| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0468/и |
| Дугаар | 00468 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 00468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хүүхдүүдийн хамт тус сумын 4 дүгээр багийн нутаг төвд оршин суух “Дэлгэрэх цагаан уул” овогт Бүргэд Даваадорж /РТ-60121577/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваадорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Ленний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал, Аргийн Ундарга ХХК-нд 1993 оноос 1994 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл миний ажиллаж байсан жилээс 1991 оноос 1994 дуустлах хугааны ажиллсан жил тооцогдохгүй байгаа учир шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Ленний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, “Аргийн Ундарга” ХХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Даваадорж нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Ленний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, “Аргийн Ундарга” ХХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Чанмань-Өндөр сумын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,
Нэхэмжлэгч Б.Даваадоржид 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чандмань-Өндөр сумын Аргийн Ундарга нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Г.Бадарчийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Б.Даваадорж нь 1991 оноос 1992 оныг дуустал Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ленинийн алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1993 оноос 1994 оныг дуустал Аргийн Ундарга ХХК-нд үхэрчнээр тус тус ажиллаж байсан....” гэх,
Гэрч Ч.Энэбишийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Б.Даваадорж нь 1981 онд цэргээс халагдаж ирээд түүнээс хойш тасралтгүй нэгдэл тарах хүртэл тус нэгдэлдээ ажиллаж байсан. Бид нэг оны цэргүүд юм. 1991 оноос 1992 оныг дуустал Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ленинийн алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1993 оноос 1994 оныг дуустал Аргийн Ундарга ХХК-нд үхэрчнээр тус тус ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Дэлгэрэх цагаан уул” овогт Бүргэдийн Даваадоржийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Ленний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, “Аргийн Ундарга” ХХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ