Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1012

 

 

 

 

 

 

 

 

 

“Монголын цахилгаан шат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00451 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Монголын цахилгаан шат” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Даваахүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Төмөрчулуун, хяналтын инженер Т.Оргил-Эрдэнэ нарын захиалгаар 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, “Байгууламж” сууц өмчлөгчдийн холбооны 6 дугаар байр /есөн давхар/-ны 2 дугаар орцонд SNP320/1.0-JXWVF маркийн хүн зөөврийн зориулалтай, хяналтын иж бүрэн системтэй, тог баригч бүхий авто аврах төхөөрөмжтэй цахилгаан шатыг нийлүүлж, “Лифт төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн дагуу чанарын өндөр түвшинд угсарч суурилуулан улсын комисст хүлээлгэн өгсөн билээ. Уг асуудлаар бид удаа дараа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж, төлбөрөө төлөхийг шаардаж байсан ба биечлэн 2 удаа уулзаж, байсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Цахилгаан шатны үнэ нэхэмжлэх тухай” 18/06 тоот албан бичгийг өгсөн, уг албан бичгийн хариуд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “... Нийслэлийн төсөвт хөрөнгө нь батлагдсаны дараа манай газраас санхүүжилтийг олгоход татгалзах зүйлгүй болно” гэсэн агуулга бүхий хариу өгсөн. Тухайн үед лифтний үнэнд маргана гэж бодоогүй байсан. Лифтний үнэ 45 000 ам.доллар, суурьлуулалтын зардал нь 5000 доллар, ашиг тооцогдоод нийт 100 000 000 төгрөгийн зардал гарсан. Хариуцагчийн тайлбарыг үндэслээд шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа. Үнэлгээний тайлангаар 36 000 ам.доллараар үнэлээд үнэлгээ гаргах үеийн ханшаар 91 806 000 төгрөг гэж тооцсон ба лифт угсарч суурьлуулах зардал 9 500 000 төгрөг болж байгаа. Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас цахилгаан шат нийлүүлж, угсарч хүлээлгэн өгсний төлбөр болох 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад гэрээний үндсэн дээр захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг ОНӨААТҮГ юм. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 281 дүгээр захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санжүүжих нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог баталсан. ... Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захиалагчид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгасан. Нийслэлийн Засаг даргын 281 дүгээр захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмжөөр ... Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 6 дугаар байрны 3 орцны лифтны шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “Монголын цахилгаан шат” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх  авсан ба үүний дагуу 37 375 000 төгрөгийн гэрээ байгуулж, гэрээний үүргийг бүрэн барагдуулсан байдаг. Харин “Монголын цахилгаан шат” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, “Байгууламж СӨХ”-ны 6 дугаар байрны 2 орцын лифтийг солих ажлыг гүйцэтгэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 29, 47 дугаар зүйлд заасны дагуу  тендер зарлагдаж, гэрээ байгуулах эрх авч байж, уг ажлыг гүйцэтгэх байсан.  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш, харин гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг тул захиалагч байх боломжгүй. 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулаагүй, архиваас холбогдох бичиг баримтууд гарч ирэхгүй байна. Мөн уг үнийн дүнг төсөвт суулгаж өгөөгүй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцах боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр үйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-аас 59 612 000 /тавин есөн сая зургаан зуун арван хоёр мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “Монголын цахилгаан шат” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 40 388 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг улсын төвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 456 010 төгрөгийг /хувь тэнцүүлэн/ гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  “Монголын цахилгаан шат” ХХК-иас 330 000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-аас 330 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монголын цахилгаан шат” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

               Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, холбогдох хуулийг баримтлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар болон бусад холбогдох хууль, дүрэм, журмаар төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авахад хуульд заасан журмын дагуу тендер сонгон шалгаруулт явуулж, шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгосны үндсэн дээр гэрээ байгуулах ажиллагааг эхлүүлдэг бөгөөд уг сонгон шалгаруулалтыг явуулалгүйгээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулах нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн лифтийн техникийн бэлэн байдлын актан дээр ЦШ19/12 тоот гэрээ, 2012 оны 08 сарын 01-ний өдрийн цахилгаан шат шинэчлэлийн ажлыг хүлээн авах тухай №269/2012 дугаар улсын комиссын актан дээр ЦШ 01/12 тоот гэрээ гэж хоёр өөр гэрээний талаар дурдсан, мөн №269/2012 дугаар комиссын актан дээр "захиалагч байгууллага нь  “Нийслэлийн Засаг даргын тамгын газар" гэснээс үзвэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагч биш болох нь харагддаг. Уг Цахилгаан шат шинэчлэлийн ажлыг хүлээн авах тухай Улсын комиссын актан дээр Улсын комиссын бүрэлдэхүүнд комиссын дарга Нийслэлийн мэргэжлийн хяналтын өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа, гишүүд         Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын инженер Т.Оргил-Эрдэнэ, МСӨХДЗ-ийн лифт хариуцсан мэргэжилтэн Ё.Оюунчимэг, "Байгууламж" СӨХ-ны захирал Р.Чулуунбаатар   гэж 4 албан тушаалтан гарын үсэг зурсан байдаг. Гэтэл шүүх тус актан дээр Т.Оргил-Эрдэнэ комиссийн гишүүний хувьд гарын үсэг зурсныг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар тус ажлыг захиалсан, лифтний үнийг хариуцан төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын алийг нь үнэлж, нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй болно. Хариуцагчийн зүгээс тус лифтний ажлыг захиалаагүй, ажлын үр дүнг хүлээн аваагүй, өмчлөлдөө бүртгэж авсан зүйл байхгүй гэж маргаж байхад шүүх үндэслэлдээ "хариуцагч лифтийг хүлээн авсан үйл баримтын талаар маргахгүй байгаа боловч ..." гэж үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ. "Монголын цахилгаан шат" ХХК нь төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр, тодорхой үе шаттайгаар хуульд заасан журмын дагуу гүйцэтгэдэг гэдгийг ажил, үүргийн хувьд маш сайн мэддэг байгууллага юм. 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 281 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр орон сууцны барилгын цахилгаан шатны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж тендер зарласан бөгөөд уг захирамжаар Сүхбаатар дүүрэг 11-р хороолол "Байгууламж" СӨХ-ны 6-р байрны III орцны цахилгаан шатыг шинэчлэх ажил орж улмаар 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч "Монголын цахилгаан шат" ХХК нар нь ЦШШ-2-НТХО-Б1/2011 дугаартай, 37 375 000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээгээр хүлээсэн үүргээ талууд бүрэн гүйцэтгэсэн байдаг. Дээрх "Байгууламж" СӨХ-ны 6-р байрны III орцны цахилгаан шатыг шинэчлэх ажлыг "Монголын цахилгаан" ХХК нь гүйцэтгэх үедээ андуурч II орцонд лифтийг угсарсан гэж тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс шүүхийн шийдвэр гарсны дараа сонссон бөгөөд, өөрсдийн буруутай ажиллагааны улмаас андуурч угсарсан лифтээ буулгалгүйгээр байж байгаад 5 жилийн дараа бусдаас үнийг нь нэхэмжилж, шүүхийн шийдвэрээр бусдад хүчээр худалдах гэсэн дүр зураг харагдаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдаг. Шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох хуулийн заалтуудыг цувуулан бичсэнээс бус чухам дээрх шаардлага гаргах хугацаа хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр үүссэн,  хэзээ дууссан гэж үзэж байгаа талаараа огт дурдалгүй орхигдуулж шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой гарч чадаагүй. Шүүгчийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 182/Ш32016/0617 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтээр хамтран хариуцагчийг татан оролцуулсан, атлаа хамтран хариуцагчаас тайлбар аваагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг нотцойгоор зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, тус газрын хуулийн мэргэжилтэн Д.Түмэнжаргал нарт олгосон итгэмжлэлийг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй. Шүүгчийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 2952 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тус захирамжийн 1 дэх заалт бүрэн биелэгдээгүй байдаг. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийг төлөөлж гэрээний үндсэн дээр гүйцэтгэлийн хяналт тавьдаг бөгөөд тус хяналтын зардлаараа санхүүгийн эс үүсвэрээ бүрдүүлдэг хуулийн этгээд болохоос улс, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй ажлыг захиалж, санхүүжүүлж, тус хөрөнгийг өмчлөлдөө бүртгэн авах эрх бүхий этгээд биш юм. Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь хууль болон гэрээгээр "Монголын цахилгаан шат" ХХК-д ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч “Монголын цахилгаан шат” ХХК нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан шат” ХХК нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 6 дугаар байр, 2 дугаар орцны 9 давхар цахилгаан шатны угсралтын ажил гүйцэтгэснийг улсын комисс 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан болох нь “Цахилгаан шат шинэчлэлийн ажлыг хүлээн авах актаар тогтоогдож байна. /хх-76-78 дугаар тал/

 

Уг актаар цахилгаан шат угсралтын ажлыг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хүлээн авсан, мөн лифтийг ашиглалтад хүлээн авах ажилд захиалагчийг төлөөлж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Т.Оргил-Эрдэнэ оролцжээ. /хх-ийн 7-8, 76-78 дугаар тал/

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээний дагуу байгуулагдсан, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг 100 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн ба талууд ажлын хөлсний хэмжээг дээрх үнийн дүнгээр тохиролцсон нь нотлогдохгүй боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үнэлгээг тогтоолгосон нь үндэслэлтэй.

 

Шинжээчээс ажлын хөлсний үнэлгээг талуудын гэрээ байгуулах үеийн ханшаар, мөн нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тус тус тооцож 2 өөр үнэлгээ гаргаснаас шүүх гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож хариуцагч нараас хувь тэнцүүлэн 59 612 000 төгрөг  гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа боловч 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч “Монголын цахилгаан шат” ХХК-д хандаж  “… Нэмэлтээр хийгдсэн лифт угсралтын ажлын хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгуулахаар Нийслэлийн Засаг даргын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэст хандаад байна. Нийслэлийн төсөвт хөрөнгө нь батлагдсаны дараа манай газраас санхүүжилт олгоход татгалзах зүйлгүй болно” гэсэн 1/1333 тоот албан бичгийг хүргүүлжээ. /хх-ийн 10 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу ирүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, энэ өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг танилцуулсан, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг нь нь тухайн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нөгөө талаар, зохигчийн эдлэх эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй, зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй болно.

 

Түүнчлэн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5952 дугаар захирамжаар “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ, Нийслэлийн худалдан авах ажиллагааны  газраас тус тус нотлох баримт гаргуулахаар даалгасан байх бөгөөд эдгээр байгууллагаас хариу ирүүлсэн байх тул /хх-ийн 44-46/ энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                Т.ТУЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ