| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00397/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2016-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 406
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 6-07 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, РД:ОО62052567, Борлууд овогт Аюурзаны Дулмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Дулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд төрсөн, 55 настай, ам бүл 3. Би 1980 оны 6 дугаар сараас 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох 1980 онд ажилд орсон тушаал, 1980-1984 оны цалингийн баримт архивт шилжиж ирээгүй байна. Харин 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон 1986-1990 оны цалингийн баримтыг шүүлгэж авсан болно. Иймд миний 1980 оны 6 дугаар сараас 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Дулмаа нь Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 6 дугаар сараас 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. 1984 онд хамт ажиллаж байсан худалдагч нартайгаа хамт авахуулсан фото зураг,
2. Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байхдаа 1985, 1986 онуудад шагнуулсан баярын бичгүүд,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Аюурзанын Дулмаагийн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
4. Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 38 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Дэлгүүрийн соёлын барааны тасгийн худалдагч Аюурзана овогтой Дулмаа, хүнсний тасгийн худалдагч Мягмарын Ичинноров нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,
5. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 213 тоот “Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1980-1981 оны тушаалын баримт шилжиж ирээгүй тул Аюурзана овогтой Дулмаагийн худалдагчаар ажилд орсон тушаалыг шүүн үзэх боломжгүй байна. Тэс сумын ХБА-ийн 1980-1984 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул А.Дулмаагийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,
6. Гэрч Р.Төмөрбаатарын шүүхэд өгсөн: “Би 1979 оноос Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад ажилчин, аж ахуйн эрхлэгч, хүнсний барааны няраваар, 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван гол” хоршоонд тус тус ажиллаж байсан. А.Дулмаа нь 1980 оноос Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн худалдагчаар ажилд орж 1990 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаад бид хамтдаа “Таван гол” хоршоонд шилжин орж 1994 оныг дуустал ажилласан юм. Би анх чанарын бригадад ажиллаж байгаад сүүлд аж ахуйн няраваар ажиллаж эхлэхэд А.Дулмаа 6 худалдагчтай дэлгүүрийн барааны худалдагчаар ажиллаж байсан, ажилдаа нямбай хүн бөгөөд бид олон жил хамтарч ажиллаж байсны хувьд түүнийг сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,
7. Гэрч Д.Сүрэнжавын шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цэвэрлэгч, кассчинаар, 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван гол” хоршоонд тус тус ажиллаж байсан. Намайг 1981 онд тус байгууллагад ажилд ороход А.Дулмаа тэнд худалдагчаар ажиллаж байсан бөгөөд бид хамтдаа 1990 оныг дуустал ажилласан юм. А.Дулмаа ажиллах хугацаандаа “Байгууллагын аварга”, “Аварга худалдагч” зэрэг шагнал урамшуулал олон удаа авч байсныг би санаж байна” гэх мэдүүлэг,
8. Гэрч Р.Төмөрбаатарын Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 106 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Сүрэнжавын Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 611 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч А.Дулмаа нь Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 6 дугаар сараас 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан болох нь 1984 онд хамт ажиллаж байсан худалдагч нартайгаа хамт авахуулсан фото зураг, Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байхдаа 1985, 1986 онуудад шагнуулсан баярын бичгүүд, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Аюурзанын Дулмаагийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 38 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Р.Төмөрбаатар, Д.Сүрэнжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч А.Дулмаагийн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 6 дугаар сараас 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 9 жил, 10 сар, 20 хоног худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Дулмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.Дулмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие нь 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны хооронд Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд хүүхдийн хурим найрын ажилтай намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Аюурзаны Дулмаагийн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 6 дугаар сараас 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 9 /ес/ жил, 10 /арав/ сар, 20 /хорь/ хоног худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч А.Дулмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР