Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 575

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Ж.Б-эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 167 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батбаярын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 9 дүгээр прокурорын эсэргүүцлээр Ж.Б-эд холбогдох 1807000280030 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Жамъяндоржийн Баасансүх, 1981 оны 6 дугаар сарын 12-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, Хэнтий аймгийн Баянмөнх сумын соёлын төвд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын Нарангийн 1-3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: СГ81061215/;

 

Ж.Б- нь 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө 00 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Элстэй” гэх газар хот хоорондын засмал зам дээр хх УБК услын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчиж тээврийн хэрэгсэлд чирэгдэж явсан хх УНХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг, чирж явсан хх УБУ улсын дугаартай “Фургон” загварын автомашинуудыг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хх УБК улсын дугаартай “Истана” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б-ын биед хүнд, хх УНХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Ц-ийн биед хүндэвтэр, хх УБУ улсын дугаартай “Фургон” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б-ийн биед хөнгөн гэмтэл, Д.Ц-ийн өмчлөлийн “Хуандай портер” загварын тээврийн хэрэгсэлд 823,500 төгрөг, З.И-ын өмчлөлийн “Уаз фургон” загварын тээврийн хэрэгсэлд 440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Ж.Б-эд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харин Ж.Б- нь 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гэрчээр “тухайн үед үзэгдэх орчин харанхуй байсан би урьд яваа тээврийн хэрэгслийг харсан арын чирүүлж яваа портер аваарын дохиогоо асаагаагүй байсан урд талын машины хоёр шар аваар асчихсан байсан. Би фургоныг холоос хараад зогсож байгаа юм болов уу гэж бодсон”,

мөн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрчээр “шөнийн 00 цагийн үед болов уу яг цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Цонжинболдог өнгөрөөд элстэй орчим засмал замд явж байтал урдаас машин зөрөхөөр нь аваар дээр нь тавьчихаад явж байтал гэнэт л гэрэлд машин ороод ирэхээр тоормос гишгэсэн”,

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр яллагдагч С.Б “портерыг чирж явсан “фургон” автомашины 2 шанааны аваарын гэрэл бол харагдсан ба тэгээд портерыг харсан. Гэрэл дохио нь ажиллаж байсан эсэх талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдоогүй тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2, 20.1, 20.4 дэх хэсгүүдэд 6.2-ын Д-д “чирэгдэж яваа /механикжсан тээврийн хэрэгсэл/ үед ослын дохио гэрлийг асаана, Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор холбож чирэх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаана. Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгсэл энэ дүрэм 6.2-д, 6.3-т заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэн “Зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байх бөгөөд зөөлөн холбооны нэг метр тутамд улаан дарцаг байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино” гэж тус тус заажээ.

Гэтэл “УАЗ 22069” загварын хх УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “портер” загварын 08-31 дугаартай тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбооны алинаар чирсэн, хэрэв зөөлөн холбоогоор чирсэн бол чирэгчийн зай 4-6 метр байсан эсэх, чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио, гэрэл зэрэг нь бүрэн ажиллагаатай байсан эсэхийг шалгаагүй, мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт нь УАЗ 22069 дугаартай хх УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зүүн хойд булан эвдэрсэн зүүн хойд гэрэл дохио хагарсан гэж эвдрэлийг тодорхойлсон атлаа уг эвдрэлийг “портер”, “истана” загварын тээврийн хэрэгслийн аль нь учруулсан нь осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурганд мөргөлдсөн Б цэгийг тусгаагүй шалгаагүй мөртлөө 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд хх УБУ, хх УНХ улсын  дугаартай  тээврийн хэрэгсэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Иймд Ж.Б-эд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ж.Б-эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. Д.Ц-ийн гэрчээр болон хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...И-ын араас зөөлөн төмөр 3-4 метр орчим урттай троссоор 2 машинаа холбоод голд нь цагаан гялгар уут уясан мөн дугуйн бапришка уясан ардаа болохоор гурвалжин тэмдэг тэвшин дээрээ тогтоогоод аваарын дохиогоо асаагаад машин асаалттай ойрын гэрэл дээрээ тавиад явж байсан”,

З.И-ын гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...бид хоёр хоёулаа аваарын гэрэл дохиогоо асаагаад явсан ба гадаа сартай үзэгдэх орчин маш сайн харагдаж байсан. Ц-ийн машины ард бүр ослын гурвалжин тэмдгээ хүртэл уяж тогтоосон... зөөлөн холбоогоор /тросс/ дундаа дугуй холбоод чирсэн”,

И.Б-ны гэрчээр өгсөн “...4 метр орчим урттай троссоор чирж явсан голд нь обудгүй дугуй хавчуулсан байсан ...машин асаалттай явсан ба аваарын гэрэл дохио ассан мөн тэвшний ард талд гурвалжин гэрэлтүүлэг тавьж байрлуулсан байсан” гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ц нь 4-5 метрийн зөөлөн холбоосоор машинаа чирүүлэн аваарын гэрэл дохиогоо асааж нэмэлтээр ослын гурвалжин тэмдгийг тэвшний ардаа байршуулан явж байсан нь тогтоогдож байхад шүүхээс уг нотлох баримтуудыг үнэлэлгүй яллагдагчийг гэрэл дохио хараагүй гэх ганцхан мэдүүлгийг баримтлан үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн байна.

2. Ж.Б-ийн жолоодож явсан хх УБК улсын дугаартай автомашин хх УНХ улсын дугаартай “портер” загварын тээврийн хэрэгслийг мөргөсөн цэгийг хавтаст хэргийн 5-6 дугаар талд “...анх мөргөлдсөн гэх цэгийг А цэгээр тэмдэглэв... тоормосны мөрийг К цэгээр тэмдэглэв”, “...хэмжилтийн бүдүүвч зураг дээр мөргөлдсөн цэгийг А цэгээр тэмдэглэснийг харуулсан”, “анх мөргөлдсөн А цэгийн зураг” зэргээр тэмдэглэсэн байна.

Ж.Б-ийн жолоодож явсан хх УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол гаргаад зам дээр эргэлдэж байхдаа хх УБУ улсын дугаартай “фургон” загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талаас мөргөсөн болох нь иргэний нэхэмжлэгч Д.И-ын “...Б.Ц ах уначихлаа гэхээр нь яаж байгаа юм бэ гэхэд миний зүүн гар талаар нэг машин хурдтай эргэлдээд 2 бүтэн тойрч эргэлдээд эсрэг урсгалд ороод өөдөөс хараад зогссон эргэлтэндээ миний машины зүүн хойд талыг мөргөсөн байсан” гэх мэдүүлэг,

Ж.Б-ийн “...Элстэй гэх газарт явж байхад гэнэт урд машин таарсан тэр үед хурдаа сааруулж тоормос гишгээд рулээ зүүн гар тал руугаа дарах гэхэд эвгүй гулжигнаад явчихаар нь рулээ даралгүй тэр чигт нь бариад тоормосоо дарсан боловч машины араас орчихсон. Тэгээд машин зам дээр эргэсэн миний санахаар 1 удаа эргэсэн байх” гэх мэдүүлэг зэрэг нь хэрэгт байхад уг нотлох баримтуудыг огт үнэлж, дүгнэж захирамжид тусгаагүй байна.

3. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шинжээчид хууль сануулан авсан мэдүүлэг дүгнэлт зэргээр яллагдагч Ж.Б- нь урдаа яваа тээврийн хэрэгслийг ямар нэгэн хөдөлгөөн хийхэд нь мөргөхгүй, шүргэхгүй байх хэмжээнд тээврийн хэрэгслээ жолоодон явах дүрмийг зөрчсөн нь тогтоогддог мөн жолооч Д.Ц, З.И нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тээврийн хэрэгслийг дүрэмд заасны дагуу чирж явсан болох нь нотлогддог бөгөөд яллагдагч Ж.Б-, Д.Ц, З.И, Б.Б, Б.Б нар нь шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн материалтай танилцаад тусгайлан санал хүсэлт гаргаагүй, мөрдөн байцаалтын явцад Ж.Б- хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулж гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болгосон байхад шүүхээс тухайн нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэснээ заагаагүй, дахин шинжээч томилуулахаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Яллагдагч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч, прокурор нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлт гарсан, бүрэн ойлгомжтой гэж үзэж шүүхэд шилжүүлсэн болно. Хэрвээ шүүгч дангаараа ойлгохгүй байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар шүүхээс шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэх эрх нь хуульчлагдсан болно. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 167 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ж.Б-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдоогүй  буюу 23-32УБУ, хх УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон гэх үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд шүүгчийн захирамжид бичсэн прокурор Б.Батбаярын прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Ж.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 167 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 9 дүгээр прокурорын эсэргүүцлийг ханган Ж.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ж.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ