Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 425

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр баг, 1-05 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, РД:ОТ62021578, Мундгар овогт Очирбатын Эрдэнэбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч О.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай, ам бүл 2. Би 1979 онд трактор-комбайнчийн курс төгсөөд мөн оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн 1 дүгээр бригадад тракторчноор 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ажиллаад 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Хархираагийн тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 4 дүгээр 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Хархираа” ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд 1979, 1980, 1994 оны ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байгаа боловч 1983 онд цэргээс халагдаж ирээд ажилд томилогдсон тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1979 оны 5 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг  дуустал хугацаанд Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуй болон “Хархираа” ХК-д тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч О.Эрдэнэбаатар нь Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тракторчноор, “Хархираа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот “Ажилчин ажилд авах тухай” тушаалд “Трактор комбайнчийн курс төгсөж ирсэн Очирбат овогтой Эрдэнэбаатарыг 1979 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн 1-р бригадад тракторчноор авч ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 32 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Цэргийн албанд тэнцсэн тул Очирбат овогтой Эрдэнэбаатарыг 1980 оны 6 дугаар сарын 15-наар тасалбар болгон тракторчны ажлаас чөлөөлсүгэй” гэжээ,

3. Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 97 тоот “Нэмэгдэл хөлс олгох тухай” тушаалд “…Эрдэнэбаатар нарт 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд сарын цалингийн 15%-иар нэмэгдлийг тооцож олгохыг ерөнхий ня-бо Б.Сумъяад зөвшөөрсүгэй” гэжээ,

4. Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 71 тоот “Хөнгөлттэй үнээр мал олгох тухай” тушаалын хавсралтын 31-рт Эрдэнэбаатарын нэр бичигджээ,

5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн “Хархираагийн Тэжээлийн аж ахуй УҮГ нь 1992 оны 4 дүгээр сарын 15-нд “Хархираа” ХК болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдэж, 1996 оны 8 дугаар сарын 30-нд “Алтандуулга” ХК болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

6. “Хархираа” ХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот “Ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тракторын жолооч Очирбат овогтой Эрдэнэбаатарыг 1994 оны 12 дугаар сарын 25-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

7. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Очирбат овогтой Эрдэнэбаатарын цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,

8. Гэрч А.Мундагбаатарын шүүхэд өгсөн: “Би 1980 оноос Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор 1989 оны  хүртэл ажиллаад Хархираагийн Тэжээлийн аж ахуйн харьяа Улаанхотгорын услалтын системийн түрээсийн ахлагч тракторчин-комбайнчаар 1992 он хүртэл ажиллаад, 1992 оноос “Улаанхотгор” ХХК болоход тракторчноор 1996 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Намайг 1980 онд намайг Хархираагийн Тэжээлийн аж ахуйд ажилд ороход О.Эрдэнэбаатар нь тэнд тракторчнор ажиллаж байсан бөгөөд 1980 оны 6 дугаар сард бид хоёр зэрэг цэргийн албанд татагдаж 1983 онд халагдаж ирээд Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамт ажиллаад, О.Эрдэнэбаатар “Хархираа” ХК-д, би өөрөө Улаанхотгорын услалтын системд орж ажилласан юм. Би О.Эрдэнэбаатарыг ажилд орсон цагаас эхлэн таних бөгөөд бид нэг байгууллагад 10 гаруй жил хамт ажиллаж байсан учраас нэг нэгнээ сайн таньж мэдэх юм” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ж.Жаргалжавын шүүхэд өгсөн: “Би 1982 оноос Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд трактор-комбайнчаар 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос “Хархираа” ХК болоход үргэлжлүүлэн 2000 он хүртэл, 2000 оноос “Алтан дуулга” ХК-д трактор-комбайнчаар тус тус өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг 1982 онд ажилд орсны дараа О.Эрдэнэбаатар нь цэргээс 1983 онд халагдаж ирээд манай Хархираагийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор 1992 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаад, “Хархираа” ХК болоход 1994 оныг дуустал тракторноор ажилласан юм. Би О.Эрдэнэбаатарыг ажилд орсон цагаас эхлэн таних бөгөөд намайг ажилд орохоос өмнө О.Эрдэнэбаатар манай байгууллагад ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан талаар би сонсож байсан, бид нэг байгууллагад 10 гаруй жил хамт ажиллаж байсан учраас нэг нэгнээ сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

10. Гэрч А.Мундагбаатар, Ж.Жаргалжав нарын Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч О.Эрдэнэбаатар нь Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тракторчноор, “Хархираа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 27 тоот “Ажилчин ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 32 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 97 тоот “Нэмэгдэл хөлс олгох тухай” тушаал, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 71 тоот “Хөнгөлттэй үнээр мал олгох тухай” тушаал, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн “Хархираагийн Тэжээлийн аж ахуй УҮГ нь 1992 оны 4 дүгээр сарын 15-нд “Хархираа” ХК болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдэж, 1996 оны 8 дугаар сарын 30-нд “Алтандуулга” ХК болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, “Хархираа” ХК-ийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот “Ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч А.Мундагбаатар, Ж.Жаргалжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

     Иймд нэхэмжлэгч О.Эрдэнэбаатарын Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жил, 1  сар тракторчноор, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 8 жил, 9 сар, 15 хоног тракторчноор, “Хархираа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 жил, 8 сар, 10 хоног тракторчноор, нийт 12 жил, 6 сар, 25 хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мундгар овогт Очирбатын Эрдэнэбаатарын Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 /нэг/ жил, 1  /нэг/ сар тракторчноор, Увс аймгийн Хархираагийн Тэжээлийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 8 /найм/ жил, 9 /ес/ сар, 15 /арван тав/ хоног тракторчноор, “Хархираа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 8 /найм/ сар, 10 /арав/ хоног тракторчноор, нийт 12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 25 /хорин тав/ хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР