Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/337

 

 

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхжин, улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогч Г.Э-, шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110003030254 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын оператор мэргэжилтэй, “Ганган пресс” ХХК-ний хэвлэлийн газарт туслах ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ы Б-

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 18 дугаар гудамжны 619 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.Э-гийн нүүрэнд гараараа цохиж биед хамар ясны хоёр талын хугарал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Г.Э-: “...Тухайн өдөр найз Эрдэнэбилэгтэй хамт явж байгаад хүний машин асааж өгөх гээд нэг айлд очсон, тэндээ пиво уусан, тэгсэн Б- ирсэн, тэгээд танилцаад сууж байхдаа Б-тай гарч зодолдох болсон, одоо миний баруун талын хамрын таславч амьсгалдаг хэмжээнд амьсгалж чадахгүй байгаа. Короно цар тахал гайгүй болохоор хагалгаанд орно, хагалгааны төлбөр 1,500,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан, өгчихвөл гомдолгүй, энэ талаар баримтгүй, эмчилгээ хийлгэсэн, гэхдээ баримт байхгүй, одоо миний хамрын арьсыг сөхөж байгаад мэс засал хийнэ гэсэн. Томографын зураг 150,000 төгрөгөөр авхуулаад мөнгийг нь Б.Б-аас авсан, бас надад эм авч өгсөн, өөрөөр мөнгө аваагүй, Б-ы таньдаг эмч дээр очиж хамраа тэгшлүүлсэн, тэгсэн, баруун талын хамар сайн амьсгалахгүй байгаа. Одоо би хагалгаанд орох ёстой, хагалгааны төлбөрт 1,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчид хохирлын мөнгийг төлж барагдуулсан, хагалгааны төлбөр 1,500,000 төгрөгийг төлнө...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 18 дугаар гудамжинд байх айлд архи ууж байсан. Тэр үед хүмүүс хоорондоо муудалцаад байхаар нь би найз Эрдэнэбилэгийг өмөөрөөд Б-тай маргалдаж, гарч үзэлцье гэж байгаад болиод найзууд болоод эвлэрсэн. Тухайн үед би их согтоод тасрах гээд байсан болохоор найз Батнамжилыг дуудаад явах гэж байтал Б- гэх залуу миний нүүр лүү нэг удаа цохиод би ухаан алдаж унасан. ...Тэгээд Б- аавтайгаа хамт ирээд таньдаг эмч дээрээ аваачиж 150,000 төгрөгөөр миний хамрыг тэгшлүүлж, эмчийн бичиж өгсөн 4-5 төрлийн эмийг авч өгсөн...” /хх-ийн 9-11/ гэсэн,

 

Гэрч О.Батнамжил мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн үед Э- залгаад ирээд аваач гэхээр нь ...очиход 2 охин, 7 залуу байсан. ...Жагаагийн эхнэр нь ...Б-ыг Э-г гаргаад алчаач, гай болно гээд Э-гийн нүүр рүү цохиход Эрдэнэбилэг, Э-г өмөөрч тэр эмэгтэйтэй хэрэлдсэн. ...Тэд нарыг харахад Э-, Эрдэнэбилэг нар нилээн согтуу, Б- болон бусад нь нэг их согтуу биш  байсан, Э-, Б-ы нүүр лүү нэг удаа цохиод хоорондоо хэрэлдээд барьцалдаж аваад гадаа эвлэрчхээд орж ирсэн... Жагаа болон Б-ы найз гэх нэрийг нь мэдэхгүй хар нэхийтэй залуутай гарч тамхилаад буцаж орж ирэхдээ Жагаа нь над руу дайрахаар нь Э- намайг өмөөрөөд босоод иртэл Б- түүнийг ухаан алдтал нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

Гэрч Н.Оюундэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай хүү Г.Э- гэртээ согтуу орж ирсэн. ...Өглөө нь өрөөнд нь ороход хамар нь цаашаа чихэгдсэн, хувцас нь цус болчихсон байсан...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч Ч.Хүрэлчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э- нилээн согтсон Б-ы толгой руу цохиод, ...хоёулаа зодолдьё гээд дээгүүрх хувцсаа тайлж шидээд Б-ы цамцнаас зуурахад Б- Э-гийн нүүр рүү нэг удаа цохиход газар унасан...” /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Гэрч О.Доржжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө ...170 орчим см өндөртэй бор  залуу Б-ыг хоргоогоод явуулахгүй, түүний нүүр рүү нэг удаа цохисон, дараа нь Б- буцаагаад цохисон...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Гэрч Ц.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э- Б-ыг өдөөд хоёулаа үзье гээд орилоод Б-ы толгой руу 2-3 удаа цохиод хэл амаар доромжлоод байхаар нь Б- тэвчиж, тэвчиж Э-г ганц удаа цохиход унаад өгсөн...” /хх-ийн 27/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 19 дүгээр гудамжинд миний найзууд болох Хүрэлчулуун, Эрдэнэбилэг болон тэдний найзууд гэх Э- болон нэрийг нь мэдэхгүй Эрдэнэбилэгийн 2 найз байсан. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны шөнийн 00-01 цагийн үед Э- болон Эрдэнэбилэг  нар хоорондоо хэрэлдээд зодолдох гэж байхад нь тэнд байсан хүмүүс болиулсан. Дараа нь Э- надад агсан тавьж,  над руу дайрч, “Чи хэн бэ, чамайг танихгүй юм байна шүү” гэх мэтээр томроод миний нүүрний зүүн шанаа руу 2-3 удаа цохихоор нь би гарах гээд хаалга руу явахад Э- араас миний цамцнаас зулгааж миний дагз руу цохиод байхаар нь би хувцсаа тайлаад явж очоод нүүр рүү нь нэг удаа цохиход түүний уруулаас цус гараад Э- өөрийн найз Эрдэнэбилэгтэй хамт найзуудаа дуудна гээд хоёулаа гарсан. ...Аав бид хоёр Э-г дагуулж гэмтлийн эмнэлгийн хажууд байх хувийн эмнэлэгт очиж, хамрыг нь тэгшлүүлсэн. Тухайн үед би эмийн сангаас эм авахаар явах үед Э-гийн аав болон ээж нь ирж манай аавтай хоорондоо ярилцсан...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1027 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Э-гийн биед хамар ясны хоёр талын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 31-32/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 5/,

- Шүүгдэгч Б.Б-ы хувийн байдалтай холбоотой гэрч Г.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-57/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 58/ зэрэг болно.

                                          

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 18 дугаар гудамжны 619 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.Э-тэй маргалдаж, улмаар нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хоёр талын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Э-гийн “... Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр айлд архи ууж байсан. Тэр үед хүмүүс хоорондоо муудалцаад байхаар нь би найз Эрдэнэбилэгийг өмөөрөөд Б-тай маргалдаж, гарч үзэлцье гэж байгаад болиод найзууд болоод эвлэрсэн. Тухайн үед би их согтоод тасрах гээд байсан болохоор найз Батнамжилыг дуудаад явах гэж байтал Б- гэх залуу миний нүүр лүү нэг удаа цохиод би ухаан алдаж унасан...” /хх-ийн 9-11/ гэсэн, гэрч О.Батнамжилын “...Жагаа болон Б-ы найз гэх нэрийг нь мэдэхгүй хар нэхийтэй залуутай гарч тамхилаад буцаж орж  ирэхдээ Жагаа нь над руу дайрахаар нь Э- намайг өмөөрөөд босоод иртэл Б- түүнийг баруун гараараа ухаан алдтал нүүр рүү нь нэг удаа цохисон...” /хх-ийн 12-13/ гэсэн, гэрч Ч.Хүрэлчулууны “...Э- нилээн согтсон Б-ы толгой руу цохиод, ...хоёулаа зодолдьё гээд дээгүүрх хувцсаа тайлж шидээд Б-ы цамцнаас зуурахад Б- Э-гийн нүүр рүү нэг удаа цохиход газар унасан...” /хх-ийн 21-22/ гэсэн, гэрч О.Доржжавын “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө ...170 орчим см өндөртэй бор залуу Б-ыг хоргоогоод явуулахгүй, түүний нүүр рүү нэг удаа цохисон, дараа нь Б- буцаагаад цохисон...” /хх-ийн 24-25/ гэсэн, гэрч Ц.Дөлгөөний “...Э- Б-ыг өдөөд хоёулаа үзье гээд орилоод Б-ы толгой руу 2-3 удаа цохиод хэл амаар доромжлоод байхаар нь Б- тэвчиж, тэвчиж Э-г ганц удаа цохиход унаад өгсөн...” /хх-ийн 27/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ы “...Э- надад агсан тавьж, над руу дайрч, “Чи хэн бэ, чамайг танихгүй юм байна шүү” гэх мэтээр томроод миний нүүрний зүүн шанаа руу 2-3 удаа цохихоор нь би гарах гээд хаалга руу явахад Э- миний цамцнаас зулгааж миний дагз руу цохиод байхаар нь би хувцсаа тайлаад явж очоод нүүр рүү нь нэг удаа цохиход түүний уруулаас цус гараад Э- өөрийн найз Эрдэнэбилэгтэй хамт найзуудаа дуудна гээд 2-лаа гарсан...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №1027 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Г.Э-гийн биед хамар ясны хоёр талын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 31-32/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хоёр талын хугарал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Б- түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-ы хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-гийн эрүүл мэндэд хамар ясны хоёр талын хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг эмнэлэгт үзүүлсэн төлбөр, зарим эм тариаг авч өгсөн талаар хохирогч, шүүгдэгч нар маргаагүй бөгөөд хохирогч Г.Э- хагалгааны төлбөрт 1,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримт шүүхэд ирээгүй тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл  нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

 

Эрүүгийн 2110003030254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Б-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110003030254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Э- өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР