Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0195

 

 

 

               “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч,

Нэхэмжлэгч: “Э” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын XV-017718, XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 128/2022/0424/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-017718, XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...Ашигт малтмалын хайгуулын XV-017718, XV-019412 дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. Нэхэмжлэгчид Завхан аймгийн Ургамал сумын нутаг Тос нэртэй газарт 42,618.82 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-017718 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 292 дугаартай шийдвэрээр олгож, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон, Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ сумдын нутаг “Од” нэртэй газарт 28,545.44 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1055 дугаартай шийдвэрээр олгож, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон тус тус тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулахаар хариуцагч байгууллагад бичгээр болон биечлэн хандаж байсан.

3.2. Завхан аймгийн ургамал сумын нутаг “Тос” нэртэй газарт 42,618.82 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-017718 дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө холбогдох бичиг баримтын хамт хандах байсан. Гэтэл тухайн цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 тахал өвчин манай улсад дэгдэлт нь дэлгэрч төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа тасалдаж, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Улсын онцгой комисс эрх бүхий байгууллагаас тушаал шийдвэрүүд гарч тэг зогсолт хүртэл хийгдсэн. Энэ хугацаанд төрийн болон хувийн байгууллагууд дотооддоо журам, шийдвэрүүдийг гаргаж, цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор үйл ажиллагаагаа хязгаарлаж байсан. Энэ нөхцөл байдлуудаас шалтгаалж манай байгууллага орон нутагт зорчих хөдөлгөөн хязгаарласан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг холбогдох баримтыг орон нутгийн албан тушаалтантай хянуулж батлуулах зэрэг хүндрэлтэй болсон, мөн төрийн захиргааны байгууллага нь “энэ хүнд нөхцөл байдалд хөл хорионы дэглэм энгийн болох үед нэгдсэн зохион байгуулалтаар хугацааны хэтрэлт болон хүндэтгэн үзэх шалтгаантай материалуудыг хүлээн авч шийдвэрлэх болно” гэж бичиг хэргийн ажилтан нь хэлсэн учир эрх бүхий албан тушаалтын шийдвэрийг хүлээж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хандсан.

3.3. Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ сумдын нутаг “Од” нартай газарт 28,545,44 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хандах байсан. Гэтэл манай байгууллагын эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэх захирал Л.З нь 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд халдвар хамгааллын дэглэм сахиж, тусгаарлалтад орсон байсан бөгөөд энэ өдрөөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч надад төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн сунгалттай холбоотой төлөөлөх эрхийг итгэмжлэл олгож, тусгай зөвшөөрлийн сунгалттай холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгсөн. Мөн л итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ковид-19 халдвар батлагдаж, 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тусгаарлалтад орж, бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал дахин халдвар хамгааллын дэглэм хугацаа сунгагдсан.

3.4. Тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухайд хүндэтгэн үзэх баримт бичгийг үндэслэн төрийн захиргааны байгууллагад хуульд заасан хугацаандаа хандсан боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ “хугацаа хэтрүүлсэн” гэж дүгнэсэн, үүнийг харин ч эсрэгээрээ хугацаа хэтрүүлээгүй, хэтрүүлсэн гэж дүгнээд буй бичиг хэргийн бүртгэлийн дэвтэрт 10-ны өдөр ирсэн албан бичгийг 11-ний өдөрт бүртгэлд авсан тухай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараар тодорхой болсон, үүнээс гадна хуульд заасан холбогдох бусад баримт бичиг баримт буюу мөнгө тушаасан баримт мөн 10-ны өдрөөр тогтоогдож байдаг. Эдгээр хүндэтгэн үзэх нөхцөл байдал, шүүхэд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон нийтэд илэрхий нөхцөл байдлаар тогтоогдсон атал анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

3.5. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. 

2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Ашигт малтмалын хайгуулын XV-017718, XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын хайгуулын XV-017718 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” шаардлагын тухайд.

3.1. XV-017718 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дотор хугацаа сунгуулах өргөдлийг гаргах үүрэгтэй тухайд талууд маргаагүй.

3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3620 дугаар албан бичгээр “... “Э” ХХК нь XV-017718 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг 2021 оны 03 дугаар сард болон түүнээс өмнө, хойно төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй” гэж шүүхэд мэдэгдсэн, “Э” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаартай албан бичгээр “... Ковид-19 цар тахлын улмаас XV-017718 дугаартай тусгай зөвшөөрлийн  хугацааг сунгуулахаар  цаг хугацаанд нь танай байгууллагад хандаж хүсэлт гаргах боломжгүй байсан, ... хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж сунгалтыг бүртгэж өгөхийг хүсч байна” гэсний хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/560 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь уг тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хариуцагчид бичгээр хандсан эсэх, “удаа дараа буцааж байсан” гэх тайлбарыг нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад “... бичгээр хандсан баримт байхгүй, ... материал дутуу гээд буцаасан” гэж тайлбарлажээ. 

3.3. Дээр дурдсан үйл баримтууд, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Э” ХХК нь XV-017718 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, цаашлаад 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд ч бичгээр гаргаагүй болох нь тогтоогдож байна.

3.4. Нэхэмжлэгчээс “... тухайн үед цар тахлын нөхцөл байдалтай байсан тул тусгай зөвшөөрөл авахын тулд орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих боломжгүй байсан, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчин хариуцсан мэргэжилтнээр хянуулж, Засаг даргаас хяналтыг хийлгэх боломжгүй байсан, нарийвчилсан төлөвлөгөөг хугацаа дуусах хугацаанд орон нутгаас баталж ирүүлдэггүй” гэж тайлбарлах боловч 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаар байхад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хугацаа сунгуулахаар хандаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаанд хамаатуулан ойлгох боломжгүй. Хэдийгээр цар тахлын улмаас удаа дараа хөл хорио тогтоож байсан ч энэ цаг хугацаанд бүхэлд нь хөл хорио тогтоогоогүй, товчхондоо нэхэмжлэгч 10 гаруй сарын дараа хугацаа сунгуулахаар хандсан хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотолж чадахгүй байх тул тусгай зөвшөөрөл дуусгавар болсон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх боломжгүй.

3.5. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилсан, нэхэмжлэгч хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдлөө гаргаагүйн улмаас XV-017718 дугаартай тусгай зөвшөөрөл дуусгавар болж эрх зүйн үйлчлэлгүй болсон тул Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/560 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгснийг буруутгах үндэслэлгүй байна.  

3.6. Иймд хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх хуульд заасныг зөрчин тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нь зүйд нийцэхгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

4. Нэхэмжлэгчийн XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “... нэхэмжлэгч компанийн захирал Л.З болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч нарын эмнэлгийн магадалгаанаас үзвэл хуульд заасан хугацааны дотор хүсэлт, холбогдох баримтуудаа гаргах талаарх нэхэмжлэгчийн үүргээс чөлөөлөгдөх шалтгаан болохгүй” гэж дүгнээд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

4.1. Тодруулбал, XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгасан, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хугацаа сунгуулах өргөдлийг гаргах үүрэгтэй тухайд талууд маргаагүй.

4.2. “Э” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “... итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч Ковид-19 оноштойгоор тусгаарлагдаж эмчилгээнд орсны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардагдах материалыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд хүлээлгэн өгч чадаагүй, иймд XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг хүлээн авч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гээд Ү.Чгийн шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгааг хавсаргасан байна. Хариуцагч уг албан бичгийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэн аваад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/5077 дугаар албан бичгээр “... хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд гаргаагүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

Мөн “Э” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаартай албан бичгээр “... Ковид-19 цар тахлын улмаас XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн  хугацааг сунгуулахаар хугацаандаа хандаж хүсэлт гаргах боломжгүй байсан, ... Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн сунгалтыг бүртгэж өгөхийг хүсч байна” гэсний хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/560 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн байна.

4.3. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгахаар, 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаж, түүнд холбогдох баримтыг хавсаргахаар, 22.2-т захиргааны байгууллага мөн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэхээр, 22.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэхээр тус тус хуульчилсан.

4.4. Дээрхээс үзвэл хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг, баримтын хамт гаргах үүрэгтэй боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгогдсон эрх нь уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хамгаалагдах тул XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх үед хугацааг нь сунгуулах өргөдөл гаргасныг хариуцагчаас шийдвэрлэхгүйгээр эрхийг нь хязгаарлах боломжгүй бөгөөд хариуцагчид өргөдлийг шийдвэрлэхгүй байх эрхийг хуулиар олгоогүй. 

4.5. XV-019412 дугаартай тусгай зөвшөөрөл нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байх тул энэ хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан энэ тохиолдолд хариуцагч өргөдлийг хүлээн авахаас татгалзах бус өргөдлийг хүлээн авч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл сунгахаас татгалзсан шийдвэр гаргах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, тогтоосон хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллагад хуулиар олгоогүй бөгөөд “хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргаагүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүйн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

4.6. Иймд хариуцагч XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах үндэслэлтэй байна.

5. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.  Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 53 дугаар зүйлийн 53.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын XV-019412 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулсугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ШҮҮГЧ                                              А.САРАНГЭРЭЛ     

           ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАА

                      ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН