Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “ЦАХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАДТАГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАДТАГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0040/З/Т дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЦАХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “ЦАХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндэсний Аудитын газрын харьяа ОААГ нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА тоот албан шаардлага гаргасан. Тус албан шаардлагаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй иргэнд эзэмшүүлэхээр олгосон 700 м.кв газрын шийдвэрийг хүчингүй болгож, биелэлтийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны дотор Үндэсний Аудитын газрын харьяа ОААГ-т ирүүлэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасан. Дээрх албан шаардлагыг гаргаснаас нэг жилийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Засаг дарга нь А/259 дугаар захирамжаар дээрх албан шаардлагыг үндэслэж “ЦАХ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үндэсний Аудитын газрын харьяа ОААГ нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА тоот албан шаардлагатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах үеэр мэдсэн болно. Үндэсний Аудитын газрын харьяа ОААГ-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгох, хүчингүй болгуулахаар шаардах эрх хуулиар олгогдоогүй бөгөөд “ЦАХ” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шаардсан дээрх албан шаардлага нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шууд үндэслэл болж байх тул Үндэсний Аудитын газрын харьяа ОААГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА тоот албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь Орхон аймгийн Засаг даргын А/259 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, дээрх захиргааны актыг биелүүлэхээр явагдсан захиргааны үйл ажиллагааг хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийн материалтай танилцахдаа ОААГ-аас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА тоот албан шаардлага гаргасан болохтой танилцсан. Уг албан шаардлага нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хаяглагдаж ирсэн байсан. “ЦАХ” ХХК-д хаяглагдаж ирүүлээгүй. Уг захиргааны актын улмаас “ЦАХ” ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Үндэсний Аудитын газрын харьяа ОААГ-ын гаргасан албан шаардлага нь Орхон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад иргэнд газар олгосон захиргааны актыг хүчингүй болгож хариу ирүүлэхийг даалгаж гаргасан акт байдаг. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд нь тухайн шатны Засаг дарга байна. 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх бүхий этгээд нь мөн Засаг дарга байна. Тэгэхээр “ЦАХ” ХХК-ийн газар эзэмших эрхийг Орхон аймгийн Засаг дарга олгосон бөгөөд хүчингүй болгох эрхтэй этгээд нь мөн Засаг дарга байсан. Гэтэл Аудитын газар хүчингүй болгохоор даалгасан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус захиргааны актыг гаргахдаа “ЦАХ” ХХК-д мэдэгдсэн зүйл байхгүй. Хариуцагч талаас хариу тайлбартаа мэдэгдсэн талаар тайлбарлаагүй байх тул энэ талаар маргахгүй гэж ойлгож байна. Энэ захиргааны актын улмаас “ЦАХ” ХХК-ийн эрх зөрчигдөж байна. 2017 онд энэ акт гарсан бөгөөд эрх нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдээгүй, нөхцөл байдлыг тогтоож, тодруулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулинд эрх ашиг нь хөндөгдөж байгаа бол тус ажиллагаанд уг этгээдийг татан оролцуулна гэж заасан байна. Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “аудитын үйл ажиллагаа” гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал дүгнэлт, зөвлөмж гарсан зүйл байхгүй. Шүүхээс нотлох баримт гаргуулахаар шаардсан боловч энэ баримтуудад гүйцэтгэлийн аудит хийсэнтэй холбоотой дүгнэлт, зөвлөмж байхгүй. Яаж хууль зөрчсөн ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүй. Аудитын газар нь хуулийн дагуу зөвлөмжөө гаргаад хууль зөрчсөн байдал илэрвэл акт гаргах эрхтэй. Аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн нь дүгнэлт байна. Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн аудитаас бусад үйлчилгээ үзүүлсэн бол холбогдох стандартаар шаардсан тайлангууд байна. Аудитын олон улсын стандартын дагуу дотоод хяналтын ноцтой асуудлын талаар аудитын хороо, уг хороо байхгүй бол төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх ба энэ нь зөвлөмж хэлбэртэй байж болно” гэж заасан. Мөн төлөвлөгөөний дагуу аудит хийх ёстой байдаг. Энэ аудит нь ямар ч төлөвлөгөөгүй хийгдсэн. Газрын тухай хууль зөрчсөн гэсэн дүгнэлт байхгүй. Тиймээс маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчиж гарсан байна гэж үзэж байна. Албан шаардлагын шаардах гээд байгаа хэсэгт үндэслэлээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй иргэнд олгосон 700 метр квадрат газар гэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан байна. Гэтэл уг захиргааны акт тодорхойгүй байдал үүсгээд байна. Хариу тайлбар дээрээ 700 метр квадрат буюу “ЦАХ” ХХК-д газар олгосон шийдвэрийг хүчингүй болгохоор өгсөн гэж тайлбар өгсөн. “ЦАХ” ХХК-д 700 метр квадрат газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар олгосон нь Уурхайчин багийн нутагт байрлах Хүлэг хүнсний захын ард байрлах 1400 метр квадрат газрын барилгын зурагт авто зогсоол байх газарт олгосон байх тул албан шаардлага хүргүүлсэн. Хариу тайлбараас үзвэл энэ албан шаардлага нь зөвхөн “ЦАХ” ХХК-д холбоотой гэж байна. Гэтэл одоо албан шаардлага бол хавсралтад дурдсан бүх зөрчилтэй холбоотой гэж байна. Тиймээс ОАДТАГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА тоот албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулинд зааснаар албан байгууллага хуулийг нэг мөр хэрэгжүүлж, хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллах учиртай. Монгол Улсын хуулинд зааснаар төрийн аливаа үйл ажиллагаа ил тод зарчимд суурилах ёстой. Гэтэл Төрийн аудитын газраас гаргаад байгаа маргаан бүхий актад компани өөрөө газар эзэмшээд явдаг мэт ярьж байна. Засаг даргын гаргаад байгаа шийдвэрийн үндсэн дээр газар эзэмших эрх олж авсан. Компани өөрөө шийдвэрлээгүй. Эрх олгож байгаа актыг цуцлуулахаар албан шаардлага гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй. Тухайн компаниас тодруулаагүй. Акт гарч байгаа талаар мэдэгдээгүй. Төрийн ажиллагаа нууц байдаг мэтээр чимээгүй байж байгаад бүр сүүлд энэ актыг хэрэгжээд газар эзэмших эрх хүчингүй болсон байхад мэдсэн. Тухайн байгууллагын эрхэнд халдаж болзошгүй шийдвэр гаргах гэж байгаа бол ийм ийм асуудал байна. Танайх ямар үндэслэлээр ингэж явсан бэ? гээд тодруулаад тайлбарыг нь аваад явах ёстой. Өөрсдийн батлагдсан төслийг зөрчсөн гэж байна. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрээр газар эзэмших эрхийн олж авсан. Нэхэмжлэгчийг энэ газрыг хууль бусаар авсан байна гэж үзэж байгаа бол энэ талаараа танилцуулаад тайлбар байна уу? гэх ёстой байсан. Гүйцэтгэлийн хувьд аудит хийхдээ дүгнэлт, зөвлөмж гаргах ёстой байсан. Эрх зүйн баримт бичгийг заагаад байна. Гэтэл манай аудитын байгууллага мэдэгдэж хийсэн зүйл байхгүй. Үүний цаана иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхэд халдах үндэслэлийг нь бүрдүүлэх баримт гаргасан байна. “ЦАХ” ХХК хууль зөрчсөн байна гэж үзэх боломж байхгүй. Сая хариуцагч хэлэхдээ Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөөний дагуу явагдсан гэж байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл Орхон аймгийн хэмжээнд газар олгох төлөвлөлтийн ажлыг 2016, 2017 онд ямар төлөвлөгөө батлаад аудит хийсэн юм бэ? гэдэг нь эргэлзээтэй байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шууд дүгнэлт, зөвлөмж гаргахгүйгээр даалгаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Бичгээр гаргасан албан шаардлага нь наад захын баримт бичгийг шаардлагыг хангахгүй байна. Зөрчил арилгуулах гэж ерөнхийлж байна. Актад 700 метр квадрат газар иргэнд эзэмшүүлсэн гэж заасан байна. Энд хавсралтаас харахаар 700 метр квадрат газар эзэмшсэн гэвэл “ЦАХ” ХХК л байна. Үүнийг давхардуулан эзэмшүүлсэн гэж байна. Энэ нь өмнө эзэмшиж байсан газрыг өөр этгээдэд эзэмшүүлсэн байвал давхардсан гэж үзнэ. Мөн захиргааны байгууллага шийдвэр гаргаад эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгч хариуцна гэсэн ийм хууль байхгүй. Төр үйл ажиллагаа явуулаад үүнээс гарах үр дагаврыг албан тушаалтан эсвэл төр хариуцах заалт байгаа. Хариуцагчийн хариу тайлбараас харахад 700 метр квадрат газрыг олгосон шийдвэрийг хүчингүй болгох гэж албан шаардлага гаргаагүй. Зөрчлөө л арилга гэж байгаа юм гэж хэлээд байна. Албан шаардлагын шаардах хэсэгт зөвхөн “ЦАХ” ХХК-ийн 700 метр квадрат газрын талаар яриад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” гэж заасан. Тухайн байгууллагад хандаад тайлбар авах ажиллагаа хийгдэх ёстой. Тиймээс л ил тод биш байна гэж яриад байна. Ил тод биш л бол энэ нууц гэсэн үг. Аж ахуйн нэгжийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрсдөө төлөвлөгөө гаргаад нөхцөл байдлыг тогтоогоод сонсоод явах ёстой. Эсвэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулаад энэ ажиллагааг хийх боломжтой байсан. Төлөвлөгөөт шалгалтын хувьд хамрах хүрээний талаар өмнө мэдэгдэх ёстой. Төрийн захиргааны байгууллага аудит хийж байх явцдаа мэдэгдэх ажиллагаа хийх ёстой байсан. Энэ огт хийгдээгүй байна. Албан шаардлагын шаардах нь хэсэгт нь зөвхөн нэхэмжлэгч компанид зориулж нэг л асуудлын талаар шаардлага бичсэн байна. Эсвэл өөр нэгэн 700 метр квадрат газар эзэмшдэг иргэнд зориулж бичсэн байх. Энэ акт биелэх боломжгүй байсан учраас биелэлтийн талаар шаардалгүй орхисон байна. Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан заалтыг зөрчсөн байна. Захиргааны акт байгаа учраас энэ компанийн эрх ашигт халдсан байна. Гадагш чиглэсэн үйлдэлтэй байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж байгаа мэт боловч аж ахуйн нэгжийн эрхэд халдсан үйл ажиллагаа явуулж байна. Газрын тухай хуульд заасан эрхийн асуудал байдаг. Газрын тухай хуулийн аль зүйл заалтад үндэслэж байгаа нь тодорхойгүй. Төрийн аудитын тухай хуульд үндэслэсэн гэж байгаа ч энэ хуулинд заасан төлөвлөгөө энд байхгүй байна. Газрын тухай хуулинд үндэслэж шийдэх ёстой байх. Албан шаардлагад Газрын тухай хуулийг зөрчсөн гэж ярьсан. Гэтэл аль заалтаар яаж зөрчөөд, яаж шийдвэрлэх вэ? гэсэн зүйл байхгүй. Гэтэл албан шаардлагад Газрын тухай хуулийн энэ заалтыг зөрчсөн гэсэн нэг ч үг байхгүй байна. Төрийн үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой. Иргэний эрх ашгийг хөндсөн бол хүчингүй болгох эрх зүйн үр дагавартай. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна” гэв.

            Хариуцагч ОАДТАГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулинд заасан бүрэн эрхийн хүрээнд “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016 оны газар олголт, зохион байгуулалт, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэсэн. Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам нь төлбөрийн акт тогтоох, илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгөх харилцааг зохицуулдаг. Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж байгаа аудитын дүнд шалгагдагч байгууллагад удирдлагад тодорхой арга хэмжээ авч, алдаа зөрчлийг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар төрийн аудитын байгууллага холбогдох албан тушаалтанд албан шаардлага өгөхөөр журамласан. Дээрх хууль, журмын хүрээнд “байгуулсан гэрээ, хэлцэл мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын шаардлага нөхцлийг хангаагүй” зөрчил буюу аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр А/378 тоот захирамжаар “ЦАХ” ХХК-д Уурхайчин баг, хүнсний захын баруун талд байршилтай 700 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь 2014 оны төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч А/502 тоот захирамжаар Уурхайчин баг, хүнсний захын баруун талд байршилд олгогдсон 1400 м.кв буюу 0,14 га газарт баригдсан худалдаа үйлчилгээний төвийн барилгын зурагт авто зогсоол байхаар тусгагдсан газрыг давхардуулан эзэмшүүлсэн тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлсэн болно” гэжээ.

Хариуцагч ОАДТАГ-ын дарга Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд аудит хийдэг. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар зохион байгуулалтын ажлын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөөний дагуу аудит хийсэн. Төрийн аудитын тухай хуулинд “Аудитын явцад зөрчил илрэх юм бол зөрчлийг арилгах талаар албан шаардлага хүргүүлнэ” гэж заасан. Энэ маргаан бүхий газар дээр иргэнд газар олгосон Орхон аймгийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийг зөрчиж олгосон байх тул энэ зөрчлийг арилга гэсэн албан шаардлагыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Засаг дарга хүчингүй болгох эрхээ эдлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагад мэдэгдэж хүчингүй болгох эрхтэй байгаа. Манайх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хууль зөрчсөн энэ үйлдлийг арилгах арга хэмжээг ав гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлага өгөх ямар эрх зүйн үндэслэлтэй вэ? гэхээр Монгол Улсын Ерөнхий аудиторын “Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ыг баталсан байдаг. Энэ журамд илэрсэн зөрчлийг арилгуулахдаа албан шаардлага өгөх харилцааг зохицуулсан. Зөрчлийг арилгуулах нь журмын зорилго байгаа. Засаг даргын газар олгосон захирамж, иргэнтэй байгуулсан гэрээ хэлцэл нь мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй байсан тул албан шаардлагаа хүргүүлсэн. Хууль зөрчсөн үйдлийг таслан зогсоох, үр нөлөөтэй гэж үзвэл албан шаардлага өгдөг. “ЦАХ” ХХК-д ямар ч төсөл сонгон шалгаруулалтгүй, дуудлага худалдаагүйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбай байхаар төлөвлөгөөнд заагдсан ийм газарт газрыг олгосон нь хууль зөрчсөн байсан учир Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт энэ зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөрчлөө танилцуулаад газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох эрх Засаг даргад байгаа. Ингэж хүчингүй болгоход “ЦАХ” ХХК-ийн эрх хөндөгдөнө гэвэл сонсох ажиллагаагаа Засаг дарга явуулах ёстой. 2014 онд тухайн маргаан бүхий газар дээр 23 газар эзэмшигч байсан. Энэхүү газар эзэмшигч нартай аймгийн төрийн захиргааны байгууллагууд 3 удаа уулзалт хийж ямар байдлаар ашиглах, төлөвлөх талаар санал асуулга явуулаад эндээс нэг байшин бариад үлдсэн газарт нь авто зогсоол, ногоон байгууламж, явган хүний зам хийе. Ингэхгүй бол тус бүртээ байшин, үйлчилгээний төв баривал иргэдэд үйлчлэхэд төвөгтэй байна гэж санал гарсан. Үүний хүрээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2014 оноос төслийн даалгавар гаргасан. “ЦАХ” ХХК яг энэ даалгаврын хүрээнд скиз зураг өгсөн. Энэ төслийн Засаг дарга сонгон шалгаруулалтаар оруулаад шалгаруулж, 2014 оны А/502 дугаар захирамжаар 1400 метр квадрат газар эзэмшүүлсэн. Тэгээд байшингаа барингуутаа 2016 онд ямар ч сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагүйгээр өмнөх төсөлд өмнөх төлөвлөгөөнд авто зогсоол байхаар төлөвлөсөн газарт 700 метр квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн. Тиймээс энэ зөрчлийг арилга гэсэн албан шаардлага явуулсан. Төлөвлөгөө байхгүй гэж байна. Хуулинд аудит хийх бүрэн эрх тодорхойлогдсон байгаа. Дүгнэлт, зөвлөмж гэж байгаа нь энэ тайлангийн хэсгээс хэрэгт ирүүлсэн байгаа. Үүнд дүгнэлт, зөвлөмж байгаа. Албан шаардлага өгөх ёсгүй биш. Зөрчил илэрвэл дүгнэлт, зөвлөмж бүхий акт тогтоож, албан шаардлага гаргадаг. Зөрчил байхгүй байвал дүгнэлтээ гаргаад зөвлөмжөө өгөөд явдаг. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас сонгон шалгаруулалт явагдсан гэж байна. Энэ бол 2014 онд байшин баригдахаар санал гараад ийм газар байна гэж зааж өгсөн зүйлийг ярьж байгаа. Гэтэл 2016 онд ямар ч төсөл өгөөгүй, ямар ч дуудлага худалдаа явагдаагүй. Хэсэгчилсэн төлөвлөгөөнд танай төсөл хэвээрээ байгаа. 2016 онд ямар ч төсөл шалгаруулалт, дуудлага худалдаагүй газар олгосон зүйл ярьж байгаа. Харин 2014 онд өгсөн төслөө хэрэгжүүл гэж байгаа. 2016 онд ямар ч төсөл байхгүй. Энэ талаар зохих газар хандсан албан бичиг ч байхгүй. Мэдэгдээгүй нууцаар хийсэн гэж байна. Аудитын байгууллага нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд аудит хийдэг. Харин төрийн байгууллага зөрчлөө арилгахын тулд хэн нэгний эрх ашиг хөндөгдөхөөр бол тэр захиргааны байгууллага зохих этгээдэд танилцуулаад явах учиртай. Бид Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй. Хүчингүй болгоогүй. Албан шаардлагаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд зөрчил гарсан учраас зөрчлөө арилгаарай гэж явуулж байгаа юм. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар мэдэгдэж энэ аудит эхэллээ шүү гэдгээ хуулийн дагуу мэдэгдэж хийсэн. Албан шаардлага дээр Газрын тухай хуулийг огт дурдаагүй гэж байна. Албан шаардлагад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж нэг бүрчлэн бичигдсэн байгаа. Засаг даргын захирамжийг яагаад зөрчил гэж үзсэн бэ? гэхээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЦАХ” ХХК нь ОАДТАГ-т холбогдуулан “ОАДТАГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

ОАДТАГ нь “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016 оны газар олголт, зохион байгуулалт, төлөвлөлтийн хэрэгжилт, үр дүн” гүйцэтгэлийн аудитыг хийж, газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид нийт 7.6 га газарт газар эзэмших эрх олгож, хууль зөрчсөн зөрчлийг илрүүлж, “Засаг даргын захирамж тус бүрээр гаргасан судалгааг хавсралт 1-ээр гаргаж хавсаргав” гэжээ.

Хариуцагчаас “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар “ЦАХ” ХХК-д 700 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа  өмнө 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/502 дугаартай захирамжаар 1400 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэхдээ төсөлд заасан авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн газарт худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн зөрчил гаргасан. Уг 700 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгоогүй учраас аймгийн Засаг даргын 2016 оны А/378 дугаартай захирамж хууль зөрчиж гарсан” гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү үндэслэлээр зөрчлийг арилгуулах албан шаардлагыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн гэж тайлбарлав. 

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсэг /Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих”-т зааснаар Төрийн аудитын байгууллага нь илэрсэн зөрчлийг арилгуулахаар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд албан шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь хэсэг /Төрийн аудитын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор ажлын зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны асуудлаар стандарт, дүрэм, журам, заавар батлах/-т зааснаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар “Журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж байгаа бөгөөд энэхүү журмаар албан шаардлага өгөхөд тавигдах ерөнхий шалгуур, албан шаардлага өгөх үндэслэл, түүний бүтцийг тогтоосон.

Дээрх журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “тогтоох /шаардах/” хэсэгт тухайн шийдвэр нь ямар асуудлыг эцэслэн шийдвэрлэх болсон, түүнийг хэн хэрэгжүүлэх болон биелүүлэх, үр дүнг тогтоосон хугацаанд эргэн мэдээлэх эсэх, үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх зэрэг”, 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь хэсэг /албан шаардлагын шаардах хэсэгт албан шаардлага тавих хуулийн үндэслэлийг тусгана. Үүнд: ...Зөрчлийг арилгаж эргэн мэдээлэх хугацаа.../-т зааснаар албан шаардлагын шаардах хэсэгт ямар асуудлыг эцэслэн шийдвэрлэж байгаа, ямар зөрчил арилгахыг шаардаж байгаа талаар тодорхой тусгасан байх шаардлага тавигдаж байна.

ОАДТАГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагын “шаардах нь” хэсэгт “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй иргэнд эзэмшүүлэхээр олгосон 700 м.кв газрын шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилган, биелэлтийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор Үндэсний аудитын газрын харьяа ОААГ-т ирүүлэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Ц, газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Б нарт даалгав” гэжээ.

Энэхүү албан шаардлагын “агуулга”-ын хэсэгт ОАДТАГ нь газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид нийт 7.6 га газарт газар эзэмших эрх олгож, хууль зөрчсөн зөрчлийг илрүүлж, “Засаг даргын захирамж тус бүрээр гаргасан судалгааг хавсралт 1-ээр гаргаж хавсаргав” гэж тусгасан боловч албан шаардлагын “шаардах” хэсэгт хавсралтаар заасан зөрчлүүд болон “ЦАХ” ХХК-ийн эзэмших эрх бүхий 700 м.кв газрын шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах талаар тодорхой тусгаагүй байна.

Харин албан шаардлагын “Шаардах” хэсэгт “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй иргэнд эзэмшүүлэхээр олгосон 700 м.кв газрын шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах” талаар тусгасан нь “ЦАХ” ХХК-д хамааралтай болох нь тодорхойгүй байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг /захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна/-т зааснаар захиргааны акт ойлгомжтой, тодорхой байх шаардлага хангаагүй, захиргааны актыг “ЦАХ” ХХК-д шууд хамааралтай, түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлах үндэслэлгүй болно.

Иймд ОАДТАГ нь “Газрын тухай хуулийн хэрэгжилт, 2014-2016 оны газар олголт, зохион байгуулалт, төлөвлөлтийн хэрэгжилт, үр дүн”-д аудит хийж, зөрчлийг илрүүлсэн, бүрэн эрхийн хүрээнд албан шаардлагыг шалгуулсан төрийн байгууллагад хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй боловч уг албан шаардлагад “ЦАХ” ХХК-ийн газар эзэмших шийдвэрийг хүчингүй болгох талаар тодорхой тусгасан зохицуулалт байхгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд чиглэсэн байх бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

ОАДТАГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчээс ОАДТАГ нь аудитын үйл ажиллагаандаа эрх нь хөндөгдөж байгаа “ЦАХ” ХХК-ийг татан оролцуулаагүй, түүнд мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд Төрийн аудитын байгууллага нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийх эрх бүхий байгууллага учраас “ЦАХ” ХХК-ийг энэхүү аудитын үйл ажиллагаанд татан оролцуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч “ЦАХ” ХХК нь Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарт холбогдох Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, дээрх захирамжийг биелүүлэхээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын явуулсан үйл ажиллагаа, үйлдэл, Баян-Өндөр сумын Засаг даргын комисс томилж, газар чөлөөлүүлэх захирамж гаргасан захиргааны үйл ажиллагааг тус тус хууль бус тооцуулах, хохирол гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт ОАДТАГ-т холбогдуулан ОАДТАГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс ОАДТАГ-т холбогдуулан гаргасан ОАДТАГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тусгаарлан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж хэргийг тусгаарласан бөгөөд тусгаарласан хэрэгт нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ЦАХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, .106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 15.1.12 дахь заалтуудыг баримтлан “ЦАХ” ХХК-ийн ОАДТАГ-т холбогдуулан гаргасан “ОАДТАГ-ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ЦАХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ