Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0172

 

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0172

Улаанбаатар хот

 

 

“Э***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч

Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э***” ХХК

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4555 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э***” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн 30 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 128/2022/0985/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э***” ХХК нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4555 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э***” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн 30 дугаар шийдвэрээр “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.5.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Э*** ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4555 дугаар албан бичгийг хууль болохыг тогтоож, нэхэмжлэгч Э*** ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд маргаан бүхий актаар хариу өгсөн байхад “... нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч шийдвэрлэлгүй буцаасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

 3.2 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, ач холбогдол, хэрэгт хамааралтай байдлыг авч үзээгүй, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй,

 3.3 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан баримтыг нэхэмжлэгч хүсэлтдээ хавсаргаагүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тусгай төрлийн аж ахуйн үйл ажиллагааг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр эрх хэмжээг хуульчилсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яаманд “даалгаж” шийдвэрлэсэн нь хуулийн боломжгүй гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд маргаан бүхий актаар хариу өгсөн байхад ... нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч шийдвэрлэлгүй буцаасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий үйл баримтад болсон цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно”, 15 дугаар зүйлийн 15.5.8 дахь заалтад Хууль зүйн чиглэлээртөлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” хэмээн,

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 7.1.6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргаагүй бөгөөд үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор буцаана” хэмээн тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг тухайн захиргааны байгуулага эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байх тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгох, хангахгүй байх тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзах, тухайн өргөдөл болон түүнд хавсаргасан баримт нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангахгүй, өөрийнх нь эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй бөгөөд үүний улмаас тухайн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй бол энэ тухай өргөдөл гаргагчид мэдэгдэж, өргөдлийг хуульд заасан хугацааны дотор өргөдөл гаргагчид буцаахтай холбоотой захиргааны үйл ажиллагааг нарийвчлан тогтоосон.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э***” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 08/25 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан гаргасан “Тусгай зөвшөөрөл хүсэх тухай” өргөдөлд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4555 дугаар албан бичгээр “.. уг зөвшөөрлийг сүүлийн жилүүдэд тус яамнаас олгоогүй ....энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа тул тус яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулж байна. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна” хэмээн хариу өгсөн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан өргөдлийг буцаах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Энэ үйл баримттай холбогдуулан “ нэхэмжлэгч “Э***” ХХК-иас гаргасан хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.2. “Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, ач холбогдол, хэрэгт хамааралтай байдлыг авч үзээгүй, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0030 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 08/25 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл хүсэхдээ хавсаргасан баримтуудаас үзвэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь хэсэгт “энэ хуулийн  15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4.-15.10.6; 15.10.14; 15.11.1; 15.11.2; 15.12.1-15.12.6, 15.22.3-д заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг ирүүлээгүй. Шүүх энэхүү үйл баримтыг дүгнэж үзээгүй” хэмээн маргах боловч маргаан бүхий захиргааны акт болох Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4555 дугаар албан бичигт энэ тухай дурдаагүй, хариуцагчаас энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдлийг буцаагаагүй байх тул “нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.3. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан баримтыг нэхэмжлэгч хүсэлтдээ хавсаргаагүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тусгай төрлийн аж ахуйн үйл ажиллагааг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр эрх хэмжээг хуульчилсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яаманд “даалгаж” шийдвэрлэсэн нь хуулийн боломжгүй” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлана” хэмээн хуульчилсан.

“Э***” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох “Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3/4555 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, “Э***” ХХК ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0030 дугаар шийдвэр нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 дэх хэсэгт Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно” хэмээн заасны дагуу нэхэмжлэгч “Э***” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 08/25 дугаар албан бичгээр гаргасан “тусгай зөвшөөрөл хүсэх тухай” өргөдлийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам эрх хэмжээнийхээ хүрээнд, хуульд заасан журмын дагуу хянан үзэж, шийдвэрлэхийг даалгаснаас бус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буйчлан “өргөдлийг ханга” гэсэн агуулгагүй. Хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***гаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

         ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

         ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

 

                    ШҮҮГЧ                                                         Г.МӨНХТУЛГА