Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00469

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, малчин, ам бүл 3 эхнэр ачийн хамт тус сумын 1 багийн нутаг Баян гол гэх газарт оршин суух “Бэрсүүд” овогт Гончигжавын Бадарч /РТ-60062071/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Бадарч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Бадарч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сургуулийн 8 дугаар ангийг 1977 төгсөөд ажилгүй байж байгаад 1978 онд цэрэгт татагдаж 1981 онд цэргээс халагдаж ирээд Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар”нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сар хүртэл туслах ажилтан, тус бригадад 1981 оны 10 дугаар сарын 06-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 15-н хүртэл нярав, 1982 оны 10 дугаар 29-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тэжээлийн бригадад туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах нас болсон ба ажилд орсон гарсан тушаал байхгүй зэргээс миний ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа учир шүүхэд хандсан болно.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтан, няраваар ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.Бадарч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтан, няраваар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:  

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Чанмань-Өндөр сумын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар,

Нэхэмжлэгч Г.Бадарчид 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч Л.Ганболдын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Г.Бадарч нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ленинийн алдар нэгдлийн тэмжээлийн бригадад 1981 оны хавсраас жил гаруй хугацаанд няравын ажил хийж байгаад түүнээс хойш одоог хүртэл сумандаа 1990 оныг дуустал мал маллаж байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Цагаачийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Г.Бадарч нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ленинийн алдар нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оноос 1990 оныг дуустал тэжээлийн бригадын ажилчнаар, мөн 1 дүгээр бригадын тоо бүртгэгч, няраваар тус тус ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Бэрсүүд” овогт Гончигжавын Бадарч /РТ-60062071/-ийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтан, няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бадарчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ