Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Гэд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Г.Г /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын хооронд хугацаанд Баянгол дүүргийн 25 дугаар хороо “***” төвийн ***тоотод цахим орчинд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Richpoker.info”, “Mongolpoker.” нэртэй  веб аппликэйшнаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу “Покер” тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “ Би веб аппликэйшн ашиглаад 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл тухайн үйл ажиллагааг явуулсан” гэв. 

 

    Шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 25 дугаар хороо “***” төвийн ***тоотод цахим орчинд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Richpoker.info”, “Mongolpoker” нэртэй  веб аппликэйшнаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу “Покер” тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:      

 

              Гэрч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаагүй. Би өөрийнхөө дансыг 1 сарын 500.000 төгрөгөөр хүнд ашиглуулсан. 2020 оны 11 сар, 2020 оны 12 сар, 2021 оны 01 сар гээд 3 сар ашиглуулсан бөгөөд хөлсөнд нь 1.500.000 төгрөг авсан. Энэ төлбөрийг миний дансыг ашиглаж байгаа хүн миний эхнэрийн данс руу шилжүүлж өгч байсан. “Nomin nomiko” гэсэн фейсбүүк хаягаас анх над руу 1 сарын 500.000 төгрөгөөр дансаа ашиглуулах уу? гэсэн бөгөөд тухайн үед надад мөнгөний хэрэг маш их байсан учраас зөвшөөрч өөрийн дансаа ашиглуулах болсон. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын сүүлээр миний *** гэсэн дугаар луу нэг юнителийн дугаараас холбогдож картаа хороололд аваачиж өгсөн. Миний картыг 17-18 насны эрэгтэй хүүхэд ирж авсан. Тэр хүүхэд 180 орчим см өндөртэй, цагаан царайтай, навтгардуу хамартай хүүхэд байсан. Миний дансыг покер тоглоомд ашиглана гэж байсан. Би түрээсэнд авсан 1.500.000 төгрөгийг байшингийнхаа дотор засалд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/

 

              Гэрч Б.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“Richpoker.info”нь цахимаар буюу интернет орчинд покер тоглох зориулалттай веб сайт юм. 2019 оны 5 дугаар сард Бүрэнжаргал гэх хүн надтай холбогдоод онлайнаар тоглуулдаг покерын сайт хөгжүүлэх ажил хийлгэхээр гэрээ байгуулсан. Тэгээд би гэрээний дагуу Soptpoker.mn веб сайтын хөгжүүлэлтийг нь хийж өгөөд гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын сүүлээр хүлээлгэн өгсөн. Төлбөр болгож 5 сая төгрөг авсан. Soptpoker.mn веб сайтыг хөгжүүлэхдээ программын эх кодыг нь өөртөө хадгалж үлдсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын сүүл 09 дүгээр сарын эхэн үеэр Richpoker.info веб сайтыг зохиож хөгжүүлэлт хийж, сайжруулж онлайн покер тоглоом тоглуулах зориулалттайгаар ашиглаж, гадаад улсын сайтуудад байршуулж, худалдаалах зорилготойгоор туршиж байгаад орхисон. 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр манай найз Г надтай уулзаад хөгжүүлэлт хийсэн цахим покер тоглуулах сайтаа өгчих гэж гуйсан учир би Richpoker.info веб сайтын админ эрхийг ямар нэг төлбөргүйгээр өгсөн. Веб сайтыг ашиглахын тулд сервер түрээслэх шаардлагатай болдог. Richpoker.info веб сайтыг ашиглаж серверийг интернетээс хайж байгаад Go Daddy.com  сайт руу орж серверийг сарын монгол мөнгөөр 1.500.000 орчим төгрөгөөр түрээсэлсэн. Энэ түрээсийн мөнгийг надад Г өгч тус мөнгийг би олон улсын картаа ашиглаж шилжүүлж өгсөн. Richpoker.info веб сайтыг ашиглан мөрийтэй тоглоомыг Г  өөрөө зохион байгуулсан. Би энэ хэрэгт хамааралгүй. Г надаас гуйгаад миний онлайн худалдаа хийдэг байсан оффис буюу түрээсийн байр болох Баянгол дүүргийн 25 дугаар хороо ***тоотод миний ажилдаа ашигладаг компьютерийг ашиглаж тус тоглоомыг ажиллуулсан. ...Би Гийн ажиллуулж байсан “Mongolpoker”, “Richpoker”  гэх цахим сайтуудтай ямар нэгэн холбоо байхгүй. Би Гийн цахим сайтууд ажиллуулаад олсон ашиг орлогоос нь авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 26, 110 дугаар хуудас/,

 

              Гэрч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 11-133 тоот гэртээ нөхөр хүүхдийн хамт байсан. Манай нөхөр Дарийгийн Гонгоржав интернет орчинд гар утсаараа юм үзэж байгаад цахим мөрийтэй тоглоомын веб сайт /одоо нэрийг нь санахгүй байна/ байхаар нь ороод зааврын дагуу бүртгүүлж, сонирхож үзэх зорилгоор цахим покер тоглоомыг тоглосон. Нэг их удаан хугацаанд тоглоогүй 2-3 удаа л тоглосон байх. Тус тоглоомыг тоглох гэж бүртгүүлэхдээ миний хаан банкны ***дугаарын дансыг бүртгүүлсэн болохоор тоглоомоо тоглохдоо цэнэглэлт буюу 5.000 төгрөгийг ***дугаарын данс руу надаар шилжүүлүүлсэн. Гүйлгээний утгыг нь тоглогчийн нэр, утасны дугаараар буюу “pokergok 95118357” гэж бичиж шилжүүлсэн. Анх удаа л тоглож үзсэн. Тус тоглоомыг тоглоод мөнгө хожиж, ашиг олсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

 

              Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянзүрх дүүргийн цагдаагийн академийн баруун талд байрлах Хаан банкны үүдээр явж байтал 30-35 орчим насны амны хаалт зүүсэн байсан нэг залуу хүрч ирээд “Хөгшөөн данс байна уу? хүнээс мөнгө авах гэсэн чинь авч чадахгүй байна, дансаа ашиглуулаач” гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн нэр дээр ашигладаг интернет банкныхаа нэрийг тэр залуугийн утсан дээр оруулж өгөөд өөрийн Хаан банкны ***дугаарын дансыг хэлсэн. Тэгээд тэр залуу миний дансанд мөнгө орлоо гээд надад 100.000 төгрөг өгөөд яваад өгчихсөн. Түүнээс хойш тэр залуутай холбогдоогүй, тэр залуугаас мөнгө төгрөг аваагүй. 2020 оны 11 дүгээр сард өөрийн Хаан банкны интернет банкны нууц үгийг сэргээж шинэчилсэн ба ер нь өөрийн Хаан банкны дансыг нээх ашиглаад байдаггүй тул дансны хуулга зэргийг татаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

              Э.Згийн цахим хаягт үзлэг хийсэн “...Чатын жагсаалтыг гүйлгэж байхад “Nomin Nmn” гэх хаягийг гэрч З миний дансаа ашиглуулахдаа харьцсан фейсбүүк мөн байна гэж заасан тул уг чат руу ороход 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:40 цагт “Nomin Nmn” хаягаас аудио дуудлага хийхэд аваагүй тул “dans ashiglah medeelel, yaraltai heregtei baigaa shuu” гэж бичээд дахин 5 удаа аудио дуудлага хийсэн байна. З дуудлагыг аваагүй тул “bnu zalgadaa” гэсэн мессеж явуулсан бөгөөд уг хоёр хэрэглэгч 8 минут аудио дуудлага хийж ярилцсан байна. Үүний дараа “Nomin Nmn” гэх хаягаас “asuudal bhgue ho utasnii dugaaraa ogchih hereg garval zalgaj baiy” гэхэд нь хариуд нь *** гэхэд “ok tgd hereg garval yronhiidoo messengereer holbogdoj bgartai” гэхэд лайк дарснаар чат дууссан байна...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-7 дугаар хуудас/,

 

              Б.Пгийн ***тоот дансанд үзлэг хийсэн “...19 удаагийн гүйлгээгээр нийт 22.100.000 төгрөгийн зарлага гарсан байна” гэх тэмдэглэл, дансны хуулга /хэргийн 111-112, 113-127 дугаар хуудас/,

 

              Э.Згийн ***тоот дансанд үзлэг хийсэн “...13 удаагийн үйлдлээр 17.650.000 төгрөгийн зарлага гарсан байна” гэх тэмдэглэл, дансны хуулга /хэргийн 128-129, 130-142 дугаар хуудас/,

 

              Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...найз Баярмагнайтай уулзаад ярилцаж байгаад цахим орчинд интернет покер тоглоом зохион байгуулдаг сайт зохиосон байхыг нь хараад би энэ сайтыг нь ашиглаж талаар ярьж байсан, гэхдээ тухайн үед уг сайтыг ашиглах, ашиглахгүй талаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй. 2020 оны 07 дугаар сарын дундуур шиг санагдаж байна Баярмагнайтай уулзаад зохиосон цахим орчинд интернет покер тоглоом зохион байгуулдаг сайтыг ашиглахаар болоод уг “Mongolpoker.info” сайтын админ эрхийг нь авсан. ...эрүүгийн хуулийг судлаад цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нь мэдээд өөрийн нэр дээр бүртгэлтэй дансыг ашиглаж болохгүй, өөр хүний нэр дээр бүртгэлтэй дансыг ашиглах хэрэгтэй юм байна гэж бодоод 2020 оны 08 дугаар сарын эхээр шиг санагдаж байна Баянзүрх дүүргийн Чулуун-Овоонд байрлах Хаан банкны салбар дээр зориудаар Б.П гэх залууд дансыг нь ашиглах санал тавьсан ба П зөвшөөрөөд өөрийн Хаан банкны ***дансны карт болон гүйлгээний нууц кодыг өгсөн. ... “Mongolpoker.Mi” сайтыг ашиглаж зарчим нь би уг сайтаа интернетэд байрлуулаад тоглох хүмүүс нь бүртгэлийн хэсгээр бүртгүүлж ороод покер тоглох өөрийн эрхийг цэнэглэх шаардлагатай тул админы үндсэн данс буюу миний түр ашиглахаар авсан Пгийн Хаан банкны ***дугаарын данс руу өөрийн тоглох хэмжээний мөнгийг шилжүүлдэг. Тоглогч нар хоорондоо өөрсдийн цэнэглэсэн мөнгөн дүнгээр нэг өрөөнд тоглоно, нэг өрөөнд тоглож байгаа тоглогч нарын мөнгөн дүнгийн 0.1 хувийг шимтгэл болгон Б.Пгийн дансанд үлдээдэг ба энэ мөнгө миний цэвэр ашиг болдог. Би “Mongolpoker.Mi” сайтыг ажиллуулах явцдаа 2020 оны 11 дүгээр сараас Баярмагнайгаас шилжүүлэн авсан кодоо дахин хуулбарлаад “Richpoker.info” гэх нэртэй дахин цахим мөрийтэй тоглоом тоглуулах сайт нээсэн. Уг сайтаа нээгээд дахин өөр данс ашиглах шаардлагатай байсан учраас дахин зар тавихад Энхбаярын З гэх хүн холбогдсон. Би Энхжаргалтай тохиролцсонтойгоо адилаар Э.Зд дансыг нь ашигласны төлбөрт 1 сарын 500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон... ...2020 оны 09 дүгээр сараас эхлээд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулж байх хугацаандаа Б.Пгийн дансыг ерөнхийд нь ашиглаж байсан, анх эхлэхдээ Энхжаргал гэх хүнтэй холбоо тогтоогоод ажиллуулах гэсэн боловч тухайн хүнтэйгээ учраа олоогүй учраас тэр хүний дансыг нь ашиглахгүй байхаар шийдсэн. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш “Mongolpoker” нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтаа ажиллуулахаа болиод нэршлийг нь “Richpoker” нэртэй болгож өөрчлөөд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Э.Згийн дансыг ашиглаж эхэлсэн. Би дансны хуулгыг шүүж үзэн ашиг болгож АТМ-ээс авсан мөнгөө тооцож үзэхэд ...Б.Пгийн данснаас АТМ-ээс 19 удаагийн гүйлгээгээр 22.100.000 төгрөгийн бэлэн мөнгө гаргаж ашигласан. Э.Згийн данснаас АТМ-ээр 13 удаагийн гүйлгээгээр 17.650.000 төгрөгийг авч ашигласан байна. Би “Mongolpoker”, “Richpoker” нэртэй цахим мөрийтэй тоглоом тоглуулах сайтуудыг ажиллуулж байх хугацаандаа Баярмагнайтай ямар нэгэн байдлаар хамтарсан зүйл байхгүй, олсон ашиг, орлогоосоо Баярмагнайд өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 60-61, 144 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Гэрч Л.Ганзоригийн мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Баянжаргалын мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 62 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 63 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 67 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “***” төвийн ***тоотод цахим орчинд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Richpoker.info”, “Mongolpoker.” нэртэй  веб аппликэйшнаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу “Покер” тоглоом зохион байгуулсан болох нь шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.З, Б.П нарын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Энэ гэмт хэрэг нь ашиг олсон эсэхээс үл хамааран шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн ашиг сонирхол, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглохтой холбоотой хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байна.

 

Шүүгдэгч Г.Г болон түүний өмгөөлөгч Д.Нармандах нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

Тиймээс шүүгдэгч Г.Гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

         Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Гэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Нармандах нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

         Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Г.Гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 39.750.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. 

 

  1. Бусад асуудлаар:

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Гийг үргэлжилсэн үйлдлээр “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох “Richpoker.info”, “Mongolpoker” нэртэй  веб аппликэйшнаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу “Покер” тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 39.750.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЗОЛБОО