| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0464/и |
| Дугаар | 00464 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 00464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд оршин суух “Өвөг” овогт Намнангийн Энхтуяа /РТ-62112864/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Н.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 10 жилийн сургуулийн 10-р ангийг 1981 төгсөөд малчин хийж байгаад хүнтэй сууж суурь үхэр маллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэр орох болж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн Ундарга ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Аригийн Ундарга” ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар,
Нэхэмжлэгч Н.Энхтуяад 1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Чандмань-Өндөр сумын Аригийн Ундрага хувьцаат компаниас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Ч.Энэбишийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Н.Энхтуяа Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ленийн-Алдар нэгдэл, Аригийн Ундарга компанид 1981 оноос 1995 оныг дуустал суурь үхэр маллаж үхэрчнээр ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч С.Бат-Эрдэнийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Н.Энхтуяа нь Чандмань-Өндөр сумын Ленийн-Алдар нэгдэл, Аригийн Ундарга компанид 1981 оноос эхлэн компани тарах хүртэл буюу 1995 оныг дуустал суурь үхэр маллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Өвөг” овогт Намнангийн Энхтуяа /РТ-62112864/-г Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Лениний-Алдар”нэгдлийн 3 дугаар бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Аригийн Ундарга” ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ