Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2017/00822/И |
Дугаар | 1278 |
Огноо | 2017-05-31 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1278
Ч.Хонгорзулын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/00975 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Хонгорзулын,
Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ч.Хонгорзул
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Зоригтбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн санал авахад нь амины орон сууц, газраа 600 000 000 төгрөгөөр, 3 өрөө орон сууцаа 250 000 000 төгрөгөөр үнэлж саналаа өгсөн. 3 өрөө орон сууцыг миний өгсөн саналын дагуу үнэлсэн. Харин амины орон сууц, газрыг Итгэлт Эстимейт ХХК нь 310 403 400 төгрөгөөр үнэлсэн байсан бөгөөд энэ үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар ирүүлсэн ба түүнээс хойш 1 хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдаа болох талаар надад мэдэгдсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үнэлгээтэй танилцах гэсэн боловч шийдвэр гүйцэтгэгчтэй таарахгүй зөрсөөр байгаад танилцаж чадаагүй. Би үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр авсан. Улмаар 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан. Иймд амины орон сууц, газрыг 310 403 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1096 дугаар захирамжаар Ч.Хонгорзул, О.Энхцогт нараас 265 782 474 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Ч.Хонгорзул, О.Энхцогт нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан.
Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч болон хамтран өмчлөгч нараас үнийн санал авсан. Төлбөр төлөгч нарын хувийн сууц, газрын үнийн саналыг төлбөр авагч Хаан банк зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу үнэлүүлсэн. Хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн бодит үнийг тогтоолгоход амины орон сууц, газар нь 310 403 400 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Ч.Хонгорзул, О.Энхцогт нарт 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/38025 тоот мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/39427, 3/39428 тоот мэдэгдлүүдийг тогтоолын хамт мөн л баталгаат шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлсэн. Төлбөр төлөгч нь хаяг дээрээ амьдардаг, хүүхдээ хараад гэртээ байдаг тул шууданг байнга хүлээн авдаг байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Ч.Хонгорзулын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015215 бүртгэлтэй Баянзүрх 13 дугаар, Алтантэвш АОС гудамжны 63 тоотод байрлах 360 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204009274 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг 310 403 400 төгрөгөөр үнэлсэн Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Хонгорзулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Хонгорзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны №260 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээч томилсон талаар мэдэгдээгүй тул нэхэмжлэлд хавсаргаж өгөх баримт байгаагүй ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэгчидтэй удаа дараа уулзсаны үндсэн дээр холбогдох баримтуудыг шийдвэр гүйцэтгэгчээс гаргуулж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Шүүхийн шүүгчийн 2016 оны №260 дугаар захирамж нь хуулбар хувиар хэргийн материалд авагдсан ба шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх захирамжийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Төмөрцэцэгт итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "шүүх хуралдаан хойшлуулах тухай" хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байхад хууль зүйн үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч сонгох авах, өмгөөлөгчөө өөрчлөх, хууль зүйн туслалцаа хэдийд ч авах эрхтэй байтал уг эрхээр минь хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч Ч.Хонгорзул нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1096 дугаар захирамжаар Ч.Хонгорзул, О.Энхцогт нараас 266 751 247.5 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 4/
Төлбөр төлөгч Ч.Хонгорзул нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Ч.Хонгорзул, О.Энхцогт, Ч.Мөнхзул нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 17 дугаар байрны 6 тоотод байрлах 115 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Ч.Хонгорзулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар, Алтантэвш АОС гудамж, 63 тоотод байрлах 360 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг, өмчлөх эрхийн Г-2204009274 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газар зэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 178/2645, 178/1096 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 178/2645, 178/1096 дугаар тогтоолоор тус тус хурааж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 190 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 35-37, 41-44, 51/
Төлбөр төлөгч Ч.Хонгорзул нь дуудлага худалдаагаар худалдан борлуулах эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгчийн санал болгосон үнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосон ажиллагаа нь зөв боловч шинжээч нь хуульд заасны дагуу үнэлгээг хийгээгүй байх тул үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байна.
Итгэлт эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээг 3 төрлийн аргаар тооцож үзсэн гэх боловч жиших хандлагын аргаар хэрхэн тодорхойлсон болох нь тодорхойгүй, энэ талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй байна. Мөн үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгө нь гаражтай байх бөгөөд гаражийг үнэлсэн боловч үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээнд тусгагдаагүй байх тул уг үнэлгээгээр зах зээлийн үнэлгээг тогтоосон гэж үзэх боломжгүй.
Иймд үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч Ч.Хонгорзул нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүх нотлох баримт дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нотлох баримт дутуу байх нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүргийн хүрээнд баримтыг бүрдүүлэх боломжтой юм. Шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болоогүй байхаас гадна нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа тасалдсан байдал болон түүнийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхаарч дүгнээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/00975 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.3” гэснийг “115.2.1” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дэх хэсэгт заасныг үндэслэн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015215 бүртгэлтэй Баянзүрх 13 дугаар, Алтантэвш АОС гудамжны 63 тоотод байрлах 360 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204009274 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг 310 403 400 төгрөгөөр үнэлсэн Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Хонгорзулд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Хонгорзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ш.ОЮУНХАНД