Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /РД:***/.  

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны *** тоотын гадаа иргэн О.Эийг машины хөгжим чанга дуугаргалаа гэх шалтгаанаар биед халдаж гараараа нүүрний ам хэсэгт цохиж, үүдэн баруун дээд 1-р шүдийг хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

 

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны *** тоотын гадаа иргэн О.Эийг машины хөгжим чанга дуугаргалаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт цохиж хамар ясны зүүн хажуу хананы зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, үүдэн баруун дээд 1-р шүдний хугарал, уруул няцарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:    

 

Хохирогч О.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр найз Лувсандоржийн гэрт эхнэрийн хамт очсон. ...22 цаг өнгөрч байхад гэрт шуугиад дэмий гэж бодоод гадаа машин дотор ороод суугаад нэлээн тоглож байгаад утасны цэнэг дуусаад байхаар нь больсон. Бид нар машин дотор хөгжим сонсоод сууж байхад хажуу хашаанаас хоёр хүн гарч ирсэн. Тэрний арай нэг дүү болов уу гэмээр нь нэлээд хэл ам хийгээд байсан бөгөөд энэ үед манай хамт байсан хоёр найз аргалаад явуулсан. Тэгээд хашаа руугаа орох гээд явж байснаа гэнэт нэг нь гүйгээд гараад ирсэн. Би машин дотроо цонхоо онгорхой сууж байхад над дээр ирээд цонхоор гараа оруулан нэг удаа нүүр орчим руу цохисон. Тэгээд би хаалгаа онгойлгоод гарах үед ахин нэг удаа нүүрэнд гараараа цохисон. Манай хойно сууж байсан найз нар буугаад боль гээд нөгөө эрэгтэйг ахиж ойртуулаагүй. Яг баримтаар гарсан зардал 258.650 төгрөг өгсөн, дахиад 140.000 төгрөгийн баримт өгнө. Эдгээр зардал мөнгөнөөс гадна имплант шүд суулгах хагалгаа 2.500.000 төгрөг, мөн хамрын муруй засах хагалгаа 4.000.000 орчим төгрөг болно гэж хэлсэн эдгээр зардал мөнгөө төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнө 00 цагийн үед манай хажуугийн худгийн тэнд хэсэг хүмүүс машины хөгжим чангалаад байхаар нь би очиж хөгжмөө багасга гэж хэлээд эргэх үед манай дүү Б гараад ирсэн байсан. Энэ үед машины жолооч бололтой залуу үл тоогоод хэг ёг гээд байсан. Тэгээд Б бид хоёр хашаанд орж гэр лүүгээ орж байхад Б эргээд гүйгээд гарсан ба би араас нь гарахад нөгөө жолоон дээр сууж байсан залууг цохисон гээд амнаас нь цус гарсан, нөгөө хэд нь нэгийгээ хориод байж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Лувсандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд машин дотор байхдаа жаахан хөгжим сонсоод сууж байсан чинь манай баруун талын айлын эрэгтэй гарч ирээд дуугаа боль гэж хэлэхээр нь за ойлголоо гээд хэлсэн чинь нөгөө айлын ах гэх хүн манай найз Этэй хэл ам хийгээд эхэлсэн ба энэ үед нөгөө хүмүүсийг бид нар уучлалт гуйж байгаад гэрт нь оруулсан. ...Нөгөө маргаан хийгээд байсан эрэгтэйн дүү болох хажуу айлын залуу гараад ирсэн бөгөөд манай найз Эийн машины жолооч талаар ирээд шууд цонхоор нь нүүрэн дундуур нь цохиод авсан. Тэгээд Э “яаж байгаа юм бэ” гээд машинаас буусан ба бид нар ч бас машинаас буусан. Энэ үед нөгөө эрэгтэй ахин Эийн нүүрэн тус газар нь нэг цохисон. Тэгээд бид нар салгасан. Бид нар нөгөө хүмүүст гар хүрсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нөгөө маргаан хийгээд байсан айлаас нэг залуу гараад ирсэн бөгөөд шууд жолоочийн талаар ирээд машины цонх онгорхой байсан чинь гараараа Эийн нүүр орчим нь цохиод авсан. Тэгээд Э машинаас буугаад гарсан чинь ахиад нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон. Энэ үед Э шүд уначихлаа гээд хэлсэн. Тэгээд бид нар салгаж холдуулсан. Бид нар огт гар хүрээгүй бөгөөд нэлээд согтуу хүмүүс байсан учир бид аль болох намжаах гээд уучлалт гуйгаад аргалаад байснаас зодоон хийсэн зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3318 дугаартай:

“1. О.Эийн биед хамар ясны зүүн хажуу хананы зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, үүдэн баруун дээд 1-р шүдний хугарал, уруул няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хэргийн 44-45 дүгээр хуудас/,

 

“Миракл” дент шүдний эмнэлгийн эмчийн тодорхойлолт /хэргийн 62 дугаар хуудас/,

 

Натур эмнэлгийн тархины томографийн шинжилгээний дүгнэлт, тархины зураг /хэргийн 67-69 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Намайг очиж байхад жолоочийн талын цонх онгорхой байхаар нь хөгжим чангалаад байсан эрэгтэйг цонхоор нь гараа оруулаад нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон, тэгээд нөгөө эрэгтэйг гараад ирэхээр нь ахин нэг удаа нүүр орчим нь гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 80 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 82-89 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 90 дүгээр хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 91-93 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 94 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 96 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

   

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

 

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны *** тоотын гадаа иргэн О.Эийг машины хөгжим чанга дуугаргалаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь цохиж хамар ясны зүүн хажуу хананы зөрөөгүй далд хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, үүдэн баруун дээд 1-р шүдний хугарал, уруул няцарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Даваа нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон.   

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох эмчилгээнд зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардалд 6.943.650 төгрөгийг хохирогч нэхэмжилсэн байна. Хавтаст хэрэгт гэмт хэргийн хор уршигтай холбоотой 2.943.650 төгрөгийн баримт /хэргийн 62-66 дугаар хуудас/ авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь хохирогчид 450.000 мянган төгрөгийг төлжээ.     

 

  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Баас гэмт хэргийн хор уршигт 2.493.650 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Эт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Түүнчлэн хохирогч  өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар учирсан хохирол төлбөрийг барагдуулсан болон хэрэг үйлдэгдэх үеийн хувийн байдал зэргийг анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

          Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигтай холбоотой баримт /2.943.650 төгрөг/ авагдсан ба шүүхийн шатанд шүүгдэгчээс хохирогчид 450.000 мянган төгрөг төлснийг хохирол, хор уршиг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Өөрөөр хэлбэл эмчилгээнд зарцуулсан төлбөрийг бодит хохирол гэж үзэх, баримтаар нотлогдсон цаашид гарах эмчилгээний зардлыг бодит бус гэж дүгнэх нь эрүүгийн хариуцлагын хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгод үл нийцнэ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

          Шүүгдэгч Б.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

  Шүүхээс шүүгдэгч Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 2.493.650 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Эт олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО