| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 185/2018/0170/э |
| Дугаар | 577 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 577
Т.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Оюунжаргал,
шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Ш.Бадмаараг,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.О-, түүний өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Г-д холбогдох 1803000010037 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.Г, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д мужаан, өрлөгчин ажилтай байсан, тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,
Т.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 15 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Люкс хаусын урд замд С.Т-ийн эзэмшлийн “Toyota prius” маркийн хх УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.О-ыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Т.Г-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Г-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Т.Г-г тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Г-оос 10,625,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-д олгож, хохирогч нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 1038301 дугаартай шүүгдэгчийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн “Toyota prius” маркийн хх УПС улсын дугаартай автомашины гэрчилгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Т.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.О- давж заалдах гомдолдоо: “...Миний бие жолооч этгээд Т.Г-гийн үйлдлээс эрүүл мэндээр хүнд хохирч өнөөдрийг хүртэл эмчилгээ, сувилгаа хийлгэж санхүү, мөнгөөр хүртэл хохирсоор байна. Гэтэл жолооч Т.Г- одоог хүртэл эмчилгээний төлбөрөө бүрэн барагдуулаагүйгээс гадна түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нь өөрийн гараар найруулан бичсэн гомдолгүй гэсэн утгатай өргөдөл дээр гарын үсэг зурж өгвөл үлдэгдэл хохирлыг чинь бүрэн барагдуулна гэж хохирсон дээр нэмж тохуурхан дарамталж байгаад маш их гомдолтой байна. Урьд нь энэ гэмт хэргийг үйлдчихээд намайг эмнэлэгт биеийн байдал маш хүнд байхад жолоочийн ар гэрийнхэн хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, сэтгэл санаагаар дарамталж байсан нь дахин давтагдаж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Г-д оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж бидний зүгээс гомдолтой байгаагаа дахин илэрхийлж байна. Мөн уг жолоочийн унаж явсан 9613 УБП улсын дураартай “Тоёота приус 10” загварын автомашиныг хариуцан өмчилж байсан С.Т-ийг иргэний хариуцагчаар тата өгнө үү. Шүүхийн шийдвэрээр хураагдах ёстой байсан 9613 УБП улсын дураартай “Тоёота приус 10” загварын автомашиныг жолооч Т.Г-гийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар хууль бусаар гаргуулж барьцаалан зээл авсан тухай яриа гарсан тул уг асуудлын шалгаж өгнө үү. Цаашид гарсан эмчилгээний төлбөр болох 1,025,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Б.О- болон ар гэрийнхэний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хохирогч Б.О-ы өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Тус эрүүгийн хэрэгт зам тээврийн осол гаргасан этгээдийн унаж явсан автомашины эзэмшигч нь С.Т-ийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Тэрээр мэдүүлэхдээ “...“Тоёота приус-10” загварын автомашиныг Т.Г-той тохироод гэрээ байгуулж 5,000,000 төгрөгөөр зарсан, 2,920,000 төгрөг авсан, үлдэгдлийг өгс дуусгахаар машинаа шилжүүлнэ...” гэсэн байдаг. Хэдийгээр С.Т- нь автомашинаа худалдсан гэх боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй ба мэдүүлгээ баримтаар нотлоогүй байхад шүүх зөвхөн С.Т-, Т.Г- нарын тайлбар дээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан буюу гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсний дагуу иргэний хариуцагч С.Т-өөс гэм хорын хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь С.Т-ийн нэр дээр эзэмшлийн бүртгэлтэй болно. Иймд иргэний хариуцагч С.Т-өөс гэм хорын хохиролд 10,025,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-д олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. Т.Г-г хохирогчид учруулсан материаллаг хохирол төлж барагдуулаагүй учраас Т.Г-д оногдуулах хорих ялыг тэнсэх миний саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Харин Т.Г-гийн хохирогчид төлөх эмчилгээ мэс заслын төлбөр, эм уусан зүйлийн үнэ болон шүүхийн шийтгэх тогтоолоор заасан төгрөгийг төлж барагдуулсан. Т.Г- нь бололцоогүй, хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа болно. Мөн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлалт гуйж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэж батлан илэрхийлж байгаа болно. Т.Г-гийн хувийн байдлыг харгалзан үзэж, хорих ялыг тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн бага хэмжээгээр хасч өгнө үү...” гэв.
Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Т.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Т.Г- нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 15 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Люкс хаусын урд замд С.Т-ийн эзэмшлийн “Toyota prius” маркийн хх УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Б.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “...суурь ясны зүүн талын их далавч дайрсан шугаман, 2 талын нүдний ухархайн дотор хана, духны цох хэсэг дайран зүүн духны хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, уг хугарал зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, гайморовын хөндийн гадна хана, хацар ясны нумын нийлмэл хугарал, баруун, зүүн гайморовын хөндийн урд хана, ар хана, дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын суурийн хөндий, 2 талын гайморов, зүүн талын этмойд духны хөндийд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, нүүрний хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтлийг учруулсан болох нь:
хохирогч Б.О-ы “...Би тухайн үед орой 20 цагийн үед Сэлбэ хотхонд байх охин Баасандуламын гэрээс ганцаараа гараад гэр рүүгээ буюу Алтай хотхон руу алхаад явсан. Тухайн осол болох үед замын урдаасаа хойшоо чиглэлд явган хүний гарцаар гарч байтал машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
гэрч Г.Н /хх-ийн 52-53 тал/ нарын мэдүүлгүүд
хохирогч Б.О-ыг гарцан дээр мөргөж, гэмтээсэн болохыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 тал/, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-10 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 360 дугаар “...Б.О-ы биед суурь ясны зүүн талын их далавч дайрсан шугаман, 2 талын нүдний ухархайн дотор хана, духны цох хэсэг дайран зүүн духны хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, уг хугарал зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, гайморовын хөндийн гадна хана, хацар ясны нумын нийлмэл хугарал, баруун, зүүн гайморовын хөндийн урд хана, ар хана, дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын суурийн хөндий, 2 талын гайморов, зүүн талын этмойд духны хөндийд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, нүүрний хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 тал/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр “...“Тоёота приус” маркийн хх УБП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. Явган зорчигч Б.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. “Тоёота приус” маркийн хх УБП улсын дугаартай автомашины техникийн байдал осол хэрэгт нөлөөлөхгүй. Зам тээврийн осолд замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Т.Г-гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, явган хүний гарцаар гарч явсан иргэнийг мөргөж, түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба Г.Г-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Г-д “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан...” ял шийтгэлийн хэмжээ нь Г.Гэрэлцолмонгийн явган хүний гарцаар гарч явсан иргэний мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.
Т.Г- нь “...“Тоёота приус” маркийн хх УБП улсын дугаартай автомашиныг худалдаж авсан, тэрээр уг автомашиныг захиран зарцуулах эрх бүхий этгээд мөн болох нь хэрэгт авагдсан С.Т-, Г.Г нарын хооронд байгуулсан 2017-12-23 гэсэн огноо бүхий автомашин зээлээр авсан тухай хэлцэл /хх-ийн 115 тал/, Т.Г- хх УБП улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үндэслэлээр 2016-06-16, 2016-11-25, 2017-01-07, 2017-01-19, 2014-02-16, 2017-04-14-ний өдрүүдэд захиргааны арга хэмжээ авагдсан талаарх торгуулийн хуудасны бүртгэл /хх-ийн м106-107 тал/ зэргээр нотлогдож байх тул анхан шатны шүүхийн тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Г.Г- гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан “...шийтгэх тогтоолоор заасан хохирлыг төлж барагдуулсанг болон Г.Г-ийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...”, хохирогч Б.О-ы “...оногдсон ял хөнгөдсөн, иргэний хариуцагч С.Т-өөр гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү...”, хохирогчийн өмгөөлөгч Б.Тамирын “...С.Т-өөс гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Т.Г- 5,967,000 төгрөгийг Б.О-ы мэс заслын төлбөр болох “Эм би жи мед” ХХК-д төлсөн, 4,658,000 төгрөгийг “...Хохирогч Б.О- хохирлыг барагдуулав...” гэсэн утгатайгаар БЗД, СБД, ЧД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар барьцаа гэсэн төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан байгаа /баримтуудыг хэрэгт хавсаргасан/ болохыг тус тус тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.О-, түүний өмгөөлөгч Д.Тамир, шүүгдэгч Т.Г-гийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Т.Г нь гэм хорын хохиролд 5,967,000 төгрөгийг “Эм би жи мед” ХХК-д төлсөнг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан 100900005406 дугаартай “БЗД, СБД, ЧД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар барьцаа” гэсэн дансанд 4,658,000 төгрөгийг хийсэн байгааг тус тус дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Д.ОЧМАНДАХ