| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 184/2016/01566/И |
| Дугаар | 1234 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 1234
Монтрак Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/00641 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Монтрак Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Номин Шивээ ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 84 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Азжаргал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганболд
Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэчулуун
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Монтрак Зам ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 15/007 дугаартай зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулан, LZZ5ELND4DW8177897 арлын дугаартай, өөрөө буулгагч хүнд даацын машин механизмийг "Номин Шивээ" ХХК-д хүлээлгэн өгсөн. Нөгөө талаас гэрээний төлбөрт 93 000 000 төгрөгийг гэрээний 3.2 болон 3.1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа өнгөрч 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 000 000 төгрөг болно гэж зааснаар худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул манай компани түрээсийн хэлбэрт шилжүүлэн тооцож нэхэмжилж байна. Иймд түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн 2015 оны 4 сарын 22-ны өдрөөс эхлэн хүлээн авсан 2015 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл нийт 7 cap 7 хоногийн түрээсийн төлбөр нийт 108 500 000 төгрөгөөс "Номин Шивээ" ХХК-ийн төлсөн 24 300 000 төгрөгийг хасч 84 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч "Номин Шивээ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани "Монтрак Зам" ХХК-иас хүнд даацын тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулж, өөрийн зүгээс 30 сая төгрөгийн үнэ бүхий 74-78 улсын дугаартай тоёота кроун маркийн автомашиныг гэрээний төлбөрт 25 сая төгрөгт шилжүүлэн өгсөн. Удалгүй худалдан авсан тээврийн хэрэгсэл маань хуучнаас гадна гэмтэлтэй байсан нь илэрсэн, түүнийг засуулаад ч арилаагүй шалтгааны улмаас энэхүү тээврийн хэрэгслийг "Монтрак Зам" ХХК-д 2016 оны 11 сард буцаан өгсөн бөгөөд гэрээ цуцлагдсан гэж тооцож байсан. Гэтэл "Монтрак Зам" ХХК нь түрээсийн эрх үүснэ гэж гэрээнд заасан гэх үндэслэлээр маш их хэмжээний мөнгөн төлбөр үүсгэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид гэрээний зүйлийг буцаан өгснөөр гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгч ямар нэг хохирол хүлээгээгүй урьдчилгаа болон гэрээний зүйлээ буцаагаад авчихсан. Доголдолтой эд зүйл хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Номин Шивээ" ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 84 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Монтрак Зам" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч "Монтрак Зам" ХХК-аас урьдчилан төлсөн 578 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Номин Шивээ" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 578 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Очирпүрэв давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн тайлбар болон татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх талаар гэрчийг асуулгах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Монтрак зам ХХК нь хариуцагч Номин шивээ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 84 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн зүйл нь доголдолтой байсан тул буцааж, гэрээ цуцлагдсан” гэж маргажээ.
Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 15/007 тоот гэрээ байгуулж, нэхэмжлэгч буюу худалдагч нь LZZ5ELND4DW8177897 арлын дугаартай, өөрөө буулгагч хүнд даацын машин механизмийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч буюу худалдан авагч нь графикийн дагуу үнэ болон хүүг төлөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсанд маргаагүй, харин худалдан авагч буюу хариуцагч гэрээний 3.3-д заасан төлбөр төлөх үүргээ 14 хоног хэтрүүлсэн тул зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа түрээсийн гэрээ болон өөрчлөгдсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. /хх-ийн 3-6/
Талуудын хоорондын гэрээний 3.3-д “худалдан авагч хуваарьт төлбөрөө 14 хоног төлөхгүй хугацаа хэтрүүлбэл худалдагч гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ” гэсэн заалтыг оруулсан. Мөн уг заалтад “..,түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 000 000 төгрөг болно” гэжээ.
Хариуцагч LZZ5ELND4DW8177897 арлын дугаартай өөрөө буулгагч хүнд даацын машин механизмыг зээлээр худалдах худалдан авах гэрээгээр эзэмшилдээ шилжүүлэн авснаас хойш өөрийнх нь тайлбарласнаар 25 000 000 төгрөг нэхэмжлэгчийн тайлбарласнаар 24 300 000 төгрөг төлсөн, өөр төлбөр тооцоо хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч буюу худалдагч гэрээг цуцалсан.
Хариуцагч гэрээний зүйл болох LZZ5ELND4DW8177897 арлын дугаартай машин механизмыг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримтад талууд маргаагүй.
Талууд гагцхүү гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хуваарийг 14 хоног л хэтрүүлэх тохиолдолд зээлээр худалдах худалдан авах гэрээ шууд цуцлагдаж, түрээсийн гэрээний үүрэг болон солигдох эсэх асуудлаар маргажээ. Нэгэнт талууд гэрээний заалтаар маргаж байгаа тохиолдолд гэрээг тайлбарлах шаардлага үүсч байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утга, мөн хуулийн 198.5 дах хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарахаар байна. Талуудын гэрээний заалт, үгийн шууд утгаас үзэхэд ердийн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж, гэрээний гүйцэтгэл биет байдлаар буцаагджээ.
Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол шаардаагүй, харин түрээсийн гэрээний үүрэг шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Гэрээний 3.3 дах заалтыг зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг түрээсийн гэрээний үүргээр солигдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй болжээ. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна. Зээлээр худалдах худалдан авах, түрээсийн гэрээ нь төсөөтэй төрлийн гэрээнүүд биш бөгөөд түрээсийн зүйл, ашиглалтын хугацаа, хөлс төлөх журам, хөлслөгч, хөлслүүлэгчийн үүрэг гэх мэт нарийвчилсан, тусгай нөхцлүүд буюу гол нөхцлийн талаар талууд бичгээр тохиролцсон тохиолдолд түрээсийн гэрээг байгуулагдсанд тооцох юм.
Иймд гэрээний 3.3 дах заалтыг түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар талууд өмнөх ямар хэмжээний, ямар төрлийн үүргийг, ямар үүргээр яаж солихоор тохиролцсон нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй бөгөөд үүргийг солихоор тохиолцсон гэж үзэх боломжгүй тул түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/00641 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Номин шивээ ХХК-д холбогдох түрээсийн төлбөрт 84 200 000 төгрөг гаргуулах тухай Монтрак зам ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Номин шивээ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД