Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар   2021/ШЦТ/338

 

 

ӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхжин, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С- овогт Б-гийн О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2110006950393 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 29 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С- овогт Б-гийн О-

                                                                                                    

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О- нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны урд талын шороон зогсоолын орчим гадаа газарт иргэн Ц.О-н гээгдүүлсэн Самсунг эс 10 плас маркын гар утсыг авч бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж авч түүнд 950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч: Б.О- “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирогчийн утсыг газраас олж, өөртөө авсан бөгөөд энэхүү үйлдэл нь хууль бус гэдгийг мэдээгүй. Утсыг нөхөртөө өгч, нөхөр өөрийнхөө симийг хийж ашиглаж сар гаруй хугацааны дараа цагдаагийн газраас утас олсон уу, авчирч өгнө үү гэсэн ба би тухайн өдрийн орой утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “... 2021 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны урд талын шороон зогсоол дээр тээврийн хэрэгслээ байрлуулаад машин дотроо өөрийн Самсунг эс 10 плас маркийн гар утсаараа хүнтэй ярьчхаад гэртээ орсон. Гэртээ ороход гар утас байхгүй байсан, би утсаа машиндаа үлдээсэн гэж бодоод 2021 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад очоод үзэхэд байхгүй байсан. Би машины гадна гар утсаа гээгдүүлээд орсон байна...” /хх-ийн 8-9/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 8 цагийн орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны урд талын шороон зогсоолын орчим явж байхад газарт хар өнгийн улаан цэцэгтэй гэртэй гар утас хэвтэж байсан. Би утсыг авахад унтарсан байсан ба гар утсыг аваад өөртөө байлгаж байгаад орой нь гэртээ очоод цэнэглэж асааж үзсэн. Гар утас ассан ба код нэхэж байсан. Тэгээд би кодыг нь мэдэхгүй юм чинь утасны эзэнтэй холбогдож чадахгүй байсан болохоор гар утсыг нөхөр Ган-Очирт өгсөн. Манай нөхөр Ган-Очир кодыг гаргаад сим картаа хийгээд барьсан...” /хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 2/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/,

- Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 36/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 39/,

- Шүүгдэгч Б.О-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49/, эд  хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 50/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.О- нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны  урд талын шороон зогсоолын орчим гадаа газарт гээгдүүлсэн иргэн Ц.О-н Самсунг эс 10 плас маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн зүйл гэдгийг мэдсээр байж хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.О-н “... 2021 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны урд талын шороон зогсоол дээр тээврийн хэрэгслээ байрлуулаад машин дотроо өөрийн Самсунг эс 10 плас маркийн гар утсаараа хүнтэй ярьчхаад гэртээ орсон. Гэртээ ороход гар утас байхгүй байсан би машин дотроо үлдээсэн байна гэж бодоод 2021 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад очоод үзэхэд байхгүй байсан. Би машины гадна гар утсаа гээгдүүлээд орсон байна...” /хх-ийн 8-9/ гэсэн, шүүгдэгч Б.О-ийн “...Би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 8 цагийн орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны урд талын шороон зогсоолын орчим явж байхад газарт хар өнгийн улаан цэцэгтэй гэртэй гар утас хэвтэж байсан. Би утсыг авахад унтарсан байсан ба гар утсыг аваад өөртөө байлгаж байгаад орой нь гэртээ очоод цэнэглэж асааж үзсэн. Гар утас ассан ба код нэхэж байсан. Тэгээд би кодыг нь мэдэхгүй юм чинь утасны эзэнтэй холбогдож чадахгүй байсан болохоор гар утсыг нөхөр Ган-Очирт өгсөн. Манай нөхөр Ган-Очир кодыг гаргаад сим картаа хийгээд барьсан...” /хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 36/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-н эд хөрөнгөд 950,000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 19-20/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь өөрийн эд зүйлийг биетээр хүлээн авсан, хохирогч Ц.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 39/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.О- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, учруулсан хохирлын хэмжээ, хор уршгийн  шинж чанарыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,00 /дөрвөн зуун тавь/ мянган төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч Б.О- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110006950393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С- овогт Б-гийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.О-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110006950393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР