| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0312/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/316 |
| Огноо | 2021-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/316
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхжин, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ц.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С- овогт Ц-гийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110009970417 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С- овогт Ц-гийн Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 503а тоотод 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн дүү Ц.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойд нь гараараа цохиж биед хамрын нурууны шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.Д-: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй, манай дүү Ц.Н- хүүхэдтэй, өөрөө ажил хийдэггүй, тэгсэн атлаа энд тэндэхийн залуучуудыг гэрт авчирдаг, би ганцаараа ажил хийгээд өглөөнөөс орой болтол гэртээ байдаггүй, дүү гэртээ хүүхдээ хараад байж байхдаа хүүхдэдээ хоол хийж өгдөггүй байсан, хэрэг болсон өдөр мөн хүүхдэдээ хоол өгөөгүй, өлссөн байхаар нь би ажлаас ирээд хүүхдэд нь хоол өгөх гээд гэр лүүгээ авч явах гэсэн ээж дүүг өмөөрч явуулахгүй гэхээр нь дүүтэйгээ маргалдаад нүүрэнд нь хоёр удаа алгадсан, тэгээд миний буруу болсон, хохирогчийн биед учруулсан хохирлыг би учруулсан, би гэм буруутай, одоо бие нь зүгээр болсон, ажил хийж байгаа, эмчилгээнд нь зориулж 250,000 орчим төгрөг төлсөн....” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ц.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн ах Ц.Д- ....хоолоо хийж байхад гаднаас орж ирчхээд “хормойгоо чирсэн хүүхэн, эцэггүй хүүхэд гаргалаа, наад хүүхдээ яаж тэжээх юм” гээд доромжлоод байхаар нь ээжид хандаж наад согтуугаа гарга л даа гэхэд ...ах Д- “чи намайг ингэж хэлж болохгүй шүү” гээд миний толгойн зүүн хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа хүчтэй савж цохихоор нь хүүхдээ өвөр дээрээсээ буулгаад ах Д-ийг нэг удаа түлхтэл ах гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиход би газар унасан. ...Дараа нь би нагац ах руугаа залгах гээд утсаа авахад миний нүүр рүү дахиад нэг удаа цохиход миний хамраас цус гарсан...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Гэрч Т.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 19-20 цагийн үед Д- согтуу орж ирээд ...ална шүү гээд Номиндарийн нүүр лүү цохиод авах шиг болсон. ...Тэгээд охиноо хартал хамрынх нь хажуугаас цус гараад Н- өөрөө 102 болон 103 дуудаж эмнэлгийн машинтай ганцаараа явсан...” /хх-ийн 28/ гэсэн,
Гэрч М.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр намайг ажил дээрээ байхад 20 цагийн үед над руу Н- залгаад ах Д- намайг зодчихлоо гээд уурласан...” /хх-ийн 30/ гэсэн,
Шүүгдэгч Ц.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ...18 цаг 20 минутын үед төрсөн дүү Н- гар утсаа оролдоод сууж байхаар нь чи одоо л босож байгаа юм уу, хүүхдэдээ хоол унд хийж өгөхгүй яасан юм бэ гээд хүүг нь аваад гарах гэхэд гаргахгүй байсан. Тэгээд бид хоёр маргалдсан, ээж та хоёр битгий маргалдаад бай гэхээр нь би наад Н-даа хэлээч гэхэд Н- миний хэнтэй юугаа хийнэ үү, чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би түүнийг баруун гараараа нэг удаа алгадсан, ...ээж дүү хоёр маш их уурлаж намайг “зайл” гэхээр нь миний уур хүрч Номиндарийн нүүр рүү баруун гарын алгаар 1-2 удаа алгадсан...” /хх-ийн 43-44/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №2831 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Номиндарийн биед хамрын нурууны шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 34-35/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,
- Илтгэх хуудас /хх-ийн 6/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 15-17/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 61/,
- Шүүгдэгч Ц.Д-ий хувийн байдалтай холбоотой гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-ийн 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-45/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Д- нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 503а тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн дүү Ц.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойд нь гараараа цохиж биед хамрын нурууны шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Номиндарийн “...Миний төрсөн ах Ц.Д- ...хоолоо хийж байхад гаднаас орж ирчхээд “хормойгоо чирсэн хүүхэн, эцэггүй хүүхэд гаргалаа, наад хүүхдээ яаж тэжээх юм” гээд доромжлоод байхаар нь ээжид хандаж наад согтуугаа гарга л даа гэхэд ...ах Д- “чи намайг ингэж хэлж болохгүй шүү” гээд миний толгойн зүүн хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа хүчтэй савж цохихоор нь хүүхдээ өвөр дээрээсээ буулгаад ах Д-ийг нэг удаа түлхтэл ах гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиход би газар унасан. ...Дараа нь би нагац ах руугаа залгах гээд утсаа авахад миний нүүр рүү нэг удаа цохиход миний хамраас цус гарсан...” /хх-ийн 25-26/ гэсэн, гэрч Т.Ц-гийн “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 19-20 цагийн үед Д- согтуу орж ирээд ....ална шүү гээд Номиндарийн нүүр лүү цохиод авах шиг болсон. ...Тэгээд охиноо хартал хамрынх нь хажуугаас цус гараад Н- өөрөө 102 болон 103 дуудаж эмнэлгийн машинтай ганцаараа явсан...” /хх-ийн 28/ гэсэн, гэрч М.Отгонцэцэгийн “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр намайг ажил дээрээ байхад 20 цагийн үед над руу Н- залгаад ах Д- намайг зодчихлоо гээд уурласан...” /хх-ийн 30/ гэсэн, шүүгдэгч Ц.Д-ий “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ...би наад Н-даа хэлээч гэж ээжид хэлэхэд Н- миний хэнтэй юугаа хийнэ чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би түүнийг баруун гараараа нэг удаа алгадсан, ...ээж дүү хоёр маш их уурлаж намайг зайл гэхээр нь миний уур хүрч Номиндарийн нүүр рүү баруун гарын алгаар 1-2 удаа алгадсан...” /хх-ийн 43-44/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №2831 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Ц.Номиндарийн биед хамрын нурууны шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 34-35/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ц.Номиндарийн биед учирсан “...хамрын нурууны шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Д-ий түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Д-ий хохирогч Ц.Номиндарийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Номиндарийн хамрын нурууны шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эмчилгээний зардал 200,000 төгрөг өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 61/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрч хохирол төлбөрийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2110009970417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Д- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С- овогт Ц-гийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-гийн Д-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2110009970417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Д- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР