| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00402/И |
| Дугаар | 424 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 424
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, РД:ОЮ69061708, Бутангууд овогт Дэндэвийн Одгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1987 онд 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Нисэх буудалд үйлчлэгчээр анх ажилд орсон ба одоог хүртэл 31 жил тус байгууллагад тасралтгүй ажиллаж байна. Гэтэл 1987 оноос 1995 оныг дуустал 9 жилийн хугацаанд ажиллаж байсан талаар тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дээр дутуу бичилт хийгдсэнээс миний ажилласан жил хасагдахад хүрээд байна. Улмаар би аймгийн архиваас тухайн онуудад цалин авч байсан баримтаа шүүлгэж үзэхэд “Увс аймгийн Нисэх буудлын газрын баримт нь шилжиж ирэхдээ баримт дутуу ирсэн байгаа тул Дэндэв овогтой Одгэрэлийн ажилласан жил бүрэн гарахгүй байгаа нь үнэн болно” гэсэн хариуг өгсөн. Намайг анх ажилд ороход Увс аймгийн Нисэх буудлын даргын 1987 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 31 тоот тушаалаар үйлчлэгчээр томилж байсан бөгөөд энэхүү тушаал нь мөн манай байгууллага болон архиваас олдохгүй байгаа, харин анх ажилд ороход нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилогдсон тухай бичилт хийгдсэн байдаг. Мөн надад 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Увс Агаарын тээврийн газрын захиргаанаас олгож байсан “Талархал” болон 1989 оны 3 дугаар сарын 05-ний өдөр хамт олноороо авахуулсан зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсан. Иймд миний Увс Агаарын тээврийн газарт 1987 оны 7 дугаар сараас 1995 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Одгэрэл нь Увс аймгийн Нисэх буудалд 1987 оны 7 дугаар сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Дэндэвийн Одгэрэлд Увс аймгийн Нисэх буудлаас 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “Д.Одгэрэлийг Увс аймгийн Нисэх буудалд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйлчлэгчээр томилов” гэж бичилт хийгджээ,
2. 1989 онд хамт олноороо авахуулсан фото зураг,
3. Увс аймгийн Агаарын Тээврийн захиргаанаас 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шагнасан талархал,
4. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Дэндэвийн Одгэрэлийн Увс аймгийн Нисэх буудалд 1989 оны 1, 6 дугаар сар, 1993 оны 1-6 дугаар саруудад үйлчлэгчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
5. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Нисэх буудлын газрын баримт нь шилжиж ирэхдээ баримт дутуу ирсэн байгаа тул Дэндэв овогтой Одгэрэлийн ажилласан жил бүрэн гарахгүй байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,
6. Гэрч Ү.Түмбээгийн шүүхэд өгсөн: “Би 1990 оноос эхлэн Монголын Иргэний агаарын тээврийн “МИАТ” нэгтгэлийн Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт манаачаар ажилд орж Холын чиглүүлэх радио станцын техникчээр одоог хүртэл ажиллаж байна. Д.Одгэрэл нь намайг 1991 онд ажилд ороход Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо ч үйлчлэгчээр ажиллаж байгаа хүн юм. Д.Одгэрэл нь ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан, түүнээс 2008 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын жуух бичгээр бид хоёр хамт шагнагдаж байсныг санаж байна. 1987 онд намайг ажилд ороход байгууллага маань Увс аймаг дахь Агаарын тээврийн газар нэртэй байж байгаад Увс аймгийн Нисэх буудал нэртэй болж, 2012 оноос Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудал нэртэй болсон” гэх мэдүүлэг,
7. Гэрч Д.Цэвээний шүүхэд өгсөн: “Би 1979 оноос Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Авто баазад нисэх онгоцны цэнэглэх жолоочоор 1990 оныг дуустал ажилласан юм. Д.Одгэрэл нь 1987 оноос Увс аймгийн нисэх буудалд үйлчлэгчээр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Д.Одгэрэлийг ажилд орсон жил манай байгууллага нь Увс аймгийн нисэх буудал нэртэй болсон юм. Түүний хүргэн ах Ц.Дашдорж нь манай онгоцны буудлын дарга, диспечерээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсныг би санаж байна. Д.Одгэрэлийн хувьд ажлаа сайн хийдэг, хамт олны дунд нэр хүндтэй хүн учраас 30 гаруй жил тасралтгүй манай байгууллагад ажиллаж байгаа, би түүнийг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ү.Түмбээгийн Увс аймгийн Нисэх буудалд ажиллаж байсныг нотлох Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 6 тоот “Зарим хүмүүсийг ажлаас өөрчлөх шилжүүлэн томилох тухай” тушаал, Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот “Дэг журам зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” тушаал, Д.Цэвээний Увс аймгийн Нисэх буудалд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Одгэрэл нь Увс аймгийн Нисэх буудалд 1987 оны 7 дугаар сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Д.Одгэрэлд Увс аймгийн Нисэх буудлаас 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “Д.Одгэрэлийг Увс аймгийн Нисэх буудалд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйлчлэгчээр томилов” гэж бичилт хийгдсэн байдал, 1989 онд хамт олноороо авахуулсан фото зураг, Увс аймгийн Агаарын Тээврийн захиргаанаас 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шагнасан талархал, гэрч Ү.Түмбээ, Д.Цэвээн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Одгэрэлийн Увс аймгийн Нисэх буудалд 1987 оны 7 дугаар сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 6 сар үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бутангууд овогт Дэндэвийн Одгэрэлийн Увс аймгийн Нисэх буудалд 1987 оны 7 дугаар сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР