Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 456

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би Дорнод аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Э.Амартүвшинд холбогдох эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрлэн сумын 6-р баг, 25 байрны 03 тоотод оршин суух Эрдэнэбат овогтой Амартүвшин нь эхнэр Цэдэвсүрэнгийн Ганцэцэгийн эсрэг үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргийн талаар шалгахад:  2016 оны 11 сарын 26-ны орой 23 цагийн үед Э.Амартүвшин нь эхнэр Ц.Ганцэцэгтэй хамт архидан согтуурч маргасны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, шалгагдаж байна. Э.Амартүвшин нь эхнэр Ц.Ганцэцэгийг бусадтай байнга хардаж, хэл амаар доромжлон айлган сүрдүүлдэг, ална гэж заналхийлдэг, мөн сэтгэл санааны айдас түгшүүрт байдалд оруулдаг, зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд нь хамтдаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг учир бага насны 04-06 насны 2 хүүхэд нь айдас түгшүүртэй байдалд ордог, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Э.Амартүвшингийн удаа дараа архи, согтууруулах ундаа хэрэглэж гэр орондоо хэрүүл маргаан үүсгэж эхнэр Ц.Ганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь цаашид хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байна. Иймд хохирогчийн аюулгүй байдлыг хангахын тулд Э.Амартүвшинд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.1-д заасны дагуу тусдаа амьдрахыг даалгах зэргээр эрх хязгаарлах арга хэмжээг 1 жилийн хугацаагаар ногдуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

       Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллагаас тус шүүхэд хандаж Эрдэнэбат овогтой Амартүвшинд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу 1 жилийн хугацаатай тусдаа амьдрахыг даалгаж, эрх хязгаарлах арга хэмжээг авахуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр дээрх эрх хязгаарлах арга хэмжээг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхээ больсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Э.Амартүвшинд холбогдуулан эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр дээрх эрх хязгаарлах арга хэмжээг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхээ больсон” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч Э.Амартүвшинд холбогдох эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ