал, загвар, үнэ өртгөөр хийгдсэн нь үл мэдэгдэх, талбайн хэмжээ харилцан адилгүй үл хөдлөх эд хөрөнгийн иргэдийн өөрсдийн тогтоосон үнэлгээг үндэслэл болгон "Уорлд трэвел" ХХК-ийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй, тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжилгээ хийж чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Уорлд трэвел ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/00908 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Уорлд трэвел ХХК-иас 1 165 278 492 төгрөгийг гаргуулж Д.Эрдэнэбилэгт олгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 6-8/

 

Төлбөр төлөгч Уорлд трэвел ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018331 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам /17050/, 28б тоот хаягт байрлах, 316.04 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008681 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам, 36 тоот хаягт байрлах, 380 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 189/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 179/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг хурааж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 26, 38, 53/

 

Төлбөр төлөгч Уорлд трэвел ХХК нь дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй, үнийн санал өгөөгүй байх тул хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй, ижил загвар, хэмжээ бүхий амрагчдын сууцыг 881 120 000 төгрөгөөр үнэлж байсан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ болон энгийн листингийн гэрээ гэх баримтуудыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гэж шууд дүгнэж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 82, 86-89/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Уорлд трэвел ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

                                                                       Ш.ОЮУНХАНД