Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 18

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАТХ, ТУБ Б.Х, Д.Б, ТМТЗ-д тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАТХ-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Залруулга хүргүүлэх тухай” 04/866 дугаар албан бичгийг хүчингүй болгох”,

 “ТУБ нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 дугаар шийтгэлийн хуудсыг илт бусад тооцуулах”,

 “ТМТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0010/З тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, хариуцагч Б.Х, Д.Б, Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус компаний захирал Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэг. ОАТХ-ийн ТУБ Д.Б, Б.Х нарын “Э” ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 204201891 дугаартай шийтгэлийн хуудсаар 54.610.999.00 төгрөгийн төлбөр ногдуулснийг эс зөвшөөрч “Э”ХХК ОАТХ-ийн дэргэдэх МТЗ-д 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр

1/ Засгийн газрын 2018 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэсэн заалтын дагуу тус татварын хэлтэст сайн дурын үндсэн дээр ил тодын тайлангаа өгч, МУ-ын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу хариуцлагаас чөлөөлөх ёстой байтал дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй төлбөр ногдуулсан. Шийтгэлийн хуудсын 1.1 дэх заалтын 2.117.193.50 төгрөгийн төлбөр, 1.2 дахь заалтын 21.102.297.00 төгрөгийн төлбөр, 2.1 дэх заалтын 2.858.432.80 төгрөгийн төлбөрийг тус тус дээрх хуулийн заалтын дагуу хэрэгсэхгүй болгох.

2. Шийтгэлийн хуудсын 3.1 дэх заалтад заасан 28,533,075 төгрөгийн төлбөрийн тухайд: Манай компани 2017 оны 9 дүгээр сард Ти Ди Би лизингээр дамжуулан эксковатор худалдаж авсан. Урьдчилгаа 30%-иар төлсөн эксковаторын нийт үнэ 824,335.894 төгрөг, үүний 30% нь 247,300.768 төгрөг болсон. Ти Ди Би нь лизингээр урьдчилгаа 30%-иар төлсөн үнэнд маань нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгсөн. Үндсэн хөрөнгө худалдаж дүнд татвар ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй ба Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1,1.2 зүйлд зааснаар гэж зөрчлийн тухай хуулинд байхгүй хуулийн заалтаар нөхөн төлбөр ногдуулсан нь Захиргааны ерөнхий хууулийн 47 дугаар зүйлийн 1.1-д зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай илт хууль бус байх тул 3.1.1 дэх заалтын 28,533,075 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ гомдлыг хүлээж аваад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр. “Э”ХХК нь ОАТХ-ийн дэргэдэх МТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх МТЗ-д

1/ ОАТХ-ийн дэргэдэх МТЗ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг гаргахдаа Засгийн газрын 2009 оны 22 дугаартай тогтоолоор батлагдсан “МТЗ-ийн ажиллах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт “МТЗ-ийн хуралдаанд маргааны оролцогч талууд болон МТЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон магадлагч оролцоно” гэсэн заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалт “Тогтоол нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ. Удиртгал хэсэгт “тогтоолыг хэзээ, хаана, ямар МТЗ-д гаргаж байгаа, хурлын дарга, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга, маргааны оролцогч талуудыг нэрлэн заана” гэсэн заалт,

“Тодорхойлох” хэсэгт “гомдлын шаардлага, маргааны оролцогч талуудын тайлбарын агуулга, магадлагчийн дүгнэлтийг заана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

ОАТХ-ийн дэргэдэх МТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр тогтоолын УДИРТГАЛ хэсэгт магадлагчийг нэрлэн заагаагүй, ТОДОРХОЙЛОХ хэсэгт магадлагчийн дүгнэлтийг орхигдуулсан зэрэг зөрчлүүдийг нэгтгэн дүгнэхэд МТЗ-ийн хуралдаанд гомдлыг шалгаж дүгнэлтээ гаргах магадлагчийг оролцуулахгүй байх МТЗ-ийн хурлыг хийж хүчин төгөлдөр бус тогтоолыг гаргасан гэж үзэж, ОАТХ-ийн ТУБ Б.Х, Д.Б нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 204201891 дугаартай шийтгэлийн хуудас, ОАТХ-ийн дэргэдэх МТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх МТЗ гомдлыг хүлээн авч шалгаад 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар оруулж 02 дугаар тогтоолоор ОАТХ-ийн ТУБ Д.Б, Б.Х нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 дугаартай шийтгэлийн хуудас буюу ОАТХ-ийн дэргэдэх МТЗ-ийн 2018 оны10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн заалтын дагуу ОАТХ-ийн дэргэдэх МТЗ-ийн 2018 оны 04 тоот тогтоол,  ... захиргааны актад тооцогдоно.

Учир нь ОАТХ-ийн дэргэдэх МТЗ..., ОАТХ нь Үндсэн хууль, УИХ-аас баталсан бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй.

а/ Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэсэн заалтын дагуу ОАТХ-ийн дэргэдэх МТЗ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг гаргахдаа Засгийн газрын 2009 оны 22 дугаартай тогтоолоор батлагдсан “МТЗ-ийн ажиллах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт “МТЗ-ийн хуралдаанд маргааны оролцогч талууд болон МТЗ-ийн дарга, нарийн бичгийн  дарга, гишүүд болон магадлагч оролцогч” гэсэн заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

б/ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “ Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоногэсэн заалтын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх МТЗ нь ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-ийн Засгийн газрын 2009 оны 22 дугаартай тогтоолоор батлагдсан “МТЗ-ийн ажиллах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт “МТЗ-ийн хуралдаанд  оролцогч талууд болон МТЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон магадлагч оролцоно” гэсэн заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолын талаар шийдвэрлэхгүй орхигдуулсан.

в/ ОАТХ-ийн ТУБ Д.Б, Б.Х нарын “Э” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31 дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж2018оны 06 дугаар сарын 29-ний өдөр 204201891 дугаартай Шийтгэлийн хуудасны 3.1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1, 1.2 зүйлд зааснаар гэж Зөрчлийн тухай хуулинд байхгүй хуулийн заалтаар нөхөн төлбөр ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.1-д зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай, илт хууль бус байх тул хүчингүй болгуулахаар ОАТХ-ийн ТМТЗ-д 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан.

Гомдлыг шалгах явцад тус хэлтсийн дэргэдэх МТЗ-ийн ажиллагаанд ОАТХ хөндлөнгөөс нөлөөлж, тус зөвлөлийн шийдвэр гараагүй байхад “Залруулга хүргүүлэх тухай” гэсэн гарчигтай 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/866 дугаартай албан бичгийг манай компанид хүргүүлсэн. МТЗ-ийн нарийн бичгийн дарга, ТУБ Д.Б “Э” ХХК-ийн захирал Д.Г надад МТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг “Э” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 17-нд гардуулан хүлээлгэн өгөхдөө 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №204201891 дугаартай шийтгэлийн хуудасны 3.1 дэх заалтын Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1, 1.2 зүйлд зааснаар гэснийг Зөрчлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.1 зүйл гэж засварлаж зөвтгөсөн нь миний гарын үсэггүй шийтгэлийн хуудсын хамт надад өгсөн болно.

Дээрх албан бичиг нь Шинэчлэн найруулсан 2008 оны Татварын ерөнхий  хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д МТЗ нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Иймд ОАТХ-ийн татварын УБ-ийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бусад тооцуулах, ОАТХ-ийн ТМТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоол, ОАТХ-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/866 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ”УБ Б.Х, Д.Б хоёрын үйлдсэн акт нь ноднин жилийн 06 дугаар сарын 29-нд шийтгэврийн хуудсаар гарч байсан. Энэ хоёр байцаагч нарт Ил тодын хуулиар мэдүүлэг, татварын тайлан, санхүүгийн тайлангаа илгээсэн байхад акт тавьсан. Хуулийн дагуу акт тавих эрхгүй гэсэн санаагаа би хэлж байсан. Тэгэхэд акт тавьсан байсан. Захиргааны хуулийн дагуу зүйл заалтаа буруу бичсэн гэх үндэслэлээр МТЗ-д гомдлоо анх гаргасан. Орхон аймгийн ТМТЗ-д гомдлоо гаргасан байхад залруулга хийж ирүүлсэн. Актаа хүртэл өөрчлөөд шинээр бичсэн байсан. Актыг бид нар ойлгохдоо МТЗ-д хүсэлтээ гаргасан байхад засах эрхгүй гэж ойлгоод байгаа. Б.Х нь тэгэхэд актаа өөрчлөөд шинээр бичсэн байсан. ОАТХ-ийн дарга нь ТМТЗ-д нөлөөлсөн гэж үзэж байгаа. Бидний хардлага нь нотлох баримтаар ч байгаа. Залруулга гэсэн хаягтай албан тоот бид нарт байна. 08-р сарын 23-ны өдөр энэ залруулгыг гардаж авсан. Дээрээс нь актаа хүртэл шинээр бичсэн. Энэ актыг засах ёсгүй гэж үзэж байгаа. МТЗ-д өгөхөөс өмнө засаж болно, харин өгсний дараа актаа засаж болохгүй гэж үзээд байгаа. МТЗ-ийн тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна.

Засгийн газрын 2009 оны 22 дугаар тогтоолыг зөрчсөн. Тэр хурлын тэмдэглэлд Д.Б-ыг би магадлагчаар орсон гэж ойлгож байсан. Тэгэхэд нарийн бичгийн даргаар орсон байсан. Магадлагч огт ороогүй. Магадлагч нь байгаа эсэхийг үзэх гэж тэмдэглэлийг шаардсан юм. Засгийн газрын 2009 оны 22 дугаар тогтоолын 5.4-т тогтоол нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн хэсгээс бүрдэнэ гэсэн заалттай. Тодорхойлох хэсэгт магадлагч гэж байгаагүй. Мөн магадлагчийн дүгнэлт байхгүй байна” гэв.

Хариуцагч ОАТХ-ийн ТУБ Д.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ОАТХ-ийн УБ Д.Б, Б.Х бид нар “Э” ХХК-ийн санхүү, татварын тайлан балансад ТЕГ-аас ирүүлсэн төлөвлөгөө болон удирдамж, хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 20180600153 томилолтын дагуу төлөвлөгөөт, иж бүрэн татварын хяналт шалгалтыг хийж дуусгасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг дагуу тайлбар өгсөн. Хяналт шалгалтыг татвар төлөгчийн өөрсдийн гаргасан санхүүгийн тайланд үндэслэн явуулдаг. Татвар төлөгч нь өөрийн гарын үсгээр баталгаажуулан тайланг цахимаар илгээсэн байдаг. Үүнд үндэслэж хяналт шалгалтыг явуулж байгаа. Татварын ерөнхий газрын МТЗ-ийн шийдвэр нь Ил тодод хамрагдах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байсан. Татвар төлөгч өөрөө гомдол гаргах эрхтэй, харин ТУБ гомдол гаргах эрхгүй учраас давж заалдах боломж байхгүй. Ил тодын тайлан маань өөрөө эдийн засгийг дэмжих үүднээс гаргасан. Эдийн засгийн илт тодыг дэмжих тухай хуулийн 4.1 дүгээр заалтын дагуу нэг удаа хариуцлагаас чөлөөлөх, хариуцлага ногдуулах гэсэн зүйл байдаг. Тухайн үедээ тайлангаа гаргаж өгсөн, сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол хувь хүн, хуулийн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлөх гэсэн заалттай. 2 дахь удаагаа зөрчил байгаа учраас хариуцлага тооцсон.

Дараагийн зүйл нь суудлын авто машинд худалдан авсан, түүнд холбоотой сэлбэг хэрэгслүүд нь НӨАТ-ын худалдан авалтанд хасагдаж, НӨАТ-ыг бууруулахгүй гэсэн хуулийн заалттай байгаа. 2017 оны суудлын автомашин худалдан авсан зөрчилд хариуцуулсан. Үүнийг Н.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Эксковатор худалдан авсан худалдан авалт нь нийтдээ 281,2 сая төгрөгний зөрчил байсан. Шийтгэлийн хуудсаар төлбөрийг нь ногдуулсан байгаа. Үндсэн хөрөнгөтэй холбоотой худалдан авалт нь НӨАТ-ын худалдан авалтнаас хасагдахгүй гэх зүйл заалттай байгаа. Зүйл заалтыг буруу бичсэн талаар залруулга хийгдэж албан тоотыг явуулсан. Зүйл заалт маань утга агуулгын хувьд өөрчлөгдөөгүй. Хууль бус гэж үзэхэд хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын илэрхий актыг засаж шийтгэлийн хуудас, хуулийн зүйл заалтын дугаарыг нэмж бичих боломжтой гэсэн байгаа. 19 гэсэн тоог зассан. Үг үсэг, агуулгын хувьд өөрчлөлт ороогүй. Зөрчлийн дүн, торгууль, алдангид өөрчлөлт ороогүй. Хуулийн дагуу засварлаж мэдэгдсэн байгаа. Шинэчлэн бичсэн зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг 47.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай бол захиргааны акт илт хууль бус болоход хамаарч байдаг. Бидний бичсэн алдаа нь техникийн шинжтэй, захиргааны акт илт хууль бусад тооцох ноцтой алдаа биш гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ОАТХ-ийн ТУБ Б.Х  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэмж гаргах тайлбаргүй”  гэв.

Хариуцагч ОАТХ-ийн ТМТЗ-ийн дарга, ТУАБ Н.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “УБ-д Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамж болон хяналт шалгалтын тасгаас олгосон томилолтын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2018 оны 06-р сарын 29-ний өдөр Д.Г-д хариуцуулж тогтоогдсон төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулахыг даалгасан байна. Холбогдогч нь танилцаж, гарын үсэг зурж шийтгэлийн хуудсыг хүлээн авсан. Тэгээд хуульд заасан эрхийнхээ дагуу татвар төлөгч нь ТМТЗ-д гомдол гаргасан. Ингээд Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйл, Засгийн газрын 2009 оны 01-р сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолын хүрээнд болон хуулийн дагуу гомдлыг хянан хэлэлцсэн. Ингээд хуралд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар тогтоол гаргасан. МТЗ-ийн ажиллах журмын 5.2-т заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны МТЗ мөн шүүхэд гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгсөн.  Татвар төлөгч маргаан бүхий акт гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь маргааны зүйл үргэлжилсээр байгааг харуулж байна. ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ нь анхан шатны тогтоолыг гаргаж байгаа. Холбогдох тогтоол нь эцсийн шийдвэр биш.

МТЗ-ийн хуралдаанаар нарийн бичгийн дарга, магадлагчийн хувьд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 07-р сарын 26-ны өдрийн бүрэлдэхүүнийг шинээр тогтоох тухай албан бичигт магадлагч нь ОАТХ-ийн хуулийн мэргэжилтэн байна гээд нарийн бичгийн дарга нь хэрэгжүүлж явж байгаа. Тухайн үед хуулинд заасан 30 хоногийн хугацаанд магадлалаа гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагч ОАТХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: “Татварын хэлтсийг төлөөлж оролцож байна. Манай үндсэн чиг үүрэг нь хууль хэрэгжүүлэгч байгууллага юм. Засгийн газар, УИХ, эрх бүхий албан тушаалтны шийдвэр чиглэлийн дагуу өгсөн ажлыг хэрэгжүүлж ажиллана. Хуулиар олгогдсон эрх бүхий албан тушаалтнаас өгсөн чиг үүргийн хүрээнд, ажлын байранд тусгагдсан чиг үүргийн хүрээнд тус бүртээ ажлаа хийдэг. Хэнээс ч хараат бусаар ажлаа хийнэ. Хуулиар иргэн, аж ахуйн нэгж гомдол гаргах эрхтэй байдаг. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгийг сонсоход юу ч яриад ойлгодоггүй хүмүүстэй яриад байгаа юм шиг бид нарыг яриад баймааргүй байна. Байцаагч нар  шалгасан. Хувиараа албан бичиг гаргасан байдал байхгүй. Бид нарын хувийн нэр лүү чиглэсэн байдлаар битгий ярь. Эргээд цаашдаа олон маргаан явна. Хууль, хяналтын байгууллагын өмнө нэрээр биш албан тушаалтай нь холбогдуулж ярих хэрэгтэй. Ийм байдлаар битгий хандаарай гэж хэлмээр байна. Бид нарт хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг гэж байгаа. Маргаан үүссэн, уг үүссэн маргааныг шүүх шийдвэрлэнэ. Бүгдийг нь ойлгож байна уу? гэж ирээд яриад байх юм. Тогтоолд гомдол гаргаад байгаа юм уу? тодорхой бус байна. Тогтоол хүчингүй болох юм бол акт яах юм. Тогтоол асуудалтай байгаа учраас та маргаад байна. Ямар нэгэн байдлаар тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гээд Татварын ерөнхий газрын МТЗ шийдчихсэн байна. Хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлсэн. МТЗ бол ТХ-ийн харъяа газар биш. Шийдвэрээ гаргахдаа олонхийн саналаар гаргадаг онцлогтой. Маргаан таслах явцад актаа засаад, залруулга хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д заасан байгаа. Таньд өгсөн акт хүчин төгөлдөр хэвээрээ. Хуулийн заалтыг буруу бичээд өгсөн байна. Таны эрх ашигт ноцтой нөлөөлсөн асуудал биш. 2018 оны 08-р сарын 23-ны өдрийн 04/866 тоот албан бичгээр засварласан, залруулга хийж байгаа нэг хэлбэр байгаа. Нарийн бичгийн даргын хувьд журамд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн.

 Магадлагч байсан. Журмын дагуу л ажиллагаагаа хийсэн байна. Маргааны асуудлыг гишүүдэд тарааж өгсөн, танилцуулсан, гомдол, шийдвэрийг хүлээж авсан байна. Журмын дагуу ажиллагаа хийгдсэн. Нарийн бичгийн даргын хувьд ажлаа хийсэн. Татварын хэлтсийн даргын албан бичиг нь ноцтой эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй. Сүүлд зассан, залруулга хийсэн актаар маргааныг шийдвэрлээгүй. Хуульд заасан хүрээнд ажлаа хийсэн. 7-р сарын 25-ны өдөр гомдол гаргасан гэж бичсэн байна. Захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бас бичсэн. Төлбөрөө бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүйгээр явж байгаа. Улсын байцаагчийн актыг би үндэслэлтэй гэж үзэж байна. МТЗ, журамд нийцэж гарсан анхан шатны ажиллагаа, залруулах бүрэн бололцоотой. Д.Г нь хяналт шалгалтын явцад огт ирээгүй. Бүх үйл ажиллагаанд оролцсон мэтээр ярьж байсан.

 Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа учраас актанд жаахан өөрчлөлт орчихвол төлчихмөөр байна гэж хэлж байсан. Шийтгэлийн хуудаснаас нотолж чадна. Гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь ОАТХ, ТУБ Д.Б, Б.Х, ТМТЗ-д тус тус холбогдуулан “ТУБ-ийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 дугаар шийтгэлийн хуудсыг илт бусад тооцуулах, ОАТХ-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/866 дугаар албан бичиг, ТМТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргажээ.

            2. ОАТХ-ээс “Э” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал татвар ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалт хийж, нийт 358,161,979.60 төгрөгийг зөрчилд 54,610,999.00 төгрөгийн төлбөрийг ногдуулан төлүүлэхээр ТУБ-ийн 204201891 тоот шийтгэлийн хуудсыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр /Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/ үйлджээ.

            3.Татвар төлөгчөөс маргаан бүхий дээрх улсын байцаагчдын гаргасан захиргааны акт /шийтгэлийн хуудас/-ыг эс зөвшөөрч ОАТХ болон Татварын ерөнхий газрын дэргэдэх ТМТЗ-д хандаж тус тус урьдчилан шийдвэрлүүлсэн /Хавтаст хэргийн 30-34, 37-43 дугаар тал/ байна.

            4. Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэсэн “ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн /Э ХХК-д холбогдох 204201891 тоот шийтгэлийн хуудасны тухай/ 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

            5. Учир нь тус ТМТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно“ заасан захиргааны актад хамаарахгүй юм.

6. Мөн ОАТХ-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Залруулга хүргүүлэх тухай” 04/866 дугаар албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” заасанчлан маргаан бүхий захиргааны актын бичилтийн алдааг зассан мэдэгдлийн шинжтэй албан бичиг байна.

7. ТУБ Д.Б, Б.Х нараас бичилтийн алдааг зассан шийтгэлийн хуудсыг хүргүүлж, энэ тухайгаа 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Залруулга хүргүүлэх тухай” 04/866 дугаар албан бичгээр “Э” ХХК-д мэдэгдэж хүргүүлсэн нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасантай нийцсэн, хуульд заасан арга хэмжээг захиргааны байгууллага өөрөө хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “ОАТХ-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн /Залруулга хүргүүлэх тухай/ 04/866 дугаар албан бичиг, ТМТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн /Э ХХК-д холбогдох 204201891 тоот шийтгэлийн хуудасны тухай/ 04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг хэсэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            9. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ОАТХ-ийн ТУБ нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан ба нэхэмжлэгч нь “ОАТХ-ийн ТУБ нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулан тайлбарлаж дэмжсэн тул уг тодруулсан нэхэмжлэлийн  шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, дараах үнэлэлт дүгнэлтийг өгч  шийдвэрлэв.

10. ОАТХ-ийн ТУБ /Д.Б, Б.Х/ нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

11. ТУБ нараас хяналт шалгалтыг хийхдээ: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2014 оны тайланд 11,762,185.50 төгрөгийг баримтгүй зардлын дүнгээр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 1,176,218.60 төгрөгийн нөхөн татвар, 352,865.60 төгрөгийн торгууль, 588,109.30 төгрөгийн алданги, нийт 2,117,193.40 төгрөгийн, НӨАТ-ын 2014 оны тайланд 11,762,485.50 төгрөгийн худалдан авалтыг давхардуулж оруулсан, НӨАТ ногдох 19,018,181.50 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан,  нийт 30,780,667.00 төгрөгийн зөрчилд 3,078,036.80 төгрөгийн нөхөн татвар, 1,303,774.70 төгрөгийн торгууль, 588,109.30 төгрөгийн алданги, 5,705.50 төгрөгийн хүү, нийт 4,975,626.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан байна.

 12. “Э” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу ААНОАТ-ын, НӨАТ-ын, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварыг нэмж мэдүүлсэн тайлан гаргасан болох нь хяналт шалгалтын явцад тогтоогджээ.

13. Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй“, мөн зүйлийн 5.3-т “Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна:

5.3.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

5.3.2.хувь хүний орлогын албан татвар;

5.3.3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

5.3.4.нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж тус тус заасны дагуу ААНОАТ болон НӨАТ-ын хуулийг тус тус зөрчсөн гэх нийт 42,542,552.50 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,254,255.40 төгрөгийн нөхөн татвар, 1,656,640.30 төгрөгийн торгууль, 1,176,218.60 төгрөгийн алданги, 5,705.50 төгрөгийн хүү, нийт 7,092,819.80 төгрөгийг төлбөрийг хасч тооцох нь зүйтэй гэж үзсэн Татварын ерөнхий газрын дэргэдэх ТМТЗ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн 02 тогтоол нь үндэслэл бүхий байх тул шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг багасгах нь зүйтэй байна.

14. Татвар төлөгч нь 2015 онд “Таванбогд” ХХК-иас 107,272,727.27 төгрөгөөр /НӨАТ ороогүй дүн/ суудлын автомашин худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хассан зөрчилд 10,727,272.70 төгрөгийн нөхөн татвар, 3,218,181.80 төгрөгийн торгууль, 5,039,649.00 төгрөгийн алданги, нийт 18,985,103.50 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

15. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, мөн зүйлийн 14.4.1-т “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг” гэснийг үндэслэн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

            16.Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай”, гэх өөрчлөлтийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заажээ.

            17. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 5-д: Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, гэж заасан бөгөөд ТУБ-д нь шийтгэлийн хуудсаар алданги төлбөр ногдуулахдаа татвар төлөгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж, аль хөнгөн төлбөрийг ногдуулсан эрх зүйн зохицуулалтыг сонгон хэрэглэх боломжтой байсан байна.

18. Иймд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн хэдий ч ТУБ нар нь  татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1-т: “Татварын алба, ТУБ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэх зарчимд нийцэх бөгөөд  2015 онд суудлын автомашин худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хассан зөрчилд ногдуулсан нөхөн татварт хамаарах алдангийн хэмжээг 20 хувиар тооцох боломжтой гэж үзэн төлүүлэхээр тооцсон 5,039,649.00 төгрөгийн алдангийг 2,894,194.50 төгрөгөөр багасгаж, 2,145,454.50 төгрөгийн алдангийг татвар төлөгчөөс төлөх нь зүйтэй гэж дүгнэв.

            19. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй тул “Э” ХХК-д дээрх актуудаар тогтоосон нөхөн татвар болох ТУБ-ийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 44,623,984.70 төгрөгийн төлбөр  төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон    ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 18 дугаар зүйлийн  18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 /2015.12.04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.1, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  ОАТХ-ийн ТУБ /Д.Б, Б.Х/ нарын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 204201891 тоот шийтгэлийн хуудсаар 358,161,979.60 төгрөгийг зөрчилд ногдуулсан 35,816,198.10 төгрөгийг нөхөн татвар, 11,125,223.10 төгрөгийг торгууль, 7,663,872.30 төгрөгийн алданги, 5,705.50 төгрөгийн хүү, нийт 54,610,999.00 төгрөгийн төлбөрөөс 42,542,552.50 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,254,255.40 төгрөгийн нөхөн татвар, 1,656,640.30 төгрөгийн торгууль, 4,070,413.10 төгрөгийн алданги, 5,705.50 төгрөгийн хүү, нийт 9,987,014.30 төгрөгийн төлбөрийг багасгаж, 315,619,427.10 төгрөгийн зөрчилд ногдуулсан 31,561,942.70 төгрөгийн нөхөн татвар, 9,468,582.80 төгрөгийн торгууль, 3,593,459.20 төгрөгийн алданги, нийт 44,623,984.70 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй ОАТХ болон тус Татварын хэлтсийн ТМТЗ-д тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “ОАТХ-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Залруулга хүргүүлэх тухай” 04/866 дугаар албан бичиг, ТМТЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАТХ-ээс 35100 /Гучин таван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНГЭРЭЛ