Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

    2021         5          25                                    

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Чинзориг, хохирогч Э.П-, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, Ч.Өнөржаргал, шинжээч И.Базаррагчаа, иргэний хариуцагч Б.Энхчимэг, шүүгдэгч Ю-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Д.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ю-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003004460025 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлал мэргэжилтэй, “Монгол Хьюндай Киа сэлбэг сервис” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ю овогт Ж

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю- 2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 25 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Маршалын гүүрний арын уулзвар дээр Волксваген Тоурег маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас 34-92 УБ улсын дугаартай Husqvarna Svartpiley 701 маркийн мотоциклтой мөргөлдөн улмаар жолооч Э.П-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч Э.П-: “...2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 9 цаг өнгөрч байхад Энкано-д байх гэрээсээ клубийн уулзалтад очих гэж гарсан. И мартын уулзвар дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь цааш хөдөлж явсан. Миний хувьд дүрмээрээ явж байхад хар машин гэнэт гарч ирсэн. Би мотоциклийнхээ тоормосыг байдаг чангаараа атгасан боловч ямар ч арга байхгүй тухайн машины урд талыг мөргөсөн. Үйл явдал хурдан болсон. Одоо бол тухайн үйл явдлыг бүрэн сайн санадаггүй. Миний санаж байгаагаар мотоциклийнхээ тоормосыг бүрэн атгаад гулссанаа санадаг, хамар дээгүүр нь үсэрч байгаагаа санадаг, өвдөж байснаа санадаг, хамар дээгүүр нь даваад буусан. Эргэн тойронд ямар хүмүүс байсныг мэдэхгүй, осол болсон тул тэр хавийн хөдөлгөөн хаагдсан. Бусад хүмүүс гарч ирээд энэ хүнтэйгээ уулз гэсний дагуу осол гаргасан машины жолооч гарч ирсэн. Доошоо харж хэвтээд дээшээ харж чадахгүй, ямар нэгэн юм хугарсан, болохгүй байна гэж мэдсэн. Өвдөлт намдах байх гэж бодсон, намдаагүй, түргэн тусламжийн машинаар эмнэлэг явсан. Гэмтэл согог үндэсний төв дээр очиход эргүүлж харуулаад эхо болон рентген зураг авах гэхэд өвдөлтдөө болоод өвдөлтийн шоконд орж эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн. Эрчимт эмчилгээний тасагт 2 хоног, энгийн тасагт 3 хоног хэвтээд хагалгаанд орсон. Миний бие эрүүл мэндийн хувьд давсгийн хана цооролттой тул оёсон, шээсний сүв урагдалтай тул оёсон. Хэвлийн дотор булчин оёсон, хярзангийн булчин оёсон, катьетртай 54 хоног, хэвтэрт 50 хоног байсан. Хагалгааны дараах хүндрэлд шээс барьдаг булчин бүрэн барьдаггүй хагас барьдаг, одоо хүртэл шээс барьдаггүй тул эмчилгээ хийлгэж байгаа. Нийгмийн харилцаанд ороход хэцүү тул тогтмол памперстай явдаг. Хоёр дахь хагалгааны дараах хүндрэлд аарцаг задарсан тул аарцагаа 65 миллиметрийн урттай 3 ширхэг хадаасаар хадсан. Аарцаг салсан тул аарцгийн хойд талын уулзвар үе дээр үений тогтворгүй байдал үүсэж, хазганаж явах удаан хугацаагаар явж болохгүй байдал үүссэн тул 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 3 сарын хугацаагаар тогтоолгосон. Хохирлын хувьд эрүүл мэндэд 10.000.000 орчим төгрөг, мотоциклийн хохиролд 11.000.000 төгрөгийн хохирол учирсан тул гомдолтой. Нийт хохирол 28.568.759 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Иргэний хариуцагч Б.Энхчимэг: “...Миний машиныг Ю- ажлын шаардлагаар авч явдаг. Тухайн өдөр би өөрөө зөвшөөрч машинаа өгсөн. Осол болсны дараа осол болсон талаар над руу залгаж ярихад нь би мэдэж, очсон. Миний машинд эвдрэл гэмтэл гарсан, “Таван богд” ХХК дээр үнэлгээ өндөр гарсан хэдий ч зах зээлийн үнэлгээ бага гарсан. Би машинаа засаагүй байгаа. Дүгнэлтээр гарсан байгаа төлбөрийг нэхэмжилнэ. Хохирогчийн төлбөрийг шүүгдэгчийн зөв буруутай үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжилнэ...” гэв.

 

Шинжээч И.Базаррагчаа: “...Солонгос Улсын иргэнийг Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөн гэдэг. Ямар тайлбар хэлдэг бэ гэхэд гэрлэн дохиотой зохицуулдаг уулзвар дээр ногоон ба улаан гэрэл асдаг. Улаан гэрэл асаж байгаа тээврийн хэрэгсэл уулзвар руу ордоггүй. Уулзвар нь замын дугуйрсан хэсгийг хооронд нь холбосон талбайг хэлдэг. Талбай дээр зогсдоггүй, зам тавьж өгөөд чөлөөтэй болсон үед нь нэвтэрч ордог.

Гэрлэн дохио байхгүй бол адил замын уулзар болдог, адил замын уулзвар дээр 4 талаас зэрэг машин ирэхэд баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгдөг. Бусад улсын дүрэмд хэн эхэлж ирсэн нь эхэлж нэвтэрдэг. Тэгэхээр огтлолцол үүсдэг. Монгол Улсад гол ба туслах зам гэсэн дүрэмтэй.

Гол замд зорчиж байгаа тээврийн хэрэгсэл давуу эрхтэй, туслах замын тээврийн хэрэгсэл давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Зам тавьж өгөхдөө тухайн гол замаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг, хурд хоёрыг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнийг эхлэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн уулзвар руу орох ёсгүй. Энэ хэрэгт Солонгос улсын иргэн уулзвар руу орсон байна. Уулзвар дээр ороод автомашин зогсох, хүлээх байдал үүсээд нэвтэрч гарч чадахгүй нөхцөл байдал үүсэх юм бол уулзвар руу орохыг хориглодог.

Зам тавьж өгөх үйлдэл хийхдээ буруу хийсэн. Өөрөөр хэлбэл гол замаар явж байгаа давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байж уулзвар руу орсон байна. Энэ хүний хувьд Монгол хэлийг муу мэдэж байгаа хүн манай орны замын хөдөлгөөний дүрмийн заалтыг сайн мэдэхгүй байх магадлалтай, тэр битгий хэл Монголчууд өөрсдөө ч Замын хөдөлгөөний дүрмээ сайн мэддэггүй. Зам тавьж өгөх нь түр зогсолт биш. Хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй өөрөө замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.

Тээврийн хэрэгсэл байхгүй байна гэж бодоод явсан байна. Тээврийн хэрэгсэл гарч ирэхэд тухайн хүн тоормослохоос өөр арга байхгүй. Тоормослоод зогсонгуут осол гарсан.

Шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөн болохоор осол болсон. Хурдыг би тодорхойлох боломжгүй. Яагаад гэвэл камерын бичлэгээр хурдыг тодорхойлоход тусгай мэдлэг хэрэгтэй.

Хэрвээ мотоциклийн хурдыг 72 км цагийн хурдтай гэж мэргэжлийн хүн тооцсон бол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл. Энэ талаар мэдлэг хүрэхгүй тул би энэ тал дээр бичээгүй. 72 км цагийн хурдтай явж байгаа хүн тоормосолбол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тоормосны 3 зам байдаг. Жолоочийн реакцийн хугацаа, тоормосны эд анги ажилладаг хугацаа, дугуй эргэхээ болиход автомашин зогсох зай хүртэлх хугацаа байдаг. Реакци гэдэг дээр хүнээс болдог тул засах боломж байхгүй. Бид хараад зогсох боломж байхгүй, дутагдалтай. Жишээлбэл дөнгөж жолооч болсон хүн бол маш урт хугацааг туулна. Яагаад гэвэл дадал болоогүй байдаг. 5-20 жил жолоо барьсан хүн бол хамгийн богино байдаг. 20 жилээс дээш болохоор насны эрхэнд урт болоод явдаг. Дунджаар 0,8 секунд километр гэж онол дээр тооцдог. Тоормосыг базахаар эд анги нь ажиллана. Тоормосыг ажиллуулангуут эд анги таталдана. Түүнийг дунджаар 0,2 секунд гэж үздэг. 0,2 секундээс их байхыг хориглодог. Энэ нь нийлээд 1 секунд болж байгаа. 72 километр цагийн хурдтай явж байгаа хүн энэ хугацаанд 20 метрт автомашин огт зогсохгүй гэсэн үг. 72 километр цагийн хурдтай явж байгаа инерц бол асар их инерц. Тухайн инерцээр зам дээр гулсаад яваад байдаг. Хэрэв ямар нэгэн нэмэлт өөр зогсоох үйлдэл хийхгүй бол 25 метр явна. АБС тоормос гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг чигээр нь зогсоодог үйл явц. Хэрвээ тоормос нь муу ажилладаг машин байсан бол мөргөхгүй шарваад газар унах байсан. Бичлэгээс харахад тээврийн хэрэгслийн хурдад ялимгүй өөрчлөлт гарч байгаа (миний нүдний хараагаар). Тухайн тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ авч байх шиг байсан. АБС-тай тоормосны системтэй машин бол хамаагүй богинохон замд зогсдог бөгөөд чигээрээ зогсдог тээврийн хэрэгсэл. Мөр гарахын хувьд гардаггүй. 80 километр цагаас дээш хурдтай явсан тээврийн хэрэгсэлд мөр гардаг. Ялангуяа мотоцикл дээр мөр бүр ч гарахгүй. Зам тээврийн ослын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын онолоор зам тээврийн ослыг хэн гаргасан шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 гэсэн заалтыг зөрчсөн нь энэ ослыг гаргах шалтгаан болж байгаа. Мотоцикл хурд хэтрүүлсэн нь учрах гэмтлийн зэргийг нэмэгдүүлэх шалтгаан. /Энэ нь албан ёсны хариулт биш, яагаад гэвэл энэ талаар би мэдэхгүй/ Магадгүй удаан явсан бол зогсож болно. Манайхан дээр гардаг нийтлэг алдаа нь яг энэ тохиолдол дээр болдог. Мөргөх үеийн хурд, хөдөлгөөнд оролцож байсан үеийн хурд дээр маргаан гардаг. Дундаж хурд 72 километр цагийн хурд гарна гэдэг бол дүрэм зөрчсөн гэж үзнэ...” гэв.

 

Шүүгдэгч Ю-: “...Их Монгол плаза-гийн байранд байрлах хүнсний дэлгүүрээс хүнсээ аваад гэр рүүгээ явах замдаа Маршал таун хотхон руу эргэх гээд зогсож байсан. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан, өглөө 9 цаг 30 минутад байсан ба тухайн үед цаг агаар цэлмэг байсан. Гэр рүү эргэх гээд зогсож байхад гүүрнээс хот руу явах чиглэлд 3 машин явж байсан. Машин дохио өгөхөөр нь нөгөө машиныг эргэх гэж байна гэж бодоод тухайн машиныг түрүүлээд яваг гэж бодсон. Тухайн үед ямар ч машин байгаагүй. Дохио өгөөд нөгөө машины жолоочтой нүдээрээ харилцаад эргэх гэсэн цаанаас нэг мотоцикл ирээд осол гарсан. Би 1991 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байна. Тухайн үед мотоциклийг хараагүй байсан, мотоцикл маш хурдтай орж ирсэн. Намайг энэ гэмт хэрэгт яллагдагч гэж байна. Мотоцикл жолоодож байсан хүний буруу тогтоохгүй байгаад харамсаж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Э.П- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун-д байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн “Husqvarna Svartpiley” маркийн мотоциклоо унаад клубынхэнтэйгээ уулзахаар гараад И-март дэлгүүрийн уулзварын улаан гэрлэн дохион дээр зогсоод ногоон гэрэл дохио асангуут ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал Маршалын гүүрний арын уулзвар “Ривэр гарден” хотхон талаас нэг машин гараад ирсэн. Тэгээд би замын 2 дугаар эгнээгээр явж байсан болохоор чигээрээ очоод мөргөөд үсрээд тухайн машины цаад талд уначихсан байсан...” /1-р хх-ийн 33-34, 35-36/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Б.Энхчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол Хьюндай ХХК-д менежерээр ажилладаг. Волксваген Тоуарэг маркийн 52-25 УБӨ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ...захирал Ю- гадуур ажилтай, машинаа түр өгчих гэхээр нь би өөрийн эзэмшлийн машинаа өгсөн...” /1-р хх-ийн 97 гэсэн,

 

Гэрч Ча Жунг Сук мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн орчим нөхөр Ю--тай хамт Их Монгол плазад байдаг дэлгүүрээс хүнсний зүйлээ цуглуулах гээд гарсан. Тэгээд 08 цаг 50 минутын орчим дэлгүүр орж хүнсээ цуглуулчхаад 9 цаг өнгөрөөгөөд нөхөр Ю- 52-25 УБӨ улсын дугаартай машинаа унаад Ривер гарденаас Маршалын арын уулзвар руу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад Маршал таун руу явж байсан чиглэлийн зүүн тийш эргэх уулзвар дээр зогсож байсан юм. Тэгээд зогсож байхад манай машины араас машинууд сигналдаад байхаар нь хойноос машин байхгүй болохоор нь уулзвар руу ортол урдаас хоёр машин ирж байсан. Тэгээд тухайн ирж байсан машинуудыг өнгөрөөгөөд араас нь уулзвар руу зүүн гар тийш эргэх гээд зорчих хэсгийн 1 болон 2 дугаар эгнээнд хөндлөн зогсож байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй нэг мотоцикл ирээд манай машины зүүн урд хэсэг рүү мөргөхөд машины аваарын дэр гарч ирэн үзэгдэх орчныг хязгаарласан. Тэгтэл машины баруун талын цонхоор хартал нэг хүн хэвтэж байсан...” /1-р хх-ийн 103/ гэсэн,

 

Шинжээч И.Базаррагчаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тээврийн хэрэгслийн бүрэн зогсолт гэдэг нь тээврийг хэрэгслийг тоормослож зогсоох үеийг, бүрэн зогсолтын зай гэдэг нь жолооч саадыг харснаас эхлээд тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох хүртэл явсан зайг хэлнэ. Энэ зай нь дотроо хэд хэдэн зайнаас бүрддэг. Жолооч саадыг хараад ямар нэгэн арга хэмжээ авах хүртэл хугацаанд явсан замыг жолоочийн реакцийн хугацаанд явсан зам гэж нэрлэдэг. ...Энэ хугацаа дунджаар 0,8 сек үргэлжилнэ. ...Тоормосны систем ажиллах хугацаа нь дугуй эргэхээ болих хүртэл үргэлжлэх ба 0,2 секунд байна. Жолоочийн реакцлах хугацаа болон тоормосны системийн ажиллах хугацаа нийлээд 1 секунд болно. ...36 км/цаг хурдтай явж байгаа машин 1 секундад 10 м явна, 60 км/цаг хурдтай явж байгаа бол 16,6 м замыг туулна, 80 км/цаг хурдтай бол 22,2 м замыг туулна. Гэхдээ энэ зай бол дундаж зай, жолоочийн биеийн онцлогоос хамаарч өөрчлөгдөж болох бөгөөд энэ үед тээврийн хэрэгсэл ямар нэгэн зогсох шинж тэмдэг үүсэхгүй. ...Тухайн мотоциклийн жолооч бүрэн зогсолт хийж амжаагүй. Учир нь зам тавьж өгөх үйлдлийг буруу гүйцэтгэсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. ...Волксваген Тоуарэг машины жолооч ...давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгөхдөө давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний чиглэл, хурдыг өөрчлөхгүйгээр уулзвар руу оролгүйгээр хүлээж байх ёстой боловч зам тавьж өгөх үйлдлийг буруу хийснээс уулзвар руу орох давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчид саад болсон. Уулзварт орж зогссон нь бусад давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчоос болоод хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлж чадахгүй зогсож байгаа боловч мотоциклд зам тавьж өгөлгүй хөдөлгөөнд нь саад болсон...” /1-р хх-ийн 106-107/ гэсэн,

 

Шүүгдэгч Ю- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 20 минутын үед МК супермаркетаас хүнсээ цуглуулчхаад эхнэртэйгээ хамт гэр рүүгээ явах гээд Ривер Гарден хотхоноос Маршал таун хотхон руу баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад Маршалын гүүрний арын уулзвар дээр ирээд хойшоо эргэх гээд замаас нэг машин эргэх дохио өгөөд зогсохоор нь би тухайн машиныг намайг яв гэж байна гэж ойлгоод хойшоо эргэх гээд зам руу ороод цааш явах гэхэд гэнэт ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглээд нэг мотоцикл ирж мөргөлдсөн, дараа нь машинаасаа буух гэтэл миний машины хаалга онгойхгүй байхаар нь хаалгаа хүчээр түлхэж онгойлгоод надтай мөргөлдсөн мотоциклийн жолооч дээр очсон. Намайг машинаас буухад мотоциклийн жолооч миний автомашины баруун урд талд газар хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн...” /1-р хх-ийн 215/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний хойд уулзварт болсон ба уг зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, уулзвар дээр, зохицуулагддаггүй, явган хүний гарцтай үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаарын байдал тогтуун, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, эгнээний тоо 4, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, зам байв...” /1-р хх-ийн 11-12/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-н өдрийн №9988 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.П-гийн биед давсагны урд хана, шээсний сүв, шулуун гэдэсний цагираг булчингийн урагдал, дотуур цус алдалт, умдаг ясны хугарал, гадна бэлэг эрхтэн, шодой, хуйхнаг, баруун, зүүн гуя, өгзөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна.  

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 110-112/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №3943 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн сиди-д бичигдсэн “River Garden-Camera-01-2020-08-29_09h26min10s000ms.asf” гэсэн нэртэй дүрс бичлэг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. 

2. Шинжилгээнд ирүүлсэн “River Garden-Camera-01-2020-08-29_09h26min10s000ms.asf” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн мотоцикл нь дэлгэцийн баруун захын авто замын эгнээний хилийн тэмдэглэгээний зүүн талаас мөргөлдсөн цэгийн дэлгэцийн баруун талын эгнээний хилийн тэмдэглэгээний зүүн үзүүр хүртэлх зайг 45 /framemart/ кадр буюу 00:00:01.800 секундийн хугацаанд туулж өнгөрч байна...” /1-р хх-ийн 154-158/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №4038 дугаартай дүгнэлтэд: “...1. Тогтоолд дурдсан гэрлийн шонгийн хоорондын зай нь шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн мотоциклийн явсан газрын хугацааны байрлалыг тогтоосон цэгийн байрлалаас өөр тул дээрх хэмжилтүүдээр хурдыг тогтоох боломжгүй байна.

2. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдох бүхий зүйл илрээгүй...” /1-р хх-ийн 160-164/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №4417 дугаартай дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн сиди бичигдсэн “River Garden-Camera-01-2020-08-29_09h26min10s000ms.asf” гэсэн нэртэй дүрс дүрслэгдсэн мотоциклийн хурд аажим буурч байна...” /1-р хх-ийн 178-183/ гэсэн,

 

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...Хускварна Свартпилен 701 УБ 34-92 улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.  

2. Асаалтын мэдрэгч эвдэрсэн, урд гэрэл хагарсан, гэрлийн суурь хугарсан, урд дугуй хагарсан, жолооны хүрд дугуй хагарсан, эргэлт дамжуулах гинжний таг хагарсан, урд хянах хагарч эвдэрсэн, урд амортизатор тахийж гулзайсан, зүүн гар талын толь хугарсан, эвдрэл гэмтэл байна. Урд их гэрэл хагарч ажиллахгүй болсон тул гэрлийн тусгалын хэмжилт хийгдээгүй.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй ба шинэ гэмтлүүд байх ба ослын үед үүссэн.

4. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба инженерийн ур чадварт тулгуурлан шалгах үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормос хэвийн ажиллаж байна.

5.  Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.

6. Тухайн мотоциклийн баруун зүүн эргэх дохио, тоормосны гэрэл хэвийн ажиллагаатай боловч урд их гэрэл хагарсан эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

7. Тухайн тээврийн хэрэгслийн хянах самбар эвдрэлтэй тул спидометрийн ажиллагааг шалгах боломжгүй байна...” /1-р хх-ийн 119-124/ гэсэн,

 

- 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №159 дугаартай мөрдөгчийн магадалгаанд: “...1. Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэж томьёолсон.

2. Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.  

3. Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю--ы Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй бөгөөд давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чиг өөрчлөхөд нөлөөлсөн, Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П-гийн үйлдэл нь ослын үндсэн шалтгаан бус зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 186-187/ гэсэн,

- 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /нэмэлт/-нд: “...1. Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэж томьёолсон.

2. Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/цаг, суурин газрын гадна цаг 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4417 дугаартай дүгнэлтээр Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд аажмаар буурч байгаа нь жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй гэх үндэслэлгүй байна.

3. Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю--ы Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй бөгөөд давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чиг өөрчлөхөд нөлөөлсөн, Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П-гийн үйлдэл нь ослын үндсэн шалтгаан бус зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” /1-р хх-ийн 188-189/ гэсэн,

 

            - Техникийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №14/16 дугаартай дүгнэлтэд: “...1. Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнийг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад орчны байдал нөлөөлөөгүй.

4. Мотоциклийн хурдыг хавтас хэрэгт авагдсан материалаар үндэслэн тогтоох боломжгүй. Камерын бичлэгээр хурдыг тодорхойлоход тусгай мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн хүн гаргах ба камерын үзүүлэлт, тооцоо хийх программын үзүүлэлт зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай болно. Учир нь камер дээрх дүрсний хурд бодит байдлаас яаж өөрчлөгдөж байгааг тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжлийн хүн, зориулалтын программ ашиглан тогтооно.

5. Бичлэг дээр мотоциклийн хурд өөрчлөгдөж байгаагаас үзэхэд зогсоох арга хэмжээ авсан байх магадлалтай боловч зогсоох арга хэмжээ авсан эсэхийг техникийн шинжээч тогтоох боломжгүй байна.

6. ABS тоормосны системээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл тоормослоход түүний жин, хурдаас хамаарч тасалдсан мөр гардаг.

7.  Байхгүй...” /1-р хх-ийн 193-194/ гэсэн дүгнэлт, магадлагаанууд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 10/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-18, 25-30/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 20-21/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 37-60/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 62-91

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-йн 92-93/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 132-134, 137-146/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 197/

- Ю--ы хувийн байдалтай холбоотой гэрч С.Билэгсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 101/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 219/, боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 220-221/ жолоочийн үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 222/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 223-224/, паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 225-226/, жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 228/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ю--д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ю- нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 25 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Маршалын гүүрний арын уулзвар дээр Волксваген Тоурег маркийн 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас 34-92 УБ улсын дугаартай Husqvarna Svartpiley 701 маркийн мотоциклтой мөргөлдөн улмаар жолооч Э.П-гийн эрүүл мэндэд давсагны урд хана, шээсний сүв, шулуун гэдэсний цагираг булчингийн урагдал, дотуур цус алдалт, умдаг ясны хугарал, гадна бэлэг эрхтэн, шодой, хуйхнаг, баруун, зүүн гуя, өгзөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Э.П-гийн “...2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө ...“Husqvarna Svartpiley” маркийн мотоциклоо унаад клубынхэнтэйгээ уулзахаар гараад И-март дэлгүүрийн уулзварын улаан гэрлэн дохион дээр зогсож байгаад ногоон гэрэл дохио асангуут ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал Маршалын гүүрний арын уулзвар “Ривэр гарден” хотхон талаас нэг машин гараад ирсэн. Тэгээд би замын хоёр дугаар эгнээгээр явж байсан болохоор чигээрээ очоод мөргөөд үсрээд тухайн машины цаад талд уначихсан байсан...” /1-р хх-ийн 33-34, 35-36/ гэсэн, иргэний хариуцагч Б.Энхчимэгийн “...Монгол Хьюндай ХХК-д менежерээр ажилладаг. Волксваген Тоуарэг маркийн 52-25 УБӨ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ...захирал Ю- гадуур ажилтай тул машинаа түр өгчих гэхээр нь би өөрийн эзэмшлийн машинаа өгсөн...” /1-р хх-ийн 97 гэсэн, гэрч Ча Жунг Сук-ийн “...2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ...нөхөр Ю-ы хамт, нөхөр 52-25 УБӨ улсын дугаартай машинаа унаад Ривер гарденаас Маршалын арын уулзвар руу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад Маршал таун хотхон руу явж байсан чиглэлийн зүүн тийш эргэх уулзвар дээр зогсож байсан юм. Тэгээд зогсож байхад манай машины араас машинууд дуут дохио өгөөд байхаар нь хойноос машин байхгүй болохоор нь уулзвар руу ортол урдаас хоёр машин ирж байсан. Тэгээд тухайн ирж байсан машинуудыг өнгөрөөгөөд араас нь уулзвар руу зүүн гар тийш эргэх гээд зорчих хэсгийн нэг болон хоёр дугаар эгнээнд хөндлөн зогсож байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй нэг мотоцикл ирээд манай машины зүүн урд хэсэг рүү мөргөхөд машины аваарын дэр гарч ирэн үзэгдэх орчныг хязгаарласан. Тэгтэл машины баруун талын цонхоор хартал нэг хүн хэвтэж байсан...” /1-р хх-ийн 103/ гэсэн, шинжээч И.Базаррагчаагийн “...Тухайн мотоциклийн жолооч бүрэн зогсолт хийж амжаагүй. Учир нь зам тавьж өгөх үйлдлийг буруу гүйцэтгэсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. ...Волксваген Тоуарэг машины жолооч ...давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгөхдөө давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний чиглэл, хурдыг өөрчлөхгүйгээр уулзвар руу оролгүйгээр хүлээж байх ёстой боловч зам тавьж өгөх үйлдлийг буруу хийснээс уулзвар руу орох давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчид саад болсон. Уулзварт орж зогссон нь бусад давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчоос болоод хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлж чадахгүй зогсож байгаа боловч мотоциклд зам тавьж өгөлгүй хөдөлгөөнд нь саад болсон...” /1-р хх-ийн 106-107/ гэсэн, шүүгдэгч Ю--ы “...2020 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 20 минутын үед МК супермаркетаас хүнсээ цуглуулчхаад эхнэртэйгээ хамт гэр рүүгээ явах гээд Ривер Гарден хотхоноос Маршал таун хотхон руу баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад Маршалын гүүрний арын уулзвар дээр ирээд хойшоо эргэх гээд замаас нэг машин эргэх дохио өгөөд зогсохоор нь би тухайн машин намайг яв гэж байна гэж ойлгоод хойшоо эргэх гээд зам руу ороод цааш явах гэхэд гэнэт ертөнцийн зүгээр хойноос мөргөлдсөний дараа машинаасаа буух гэтэл миний машины хаалга онгойхгүй байхаар нь хаалгаа хүчээр түлхэж онгойлгоод надтай мөргөлдсөн мотоциклийн жолооч дээр очсон. Намайг машинаас буухад мотоциклийн жолооч миний автомашины баруун урд талд газар хэвтэж байсан....” /1-р хх-ийн 215/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №9988 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Э.П-гийн биед давсагны урд хана, шээсний сүв, шулуун гэдэсний цагираг булчингийн урагдал, дотуур цус алдалт, умдаг ясны хугарал, гадна бэлэг эрхтэн, шодой, хуйхнаг, баруун, зүүн гуя, өгзөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 110-112/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны №3943 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Шинжилгээнд ирүүлсэн Сиди-д бичигдсэн “River Garden-Camera-01-2020-08-29_09h26min10s000ms.asf” гэсэн нэртэй дүрс бичлэг нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “River Garden-Camera-01-2020-08-29_09h26min10s000ms.asf” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн мотоцикл нь дэлгэцийн баруун захын автозамын эгнээний хилийн тэмдэглэгээний зүүн талаас мөргөлдсөн цэгийн дэлгэцийн баруун талын эгнээний хилийн тэмдэглэгээний зүүн үзүүр хүртэлх зайг 45 /framemart/ кадр буюу 00:00:01.800 секундын хугацаанд туулж өнгөрч байна...” /1-р хх-ийн 154-158/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны №4038 дугаартай дүгнэлтэд: “...Тогтоолд дурдсан гэрлийн шонгийн хоорондын зай нь шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн мотоциклийн явсан газрын хугацааны байрлалыг тогтоосон цэгийн байрлалаас өөр тул дээрх хэмжилтүүдээр хурдыг тогтоох боломжгүй байна. шинжилгээний явцад хэрэгт ач холбогдох бүхий зүйл илрээгүй...” /1-р хх-ийн 160-164/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны №4417 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн сиди бичигдсэн “River Garden-Camera-01-2020-08-29_09h26min10s000ms.asf” гэсэн нэртэй дүрс дүрслэгдсэн мотоциклийн хурд аажим буурч байна...” /1-р хх-ийн 178-183/ гэсэн,

Мөрдөгчийн 2020 оны №159 дугаартай магадалгаанд: “...Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэж томьёолсон. Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.  Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю--ы Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй бөгөөд давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чиг өөрчлөхөд нөлөөлсөн, Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П-гийн үйлдэл нь ослын үндсэн шалтгаан бус зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 186-187/ гэсэн,

- Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн магадалгаа /нэмэлт/-нд: “...Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэж томьёолсон. Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/цаг, суурин газрын гадна цаг 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4417 дугаартай дүгнэлтээр Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд аажмаар буурч байгаа нь жолоочийг зогсоох арга хэмжээ аваагүй гэх үндэслэлгүй байна. Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю--ы Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй бөгөөд давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чиг өөрчлөхөд нөлөөлсөн, Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П-гийн үйлдэл нь ослын үндсэн шалтгаан бус зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” /1-р хх-ийн 188-189/ гэсэн,

Техникийн шинжээчийн 2021 оны №14/16 дугаартай дүгнэлтэд: “...Волксваген Тоуарег 52-25 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч БНСУ-н иргэн Ю- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнийг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй байна...” /1-р хх-ийн 193-194/ гэсэн магадлагаа, дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-18, 25-30/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 37-60/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 197/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ю--д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.П-гийн эрүүл мэндэд давсагны урд хана, шээсний сүв, шулуун гэдэсний цагираг булчингийн урагдал, дотуур цус алдалт, умдаг ясны хугарал, гадна бэлэг эрхтэн, шодой, хуйхнаг, баруун, зүүн гуя, өгзөг зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол учирсан хохирогч Э.П- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал 7,614,566 төгрөг /1-р хх-ийн 67-90/, шүүхийн шатанд 2,903,477 төгрөг, нийт эмчилгээний зардалд 10,518,043 төгрөгийг баримтаар, эд хөрөнгийн хохиролд мотоциклийн үнэ болох 10,957,000 төгрөг /1-р хх-ийн 133/, нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 21,457,043 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн болно.

 

Шүүх эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой зардлаас 1-р хх-ийн 66-р талд авагдсан нурууны бүс авсан гэх 95,000 төгрөг, И-март худалдааны төвөөс хүнсний зүйл худалдаж авсан 12,420 төгрөг, 1-р хх-ийн 74-р талд авагдсан 220,000 төгрөгийн Голомт банкинд тушаасан гэх баримт, 1-р хх-ийн 86-р талд авагдсан бөөрний бүс авсан гэх 45,990 төгрөг, нийт 373,410 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хасаж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж,

шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтаас нүдний эмчилгээ хийлгэсэн гэх 350,000 төгрөг, 75,000 төгрөг, нийт 425,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, хохирогчийн эмчилгээний зардалд 9,719,633 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 10,957,000 төгрөг буюу нийт 20,676,633 төгрөгийг хохиролд тооцсон болно.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан, иргэний хариуцагч Б.Энхчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Би “Монгол Хьюндай” ХХК-д менежерээр ажилладаг. Волксваген Тоуарэг маркийн 52-25 УБӨ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ...захирал Ю- гадуур ажилтай, машинаа түр өгчих гэхээр нь би өөрийн эзэмшлийн машинаа өгсөн...” /1-р хх-ийн 97, шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэж мэдүүлснээс үзэхэд гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг иргэний хариуцагч Б.Энхчимэг хариуцан арилгах үүрэгтэй, иргэний хариуцагч Б.Энхчимэг нь өөрт учирсан хохиролтой холбоотой гарсан зардал болон өөрийн Волксваген Тоуарэг маркийн 52-25 УБӨ улсын дугаартай автомашинтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутайд этгээд болох шүүгдэгч Ю--аас нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д хохирогчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ.

Мөрдөгчийн 2020 оны №159 дугаар магадалгаанд: “...2. Хускварна Свартпилен 701 маркийн 34-92 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км/цаг, суурин газрын гадна цаг 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн...” гэсэн /1-р хх-ийн 186-187/,

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч И.Базаррагчаагийн “...Хэрвээ мотоциклийн хурдыг 72 км цагийн хурдтай гэж мэргэжлийн хүн тооцсон бол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл. Энэ талаар мэдлэг хүрэхгүй тул би энэ тал дээр бичээгүй. 72 км цагийн хурдтай явж байгаа хүн тоормосолбол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. 72 километр цагийн хурдтай явж байгаа инерц бол асар их инерц. Тухайн инерцээр зам дээр гулсаад яваад байдаг. Хэрэв ямар нэгэн нэмэлт өөр зогсоох үйлдэл хийхгүй бол 25 метр явна. АБС тоормос гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг чигээр нь зогсоодог үйл явц. Хэрвээ тоормос нь муу ажилладаг машин байсан бол мөргөхгүй шарваад газар унах байсан. Бичлэгээс харахад тээврийн хэрэгслийн хурдад ялимгүй өөрчлөлт гарч байгаа (миний нүдний хараагаар). Тухайн тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ авч байх шиг байсан. АБС-тай тоормосны системтэй машин бол хамаагүй богинохон замд зогсдог бөгөөд чигээрээ зогсдог тээврийн хэрэгсэл. Мөр гарахын хувьд гардаггүй. 80 километр цагаас дээш хурдтай явсан тээврийн хэрэгсэлд мөр гардаг. Ялангуяа мотоцикл дээр мөр бүр ч гарахгүй. Зам тээврийн ослын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын онолоор зам тээврийн ослыг хэн гаргасан шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 гэсэн заалтыг зөрчсөн нь энэ ослыг гаргах шалтгаан болж байгаа. Мотоцикл хурд хэтрүүлсэн нь учрах гэмтлийн зэргийг нэмэгдүүлэх шалтгаан. Дундаж хурд 72 километр цагийн хурд гарна гэдэг бол дүрэм зөрчсөн гэж үзнэ...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ мэдүүлэг зэргээс дүгнэхэд гэмт хэрэг гарахад хохирогч хурд хэтрүүлсэн, улмаар өөрт учирсан хохиролд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэн, Иргэний хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нараас хувь тэнцүүлэн гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүх хохирлыг иргэний хариуцагч, хохирогч нараас гаргуулахдаа 80% х 20% хэмжээтэйгээр буюу иргэний хариуцагч Б.Энхчимэгээс 80 хувьтай тэнцэх хэмжээний буюу 16,541,306 төгрөгийн хохирлыг, хохирогч Э.П-гээс 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 4,135,327 төгрөгийн хохирлыг тус тус хариуцуулж тооцсон болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа иргэний хариуцагч хохирол төлөхөөр завсарлага авч, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Э.П-д 16,541,306 төгрөгийг төлсөн тул /шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт/ энэ шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаас гаргуулах төлөх төлбөргүй болно.  

 

Шүүгдэгч Ю- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийтгэх тогтоол гарах үед төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ю--ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю--д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 2003004460025 дугаартай хэрэгт хураагдаж сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Ю--ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №100777 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ю- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.П- гомдолтой гэснийг тус тус дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал “...Хохирогч Э.П- тухайн мотоциклийг 35 сая төгрөгөөр худалдаж авсан, энэ тухай баримт хэрэгт авагдсан бөгөөд одоо тухайн мотоциклийг засаад унах боломжгүй гэж үзэж байгаа учир тухайн мотоциклийг шүүгдэгч Ю--д шилжүүлэн өгөөд мотоциклын үнэ 35,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Ю- “...Мотоциклийг авах боломжгүй, хохирогч өөрөө ч гэсэн буруутай, энэ хүний буруу тогтоогдоогүй тул мотоциклийн хохирлыг төлөх боломжгүй...” гэсэн санал, тайлбар гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн мотоциклд учирсан хохирлыг тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлан, техникийн шинжээчийн дүгнэлт гарсан, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол байх тул мотоцикл худалдаж авсан үнэ болох 35,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                     

1. Шүүгдэгч Ю овогт Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ю-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Ю--д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ю-д тэнссэн хоёр жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.

 

          5. Эрүүгийн 2003004460025 дугаартай хэрэгт хураагдаж сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Ю--ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №100777 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үед Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.  

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю--д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Энхчимэгээс хохирогч Э.П-д 16,541,306 /арван зургаан сая, таван зуун дөчин нэгэн мянга, гурван зуун зургаа/ төгрөг төлсний дурдаж, хохирогч Э.П-гийн нэхэмжлэлээс 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.П- гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу иргэний хариуцагч Б.Энхчимэгээс нэхэмжлэх, иргэний хариуцагч Б.Энхчимэг өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ю--аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

          8. Эрүүгийн 2003004460025 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ю- цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.П- гомдолтой гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ю--д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю--д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР