Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 453

 

                                 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

      Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багт оршин суух, ЛЗ43051078 регистрийн дугаартай, Хүрлүүд овогт Мижидийн Сүхбаатарын нэхэмжлэлтэй,

       Дорнод аймгийн Матад сумын 2-р баг Баянхангай гэх газарт оршин суух, ЖЖ77091019 регистрийн дугаартай, Хатиган овогт Намсрайн Жаргалд холбогдох,

      Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч М.Сүхбаатар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 5 сарын 14-ний өдөр Н.Жаргалд нэг хонийг 160.000 төгрөгөөр бодож 90 толгой эр хонь худалдсан. Н.Жаргал өөрөө шилж авсан. Нийт хонины үнэ 4.400.000 төгрөгийг хонио борлуулж дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоо болтол өгөөгүй байна. Ингээд нэг жил долоон сар болсон. Би хүү нэхэхгүй, харин үндсэн 4.400.000 төгрөгийг Н.Жаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Н.Жаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Сүхбаатараас  нэг хонийг 160.000 төгрөгөөр тооцож 100 толгой эр хонь авахаар тохирч, авах хонио үзэж, шилж тоолоод Дорнод аймаг  руу ачих машинаа олж ирэхээр явсан. Ингээд миний бие 2015 оны 5 сард машин аваад  очсон. ...Би хол газраас өндөр үнэтэй машин авч очсон болохоор буцах аргагүй болсон. Ингээд нийт 90 толгой хонь ачсан.  Би хонио ачаад явахдаа 90 хонины төлбөр 10.000.000 төгрөгийг бэлэн өгөөд 4.400.000 төгрөгийг хонио борлуулаад өгөхөөр болсон. Миний бие 2.000.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хохирсоны хувьд бид хоёр хоёулаа хохирч яваа. Нэхэмжлэгчтэй миний бие шүүхийн өмнө биечлэн уулзаж учраа олохыг хүсч байна гэжээ.

     Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч миний бие Н.Жаргалаас 4.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие 1.900.000 төгрөгөөсөө татгалзаж байгаа бөгөөд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг хариуцагч Н.Жаргал нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч М.Сүхбаатар нь хариуцагч Н.Жаргалд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

      Хариуцагч Н.Жаргал нь 2015 оны 5 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч М.Сүхбаатараас нэг хонийг 160.000 төгрөгөөр үнэлэн, нийт 90 толгой хонийг худалдаж авсан байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.400.000 төгрөгийн 1.900.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Жаргал нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

      Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Хариуцагч Н.Жаргал нь нэхэмжлэгч М.Сүхбаатарт худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Жаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 27475 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 42675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Сүхбаатарт олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ