Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

    2021         6          11                                      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхжин, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З овогт Ц-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110009650408 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, “Дабль пирамид” ХХК-д мужаан ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, З овогт Ц-гийн О-

                                                                                                    

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.О- нь 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд, мөн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 3 дугаар гудамжны 75 тоотод оршин суух гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор Самсунг Эс-8 маркийн гар утас ашиглан “Ц- О-” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаараа лайв хийж, үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “Texas poker” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Ц.О-: “...Урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, мөрийтэй тоглоомыг хууль бус гэдгийг мэднэ, ингэж тоглоход эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг мэдэхгүй учир ийм зүйл хийсэн. Миний буруу, дахиж ийм тогтоом тоглохгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Ц.Баатарсүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 4 дүгээр сарын дундуур хөл хорионы үед манай найз О- өөрийн фэйсбүүк хаягаараа лайв хийж Poker тоглуулж байхаар нь өөрийн Baatarsuh Tsendsuren гэх хаягаас лайваар хараад тоглосон. Тоглоход 1-8 хүртэл дугаарлаж тэмдэглэгээ хийсэн байхаар нь 10,000 төгрөгийг лайв дээр байсан данс руу шилжүүлж тоглосон, хэд хэдэн удаа орж тоглосон...” /хх-ийн 13-14, 29-30/ гэсэн,

 

Гэрч Л.Отгончулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 4 дүгээр сарын дундуур О- гэсэн фэйсбүүк хаягаар лайв хийгээд тоглож байхаар нь сонирхоод 10,000 төгрөг шилжүүлж, 7 удаа тоглоод мөнгө хожиж чадаагүй, 10,000 төгрөгөө алдсан...” /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Гэрч Л.Намсрайжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..Ц- О- гэсэн хаягаар лайв хийж мөрийтэй тоглуулж байхаар нь 10,000 төгрөгөөр 2-3 удаа тоглосон. Уг мөрийтэй тоглоомд орж тоглоод мөнгө хожоогүй...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би анх 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 16 дугаар  хороо, Тайнь 3-75 тоот хаягт байх өөрийн монгол гэртээ ширээ засаад 1-8 хүртэлх дугаарлаад хөзрөө бэлдээд “Ц- О-” гэх фэйсбүүк хаягаараа лайв хийж “Texas live Halz Toglogchdiin group”, “Texas Poker, муушиг”, “Ludo Сонирхогчид”, “Увс аймгийн нэгдсэн групп”, “Дархан Сэлэнгэ Улаанбаатар явна”, “ludo word game”, “Gard game” гэх  фэйсбүүк группд өөрийн лайваа шэйрлээд эхний нэг тоглолтоо үнэгүй тоглуулаад лайв үзсэн хүмүүсээрээ шэйр хийлгээд эхний 8 хүнд үнэгүй тоглуулсан. Дараа 2 дахь удаагаа явуулсан тоглолтоосоо лайв дээрээ байрлуулсан дансанд фэйсбүүк суудлын дугаараа бичиж, 10,000 төгрөг дансанд хийсэн хүмүүсээс 8 хүнийг сонгож, Техас покер нэртэй хөзрийн тоглоомыг эхлүүлж, эхний орж ирсэн 8 хүнээс 7-г тоглуулсан. Ийм байдлаар 4 цагийн хугацаанд 7-8 тоглуулсан. Нийтдээ 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд оройн цагаас 18 цаг орчимд 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тасралтгүй тоглуулсан. Бас 2021 оны 4 дүгээр сарын 27 , 28-ны өдрүүдэд тоглуулсан. ...Би нэг өдөрт багадаа 100,000 төгрөгийн ашиг олж байсан. Нийтдээ 8 хүн суулгаад 7 тоглуулахдаа гараа болгоноос 10,000 төгрөг хожсон хүмүүстээ явуулдаг. Би 5031666570 гэсэн Хаан банкны дансаар гүйлгээ хийж, орлого зарлага гаргадаг байсан...” /хх-ийн 8-10/ гэсэн мэдүүлгүүд,  

 

- Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 5/,

- Ц-гийн О-ын “Хаан банк”-ны 5031666570 дугаартай дансны хуулга /хх-ийн 33-46/

- Хаан банкны данс эзэмшигч Ц.О- 5031666570 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-64/,

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 65-67/,

- Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 82-83/,

-Шүүгдэгч Ц.О-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 75/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 77/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 78/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 80/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.О- 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд, мөн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 3 дугаар гудамжны 75 тоотод оршин суух гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор Самсунг Эс-8 маркийн гар утас ашиглан “Ц- О-” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаараа лайв хийж, “Texas poker” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр зэрэг эд зүйлийг ашиглан үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Ц.Баатарсүхийн “...2021 оны 4 дүгээр сарын дундуур хөл хорионы үед манай найз О- өөрийн фэйсбүүк хаягаараа лайв хийж Poker тоглуулж байхаар нь өөрийн Baatarsuh Tsendsuren гэх хаягаас лайваар хараад тоглосон. Тоглоход 1-8 хүртэл дугаарлаж тэмдэглэгээ хийсэн байхаар нь 10,000 төгрөгийг лайв дээр байсан данс руу шилжүүлж тоглосон, хэд хэдэн удаа орж тоглосон...” /хх-ийн 13-14, 29-30/ гэсэн, гэрч Л.Отгончулууны “...2021 оны 4 дүгээр сарын дундуур О- гэсэн фэйсбүүк хаягаар лайв хийгээд тоглож байхаар нь сонирхоод 10,000 төгрөг шилжүүлж, 7 удаа тоглоод мөнгө хожиж чадаагүй 10,000 төгрөгөө алдсан...” /хх-ийн 18-19/ гэсэн, гэрч Л.Намсрайжавын “..Ц- О- гэсэн хаягаар лайв хийж мөрийтэй тоглуулж байхаар нь 10,000 төгрөгөөр 2-3 удаа тоглосон. Уг мөрийтэй тоглоомд орж тоглоод мөнгө хожоогүй...” /хх-ийн 23-24/ гэсэн, шүүгдэгч Ц.О-ын “...Би анх 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өөрийн монгол гэртээ ширээ засаад 1-8 хүртэлх дугаарлаад хөзрөө бэлдээд “Ц- О-” гэх фэйсбүүк хаягаараа лайв хийж “Texas live Halz Toglogchdiin group”, “Texas Poker, муушиг”, “Ludo Сонирхогчид”, “Увс аймгийн нэгдсэн групп”, “Дархан Сэлэнгэ Улаанбаатар явна” “ludo word game”, “Gard game” гэх  фэйсбүүк группд өөрийн лайваа шэйрлээд эхний нэг тоглолтоо үнэгүй тоглуулаад лайв үзсэн хүмүүсээрээ шэйр хийлгээд эхний 8 хүнд үнэгүй тоглуулсан. Дараа 2 дахь удаагаа явуулсан тоглолтоосоо лайв дээрээ байрлуулсан дансанд фэйсбүүк суудлын дугаараа бичиж, 10,000 төгрөг дансанд хийсэн хүмүүсээс 8 хүнийг сонгож, Техас покер нэртэй хөзрийн тоглоомыг эхлүүлж, эхний орж ирсэн 8 хүнээс 7-г тоглуулсан. Ийм байдлаар 4 цагийн хугацаанд 7-8 тоглуулсан. Нийтдээ 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд оройн цагаас 18 цаг орчимд 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тасралтгүй тоглуулсан. Бас 2021 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тоглуулсан. ...Би нэг өдөрт багадаа 100,000 төгрөгийн ашиг олж байсан. Нийтдээ 8 хүн суулгаад 7 тоглуулахдаа гараа болгоноос 10,000 төгрөг хожсон хүмүүстээ явуулдаг. Би 5031666570 гэсэн Хаан банкны дансаар гүйлгээ хийж, орлого зарлага гаргадаг байсан...” /хх-ийн 8-10/ гэсэн мэдүүлгүүд, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 5/, Ц-гийн О-ын “Хаан банк”-ны 5031666570 дугаартай дансны хуулга /хх-ийн 33-46/, Хаан банкны данс эзэмшигч Ц.О- 5031666570 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-64/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 65-67/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн Ц.О-ын олон нийт цар тахлын улмаас хөл хорионд байгаа үед өөрийн утсаар фэйсбүүк лайв хийж, дугаарласан хөзөр ашиглан техас покер тоглоомыг мөрийтэй буюу оролцогч нараас 10,000 төгрөг авч тоглуулж, өөртөө ашиг олж байсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.О- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.О- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110009650408 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Ц-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-гийн О-ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110009650408 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР