Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 16

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Ц.Б, өмгөөлөгч М.Мөнхөө, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолтой, Ц.Бд холбогдох эрүүгийн 1735001600098 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, /РД:ОК70322905/ Батхуяг даян овгийн Цэрэндоржийн Байгалмаа.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутаг дэвгэрт байрлах хохирогч Д.Бат-Өлзийгийн байшинд нэвтэрч нийт 1.661.000 төгрөгний эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Бд Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Батхутаг даян овгийн Цэрэндоржийн Байгалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батхутаг даян овогт Цэрэндоржийн Байгалмааг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө ирүүлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр”-аар тус тус шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад эс зөвшөөрч эсэргүүцэл гаргаж байна.

Увс аймгийн прокурорын газраас яллагдагч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Учир нь шүүгдэгч Ц.Б хохирогч Д.Бат-Өлзий нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, батлуулаагүй боловч 2016 оны 11 дүгээр сараас эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэж, хамтран амьдарч байсан, мөн 12 дугаар сард нутгийн ёс заншлын дагуу хурим найраа хийж нэг гэрт орж хамтын амьдралтай байсан гэж үзсэн.

Шүүгдэгч Ц.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг нь хагалж дотогш нэвтрэн орсон байхад шүүгч шийтгэх тогтоолдоо ердийн аргаар нэвтрээгүй боловч эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдрагчийн хувьд өөрийн гэртээ орох эрхтэй байсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Бат-Өлзийтэй хамтын амьдарлаа 2017 оны 9 дүгээр сард дуусгавар болгож өөрийн гэр рүүгээ явсан байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө хохиргч Д.Бат-Өлзийгийн байшинд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүндрүүлэхээр хуульчилж өгсөн байдаг.

Гэтэл шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж дүгнэлт хийхгүйгээр, үг үсэг утга найруулгын алдаатай байна гэсэн өмгөөлөгчийн тайлбарт хөтлөгдөж хэргийн жинхэнэ бодит байдлыг өөрчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хуулийг жинхэнэ агуулгаас өөрчилж тайлбарласан гэж үзэхээр байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолд эмэгтэй хүн талаас нь хөнгөрүүлсэн гэсэн үг үсэг огт байхгүй. Ц.Бг байшинд ердийн аргаар нэвтэрсэн гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор тухайн байшинд нэвтрэх боломжтой гэж үзсэн. Яагаад гэвэл хохирогч Д.Бат-Өлзийг Ц.Бтай хамтран амьдардаг гэж мэдүүлэг дээрээ хэлсэн байна.

Ц.Б тухайн байранд нэвтрэх бүрэн боломжтой гэж үзсэн. Энэ үйлдэл нь гэмт хэрэг үү?, гэр бүлийн маргаан бүхий дундын хувиарт хөрөнгө юм уу? гэдэг талаас нь авч үзсэн. Шүүгдэгч Ц.Бг хүний хувиарт хөрөнгөд халдсан гэм буруутай байна гэж үзээд 17.1 дүгээр зүйлээр зүйлчилсэн. Д.Бат-Өлзийг Ц.Бтай хамтран амьдардаг байсан гэдэг нь мэдүүлэг нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн Гэр бүлийн тухай хуулиар хамтран амьдрагчдыг гэр бүл гэж зүйлчилсэн байдаг. Хохирогч Д.Бат-Өлзийгийн тухайн байшин нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэдэг нь нотлогдсон.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Б: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны 81 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Прокурорын газраас Ц.Бг 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Д.Бат-Өлзийгийн байшинд нэвтэрч 1661000 төгрөгийн  эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх Ц.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Бгийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед хэрэг хариуцах чадваргүй өөрийн хүргэн ах болох С.Батдоржийн хамт хохирогч Д.Бат-Өлзийгийн байшингийн цонхийг хагалж, цонхоор нэвтрэн орж 1.661.000 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б, хохирогч Д.Бат-Өлзий нар нь 2016 оны 11 сараас 2017 оны 09 дүгээр сарыг хүртэл 10 сарын хугацаанд хамтран амьдарч байгаад хамтын амьдралаа дуусгавар болгож, тус тусдаа амьдарч байгаа, Ц.Бгийн эд зүйл хулгайлсан байшин нь хохирогч Д.Бат-Өлзийгийн ээж Д.Төмөрхүү нь Д.Бат-Өлзий, Ц.Б нарыг хамтран амьдарахаас өмнө буюу 2012 онд өөрийн байраа засварлан хүү Д.Бат-Өлзийд өгсөн, хулгайлсан эд зүйл нь Д.Бат-Өлзийгийн эд хөрөнгө болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б, хохирогч Д.Бат-Өлзий нар хэдийгээр 10 сарын хугацаанд хамтран амьдарч байсан боловч хамтын амьдралаа дуусгавар болгосны дараа Ц.Б нь шөнийн 02 цагийн үед Д.Бат-Өлзийгийн орон байрны цонхыг хагалж цонхоор нэвтрэн орж буй үйлдлийг хууль ёсны дагуу нэвтрэн орсон гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд Ц.Бгийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Энэ талаар давж заалдсан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул эсэргүүцлийг хүлээн авах боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох 1735001600098 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ц.Бд авсан хувийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ