Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2020/0348/З |
Дугаар | 221/МА2023/0193 |
Огноо | 2023-03-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2023/0193
2023 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2023/0193 | Улаанбаатар хот |
“З***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “З***” ХХК
Хариуцагч “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК,
Гуравдагч этгээд “Багануурын дулааны станц” ТӨХК
Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний хөгжлийн төвийн Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 актад заагдсан зөрчлийг арилгасан байхад гэрээний гүйцэтгэгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан Эрчим хүчний яамны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа Эрчим хүчний хөгжлийн төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах Улсын комиссыг ажиллуулах нөхцөлийг хангахыг Эрчим хүчний хөгжлийн төвд даалгах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0063 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, Ч.О***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А***, Н.Г***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нар.
Хэргийн индекс: 128/2020/0348/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З***” ХХК нь “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-д холбогдуулан “Эрчим хүчний хөгжлийн төвийн Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 актад заагдсан зөрчлийг арилгасан байхад гэрээний гүйцэтгэгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан Эрчим хүчний яамны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа Эрчим хүчний хөгжлийн төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах Улсын комиссыг ажиллуулах нөхцөлийг хангахыг Эрчим хүчний хөгжлийн төвд даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0063 дугаар шийдвэрээр “Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “З***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Барилга байгууламж ашиглалтад оруулах Техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 дугаартай актад заагдсан зөрчлийг арилгасан байхад, Эрчим хүчний яамны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа “Эрчим хүчний үндэсний төв” ААТҮГ /одоогийн Эрчим хүчний хөгжлийн төв/-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохыг одоогийн “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-д даалгаж” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Хэргийн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт өгөөгүй, гэрээний нөхцөл шаардлагыг хангаагүй боловч түүнийг хүлээн авах ёстой гэж шийдсэн нь буруу,
3.2 Холбогдох эрх бүхий байгууллагын албан бичиг, гүйцэтгэгч байгууллагын хүлээн зөвшөөрсөн гэрээний нөхцөл зэрэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шүүхийн зүгээс 4 жил 4 сарын хугацаанд хэвийн ажиллаж байгаа учир цаашид ашиглаж, улсын комисс хүлээн авах ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,
3.3 Техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт шинэ тоног төхөөрөмж суурилуулахаар заасан. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхад Эрчим хүчний сайдын 2019 оны 125 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчиж, улсын комисс ажиллуулах санал, дүгнэлт гаргах боломжгүй.
3.4. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийг хууль, эрх зүйн актыг зөрчсөн үйлдэл хийлгүүлэхээр шийдвэрлэсэн гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Эрчим хүчний тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр
хангаж шийдвэрлэв.
3.1. Нэхэмжлэгч “З***” ХХК нь “Эрчим хүчний хөгжлийн төвийн Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 актад заагдсан зөрчлийг арилгасан байхад гэрээний гүйцэтгэгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан Эрчим хүчний яамны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа Эрчим хүчний хөгжлийн төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах Улсын комиссыг ажиллуулах нөхцөлийг хангахыг Эрчим хүчний хөгжлийн төвд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-д холбогдуулан гаргасан.
3.2. Хэргийн үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “З***” ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зарласан “Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер /Улаанбаатар, Багануур дүүрэг/” ТӨБЗГ-2018/XVII.1.18 тендер сонгон шалгаруулалтанд шалгарч, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв /хуучнаар/-тэй “Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг гүйцэтгэх”-ээр ЭХА-002/2018 дугаар гэрээ байгуулсан. ЭХА-002/2018 дугаар гэрээний “Техникийн тодорхойлолт” хэмээх 2 дугаар хавсралтад “техникийн паспорт – Бүрэн – Англи орос хэлээр бичигдсэн байх”, “заавар – Бүрэн – Монгол хэл дээр бичигдсэн байх”, “Үйлдвэр – ОХУ- ОХУ-д үйлдвэрлэгдсэн шинэ байх” хэмээн заасан. Улмаар 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээнд ”... гүйцэтгэгч нь ...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулна...” гэх өөрчлөлтийг оруулсан.
3.3. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 245 дугаар тушаалаар байгуулагдсан Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг газар дээр нь хоёр удаа очиж шалган, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЭХХТ/245/55/2018 дугаар актаар “Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг Техникийн комиссоос 0.4 кВ-ын ячейкуудыг баталгааны хугацаанд бүрэн сольж, хүлээн авч ашиглалтад оруулахаар” шийдвэрлэсэн. Эрчим хүчний хөгжлийн төвийн 2019 оны 1/559, 1/643, 1/853, 2а/1097 болон 2а/1248 дугаар албан бичгээр “... Техникийн нөхцөлийн 9.6 дахь заалтын дагуу суурилуулж буй тоноглолууд нь IEC 6000076-10 стандартын шаардлага хангасан өмнө ашиглагдаж байгаагүй 10% хүчдэлийн хэлбэлзэлд хэвийн ажиллах боломжтой шинэ хүчний трансформаторууд угсарч техникийн комиссын үүрэг даалгаврыг биелэлтийг гаргаж, Эрчим хүчний сайдын 2019 оны 125 тоот тушаалын дагуу гүйцэтгэлийн баримт бичгийг бүрдүүлж улсын комисс ажиллах бэлтгэл ажил хангана уу” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч компанид удаа дараа өгч байсан.
3.4. Нэхэмжлэгч “З***” ХХК-ийн зүгээс “Багануурын дулааны цахилгаан станцад суурилуулсан трансформатор нь техникийн тодорхойлолтод заасан шиг шинэ байгаагүй, тухайн тоног төхөөрөмжийн техникийн баримт бичиг байхгүй ч техникийн комиссын актад дурдсан 0.4кВ-ын цахилгаан хуваарилах самбарыг “З***” ХХК өөрийн хөрөнгөөр БНХАУ-аас оруулж ирэн сольж суурилуулан ...техникийн комиссын актад заасан зөрчлийг арилгасан, ячейкуудыг бүрэн сольсон учраас одоо Улсын комиссыг ажиллуулах ёстой. Хариуцагч Техникийн комиссын актаар шаардаагүй шаардлага тогтоож, комисс ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа нь хууль бус” хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тендерийн баримт бичигт зааснаар цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэ, ОХУ-д үйлдвэрлэсэн байх шаардлагыг тогтоосон, гэвч нэхэмжлэгч хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн, тухайн тоног төхөөрөмжийн техникийн баримт бичгийг гаргаж өгөхийг шаардсан ч холбогдох техникийн баримт бичгийг гаргаж өгдөггүй. Баримт бичиг байхгүй байхад Улсын комиссыг ажиллуулбал бид хууль зөрчихөд хүрнэ” хэмээн тус тус маргасан байна.
3.5. Анхан шатны шүүх “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд тайлбарласнаар “З***” ХХК-ийн суурилуулсан инвертерийн ячейкууд нь ажиллахгүй, чанарын доголдолтой болон техникийн баримт бичиг байхгүй трансформаторыг суурилуулсан болох нь... 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2а/964 дугаар албан бичгээр нотлогдохын хамт, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч байна. ... Ийнхүү техникийн баримт бичиг байхгүй трансформаторыг суурилуулсан, нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа байгаа боловч гуравдагч этгээд “Багануурын дулааны станц” ТӨХК нь уг барилга, байгууламжийг 2018 онд ажиллуулахыг зөвшөөрсөн, үүнийг хариуцагч ... тухайн үед нь зогсоогоогүй, эсэргүүцээгүй, улмаар Техникийн комиссын актдаа дурдаагүй зэрэг буруутай ажиллагаа давхар байх бөгөөд уг байгууламж энэ хугацаанаас хойш одоог хүртэл 4 жил, 4 сар гаруй хугацаанд хэвийн ажиллаж ирсэн болох нь талуудын зөрүүгүй тайлбараар нотлогдлоо.
...нэгэнт “З***” ХХК-д уг трансформаторуудын техникийн баримт бичиг байхгүй, үүнийгээ гаргаж өгч чадахгүй гэдэг нь тодорхой байхад, дээр тогтоогдсоноор хариуцагч байгууллага төхөөрөмжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрч ажиллуулаад 4 жил гаруй хугацаа өнгөрсөн, ... зэрэг нөхцөл байдлууд нь “Эрчим хүчний үндэсний төв” ААТТӨҮГ-ыг байгаа баримтын хүрээнд нь Улсын комисс ажиллуулах саналаа бэлтгэж, Эрчим хүчний яаманд хүргүүлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүхийг дүгнэхэд хүргэж байна” хэмээн хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
4. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “нэгдсэн сүлжээ, хийн хангамж, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны болон магадлал хийх дүрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох” бүрэн эрхтэй хэмээн, Эрчим хүчний сайдын 2019 оны 125 дугаар тушаалаар батлагдсан Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журмын 3.3-т “Эрчим хүчний яамны салбарын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 3.10.8 дахь заалтыг нягтлан шалгасны үндсэн дээр улсын комиссыг томилно”, 3.10-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс нь дор дурдсан үүрэгтэй байна:”, 3.10.4-т “барилга байгууламж барих ажлыг дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн, хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг зөрчсөн бол илэрсэн зөрчлийг бүрэн арилгах хүртэл техникийн комисс ажиллахгүй байх”, 3.10.7-д “тухайн барилга байгууламжийн зураг төсөл, техникийн гарал үүсэл зөрөөгүй талаарх зураг төсөл зохиогчийн дүгнэлт гарсан байх”, 3.10.8-т “илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулсны дараа энэ журмын наймдугаар хавсралтаар баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн бичиг баримтын иж бүрдэл, шаардлагын дагуу барилга байгууламжийг хүлээн авах” гэж заасан.
5. Хууль болон захиргааны хэм хэмжээний актын дээрх зохицуулалтаас үзэхэд тус улсад эрчим хүчний барилга, байгууламж барих ажлыг ашиглалтад оруулахад барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссоос “илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулсны дараа журмын наймдугаар хавсралтаар баталсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн бичиг баримтын иж бүрдэл, шаардлагын дагуу байгаа эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр Эрчим хүчний яамны салбарын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгжээс улсын комиссыг томилохоор, хэрэв “барилга байгууламж барих ажлыг дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн, хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг зөрчсөн бол илэрсэн зөрчлийг бүрэн арилгах хүртэл техникийн комисс ажиллахгүй байх” журам үйлчилж байх тул шүүх маргаан бүхий үйл баримт нь дээрх журамд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэх ёстой.
6. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “З***” ХХК нь “Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн инвертер шинэчлэн суурилуулах угсралтын ажлыг гүйцэтгэх” ЭХА-002/2018 дугаартай гэрээ, гэрээний хавсралт техникийн тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй тоног төхөөрөмжийг суурилуулсан. Мөн тухайн суурилуулсан тоног төхөөрөмжийн техникийн баримт бичгийг журамд заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисст бүрэн гүйцэт гаргаж өгөөгүйтэй холбогдуулан хариуцагчаас тухайн илэрсэн зөрчлийг бүрэн арилгаж, техникийн бичиг баримтын иж бүрдэл бүрэн хангагдах хүртэл хугацаагаар барилга байгууламжийг хүлээн авах техникийн комисс ажиллуулах боломжгүй. Энэ талаарх “хэрэв улсын комиссыг ажиллуулбал бид хууль зөрчихөд хүрнэ” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
7. Нэгэнт нэхэмжлэгч “З***” ХХК-иас хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад “төхөөрөмжийг ... ажиллуулаад 4 жил гаруй хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр “...гэрээний гүйцэтгэгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан Эрчим хүчний яамны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа Эрчим хүчний хөгжлийн төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах Улсын комиссыг ажиллуулах нөхцөлийг хангахыг Эрчим хүчний хөгжлийн төвд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “З***” ХХК-иас“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-д холбогдуулан гаргасан “Эрчим хүчний хөгжлийн төвийн Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комиссын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 245/55/2018 актад заагдсан зөрчлийг арилгасан байхад гэрээний гүйцэтгэгчийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан Эрчим хүчний яамны дэргэдэх Барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ажиллуулах бололцоог олгохгүй байгаа Эрчим хүчний хөгжлийн төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг хүлээн авах Улсын комиссыг ажиллуулах нөхцөлийг хангахыг Эрчим хүчний хөгжлийн төвд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг үндэслэн хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА