Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

    2021         6          22                                      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхжин, улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/, шүүгдэгч Ө.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Ө-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110004720220 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нагааранз” ХХК-ийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Ө-ын М-

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.М- нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, И-Март худалдааны төвийн гадна иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүнийг цохих, мангасдах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, духанд зулгаралт баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Ө.М-: “...Би гэр бүлээ шүүхийн шийдвэрээр цуцлуулсан, сарын орлого 1,600,000 төгрөг байсан, цар тахалтай холбоотой цалин багасч, одоо сарын 800,000 төгрөгийн орлоготой. Тухайн өдөр би И-Март руу орохоор явж байхдаа Б-н машин зогсоол дээр байхыг харсан, тэгээд дэлгүүр орох гэж байхад Б- надтай зөрөөд гараад явж байсан, би Б-г дуудахад цаашаа явсан, би араас нь дагасан бөгөөд Б-г машиныхаа хажууд ирэхээр нь араас нь дахиад нэрээр нь дуудахад эргэж харсан, энэ үед би түүнийг зүгээр л мангасдаад, чиний өнчрүүлсэн хоёр хүүхдийн аав, чиний амрагийн нөхөр нь байна гэж хэлсэн, гэтэл чи муу яадаг п... вэ гээд намайг өшиглөхөөр нь би нүүр лүү нь нэг удаа хальт цохисон. Тэгээд тэнд нь хаячхаад дэлгүүрийн хашаанаас гараад цааш явсан, цаашаа яваад гэрлэн дохиотой гарцан дээр ногоон гэрэл хүлээгээд утсаар яриад зогсож байхад миний дагз руу хэн нэгэн маш хүчтэй цохисон, эргээд харахад Б- байсан, тэгээд намайг “чамайг би одоо энд алчихна” гэсэн, тэгээд бид хоёр зууралдсан, хамт газар унасан, газар унасан байхдаа би босож ирээд Б-н нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгээд явсан, гэтэл миний араас “чи муу эхнэртэй хаягдсан арчаагүй биз дээ” гэж хашгирсан, тэгээд би тэр хүнийг хаячхаад яваад өгсөн. Би 7-11 насны хоёр хүүхэдтэй. Эхнэр Б-тай дотно харилцаанд орж байсан гэж бүх зүйлээ надад үнэнээр нь хэлсэн, гэтэл Б- манай эхнэртэй явалдсан тухайгаа хүлээдэггүй, захирал нь байсан. Олон нийтийн газар үймээн гаргасан, зүй бус үйлдэл гаргасандаа гэмшиж байгаа, Б-д гэмтэл учруулсандаа гэмшихгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр И-март худалдааны төвөөс гарч ирээд зогсоол дээр байсан машин руугаа явж байтал үл мэдэх залуу миний араас хөөе гэж дуудсан, тэгээд би эргээд хартал шууд миний нүүрэнд цохиж зодож эхэлсэн. ...Тэгээд би зайгаа авч зогсоод цагдаа дуудаад цагдаа иртэл байлгаж байя гэж бодоод зууралдаад надтай ноцолдож, намайг дахин газар унагааж, дээрээс дэвссэн, нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн, тэгээд яваад өгсөн, тухайн залууг одоо харвал танина. ...Ажлынхаа хүмүүсээс сонсоход манайд ажиллаж байсан Өнөржаргалын нөхөр болох М- гэх хүн байсан...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Шүүгдэгч Ө.М- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр би Хан-Уул дүүргийн И-март худалдааны төв орохоор явж байтал ...Б-н машин зогсож байсан. ...Тэр хүн бол миний эхнэртэй явалдаад бид гэр бүлийн маргаантай болж улмаар тус амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан. ...Би Б- гэж дуудтал эргэж харах үед нь би нэг удаа мангасдсан. Өөдөөс “хэн бэ чи, яадаг хулгайч вэ” гээд орилоод миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. ...Гараад гарц дээр утсаар яриад зогсож байтал дагз руу гэнэт цохиод авсан. Эргээд хартал Б- байсан. Би эргэж түүнтэй хамт И-мартын хашаа руу орж авто зогсоол дээр зууралдаж аваад ноцолдсон. Би нэг удаа л нүүрэнд нь цохисон, өөрөөр гар хүрээгүй. ...Хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 38-40/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн №1918 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.Б.Б-н биед баруун нүдний зовхи, духанд зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/,

- Өргөдөл /хх-ийн 7-10/,

- Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25/,

- Шүүгдэгч Ө.М-ы хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ө.М- холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ө.М- нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, И-март худалдааны төвийн гадна иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүнийг цохих, мангасдах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохиролт санаатай учруулсан болох нь хохирогч Б.Б-н “...2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр И-март худалдааны төвөөс гарч ирээд зогсоол дээр байсан машин руугаа явж байтал үл мэдэх залуу миний араас хөөе гэж дуудсан тэгээд би эргээд хартал шууд миний нүүрэнд цохиж, зодож эхэлсэн. ...Тэгээд би зайгаа авч зогсоод цагдаа дуудаад цагдаа иртэл байлгаж байя гэж бодоод зууралдаад надтай ноцолдож, намайг дахин газар унагааж, дээрээс дэвссэн, нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 15-16/ гэсэн, шүүгдэгч Ө.М-ы “...2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр би Хан-Уул дүүргийн И-март худалдааны төв орохоор явж байтал ...Б-н машин зогсож байсан. ...Тэр хүн бол миний эхнэртэй явалдаад бид гэр бүлийн маргаантай болж улмаар тус амьдарч байгаад гэрлэлтээ цуцлуулсан. ...Би Б- гэж дуудтал эргэж харах үед нь би нэг удаа мангасдсан. Өөдөөс “хэн бэ чи, яадаг хулгайч вэ” гээд орилоод миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. ...Гараад гарц дээр утсаар яриад зогсож байтал дагз руу гэнэт цохиод авсан. Эргээд хартал Б- байсан. Би эргэж түүнтэй хамт И-мартын хашаа руу орж авто зогсоол дээр зууралдаж аваад ноцолдсон. Би нэг удаа л нүүрэнд нь цохисон, өөрөөр гар хүрээгүй. ...Хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 38-40/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №1918 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Б-гийн биед баруун нүдний зовхи, духанд зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Б-н эрүүл мэндэд учирсан “...баруун нүдний зовхи, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, тархины доргилт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ө.М-ы түүнийг мангасдах, цохих зэргээс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ө.М-ы хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.М-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд баруун нүдний зовхи, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуй, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ө.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.М- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110004720220   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Ө-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-ын М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ө.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110004720220 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.М- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР