Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт тус сумын 4-р баг төвд оршин суух “Зэлмэ” овогт Маньбадарын Урнаа /РТ-68031166/-гийн хүсэлттэй

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдал тогтоолгохыг тус тус хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч М.Урнаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Урнаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1987 онд төгсөөд 1987 оны 12 дугаар сарын 30-наас Ленийн-Алдар нэгдлийн туслах үйлдвэрт 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал, 1993 оноос 1994 оныг дуустал Аригийн Ундарга ХХК-нд саальчин малчин зэрэг ажлыг хийж байсан. Одоо тэтгэвэрт орох гэтэл  ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй болон ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр байхгүй зэргээс ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лений-Алдар нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 3-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр “Аригийн Ундарга” ХХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй саальчин, малчнаар ажиллаж байсанг, 1995 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Аригийн Ундарга” ХК-с нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Урнаа нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч, ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Аригийн Ундарга” ХК-с 1995 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лений-Алдар нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 3-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр “Аригийн Ундарга” ХХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчийн тухайд: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн Ундарга ББХКомпаниас  1995 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Маньбадарын Уранчимэг гэж нээж олгосон хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигч нь Маньбадарын Урнаа мөн болох нь түүнд олгосон Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар,

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай №1718000095 дугаар баталгаажилтын хуудасны хуулбар,

Гэрч С.Хишигцэрэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....анх тушаал нь М.Уранчимэг нэрээр гарсан байдаг.Одоо бол хүмүүсийн дуудаг нэршэн Ургаа нэрээрээ бүртгэлтэй юм билээ....” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Буянжаргалын  2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....Маньбадар гэж хүний хүүхэд юм. Багад нь нутаг усны хүмүүс Урнаа гэж дуудаг байсан. Харин сүүлдээ нь ямар шалтгааны улмаас Уранчимэг нэртэй болсон талаар нь сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Ажиллаж байсан байдлын тухайд: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лений-Алдар нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 3-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр “Аригийн Ундарга” ХХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн Ундарга ББХКомпаниас  1995 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч С.Хишигцэрэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....М.Урнаа нь 1987 онд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын клубийн цэвэрлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тус оноо дуустал уг ажлыг хийж байсан. Тэгээд дараагаар нь Ленийн-Алдар нэгдлийн чанарын бригадад арьс шир, ноолуур ялгах зэрэг ажлыг 1988 оноос 1994 оныг дуустал хийж байсан. Тус нэгдэл 1990 оноос Аригийн Ундарга нэртэй болсон бөгөөд тус компанид үргэлжлүүлэн ажилласан....” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Буянжаргалын  2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “....М.Урнаа нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ленийн-Алдар нэгдлийн 3 дугаар бригадад сүүний заводод тос маслын зөөгч хийдэг байсан. Дараагаар нь нэгдэл тарахаас өмнө чанарын бригадад арьс шир давсалдаг ажил хийж байсан ба нэгдэлд тарсны дараа ч хоршоонд уг ажлаа хийж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх буюу хоёр нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 144.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Аригийн Ундарга” ХК-с 1995  оны 02 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч  “Зэлмэ” овогт Маньбадарын Урнаа /РТ-68031166/  мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Зэлмэ” овогт Маньбадарын Урнаа /РТ-68031166/-ийг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ленийн-Алдар нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 3-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Аригийн Ундарга” ХК-нд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Урнаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.400 /зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ