| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0465/и |
| Дугаар | 00465 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 00465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, малчин, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт тус сумын 5 дугаар багийн нутаг Нуурмагт гэх газарт оршин суух “Армагууд” овогт Даваасүрэнгийн Сэргэлэн /РТ-64100878/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сэргэлэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сургуулийн 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн ТМС-д трактор комбайны ангид 2 жил суралцаж төгсөөд Сэлэнгэ аймгийн Орхон САА-н 4 дүгээр бригадад 1982-1986 он хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд шилжиж ирээд Лениний Алдар нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас эхлэн 1992 оны дуустал, Аргийн Ундарга ХК-д 1993-1994 он хүртэл тасралтгүй тракторын жолоочоор ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэрт дэхь орсон гарсан зарим тушаалууд нь зөрүүтэй зэргээс шалтгаалан ажиллаж байсан жил маань тооцогдохгүй байгаа учир шүүхэд хандсан болно.
Иймд миний Сэлэнгэ аймгийн Орхон сангийн аж ахуйн 4 дүгээр бригадад 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн 3 дугаар бригадад 1986 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ДТ-75 маркийн тракторын жолоочоор, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, "Аригийн-Ундрага" ХХКомпанид 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ЮМЗ-6 маркийн тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Сэргэлэн нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Сэлэнгэ аймгийн Орхон САА-н 4 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ДТ-75 маркийн тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, тус сумын "Аригийн-Ундрага" ХКомпанид 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ЮМЗ-6 маркийн тракторийн жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбар,
Нэхэмжлэгч Д.Сэргэлэнд 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн ТМСургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
БНМАУ Сангийн Аж ахуйн Яамны харъяа Сэлэнгэ аймаг дахь Орхоны хонь үржүүлэх сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 199 дугаартай “....1/ Үр тарианы 1 дүгээр бригадын тракторчин Даваасүрэнгийн Сэргэлэнгийн ар гэрийн гачигдал болон өөрийн хүсэлтийг үндэслэн 7 дугаар сарын 10-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж Хөвсгөл аймгийн ХНХ-ийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй....” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1986 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай “....2/ Д.Сэргэлэнг ДТ-75 тракторын жолоочоор түр томилон ажлуулсуай....” гэх тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай “....2/ДТ-75 тракторын жолооч Д.Сэргэлэнг 8 дугаар сарын 01-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, Д.Сэргэлэнг ЮМЗ-6 тракторчнаар томилон ажиллуулсугай....” гэх Ажилд томилох, ажлаас өөрчлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч Г.Энхбаатар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Д.Сэргэлэн нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн 4 дүгээр бригадад тракторын жолоочоор 1986 оны хавраас эхлэн 1989 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсныг нь мэднэ....” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бадамрагчаагийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....намайг 1984 онд цэргээс халагдаж ирэхэд Д.Сэргэлэн нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдлийн үйлдвэр бригадад ЮМЗ-6 нэртэй тракторын жолооч байсан бөгөөд 1986 оны намар ДТ-75 нэртэй тракторын жолоочийг үргэлжлүүлэн хийж байгаад надаас ЮМЗ-6 нэртэй миний тракторыг өөрийн трактортай сольж барьсан бөгөөд тушаал нь одоо харахад үүнээс шалтгаалаад зөрүүтэй байдаг ....” гэх мэдүүлэг, 1989 онуудын Баярын бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Армагууд” овогт Даваасүрэнгийн Сэргэлэн /РТ-64100878/-ийг Сэлэнгэ аймгийн Орхон САА-н 4 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ДТ-75 маркийн тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар” нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, тус сумын "Аригийн-Ундрага" ХКомпанид 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ЮМЗ-6 маркийн тракторийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ