Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 19

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ш.З-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЗД-д холбогдох

            “ОАЗД-ын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 248 тоот захирамж, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 301 тоот захирамжуудын өөрт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016.07.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж үйлчилж байна. Энэхүү хуулийн дагуу “илт хууль бус актын тухайд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” байхаар зохицуулсан.

АЗД-ын 2010.07.19-ний өдрийн 301 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Ийм шаардлага бүхий нэхэмжлэлийг урьд нь гаргаж шийдвэрлүүлээгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол байхгүй.

1/ Нэхэмжлэгчийн зүгээс АЗД-ын 2008 оны 248 тоот захирамжийг илт хууль бус гэж үзэж байна. Энэхүү захирамжаар Ш.З нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цацал төвийн баруун талд 144 мкв газрыг эзэмших эрхтэй болсон. Гэтэл энэхүү захирамжийг гарч байх үед Цацал төв болон бусад банкны барилгууд баригдсан байсан бөгөөд тухайн газарт захирамжид заасан зориулалтаар газар эзэмшиж, нэмж барилга барих боломжгүй байсан. Энэ нь Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Барилгын норм ба дүрэм,  Монгол улсын холбогдох стандартууд зөрчсөн байсан юм. Өөрөөр хэлбэл эхнээсээ нэхэмжлэгчид зориулалтын дагуу эзэмших боломжгүй газрыг эзэмшүүлсэн юм.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, тодруулбал 47 дугаар зүйлийн 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэрэг шинжийг агуулсан юм. 

2/ Үүний дараа 2010.07.19-ний өдрийн 301 тоот захирамж гарч Ш.Зыг 2 жил дараалан газраа зориулалтын дагуу эзэмшүүлээгүй гэж үзсэн. Гэтэл бодит байдал дээр Ш.З нь тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших санаатай ихээхэн чармайлт гаргасан боловч яагаад болохгүй, уг захирамжийг биелүүлэх боломжгүй байсан. Учир нь маш олон зөвшөөрөл авах ёстой боловч зарим зөвшөөрөл нь олгогдох боломжгүй байсан. Учир нь тухайн газар нь өмнө нь барилгажсан, уг барилгын хажууд зэрэгцүүлээд шахаад барилга барих боломжгүй байсан юм. Гэтэл Засаг дарга энэ байдлыг шалган тогтоогоогүй, эзэмших боломжтой, барилга барих боломжтой газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзсэн нь буруу болсон. АЗД Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл биш харин 61 дүгээр зүйлийг үндэслэн хүчингүй болгох байсан.

Нэхэмжлэгч иргэнийг буруутгах үндэслэл байгаагүй. Иймд АЗД-ын 2010 оны 301 дүгээр захирамж бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Иргэн Ч.Д гэх хүн уг газрыг анх 2004 онд авсан байдаг. 2008 оны 07 дугаар сард дуудлага худалдааны жишиг үнийг төлөөд Ш.З гэх хүний эзэмшилд шилжсэн. Энэ газрыг хөөцөлдөж авах үед тухайн газар газрын төлөвлөлт зурганд огт ороогүй байсан. 2008-2009 онд төлбөр мөнгөн дүнг төлсөн байхад төлөөгүй гэдэг зүйл гарч ирсэн. Барилга барих боломжгүй газар байсан учраас газрыг дүйцүүлж өөр газар бидэнд олгож өгөх боломжтой гэж бодож байгаа. Тухайн үед 2 жил эзэмшээгүй, өөрсдийн буруугаас болж үйл ажиллагаагаа явуулаагүй гэх үндэслэлээр газрын эрх, гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус юм. Ерөнхий төлөвлөлт зурганд оруулаагүй, “Шинэ сар” гэх барилгатай булан нь таарч газар тулсан хэмжээстэй зурагтай, газрын харилцаа болон АЗД-ын Тамгын газарт мөнгө төлсөөр байтал мөнгө төлөөгүй гэх нь үндэслэлгүй байна.” гэв.

Хариуцагч ОАЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...АЗД-ын 2008 оны 06 дугаар сарын 25-ны 248, 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 301 дүгээр захирамжуудыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Дээрх захирамжуудад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл, шинжүүд байхгүй, тогтоогдохгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар бүрэн эрхийн хүрээнд АЗД газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

 Иймд захирамжуудыг илт хууль бусад тооцож болох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2010 оны 301 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2008 оны 248 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бусаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 301 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.7-д заасан шинжүүдийг агуулсан илт хууль бус акт гэж нэхэмжлэлээ гаргасан. Хуульд заасан утга агуулгын илэрхий алдаа байхгүй. Хууль бус үйлдлийг гүйцэтгэхийг шаардсан зүйл байхгүй байна. Засаг дарга захирамжаа гаргахдаа газар эзэмшигч нь 2 жил үйл ажиллагаа явуулаагүй, газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Нэхэмжлэгч нь Ч.Д гэх хүнээс газрыг шилжүүлж авсан. Хоёр иргэний хүсэлтийг үндэслэж АЗД нь Ч.Д гэх хүний газрыг Ш.З-д шилжүүлсэн зүйл байдаг. Илт хууль бус актын шинж байхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. АЗД-ын  248 дугаар захирамжийн тухайд бол газар эзэмших эрхийг авсан мөртлөө үйл ажиллагаа явуулаагүй. Барилгын суурь ухах, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг явуулаагүй учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа. Газрын төлбөрийг төлж байсан гэж байгаа. Төлбөрийг төлсөн эсэхийг шалгахад төлбөрөө төлөөгүй байсныг тогтоосон. 2014 онд энэ асуудлаар Захирааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Захирамжинд гомдол гаргаад шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ хэрэг тэгээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Газрын тухайн хуулийн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг Улсын дээд шүүх тайлбарласан. Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, байгалын өөрчлөлтөөс тухайн газарт элэгдэл, гэмтэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл гэж газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.З-ын ОАЗД-д  холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамж, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ОАЗД 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 329 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжаар иргэн Ч.Д-д 144 м2 газрыг “Ц” төвийн баруун талд ашиглуулахаар шийдвэрлэж, 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 104 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож, 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар ашиглуулах гэрээ байгуулсан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Газрын албанд 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Ч.Д өөрийн эзэмшлийн “Ц” төвийн баруун талд байрлах 144 м2 газрыг иргэн Ш.З-ын эзэмшилд шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргаж, иргэн Ш.З Ч.Д-н эзэмшилд байгаа газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн өргөдөл тус тус гаргасан байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. ...” гэж заасны дагуу ОАЗД 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 248 дугаар захирамж гарган, иргэн Ш.З-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн “Ц” төвийн баруун талд 144 м2 газрыг үйлдвэр үйлчилгээний барилга барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. АЗД-ын 248 дугаар захирамжийг үндэслэн 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ш.З аймгийн Газрын албатай гэрээ байгуулан, 0153447 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус газрыг эзэмшсэн байна. 

Нэхэмжлэгч Ш.З нь ОАЗД-ын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 248, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.  

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ОАЗД-ын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 248, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” учраас илт хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Учир нь ОАЗД-ын  248, 301 дугаар захирамжууд нь 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус тус гарсан тул 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр шаардах эрх үүсэх ба 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны Ерөнхий хуулиар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох боломжгүй гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд маргаан бүхий “Ц” төвийн баруун талд олгосон 144 м2 газар нь барилга барих боломжгүй байхад газар эзэмшүүлэх шийдвэрийг ЗД гаргасан нь илт хууль бус гэж тайлбарласан ба иргэн Ш.З нь дээрх газрыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу анх удаа шинээр эзэмшихээр хүсэлт гаргаагүй, харин иргэн Ч.Дн эзэмшиж байсан газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах ...”  зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах хүсэлт гаргасны дагуу АЗД Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэсэн  хуулийн заалтын дагуу 248 дугаар захирамж гаргасан нь иргэн Ш.З-ын эрх ашгийг зөрчиж, илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл ОАЗД Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “ ... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ....” гэж заасны дагуу иргэн Ш.З-д дуудлага худалдаагаар эсвэл төсөл шалгаруулах журмаар газар эзэмшүүлсэн бол барилга барих боломжгүй газар иргэн Ш.З-д газар эзэмшүүлсэн  нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны албан тушаалтан зөрчсөн байна гэж үзэх үндэслэл болох байсан. 

Харин нэхэмжлэгч Ш.З нь өөр хүний эзэмшилд байсан газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа тухайн газарт барилга барих боломжтой эсэхэд  дүгнэлт өгч газрын гэрчилгээ шилжүүлж авах асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсныг дурдах нь зүйтэй.  Талуудын гаргасан хүсэлтийн дагуу АЗД захирамж гарган шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй гэж шүүх үзсэн. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд газар эзэмших эрхийг Ч.Д-аас шилжүүлэн авахдаа газрын жишиг үнийг төлсөн гэж тайлбарласан боловч маргаан бүхий газрыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дуудлага худалдаагаар эзэмшүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ОАЗД-ын  2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” 301 дугаар захирамжийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж илт хууль бус болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн нэгэнт барилга барих боломжгүй газарт зохих байгууллагууд нь барилга барих зөвшөөрөл олгоогүй, үүнээс болж 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй учраас Ш.З-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, АЗД 301 дугаар захирамж гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

ОАЗД-ын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамжийг 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар захирамжаар хүчингүй болгосон байхад АЗД 248, 301 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргээгдэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.З-ын ОАЗД-ын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамж, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар захирамжуудын Ш.З-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /ж/,  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ш.З-ын “ОАЗД-ын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамж, 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар захирамжуудын өөрт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ш.З-ын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА