Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0181

 

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0181

Улаанбаатар хот

 

 

 

“О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч

Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “О***” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын “О***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0953 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар.

Хэргийн индекс: 128/2022/0460/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О***” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын “О***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0953 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын “О***” ХХК-

д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Нэхэмжлэгч анх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн,

 3.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн,

 3.3 Дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль хэрэглэх зарчмыг бүхэл нь зөрчсөн гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянаж өгөхийг хүсэж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “О***” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалын “О***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...”О***" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газарт 10 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон ба гэрчилгээгээ авч, үүнээс хойш газраа хуулийн дагуу ашиглаж ирсэн. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Ингэхдээ тухайн шийдвэр гарах гэж байгаа болон гарсан тухай бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй процессын алдаа гаргасан. “О***” ХХК нь 2006 оноос хойш нийт 10 га газрыг ашиглах эрхтэй байсан бөгөөд маргаан бүхий тушаалд нэхэмжлэгч компанийн 6,5 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож байна гэж заасан нь тухайн тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй, илэрхий хууль зөрчсөн болохыг харуулж байна.

Газар ашиглах эрхээ сунгуулахгүй гэж хүсэлт өгсөн хэмээн хариуцагчаас тайлбарладаг. Хүсэлтийг гүйцэтгэх захирал Д.Д*** биш тухайн үед Б.Ц*** гэх хүн гаргасан. Үүнд шүүхээс шинжээч томилж гарын үсгийн хэв загварыг шинжлүүлэхэд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 58 албан бичигт байгаа гарын үсэг нь Д.Д*** болон Б.Ц***ийн гарын үсэг тохирохгүй. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 тоот албан бичиг дээрх гарын үсэг нь Б.Ц***ийн  гарын үсэгтэй тохирч байна гэсэн байдаг. Тухайн үед компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь лавлагаанаас харахад Д.Д*** гэж хүн байсан. ... Тийм учраас хүсэлт гаргасан гэж үзэхгүй…” гэж тайлбарлажээ.

       4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”  гэж тус тус заасанчлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүх  цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх үүрэгтэй.

4.2. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “О***” ХХК-д Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 6.5 га газрыг 5 жилийн хугацаатай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай тус тус ашиглах эрхийг олгосон. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаар тушаалаар нэхэмжлэгч “О***” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд байрлах 6.5 га газрын ашиглах эрхийг “газар ашиглах эрхийн хугацаа дууссан, хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэсэн.

4.3. Тус үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх, хэрэгт нотлох баримтаар авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2014 оны 140 дүгээр албан бичгээр “...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасан ...заалтын дагуу танай газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдэгдэе” гэх агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгч “О***” ХХК-д хүргүүлсэн асуудлыг тодруулах хүрээнд нэхэмжлэгч “О***” ХХК-иас Байгаль орчны сайдын 2006 оны 40 дүгээр тушаалаар ашиглах эрхтэй болсон 6.5 га газрын газар ашиглах эрхийн 5 жилийн хугацаа дуусгавар болсноос хойш хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж байсан эсэх, хариуцагчаас газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэсэн эсэх,

Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 6.5 га газрыг 5 жилийн хугацаатай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/321 дүгээр тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай” ашиглах эрхийг нэхэмжлэгчид тус тус олгосон. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/43 дугаар тушаалд “О***” ХХК ... Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн ам ... 6.5 га ... 2015.08.05, А/321” хэмээн тусгасан зэрэг хоорондоо зөрүүтэй үйл баримт нь ямар учиртай болох,

Маргаан бүхий захиргааны актад дурдагдсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн нэг болсон нэхэмжлэгчээс тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байх хугацаандаа газрын төлбөрийг хуульд заасан журмын дагуу бүрэн төлж байсан эсэх асуудалтай холбогдуулан нэхэмжлэгч “О***” ХХК нь Байгаль орчны сайдын 2006 оны 40 дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгогдсон 6.5 га болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/321 дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгогдсон 3.5 га газарт газрын төлбөрийг хуульд заасан журмын дагуу бүрэн төлж байсан эсэх асуудлыг тодруулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Иймд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн дүүрэн бүрдүүлж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын маргаж буй үндэслэлд нэг мөр бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0953 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

          ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

          ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

 

                     ШҮҮГЧ                                                         Г.МӨНХТУЛГА