Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1316

 
 
     
 

Монгол Солонгосын политехникийн коллежийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/00795 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Монгол Солонгосын политехникийн коллежийн,

Хариуцагч: Хавтгай Өтөг ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 9 241 273 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 7 310 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч: М.Энхмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монгол Солонгосын политехникийн коллежийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус коллеж 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хавтгай Өтөг” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 160,5 м.кв талбай бүхий сургуулийн цайны газрыг 9 сарын хугацаанд түрээслүүлсэн. Гэрээний 1.6-д зааснаар 1 сарын түрээсийн төлбөр 1 050 000 төгрөг байх бөгөөд 9 сарын түрээсийн төлбөр нийт 9 730 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 3 730 000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 5.2-д зааснаар байр ашиглалтын зардал 4 230 273 төгрөг огт төлөөгүй. Монгол Солонгосын политехник коллежийн зүгээс тухай бүрд нь нэхэмжлэх, тооцоог хүргүүлж удаа дараа албан бичиг өгсөн боловч “Хавтгай Өтөг” ХХК нь төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй, хариу ирүүлээгүй болно. Иймд гэрээний 5.7-д зааснаар түрээсийн төлбөрийн алданги 1 281 000 төгрөг, нийт 9 241 273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Төрийн өмчийн хороо болон Монгол Солонгосын политехник коллежтой оюутны цайны газрыг ажиллуулахаар түрээсийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 8 сарын хугацаатай байгуулсан. Түрээслүүлэгчийн буруугаас гэрээ 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хэрэгжээгүй, гэрээний хугацааг 2015-2016 оны хичээлийн жилийн хугацаа буюу 8 сарын хугацаагаар тохиролцон, өмнөх түрээслэгчид төлөх ёстой өглөг 6 сарын хугацааны түрээсийн төлбөрийг бөөнөөр нь урьдчилан төлүүлж, түрээслүүлэгч гэрээ зөрчин, цайны газрыг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс гэрээний хугацаа дууссан гэж маргаан үүсгэн дарамтлан, үйл ажиллагааг алдагдуулсан.  

Түрээслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг шаардсан. Цайны газрын үйл ажиллагааг алдагдуулан, хааж түгжих, гэрэл цахилгааныг таслах, ажилчдыг хөөх, доромжлох зэргээр компанийн орлогыг алдагдуулах, бизнесийн нэр хүндийг гутаах үйл ажиллагааг байнга явуулж ирсэн. Гэрээний 5.2-т “түрээсийн төлбөрт түрээслэсэн эд хөрөнгийн ашиглалтын зардлыг тооцохгүй” гэсэн бөгөөд нэхэмжлэлд дурдсан байр ашиглалтын зардал 4 230 273 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хавтгай Өтөг” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Монгол-Солонгосын Политехник коллеж нь гэрээний үүргээ зөрчин түрээсийн байрыг гэрээнд заасан хугацаанд суллан өгөлгүй компанийн үйл ажиллагааг алдагдалд оруулж  2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сул зогсоосон. Төлбөрт 2015 оны 9 дүгээр сард бөөнөөр  6 000 000 төгрөгийг төлүүлсэн. Ахмадуудаа хүлээн аваад хүндэтгэл үзүүлэн  хооллосон зардал 432 000 төгрөг, 5 сар сул хүлээлгэсэн, зогсолтын үеийн мэргэжлийн 2 тогоочид  олгогдсон цалин тэтгэмжийн 1 000 000 төгрөг, орлого олоогүй хохирсон зэргийг үлдэх 2 сарын түрээсийн төлбөр буюу 2 400 000 төгрөгт тооцоод, түрээсийн төлбөр 8 сар буюу гэрээний бүх хугацааны төлбөр төлөгдсөнд тооцон тохиролцсон ч коллежийн удирдлага солигдсоноор эдгээр шийдвэр, тохиролцооноос татгалзсан. Гэрээний хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2 400 000 төгрөг тооцсон байсан тогооч нарт сул зогсолтын үед олгосон 5 сарын тэтгэмж 1 000 000 төгрөг, 6 000 000 төгрөгийн хүүд  төлсөн сарын 200 000 төгрөгийн хүүг 5 сараар тооцож нийт 1 000 000 төгрөг, ахмадууд болон ажилчдыг хооллосон зардал 432 000 төгрөг, цайны газарт зориулан авсан эд зүйлс болон одоо хэрэглэж байгаа аяга, таваг, хэрэгслийн үнэ 1 561 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тоног төхөөрөмж түрээслэх гэрээний дагуу тоног төхөөрөмжийг эгүүлэн өгөөгүйгээс 272 хоног хэтэрсний алданги 2 317 000 төгрөг, ажиллуулахгүй гэж тог таслан муутгасан үхрийн шулсан 100 кг махыг 1 кг-ыг 6 200 төгрөгт, 50 кг буузны үнэ 6 000 төгрөг, бүгд 920 000 төгрөг болон ногоо, өндөг, хиамны үнэ 80 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг, бүгд 7 310 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Монгол-Солонгосын Политехник Коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Хавтгай Өтөг” ХХК нь гэрээнд заасан хугацааг дур мэдэн хэтрүүлэн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Мөн гэрээний хугацааг “амаар тохиролцож” гэсэн байх боловч албан бичгээр хүсэлтээ огт ирүүлээгүй, мэдэгдээгүй болно. Тус коллеж “Хавтгай Өтөг” ХХК-д удаа дараа албан бичиг өгсөн боловч албан бичигт огт хариу өгч байгаагүй бөгөөд хичээлийн жилийг дуустал цайны газрыг бүрэн ажиллуулсан. Нэхэмжлэлд тогооч нарын сул зогсолт, зээлийн хүү, цайны газарт зориулан авсан эд хэрэглэл, муутгасан мах зэрэг нийт 7 310 000 төгрөг нэхэмжилсэн нь тус сургуулиас хамаарсан асуудал биш, нотлох баримтаар тогтоогдоогүй. Хүү 1 000 000 төгрөгийг төлөх үүрэггүй. Ажилчид хооллосон зардал гэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Цайны газрын хэрэгсэл буюу аяга тавгийг нэхэмжлэгч өөрсдөө авах бүрэн боломжтой. Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний төлбөрийг бид хариуцахгүй. Хүнсний бүтээгдэхүүн муудсан гэх төлбөрийг бид хариуцахгүй.Нотлох баримтаар тогтоогдоогүй, өөрсдийн дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой зардлаа нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй  гэжээ.

 

Гуравдагч этгээд “Төрийн өмчийн хороо” нь шүүхэд гаргасан тайлбартаа:  Төрийн өмчийн хороо, Монгол Солонгосын политехникийн коллеж, “Хавтгай Өтөг” ХХК-ийн хооронд 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гурвалсан гэрээ байгуулсан юм. Монгол улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 22-д “түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл гэрээнд тусгайлан заасан тохиолдолд түрээслүүлэгч дангаар гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлнэ” гэж заасан. Иймд Төрийн өмчийг эзэмшигч байгууллага буюу түрээслүүлэгч болох Монгол Солонгосын политехникийн коллеж нь түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн түрээслэгч “Хавтгай Өтөг” ХХК-иас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.6, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хавтгай Өтөг” ХХК-иас 5 029 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монгол Солонгосын Политехник коллеж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 212 073 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Монгол Солонгосын Политехник коллеж”-оос 7 310 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “Хавтгай Өтөг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 810 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 131 880 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч “Хавтгай Өтөг” ХХК-иас 95 417 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монгол Солонгосын Политехник коллеж”-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Энхмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Талуудын хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасны дагуу гарын үсэг зурж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тусгай шаардлага шаарддаг.  Иймд анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээг дүгнэсэн нь үндэслэлгүй. Түрээслүүлэгч гэрээний хугацаа дуусаагүй байхад дуусгавар болгохоор шийдвэрлэсэн нь  хуульд нийцээгүй.  

Шүүх ямар хугацаанд түрээсэлсэн болон түрээсийн хугацаа нь хэзээ дуусахыг тодорхойлоогүй. Хариуцагч нь гэрээг 2015 оны 10 сард байгуулсан бөгөөд үүнээс өвлийн амралтын 1 сарыг хасаж тооцвол гэрээний хугацаа нь 2016 оны 6 дугаар сард дуусгавар болсонд тооцох үндэслэлтэй.  ИХШХШТХ-ийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан иргэний хуулийн 8-р зуйлийн 8.1.5-д зааснаар бүрэлдэхүүнээр шийдвэрлэх заалт зөрчсөн,  ИХШХШтХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан  өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Монгол Солонгосын политехникийн коллеж нь хариуцагч Хавтгай-Өтөг ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 730 000 төгрөг, байр ашиглалтын зардалд 4 230 273 төгрөг, алданги 1 281 000 төгрөг, нийт 9 241 273 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, түрээслүүлэгч гэрээний үүргээ зөрчиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон гээд хохирол 7 310 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талууд 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Монгол-Солонгосын политехник коллежийн эзэмшлийн 160,5 м.кв талбай бүхий өрөөг цайны газрын зориулалтаар, сарын 1 050 000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр хариуцагчид ашиглуулахаар тохиролцон Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө бүхэлдээ бус тухайн хөрөнгийн тодорхой хэсгийг түрээсэлж байх тул түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг 2015 оны 10 дугаар сард түрээслэгчид хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран хүү, анз авах эрхээ алдсан байхад хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр буруу болжээ. Харин нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 4 230 273 төгрөгийг хариуцагч хариуцахгүй байхаар гэрээгээр тохиролцсон тул хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дах хэсэгт заасантай нийцжээ.  

 

Хариуцагч Хавтгай-Өтөг ХХК нь түрээсийн зүйлийг 2015 оны 10 дугаар сараас эхлэн нийт 9 сар ашигласан бөгөөд түрээсийн төлбөрт 9 450 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 6 000 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 3 450 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.

 

Түрээслүүлэгч нь түрээсийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түрээслэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар  учирсан хохирлоо шаардах эрхтэй хэдий ч хохирол нь бодитойгоор нотлогдсон байх шаардлагатай. Хариуцагч Хатгай-Өтөг ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй бөгөөд дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Түүнчлэн хуульд байхгүй зүйл заалт хэрэглэснийг залруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.6 гэснийг хасч, улсын тэмдэгтийн хураамжид хуульд зааснаар өөрчлөлт оруулан, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/00795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “326 дугаар зүйлийн 326.6” гэснийг хасч, “5 029 200” гэснийг “3 450 000” гэж, “4 212 073” хэсгийг “5 791 273” гэж, 2 дах заалтын ”224 дүгээр зүйлийн 224.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж, 3 дах заалтын “95 417” гэснийг “70 150” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хавтгай-Өтөг ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 327 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Б.НАРМАНДАХ

                                                                      Ш.ОЮУНХАНД